Төмөрбаатарын БАТСАЙХАН
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг хэрэгжүүлээд нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Та хууль зүйн дэд сайдын хувьд энэхүү ажиллагааг хэрэгжүүлэхэд нэлээд идэвхитэй ажилласан. Ер нь ямар үр дүнтэй болов. Энэ талаар яриагаа эхэлье?
-Засгийн газраас 2023, 2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, шүүр, шүгэл, шилжүүлэх авах, шувуу, шилэн гэсэн өөр өөрийн онцлогтой, авлигын эсрэг ажиллагааг хэрэгжүүллээ. Энэхүү ажиллагаанууд нь Засгийн газрын авлигын эсрэг бодлого болон АТГ-аас явуулсан үйл ажиллагаануудад тодорхой дэмжлэг үзүүлж чадсан. Миний бие “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгийг ахалж байна. Энэ хүрээнд иргэд болон аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй асуудал, ялангуяа төрийн албатай холбоотой гомдол саналыг сонсож, тодорхой түвшинд шийдвэрлүүлж ажиллалаа.
Тухайлбал, иргэдээс 1000 гаруй санал, гомдол ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 65 хувийг шийдвэрлэж хариу өгсөн. Үлдсэн 35 хувь нь холбогдох байгууллагууд дээр судлагдаж байна. Иргэдээс ирсэн гомдлуудыг эрэмбэвэл, нэгдүгээрт, газрын эрхтэй холбоотой маргаан, гомдол нэлээд чирэгдэл үүсгэж байна. Бид гомдлын дагуу холбогдох газрын албадуудтай биечилсэн уулзалтуудыг хийсэн. Газрын харилцаатай холбоотой хууль тогтоомж тухай бүр өөрчлөгдөж, үерийн далан, суурь дэд бүтэц дагасан газруудыг хамгаалалтад үе шаттайгаар авсантай холбоотойгоор иргэдийн эрх ашиг зөрчигдсөн асуудал байна. Тэгэхээр хууль тогтоомж өөрчлөгдөж хэрэгжиж эхлэхэд иргэдийн эрхийг хамгаалах, урьдчилан мэдээлэл өгөхөд анхаарах шаардлагатай байна. Мөн иргэдээс ирсэн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбоотой байж болох гомдлуудыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад шилжүүлэн ажилласан.
-Нийслэлд олгосон газрын зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг хянан шалгах түр хороо парламентад байгуулагдсан. Хаврын чуулганаар сонсгол зохион байгуулахаар товлоод байна. Энэ нь иргэдийн ирүүлсэн гомдол санал болон 5Ш ажиллагаатай холбоотой юу?
-Иргэдээс ирүүлсэн гомдлын тодорхой хувийг газрын маргаан эзэлж байна. Газар зохион байгуулалт, газар олгох үйл явцыг илүү ойлгомжтой, тодорхой, ил тод, нээлттэй болгох гээд шийдэх асуудал олон бий. Нийслэлд тулгамдаж байгаа агаар, хөрсний бохирдол, түгжрэл гээд олон асуудлын улбаа нь өөрөө газар олголттой холбогддог. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шилжүүлсэн.
-Нэгдүгээрт, газартай холбоотой гомдол санал их иржээ. Иргэд дараагийн дугаарт ямар асуудлаар шүгэл үлээв?
-Хуулийн хэрэглээний тэгш бус байдалтай холбоотой гомдол их ирсэн. Иргэд эрхээ хамгаалуулах зорилгоор холбогдох төрийн захиргааны болон шүүхийн байгууллагуудад ханддаг. Гэвч асуудал нь шийдвэрлэгдэхгүй уддаг, ойлгомжгүй байдал үүсдэг тухай асуудал нэлээд хувийг эзэлж байна. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн хувьд шүүх байгууллагын бие даасан, хараат бус байдалд нөлөөлөх боломжгүй. Гэсэн ч шүгэл ажиллагааны хүрээнд иргэдийн гомдлыг ШЕЗ, Шүүхийн сахилгын хороонд хүргүүлж ажиллалаа. Цаашид шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод, нээлттэй болгох хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай байна. Дараагийн дугаарт, иргэд маань амьдрах орчноо сайжруулах, Үндсэн хуульд заасан үндсэн эрхээ эдлэхтэй холбоотой гомдлуудыг ирүүлсэн байсан.
-Иргэд шүгэл үлээж, гомдол мэдээллээ ирүүлдэг. Гэвч эргээд тэднийг хамгаалах хууль, эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байна. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль хэзээ батлагдах вэ. Авлига албан тушаалын хэргийг мэдээлсэн иргэдээ одоогийн нөхцөлд хэрхэн хамгаалж байна вэ?
-Ялангуяа авлига, албан тушаалын хэргээр шүгэл үлээж байгаа төрийн албан хаагчдаа хуулиар хамгаалах зайлшгүй шаардлагатай байна. Шүгэл үлээлээ гээд тэдний эрх зүйн байдал, хөдөлмөрлөх нөхцөл дордох учиргүй. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хариуцсан УИХ дахь ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байна. Энэ хууль батлагдсанаар шүгэл үлээгчид маань илүү зоригтой, хамгаалалттайгаар авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлэх, шүгэл үлээх боломж бүрдэнэ. Мөн энэ хуулийг батлахаас гадна Төрийн албаны тухай хуульд тодорхой хамгаалсан заалтыг тусгах хэрэгтэй.
- Шүгэл ажиллагаанаас гадна шувуу, шилжүүлэх авах, шилэн, шүүр ажиллагаанууд дээр ер нь ямархуу үр дүн харагдаж байна вэ?
-Шувуу, шилжүүлэн авах ажиллагааг ХЗДХ-ийн сайд ахлах ажилласан. Шилэн ажиллагааг ЦХХХ-ны сайд Н.Учрал ахалж, 123 төрийн байгууллагын 500 гаруй багц мэдээлэл, төсөл хөтөлбөрүүд, тусгай сангууд, газрын мэдээллийг ил тод болгосон. Shilen.gov.mn вэб хуудас өнгөрсөн хугацаанд 7 сая гаруй хандалт авсан байна. Шүүр ажиллагааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахалж, төрийн албаны томилгоо хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж хуульд нийцээгүй томилгоотой холбоотой зөрчлийг арилгаж ажилласан. Ер нь “5Ш” ажиллагаа маань өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэлээд үр дүнтэй байлаа. Олон шүгэл үлээж, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, “нүүрсний хулгай” зэрэг томоохон хэргүүд дээр олон нийт мэдээлэлтэй боллоо. Өнгөрсөн 20-30 жилд үүссэн тогтолцоо, сүлжээний асуудал, дутагдлыг дэнсэллээ. Авлига албан тушаалын хэргүүд илэрч, шүүхийн шатанд ирлээ. Одоо олон нийт мэдээж хариуцлагын асуудлыг нэхэж байгаа. Ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж байсан одоо ч хашиж байгаа хүмүүсийн авлига албан тушаалын хэргүүдийг шалгах ажиллагаа хуулийн байгууллага дээр үргэлжилж байна. Засгийн газрын зүгээс хэрэг шалгах явцад хөндлөнгөөс оролцох боломжгүй. Гэхдээ авлигатай тэмцэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байна.
-Энэ жил УИХ-ын сонгууль болно. Парламент өнгөрсөн онд төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн хэм хэмжээг хязгаарласан заалтыг хуульд оруулж баталсан. УИХ-д нэр дэвшихээр зүтгэж байгаа улстөрч олон бий. Тэдэнд хуулийн агуулгыг нэг сануулсан зөв байх?
-Улсын Их Хурлаас 2023 оны долдугаар сард Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр төрийн өндөр албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилгүй байхад анхаарч, өөрөө болон хамааралтай этгээд нь төсвийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах, төрийн худалдан авах ажиллагаанд оролцохыг хориглосон заалтыг тусгасан. Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлт 2024 оны УИХ-ын сонгуульд нөлөөгөө үзүүлэх болов уу гэж харж байна. Тэгэхээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчид дээрх хуулийн хязгаарлалт, үр дагаврыг тунгаан бодож байгаа нь гарцаагүй. Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, нийслэл, дүүрэг, аймгийн Засаг дарга нар тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдүүд, хамаарал бүхий этгээдүүд энэхүү хуулийн хязгаарласан, хориглосон заалтад хамаарна. Энэ нь цаашид улс төр, бизнесийн эрх ашиг холилдохгүй байх, төрийн өндөр албан тушаалыг хувийн ашиг хонжоо олох, өөртөө давуу байдал бий болгох гэж харахгүй байх, төрийн алба тунгалаг болоход их том хөшүүрэг болно гэж харж байна.
-Хуулийн үйлчлэлийн талаар тодруулахгүй юу. Төрийн өндөр албан тушаалд очсны дараа энэ бүх хязгаарлалтууд үйлчилнэ. Зөв үү. Эвсэл буцаж хэрэглэх үү?
-Энэ хууль 2023 оны 7 дугаар сард батлагдсан. Хууль зөрчсөн нь хуулийн байгууллагаас тогтоовол албан тушаалаас эгүүлэн татах үндэслэл болно. Тэгэхээр УИХ-ын сонгуульд их хэмжээний хөрөнгө хаяж, нэр дэвшин сонгогдох гэж зүтгэх шаардлага байна уу гэдгийг эргэцүүлэх шаардлагыг энэ хуулиар бий болгосон. Цаашид улс төр тунгалаг болох улстөрчид төрийн өндөр албан тушаалд хувийн ашиг сонирхол харж очих өнгөрсөн 30 жилийн гажуудлыг зогсоож байгаараа онцлог. Цаашид Засгийн газар Авлигын эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ. Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэх ажлыг манлайлж маш том улс төрийн зориг гаргаж ажиллаж байна. Энэ манлайллыг зогсоож болохгүй. Олон жилийн туршид яригдаж байсан, олон нийт “мэддэг” ч байх ёстой зүйл мэтээр хүлээн авдаг байсан авлига, албан тушаал, ашиг сонирхолтой холбоотой хэргүүдийг ил болголоо. Тухайлбал, Боловсролын зээлийн сангийн асуудал байна. Саяхнаас биш, энэ сан байгуулагдсан цагаас эхлэн төрийн өндөр албан тушаалтнууд, эрх мэдэлд ойрхон хүмүүсийн хамаарал бүхий хүмүүст илүү боломж олгож байсан нь ил тод боллоо. Цаашид энэ мэтчилэн гажуудлыг бүрэн цэгцэлж, зогсоох учиртай. Ингэж байж эдийн засаг хүртээмжтэй өсөж, манай улс хөгжинө. Үүнд, улс төрийн манлайлал их чухал. Зориг гарган энэ манлайллыг үзүүлж байгаа Ерөнхий сайдын үйл хэргийг үргэлжүүлэхэд 2024 оны сонгууль их чухал, хариуцлагатай сонгууль болох юм. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй, нэр цэвэр улстөрчдийг сонгогдож байж энэ үйл хэрэг үргэлжилнэ. Төрийн өндөр албан тушаалтнууд нь нэр цэвэр байж, цаашид төр тунгалагших учиртай. Өнгөрсөн 30 жилийн алдаа, дутагдлыг харахаар яалт ч үгүй төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн албан тушаалтнууд холбогдсон байдаг. “Дээдэх нь гүйдлээ олохгүй бол доодох нь суудлаа олохгүй” гэж үг бий. Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын гишүүд авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдоогүй байх нь цаашид авлигатай тэмцэх маш том түлхэц, үр дүн болно. Түүнчлэн, “Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг үг байдаг. Улс төрчид ёс зүйтэй, нэр цэвэр байж төрийн албан хаагчдадаа бид адилхан шаардлага тавих нөхцөл бүрдэнэ.
-Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял сонссон бол дэвших эрхгүй биз дээ?
- Тийм ээ. Энэ заалтыг УИХ-ын Сонгуулийн тухай хуульд тусгасан. Энэ нь мөн л Төрийн өндөр албан тушаалд нэр цэвэр хүмүүс очиход тодорхой хэмжээнд нөлөөлөх хуулийн шаардлага юм. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт авлигын эсрэг гэмт хэргийг зүйлчилсэн. Үүнээс гадна албан тушаалын гэмт хэрэг Эрүүгийн хуульд бий. Тиймээс УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг зөвхөн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргээр хязгаарлах нь өрөөсгөл юм. Иргэдийг төлөөлж төрийн эрхийг барихаар горилж байгаа нэр дэвшигчид өмнө нь ял шийтгэл авч байсан уу, авлига албан тушаалын гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдож байсан уу гэдгийг иргэд анхаарч, хяналт тавих хэрэгтэй. Ингэж байж авлигатай тэмцэх үйл хэрэг үргэлжилнэ.
- “Шувуу” болон “Шилжүүлэн авах” ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу. Хууль, эрх зүйн хүрээнд ямар шинэчлэл шаардлагатай байна вэ?
-Шилжүүлэн авах, Шувуу ажиллагааны хүрээнд гадны эрх бүхий байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх шаардлагатай байдаг. Эрүүгийн болон авлигын гэмт хэрэгт гадаадын ижил чиг үүргийн байгууллагуудтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ, НҮБ-ын авлигын эсрэг конвенцын хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цаашид энэ чиглэлд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гадаад улсад байгаа нотлох баримтыг бэхжүүлэх, гадны хуулийн байгууллагатай хамтран ажиллах асуудлуудыг тусгасан. Гэвч тухайлсан заалт гэхээс илүү бие даасан хуультай байх шаардлагатай байна. Бусад улсын жишиг, олон улсын чиг хандлага ч ийм болж байна. Тэгэхээр эрүүгийн хэрэгт гадаадын ижил төстэй байгууллагатай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх бие даасан хуультай болох асуудлыг судалж байна.
-Цаашид “5Ш” ажиллагаа хэрхэн үргэлжлэх вэ. Энэ хаврын чуулганаар холбогдох хуулийн төслүүдээ батлуулж амжих болов уу?
- “5Ш” ажиллагаа нэг жил гаруйн хугацаанд хэрэгжиж, тайлангаа холбогдох газруудад танилцуулсан. Цаашид 5Ш ажиллагааг нэгтгэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж ажиллах бэлтгэлийг хангаж байна. Авлигатай тэмцэх чиглэлд боловсруулагдсан хуулийн төслүүд маань энэ хаврын чуулганаар батлагдвал мэдээж авлигын эсрэг тэмцэлд том хувь нэмэр болно. Нэгдүгээрт, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх хүлээлттэй байна. Мөн эдийн засаг уул уурхайн салбараас хэт хамааралтай, уул уурхайн салбарын онцлогийг дагаад уул уурхайн салбарт авлигын эрсдэл өндөр байна. Тиймээс манай яам Олборлох салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, хаврын чуулганд өргөн барих бэлтгэл ханган ажиллаж байна. Түүнчлэн төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох шаардлагатай байгаа нь сүүлийн 2 жилд илэрсэн Хөгжлийн банк, “нүүрсний хулгай” зэрэг асуудлуудаас харагдаж байна. Энэ чиглэлд ч хууль эрх зүйн орчныг шинэчлэх асуудал чухал байна.
-Шүүх байгуулах тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцсэн ч баталж амжаагүй. Хуулийн төслийг ямар шалтгаанаар хойшлуулсан юм бол?
-Хуулийн төслийг манай яам боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хуулийг батлах эсэх нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 34 (7278)