Б.НАМУУНАА
2024-2025 оны ЭЕШ ирэх долоодугаар сард эхэлнэ. Харин үүнээс өмнө сурагчид монгол хэл бичгийн шалгалт өгдөг. Тус шалгалтад 400-аас дээш оноо авсан шалгуулагчдад их, дээд сургуульд элсэх боломж бүрддэг билээ. Тэгвэл энэхүү шалгалт болоход гурав хоног үлдээд байна.
Эх хэлний дархлааны түвшнийг сайжруулах зорилготой
Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох зорилготойгоор монгол хэл бичгийн шалгалтыг авдаг болсон. Энэхүү уламжлалын дагуу тус шалгалт энэ сарын 6-нд болох юм. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 40 мянган шалгуулагч хэл бичгийн шалгалт өгөх ажээ. Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Л.Ганбат “Энэ жилийн хувьд Ерөнхий Боловсролын Сургуулийн 12 дугаар ангийн 35,485 суралцагч сурч, төгсөж байна. Үүн дээр өмнөх оны шалгуулагчид нэмэгддэг. Өнгөрсөн жилүүдийн дунджаас харвал 5.000-6.000 орчмоор өмнөх оны шалгуулагч нэмэгддэг. Мөн 12 дугаар анги төгсөж байгаа сурагчдаас 1.000 орчим нь ямар нэгэн байдлаар шалгалт өгдөггүй гэсэн өмнөх жилүүдийн судалгаа бий. Тиймээс бид урьдчилсан судалгаа гаргаж, шалгалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж байна" гэжээ. Энэ жилийн хувьд шалгалтын бүртгэлийг хоёрдугаар сарын 19-өөс гуравдугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулсан. Монгол хэл, бичгийн шалгалтын гол зорилго нь суралцагчдын эх хэлээрээ унших, ярих, эх хэлний дархлааны түвшнийг сайжруулах зорилготой. Тодруулбал, шалгалтын агуулга нь уншаад ойлгох, зөв бичих, үндэсний бичгээр унших, эх зохион найруулах чадваруудын хүрээнд байх юм.
Даалгаврыг хөх болон цэнхэр балаар хийж гүйцэтгэнэ
Шалгалт бямба гарагт 10:00-11:40 цагийн хооронд үргэлжилнэ. Шалгуулагч ирэхдээ заавал иргэний үнэмлэхтэйгээ очих ёстой. Харин иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол сурч буй сургуулийн захирал эсвэл оршин суугаа орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан лавлагаа төрсний гэрчилгээний хамт авчрах ёстой ажээ. Үүнээс гадна бүртгэлийн хуудас, суудлын хуваариа шалгаарай гэж БҮТ-өөс зөвлөмж гаргасан байна. Хэл бичгийн шалгалт 100 минут үргэлжилнэ. Мөн даалгаврыг зөвхөн хөх болон цэнхэр өнгийн тосон болон үзгэн балаар хийж гүйцэтгэх ёстойг сануулжээ. Үүнээс гадна шалгалт эхлэхээс цагийн өмнө шалгалтын байранд, 10 минутын өмнө шалгалт өгөх танхимд ирсэн байх шаардлагатай ажээ. Дурдсан хугацаанаас хоцорсон тохиолд шалгалтад орох боломжгүй гэнэ. Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ухаалаг цаг, ном, дэвтэр, чихэвч зэрэг бусдад саад болохуйц, ямар нэгэн зүйл авч орохыг хориглоно. Шалгалтын байр руу орохоос өмнө металл илрүүлэгч ашиглан шалгуулагчдыг нэвтрүүлнэ. Мөн шалгуулагч шалгалтын үеэр бусдаас тусламж авах, бусдад туслах, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан тохиолдолд тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно гэжээ. Ингээд монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог шалгалт зохион байгуулснаас хойш ажлын 15 хүртэлх хоногийн дотор мэдээлэх юм байна.
Эх сурвалж: www.zms.mn