“Бид 1990 онд хүний шунал гэдэг ганцхан зүйлийг л тооцоолж чадаагүй юм”

2024-04-08
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын гишүүн асан, АН-ын анхны гишүүдийн нэг С.Билэгсайханыг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа урьж, ярилцлаа.

Тэрээр С.Зориг, Ц.Элбэгдорж, Ш.Түвдэндоржийн нарын араас АН-ын дөрөв дугаартай үнэмлэхийг авч, намын гишүүн болж байжээ.   С.Билэгсайхан 1990 оны хувьсгалын дараа мал хувьчлалын амаргүй ажлыг манлайлж, явуулсан. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригтой ойр үерхэж, хамтдаа хувьсгал хийж, С.Зориг, Д.Энхбаатар гурван найз Дорнодын алтан гурвалжин хэмээгдэн, тухайн тойргоос 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Гэвч нэг нь бусдын гарт хороогдож, нөгөө нь казиногийн гэх хэргээр шоронд орж, С.Билэгсайхан нь шинэ цагийн “хэлмэгдэлт”-д өртөж явсан ээдрээтэй ч гэмээр хувь тавилангийн эзэн юм.  Мөн түүний өвөө Лувсанцэрэнгийн Цэвээннов Оросын цагаантны цэргийн хурандаа байсан бөгөөд Монголд ирж, Монголын нэгэн цаг үеийн түүхийн төлөө ухамсарт амьдралаа зориулсан байна. С.Билэгсайхан гэдэг хүний амьдралын түүх сэтгүүлчийн миний хувьд “олз олсон” мэт сонирхолтой байсныг дурдах нь зүйтэй биз ээ.

 

Гээгдсэн түүхийн гэрч

С.Билэгсайханы өвөө Лувсанцэрэнгийн Цэвээннов ЗХУ-ын Буриадын нутагт 1885 онд мэндэлжээ.  Улмаар түүнийг 1919 онд Алс дорнодын бүгд найрамдах улсын Улаан цэргийн морин хороонд сумангийн даргын алба хашиж байхад нь Тройцкосавск хотод яаралтай очихыг тушаасан гэдэг.   Цэргийн хүн хэзээнээс тушаалаар явдаг учраас тэнд очиж, Улаан цэргийн хороонд алба хаав. Тэндээ нэг жил орчим ажиллаж байхад нь ангийн захирагчийн тушаал гарч, 1921 оны тавдугаар сард Алтанбулаг хотноо байрлаж байсан Цэргийн штабт ажиллуулахаар илгээжээ.  Ингэж Цэвээннов  Монгол ардын журамт цэрэгт ирж, Цагаантны цэрэг болон Хятадын гоминданыг сөнөөн тонилгох их үйлсэд хүчин зүтгэсэн хурандаа юм.  Цэвээннов Монголд ажиллах илгээлт аваад Хөвсгөл нуурыг гатлан ирэхдээ  Хатанбаатар ван Магсаржавтай нэгдсэн ажээ.  Ингээд хэсэг хугацаанд Хужир булангийн цэргийн ангид сургагч багшаар ажиллаж байгаад Автономит засаг унасны дараагаар эргэн Орос явж, буцаж ирэхдээ Баатар вантай хамт барон унгерны командад орж, Улаан хад, Чойрын тулаанд оролцож, Вандановыг цаазалсны дараа барууны хязгаарын байлдаанд идэвхтэй оролцсон гэдэг. Дараа нь Богд хааны үед Цэвээннов унаган орос хэлтэй учраас улс төрийн томоохон үйл явдлуудад орчуулагч хийжээ. Нийслэл хүрээ чөлөөлөгдсний дараагаар нийслэлд Цэвээннов анхны дэг журмыг сахиулах ажлыг хийж явсан.  Одоогоор бол хотын дарга юм уу даа. Тэрээр “Өндөр хогийг цэвэрлэх санаачилга гаргаж, Бароны тушаалаар цэвэрлүүлжээ.   Өндөр хог нь одоогийн Улсын Их дэлгүүрээс Сүхбаатарын талбай хүртэл өргөн талбайг эзэлдэг байж.  Тэр үеийн хүмүүс “Хүрээнд хоёрхон өндөр бий. Нэг нь Мэгжид жанрайсаг, нөгөө нь өндөр хог хэмээн хошигнодог байсан гэдэг.  Мөн түүний өвөө нийслэл хүрээний  анхны дүрмийг боловсруулсан нэгэн юм. Энэ тухай түүхэн баримтууд одоо Монгол Улсын Зэвсэгт хүчний архив, эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байна.  

С.Билэгсайхан өвөөгийнхөө тухай  “Өвөө минь 192 см өндөр том биетэй хүн байжээ. 1933 он хүртэл Монгол төрийн төлөө ажилласан цагаантны цэрэг.  1933 онд өвөөг минь гэртээ оройн хоолоо идэж байхад нь гэрийнх нь гаднаас жадаар сүлбэж алсан тухай баримт бий” гэлээ. Ийнхүү С.Билэгсайхан гуай тэртээх он жилийн түүхэнд Монгол Улсад ирж суурьшсан буриад ястны үр сад юм. Ингэхдээ нэг л алсыг бодсон, гунигласан өнгө аятай байв.  Бас би цагаантны үлдэгдэл юм шүү дээ хэмээн инээмсэглэв.

 

Сэхээтний хүүхэд гээд дипломатч болж чадаагүй

 

С.Билэгсайхан гуайн төрсөн газар Улаанбаатар хот.   Бүр тодруулбал, одоогийн 13 дугаар хороолол орчимд нэг ч байшингүй, гэр хороолол байхад нь мэндэлжээ. Тэрээр “Сонин юм шүү. Ээж минь уг нь хүний их эмч хүн.  Гэтэл намайг төрөхөд эмнэлгийн тусламж ч авч чадалгүй, гэртээ төрчихсөн” гэлээ.  Түүний уугуул нутаг гэвэл Дорнод аймгийн Цагаан-Овоо сум. Аав Соёлсүрэн нь малын эмч, харин ээж  Д.Долгор нь хүний их эмч мэргэжилтэй, С.Билэгсайхан сэхээтэн айлын гурав дахь хүү.  Түүний ээж Долгор нь сурвалжит гаралтай, буриадын Их Балжин хатны удмын хүн гэдэг.  Тэр ч утгаараа нэлээд хатуу чанга, зарчимтай хүн байжээ. 

С.Билэгсайхан Дорнод аймагт долоон настайдаа ээжтэйгээ очоод тэндээ ерөнхий боловсрол эзэмшсэн.   Сурагч байхдаа аймгийн математикийн олимпиадын хоёр удаагийн аварга, улсын физикийн олимпиадын мөнгөн медальт, онц сурлагатай, дипломатч болох мөрөөдөлтэй хүүхэд байв. Сургуулиа төгсөөд дипломатын ангид орох байсан ч цаанаасаа сэхээтний хүүхэд авахгүй,  малчны хүүхэд элсүүлнэ гэсэн заавартай ирсэн учраас орж чадаагүй гэдэг.  Ингээд  ЗХУ-д барилгын инженерийн сургуульд явжээ.   Орост суралцах таван жилийн хугацаа нь түүний хамгийн их үр бүтээлтэй өнгөрүүлсэн он жилүүд байж.  Оюутнуудын дунд болдог бүхий л уралдаан тэмцээнүүдэд оролцож, өдөр шөнөгүй уншиж, цээжлэхэд шамдан, өөрийгөө бүхий талаар сорих дуртай нэгэн байсан гэдэг.  Олон ч уралдаан тэмцээнүүдэд орос хэлний толь бичгээ тэврэн оролцож, байр эзэлж, оросуудыг гайхшруулж байсан тухайгаа ярив.   Мөн 70 рублийн тэтгэлэг авдаг байсан оюутан зуны амралтаараа ажил хийж 500 хүртэлх рублийн цалин авч, тухайн үед мода болж байсан хувцсаар гангарч явсан он жилүүд С.Билэгсайханых юм. 

Орост байхдаа чөлөөт цагаараа боксын спортоор хичээллэж, нэлээд бие задарч байсан ч “бүдүүн” орост нэг цохиулан накаундад орж, “Бокс минь үүрд баяртай” хэмээн хөглөж явсан хөгжилтэй он жилүүд ч түүнд бий.

 

"Барилгачин явсан ч нэг л болж өгөхгүй байсан"

 

Тэрээр сургуулиа төгсөж ирээд эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, барилгын талбайд мастераас эхлээд албаны дарга хүртэл ажиллажээ. Гэхдээ тэрээр нэг л болж өгөхгүй байсан хэмээн тодорхойлсон.  Энэ тухайгаа “Би барилгын инженер мэргэжилдээ дурлаж байгаагүй ч нэгэнт миний хувь тавилан юм хэмээн эвлэрч, маш сайн сурсан. Сургуулиа төгсөж ирээд Монголын хамгийн том барилга дээр ажилласан. 3000 ажилтан талбай дээр ажиллаж байхад л хүн байна гэж мэдэгддэггүй тийм том объект байлаа.  Гэсэн ч би мэргэжлээрээ удаан ажиллаагүй.  Нэг л болохгүй байсан.  Нэг түүх ярихад, хагас сайн өдрийн өглөө болгон үйлдвэр дээр сонин уншлага болдог. Нэг өглөө намайг ярь л гэлээ. Би Польшид “Солидарность” гэдэг байгууллага бий болсон.  Үйлдвэрчний эвлэл ингэж тэмцэж байна.  ЗХУ-д,  Гүржид орон сууцны авлигын хэрэг гарч, Гүржийн намын хорооны даргыг буудсаныг, дараа нь Зөвлөлтийн Тэнгисийн хэрэг эрхэлсэн сайд нь том онгоцоор загасны наймаа хийжээ гээд л ярив.   Нөгөө өглөөний уншлагынхан минь гайхаад л дахиж надаар нэг ч уншлага хийлгээгүй. Мөн намын идэвхтэн гишүүн байсныг хасч, “хар тамга” дарсан даа. Аргагүй л дээ.  Тухайн үеийн социализмын эсрэг зүйл ярьсан шүү дээ” гэв. Ингэж тэрээр ажил мэргэжлийнхээ хувьд ч ахиж дэвших боломжгүй болсон гэдэг.  Түүнийг ямар нэгэн байдлаар нам засгаас урамшуулан дэмжих биш өөлөөд л байх болов.  Түүний үзэл санаанд нь өөр салхи сэвэлсээр байсан нь 1990 оны ардчилсан хувьсгалд нэгдэхтэй шууд холбогдоно.

 

АН-ын анхны генсек

 

Ийнхүү өмнөх нийгмээ өөрчлөн хөгжүүлэх хүсэлтэй С.Билэгсайхан ардчилсан хувьсгалынхантай санал нэгдэж, жагсаал цуглаанд идэвхтэй оролцож эхлэв.   Түүний аав ээж нь ардчиллыг үнэн сэтгэлээсээ дэмжих ч хэлмэгдүүлэлт болон сэхээтний төөрөгдлийн хүнд хэцүүг биеэр туулсан тул түүнийг Ардчилсан хувьсгалд нэгдэхэд ихэд айн түгшиж санаа зовсон гэдэг.  Ямар сайндаа л ээж нь Дорнодоос хэд хэдэн удаа онгоцоор нисч ирж, миний хүү боль гэж гуйсаар буцсан гэдэг. Гэсэн ч С.Билэгсайхан ойр тойрныхондоо ардчиллыг ойлгуулахаас ажлаа эхэлж томоохон хувьсгалыг найз нөхөдтэйгөө хамтран хийсэн нэгэн.  МоАХ анх байгуулагдахад С.Зориг, Ц.Элбэгдорж, Ш.Түвдэндорж,  С.Билэгсайхан гээд дөрөв дугаартай АН-ын үнэмлэхийг гардаж байв.  Мөн АН-ын анхны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, зах зээлд улс төр, эдийн засгийн шинэтгэл хийх концепцыг боловсруулсан. 1991 оны нэгдүгээр сарын 7, 8-нд Монголын АН-ын ээлжит бус их хурлыг хуралдуулж, тухайн  концепцыг баталж байж. Энэ тухай тэрээр “Тэр концепцын бүх зорилт хэрэгжсэн. Учир нь Үндсэн хуульд тусгасан. Нэг зүйлийг л бид тусгаагүй орхигдуулсан. Тухайн үед дутуу бодсон. Энэ нь хүний шунал юм. Нийгэм шунал дээр бүтэж байна. Тэр шунал явж явж намын дээр, Засгийн дээр, улсын дээр гарна гэж тооцоолоогүй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хулгай зэлгий дийлдэхгүй байна. Үүнийг тухайн үед хязгаарлаж чадаагүй. Төрийн өндөр албан тушаалтан хулгай хийвэл эх орноосоо урвасанд тооцно гэсэн заалт Үндсэн хуульд оруулах ёстой байж гэж боддог” гэлээ.  Мөн тэрээр ардчилсан хувьсгалын дараагаар малаа хувьчлах ажлыг орон нутгаар биечлэн явж зохион байгуулсан.  Нэгдлийн дарга нарын эсэргүүцэл, малаа хувьд аваад хэрэгт орох вий гэсэн малчин түмний айдас хүйдэс дээр  энэ ажил, ажил хэрэг болоход амаргүй байсан ч малыг хувьчлах ажлыг амжилттай зохион байгуулсан гэдэг.

 

С.Зоригоо эргэн дурсахад...

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригтой ойр үерхэж, хамтдаа хувьсгал хийж, С.Зориг, Д.Энхбаатар гурван найз Дорнодын алтан гурвалжин хэмээгдэн, тухайн тойргоос 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. 

Анх МУИС-ийн дугуй зааланд С.Зоригийг харжээ. Туранхай, шүдгүй залуу юм яриад л. Баасан лам, Бошигт гуай нар дэмнээд л. С.Зоригтой таарах үедээ С.Билэгсайхан үйлдвэрийн ажлаа арай ч орхичхоогүй байсан гэдэг.  Тэгээд үзэл санаагаар нэгдэж, жагсаал цуглааны зохион байгуулалт, хамгаалалтад идэвхтэй оролцож явсаар 1990 оны хоёрдугаар сарын 17-нд  үйлдвэрийн ажлаа хүлээлгэн өгч, ардчилсан хувьсгалын замд сэтгэл шулуудсан гэдэг.  Түүний энэ  үзэл санааны замд С.Зориг агсан чухал үүрэг гүйцэтгэнэ.  Ардчилсан хувьсгалыг амжилттай хийж, АН-ын анхны генсек болж, анхны чухал бодлогуудыг хамтдаа зангидав. 1996 оны УИХ-ын сонгуулиар Дорнод аймагт С.Зориг,  Д.Энхбаатар нартай хамт АН-аас нэр дэвшиж гишүүн болцгоов. Тэрээр “Бид нар утсан дээрээ update хийдэг шиг 1996 онд бол  тийм л үе байсан. Тухайн онд бүгдээрээ ядуу, мөнгө хөрөнгөгүй, улсын төсөвт уртаашаа 20-хон сая ам.доллароор хөрөнгө оруулалт хийдэг байсан. Улсын төсвийнх нь хэмжээ 250-хан сая ам.доллар. Монгол  Улс хөгжлийн гараан дээр ирчихсэн байсан. Гараагаа зөв эхлүүлбэл цаашаа явчихна. Тэгэхийн тулд золиос гаргаж, хохирох шаардлага тулгарсан. Суугаад эрсдэл үүрэх үү, яах вэ гэж ярилцсан. Өдөр шөнөгүй хэдэн сар хуралдсан. Ер нь дэлхий дээр шинэтгэл хийхийг дэмжсэн нэг ч ард түмэн байхгүй, хүлээж авдаггүй юм. Хэчнээн ухуулаад ч ойлгодоггүй. Гэтэл бид нар тэр эрсдэлийг үүрсэн” гэв. 

1998 он. Өөрчлөлт шинэчлэлийн ажил буцалсан хоёр жил өнгөрсөн.   Асуудлууд ч овоо жигдэрсэн байв.  Гэвч нийгмийг цочроосон үйл явдал болж,  С.Зориг бусдын гарт амиа алдлаа. С.Билэгсайхан ОХУ руу ажлаар яваад дөнгөж өмнөх өдөр нь ирээд байв. Тухайн цаг үеийн улс төрийн уур амьсгалыг сайн  мэдээгүй, мэдэрч чадахгүйгээр найзыгаа алдсандаа ихэд харамсдаг.  Тэд Дорнод нутгаа хөгжүүлэхэд Алтан гурвалжин хөтөлбөрийг танилцуулж, гишүүн болцгоосон. Төрийн ордонд мөн зэргэлдээ өрөөнд сууна.  Гишүүн болсных нь дараа төрөөс байр сууц, газар өгье гэхэд С.Зориг агсан “Би ээжтэйгээ хамт амьдардаг байртай гээд аваагүй. С.Билэгсайхан би ч байртай гээд аваагүй.  Хоёулаа мөн бид газар авахгүй” гээд инээлдэж байгаад буцаасан гэдэг. Тэд ийм л харилцаатай хүмүүс байсан. Мөн тэдний нөхөрлөлийн дунд Д.Энхбаатар гэдэг хүн байсныг дурдахгүй байх аргагүй.   Тэрээр тухайн үедээ казиногийн гэх хэргээр хорих ялаар шийтгэгдсэн юм.  С.Билэгсайхан энэ тухай “Нэг найз минь алагдаж нэг нь шоронд орсныг бий тохиолдол гэж боддоггүй. Бас намайг Ц.Элбэгдорж нэгэнтээ "одоо Билэгсайханыг нар харуулахгүй шүү” гэж байсан” гэлээ.

-Та тэгээд үнэхээр нар хараагүй юу?

-Тийм ээ. Хараагүй. 10 гаруй удаа Эрүүгийн ял тулгах гэж үзээд чадаагүй хэмээн товч бөгөөд тодорхой хариулсан.  Энэ түүхийг ч дэлгэрэнгүй сөхөхийг бид хаа хаанаа хүссэнгүй. ... хатгаад орхилоо.

 

Буриад судлалын зүтгэлтэн

Тэрээр буриад судлалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нэгэн.  Алтаргана наадмын нүүр царай ч гэж болохоор.  Энэ жилийн буриад зоны “Алтаргана” наадмыг Булган аймгийн төвд долоодугаар сарын 26-28-нд зохион байгуулах гэж байгааг дуулгалаа. Энэ удаагийн наадамд дэлхийн 34 улсад тархан суурьшиж байгаа 50 мянга гаруй буриад хүрэлцэн ирэхээр төлөвлөж байна. Мөн  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдахаар болжээ.  Энэ тухай тэрээр “Алунгуа, Өэлүн эх, Бөртэ Үжин гээд бүгд буриад хүмүүс.  Тэгэхээр буриадууд бол өвөг монголчууд. Монгол төрийн сэнтийд, ялангуяа дэлхий дээр ганц л улс байсан үед буюу Ява Суматраас Прага, Хойд мөсөн далайгаас өмнөд мөсөн далай хүртэл Монголын эзэнт гүрнийг захирч байсан хатан хаан нь буриад эмэгтэй байсан. Буриад хэлэнд хараалын үг байдаггүй. Дандаа эрхэм дээдэс гэж ярьдаг байсан. Манай буриад өв соёлыг сэргээж хөгжүүлэхэд монголчуудын далай их соёлд хувь нэмрээ оруулж байгаа. Монголын нууц товчоонд 3850 буриад үг байна. Тэр эртний хэлээрээ буриадууд маань өнөөдөр ч ярьдаг " гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 68, 69 (7312, 7313)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин