Базарбямбын НЯМСҮРЭН
“Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрахтай бүсчилсэн хөгжил ба боловсрол сэдвээр ярилцлаа.
-Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа. Улс орныг бүсчилж хөгжүүлэх замдаа шуударлаа гэж олон нийт ойлгож байгаа. Тэгвэл та тодорхой бүсэд хуваан хөгжүүлэх энэ бодлогыг хэрхэн харж байна вэ?
-Бүсчилсэн хөгжлийн талаар ярьж байгаа нь зөвхөн өнөөдөр эхэлсэн ажил биш. Олон жилийн өмнөөс бүсчилсэн хөгжлийн талаар ярьж, үзэл баримтлалаа баталсан. Энэ дагуу үндсэндээ тодорхой хэмжээний ахиц гарч, илүү их анхаарч байгаа юм болов уу гэж харж байгаа.
Манайх шиг 21 аймаг, 330 суманд хуваагдсан, өргөн уудам газар нутагтай улс оронд бүсчилж хөгжинө гэдэг харин их оновчтой шийдвэр гэж ойлгож байна. Хамгийн гол нь бүс болгон аймаг гэж задрахгүй, харьцангуй тэнцвэртэйгээр хөгжихөд томоохон хөшүүрэг болох болов уу.
-Та боловсролын салбарын хүн. Тийм болохоор салбарын хүрээнд энэ шийдвэр ямар эерэг нөлөө үзүүлэх бол?
-Боловсролын салбар бол маш онцгой, нийгмийн бүх салбарыг хамардаг. Би яг энэ сэдэвтэй давхцахаар ч гэх юм уу нэг төслийг санаачилж, эхлүүлээд явж байна. Орон даяар хэрэгжиж байгаа төсөл маань миний өнгөрсөн 20 жилд батлагдсан туршлагаа бусад сургуулиудтай хуваалцах, удирдлагын менежментээр хангахад чиглэсэн.
-Ямар төсөл эхлүүлсэнээ жаахан тодруулахгүй юу?
-Төсөл маань анх 2020 онд эхэлсэн. Үндсэндээ “Шинэ Монгол” сургуулийн соёлыг орон нутгийн сургуулиудад нутагшуулах гэж энгийнээр ойлгож болно. Эхний ээлжинд бид найман сургуулийг сонгож авч хэрэгжүүлсэн. Үүний дараа сургуулиудын зүгээс ч тодорхой хүсэлт ирүүлж байсан учир дараагийн удаад илүү олон тооны сургуультай хамтран ажиллах нь зүйтэй юм гэж үзээд аймаг бүрээс хоёроос гурван сургууль сонгоод нийт 60 сургуульд туршлагаа хуваалцах, удирдлагын менежментээр хангах хөтөлбөр боловсруулж, зааж сургаад явж байна.
Ерөнхийдөө энэ ажил маань өргөн утгаараа бүсчилсэн хөгжилтэй холбогдож байгаа гэж ойлгож болно. Монголын засаг захиргааны нэгжийн онцлогоос хамаараад сургуулиудын дунд дөрвөн онцлог түвшин байна. Үүнийг бүс гэж үзэх юм бол, эхнийх нь сумын сургууль. Монголын дундаж сумын сургуульд 300-400 хүүүхэд суралцаж, 30 гаруй багш ажилладаг. Аймагт энэ тоо харьцангуй нэмэгдсэн, 1000 гаруй хүүхэдтэй, ерөнхийдөө 70-80 багштай. Анги дүүргэлт 20-30 байх жишээтэй. Гэтэл хотод гол ялгаа бий. Яг хотын төвийн бүсийн сургуулиуд 4000-5000 сурагчтай анги дүүргэлт нь 60 хүүхдээс давчихаад явж байгаа. Захын хэсэг болон гэр хороололд 2000-3000 хүүхэд бий. Ингээд өнгөрсөн хугацаанд хийсэн төслийн үр дүнг багцлаад харахаар сумын сургуулийн чанар болон хотын төвийн анги дүүргэлт ихтэй сургуулиуын чанар ерөнхийдөө сул талдаа. Яг тэнцвэрээ барьж байгаа, дундаж сургуулиудын чанар нь арай өндөр байх жишээтэй. Ингээд үзэхээр боловсролын чанарт ч бас бүс нутгийн онцлог харагдаад байгаа юм.
Энэ дөрвөн түвшингээр өөр өөр байгаагийн зэрэгцээ багш нарын хүчин чадал, чадвар өөр байна. Эндээс харахад сургуулиудын менежмент ч өөр байх ёстой гэсэн гаргалгаа гарч байна.
-Аймгийн төвийн сургуулиудын нөхцөл байдал хотын дундаж сургуулийнхтай ижил байна уу?
-Аймгийн төвүүдийн хувьд сургуулийн байр сав, нөөц бололцоо нэмэгдсэн хандлага ажиглагдсан. Гэхдээ аймаг бүр харилцан адилгүй. Жишээ нь эдийн засгийн чадамжтай газар багш ч сайхан тогтож байна. Сургуулиуд ч өнгөтэй өөдтэй байна.
-Бүсчилж хөгжүүлэхэд гол анхаарах зүйл нь юу вэ?
-Бүсчилж хувааж байгаагийнх аймгуудын эдийн засгийн боломж, нөхцөл байдлыг маш сайн харах ёстой. Манай улсын хувьд газар орноо хамгаалахад эзэн болж байх нь мэдээж хэрэгтэй. Нүүдэлчин соёл гэдэг манай монголчуудын оршин байх, бусдаас ялгарах гол онцлог. Нөгөө талаар бүсчилж хөгжүүлэхийн давуу тал нь боломжтой аймгууд нь хажуу зэргэлдээ аймгуудынхаа хөгжилд тодорхой хэмжээнд дэм болох боломжтой. Нөгөө талаар зам бүтцийг нь тавьж өгөөд бүс бүрийн онцлогт тохирсон сургуулиудыг байгуулах нь зүйтэй. Тухайлбал, ахлах сургуулийг бүс нутаг бүрийн онцлогт тохирсон байдлаар тусгайлж байгуулвал нэг дэвшил болох болов уу.
-Та Япон улсад боловсрол эзэмшсэн. Сурсан газрынхаа сургалтын онцлогийг Монголд амжилттай нутагшуулсан хүн. Тэгвэл Японы хувьд сургуулиудад бүс болгож хөгжүүлсэн туршлага байдаг уу?
-Япон гэлтгүй цөөнгүй улсад бүсчилж хөгжиж амжилтад хүрсэн туршлага байдаг. Таны хэлснээр Японд ч бас энэ асуудал бий. Хөдөө аймгуудын тариачдын хүүхдүүд ойрхон төв рүүгээ яваад эргэж ирдэггүй. Нутаг орон нь эзэнгүйдэх асуудлууд гарч байсан. Токио руу хүүхэд нь явчихаад буцаж ирдэггүй зовлон байна. Үүнийг яаж шийдсэн бэ гэхээр бүс бүрд тодорхой мэргэжил олгох ахлах сургуулийг байгуулсан. Зүүн хойд Японд гэхэд зургаан аймаг нэг бүс нутаг гэж явдаг. Тэр бүсийн төв нь Сэндай хотод төвлөрч байгаа. Дээр хэлсэнчлэн тариачдын, сувилахуйн, худалдааны зэрэг тодорхой мэргэшил олгох зорилго бүхий ахлах сургуулиудыг төрөлжүүлж байгуулна. Хөдөө аж ахуйн ахлах сургууль гэж бий. Японд бол манайхаар малчин хүн гэвэл тариачид байна. Гэтэл одоо тариа будаа тарих хүн байхгүй болоод байна. Хүүхэд нь хот руу яваад буцаж ирэхгүй байгаа учраас мэргэшсэн ахлах сургуулиуд нь тухайн хүүхдүүдийн буцаж ирэх хөшүүрэг болгож байна. Өөрөөр хэлбэл, төврүү чиглэсэн нүүдлийг барьж чадаад байгаа арга нь хөдөө аж ахуйн ахлах сургууль байгуулсан тушлага. Аав ээжийнхээ үе дамжин уламжилж ирсэн арга ухааныг хүүхдүүд нь сургуульд сурч бататгаад цааш үргэлжлүүлэх боломжтой болсон. Мөн эргэн ирсэн орон нутгийн хүүхдүүдийг Засгийн газраас сайн дэмждэг. Трактор өгдөг ч юм уу орон гэр барих байшин барихад нь дэмжлэг үзүүлдэг, хүүгүй мөнгө зээлүүлдэг. Энэ мэтээр алслагдсан бүсээ дэмждэг бодлого бий. Мөн бүсэд байгаа багш нарыг 5-8 жилийн хугацаатай юм солилцож ажиллуулдаг. Багш нарыг солилцох нь их үр дүнтэй. Бүс болгонд аймгийнхаа, тухайн бүсийнхээ багш нарыг тодорхой хугацаанд ээлжилж ажиллуулдаг. Аймгийн боловсролын газраас 5-8 жил тодорхой хугацаанд ажиллуулж сайжруулдаг. Зарим муу багш нарыг сайн сургууль руу явуулж чадавхижуулдаг. Тэрийгээ нэгдсэн журмаар сонин дээр зар тавьж танилцуулна. Сонин дээр гарсан мэдээллийг хүмүүс уншаад манай орчинд тийм сайн багш ирэх нь, тэр багш шилжчихэж гэх зэргээр мэдээлэл авдаг. Мөн сайн багшид хүүхдээ шавь оруулна гэж төлөвлөдөг. Энэ эргээд боловсролын салбартаа өгөөжтэй үр дүн өгч чаддаг юм билээ.
Ер нь манай улсын хувьд жалга жалгандаа сонгуулийн тойрог, манай аймаг, танай сум гэж нутгархахаас илүү томоор харж, бүс болгондоо яг юу хийх вэ гэдгээ тодорхойлоод бодлогоо болвсруулж байгаа нь зөв. Цаашид ч энэ гаргасан чиглэлээ үргэлжлүүлэн авч явахад тодорхой үр дүн гарах байх.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. ЛХАГВА ГАРАГ. № 21 (7265)