Ц.Мөнхбат: Хүний хөгжлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлснээр ирээдүйн төлөв тодордог

2024-01-25
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

Манай сонин энэ удаагийн "Нэгдүгээр хүн" буландаа Дундговь аймгийн Засаг дарга Цагаанхүүгийн Мөнхбатыг урьсан юм. Тэрбээр манай сурвалжлагчтай хийсэн ярилцлагынхаа эхэнд "Аймгийн удирдана гэдэг тун хэцүү ажил гэж санагддаг байлаа. Тэгвэл яг энэ албан тушаалд ажиллаад олон түмнийхээ дэмжлэгийг аваад ирэхээр тийм ч хөл алдаж сандраад байхаар ажил биш нь мэдрэгдэж байна. Аймаг орны бүхий л ажлын хувь заяа миний ажил үйлтэй холбоотой гэж бодохоор цаг зав багатай, хичээж зүтгэхээс аргагүй л байх юм" гэлээ. Түүнтэй ярилцлаа.

 

- Сайхан өвөлжиж байна уу? Яриагаа зөвхөн цаг үеийн ажил гэлгүйгээр  бусдад санаа өгөх бас үлгэр жишээ болохуйц зүйлийн талаар ярилцъя гэж бодож байна. Эхлээд аймгийн хэмжээнд  өвөлжилт  ямар байгаа талаар ярих уу?

-Манай нутагт сүүлийн хоёр жил зуншлага, намаржаа сайтай, өвөл өнтэй сайхан болж өнгөрсөн. Харин  энэ өвөл зудархаг, нийт нутаг цасан бүрхүүлтэй нөхцөлд өвөлжиж байна.

Саяхан гэхэд  хоёр ч дахиад цас орж шуурлаа. Байдал хүнд талдаа. Энэ өвөл, хаврын хувьд манай аймаг нэг сая орчим малыг зах зээлд нийлүүлж, хавар 1.4 сая төл хүлээж авна гэсэн тооцоотой байгаа. Аймгийн нийт нутаг дэвсгэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд нэлээд өртөж байгаа учир малчид тэрхүү нөхцөл байдалтайгаа уялдуулж малаа боломжийн хэрээр эдийн засгийн эргэлтэд оруулж, илүү чанартай, таваарлаг болгох тал дээр анхаарах болсон. Аймгийн удирдлагын зүгээс малаа эдийн засгийн эргэлтэд сайтар оруулахаас гадна малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингээхийг гол болгон ажиллаж байна.

 Манай малчид ган, зуд, цас, шуургатай хэд, хэдэн чанга үеийг давсан туршлага дээрээ үндэслээд цөөн тооны чанартай малтай байх хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгосон.

-Мал аж ахуйгаас авч байгаа бүтээгдэхүүнээс хонины ноосыг онцгойлон үзэж байгаа гэсэн биз?

-Манай аймгийн хонины ноос хамгийн сайн чанартай түүхий эд  юм байна. Алтай, Хангайн нурууны завсар хоорондын салхи дайрдаг завсрын  бүсийн хувьд  манай хонины  ноосны микрон нь 14-15 буюу  бусад нутгийн хонины ноосноос илүү ноолуурхаг байдаг онцлогтой. Бусад нутгийн хонины ноос 7-8 микрон, ямааны ноолуур 24-25 микронтой байдаг гэж үзвэл манай аймгийн хонины ноос энэ хоёрын дундах  сайн чанарын үзүүлэлттэй. Иймд бидний нэн түрүүний зорилт бол  жилд хонины ноосоо цуглуулах. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилсан “Шинэ хөдөө” төслийн хүрээнд таван суманд ноос хяргах явуулын цехийг сая бид хүлээлгэн өглөө. Энэ ажлын үр дүнд ирэх хавар, зуны ноосны үеэр 40-50 ажлын байр шинээр бий болж, мөн малчид маань ноосоо гэмтэл хаягдалгүй авч аймгийнхаа төвд байрлах “Их онь” ноос угаах үйлдвэртээ өгөх боломж бүрдэж байгаа. Энэ нь суурь хонь багтах угсармал  хашаа,  хулдаасан асар бүхий хонь ноослох талбай, залгуулаад угаалгын ванн байх юм.  Машин дээр ачаад явчих энэ цех 8-10 хүнтэй байна. Хашаатай хонийг асар луу оруулж машинаар хяргана. Машинаар хяргах нь нэг хонийг хоёр минутанд хяргах тул цаг хэмнэнэ. Гараар хяргахад наад зах нь 15 минут зарцуулдаг хугацааг хэмнэхээс гадна арьсыг гэмтээхгүй. Суурь хонийг өчнөөн хүн хэдэн өдөр хяргадаг бол  энэ цех хэдхэн цагт гүйцэтгэх болно.  Цехийн  ажилчид хонь хяргасны хөлсөө малчнаас авна. Малчид ноосоо газар дээр нь компанид худалдаад мөнгөө авчихна. Хонио угаалгачихна. Тэгэхлээр малчин хонио хяргах, ноосоо тушаах, хонио угаалгах ажлыг нэг дор хормын дотор амжуулчихна гэсэн үг..

Ингэснээр цаг хугацаа хэмнэхээс гадна манай аймаг өөрсдөө ноосоо боловсруулах эхлэл тавигдаж байгаа юм.

-Аймгийн зүгээс малчдынхаа эрх ашгийг хамгаалах талаар хэрхэн анхаарч байн вэ?

-Малчид руу хандсан нэг ажил нь жил бүр аймгийн аварга малчдаа шалгаруулдаг нь урьд нь байсан уламжлалт ажил. Харин аварга болсон малчдыг аймгийн төвд гэр бүлийн нь хамт ирүүлж шагналыг хүндэтгэлтэй гардуулдаг, орой нь хүндэтгэл үзүүлэн хүлээн авалт хийж өөр хооронд нь танилцуулдаг. Энэ ажил 2021 оноос эхлэсэн.  2023 оны аймгийн аваргаар шалгарсан малчдын шагналыг ирэх хоёрдугаар сарын 5,6-нд аймгийн төвд ирүүлэн гардуулахаар бэлтгэж байна. Энэ нь  аварга цол хүртсэн малчиддаа дарамтгүй,  бас өөр хоорондоо танилцаж ажил амьдралаа ярилцаж холбоо тогтоох сайн арга болсон. Нэг жилийн аймгийн аваргууд  болон улсын аварга цол хүртсэн өөр өөр сумын малчид бие биенээ  таньдаггүйг ингэж өөрчиллөө. Урьд өмнө шагнал гардуулах гэж аймгийн аварга малчин цол авах айлд аймаг, сумаас хэдэн машин дарга нар очдог, бөөн дайллага хүндэтгэл болдог, очсон хүн бүрд хонь мал,  мөнгөн аяга өгдөг.Үүний төлөө тухайн айл хэдэн өдрөөр бэлтгэж зардал чирэгдэл болдог буруу жишгийг үүгээр халсан.             

Өөр нэг ажил бол “Малчны хөгжлийн төв” байгуулахаар ТЭЗҮ хийлгээд дууссан. Энэ нь малчид  сургалтад хамрагдан мэдлэг боловсролоо ахиулдаг, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд ордог, амарч сувилуулж, урлаг уран сайхны тоглолтод хамрагддаг, өөр хоорондоо танилцан арга туршлагаа солилцдог төв болох юм. Бидний төсөөлж байгаагаар хуучин Нэгдэл дундын амралт байсан байгалийн үзэсгэлэнт Сүм хөх бүрдэд энэ төвийг байгуулах нь тохиромжтой гэж үзээд байгаа.

- Гурвансайхан сумын иргэд нэгдээд сумаа шинэчилж, хөдөөд хот шиг тохитой тухтай амьдарч болдгийг харууллаа. Жишиг сумыг үзэж сонирхох гэсэн иргэдийн цуваа тасрахгүй байх шиг...

-УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга, Гурвансайхан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн санаачилж, төрөлх нутгийнхаа иргэдийг нэгтгэн, хүн нэг  бүрийг оролцуулж, улсын жишиг сумыг бүтээн босгосон. Сумаа шинэчлэх ажилд сумын төвийн иргэд, малчид, нийслэл болон бусад аймаг, сум, гадны улс орнуудад амьдардаг тус сумын уугуул олон иргэд сэтгэл зүрхээрээ нэгдэн оролцож, тусалж дэмжсэнээр төсөл амжилттай хэрэгжсэн. Ингэж иргэд өөрсдөө оролцсон учраас түүнийгээ хайрлаж хамгаалах, тордох сэтгэлтэй байдаг юм байна. Тэрхүү бүтээн байгуулалтаас нутгийн залуус нэгдэж, нэг бодлого, чиглэлтэй хамтарч ажиллаж чадвал амжилтад хүрч болдог юм байна гэдгийг харсан. Мөн бүх сумаа Гурвансайхан шиг болгож чадвал манай нутаг руу аялах, ирж ажиллах хүмүүсийн тоо өсч хотоос хөдөө рүү шилжих нь нэмэгдэж, хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн багасаж, хөдөөгийн сэргэлт бий болно гэж үздэг. 2020 оны сонгуулиар Дундговь аймгийн Ардчилсан намын зүгээс “Дундговь хөгжинө” уриаг дэвшүүлж, мөрийн хөтөлбөр боловсруулан Р.Эрдэнэбүрэн даргатайгаа хамтраад бүх сумаа Гурвансайхан сум шиг болгоно гэж байгаа. Ингэхийн тулд хамгийн түрүүнд бүх сум ерөнхий төлөвлөгөөтэй болох ёстой байдаг. Сүүлийн гурван жилд  манай аймгийн бүх сум ерөнхий төлөвлөгөөтэй болчихоод байгаа л даа Луус суманд жишиг сумын дэд бүтцийн шинэчлэлийн хөрөнгө оруулалт хийгдээд ажлын явц 70 гаруй хувьтай байна. Хамгийн гол дэвшил нь дэд бүтцийн инженерийн шугам сүлжээ бүрэн хийгдсэнээр сумын төвийн айл өрх бүр  цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээг гэртээ оруулж “сумандаа сайхан амьдрах” нөхцөл бий болно. 

- Тус аймаг  2022 оныг  “Хүний хөгжлийг дэмжих жил”   2023 оныг   Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил болгосон. Энэ хүрээнд нэлээд ажил өрнүүлсэн гэдэг юм билээ.Саяхан Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тус аймагт ажиллах үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Таныг боловсролд ээлтэй цөөхөн Засаг дарга нарын нэг” гэж талархал дэвшүүлж байсан. Дээрх чиглэлийн бодлого, үйл ажиллагаанаасаа жаахан дэлгэрүүлэх үү?

-Хүн рүү тухайлан чиглэсэн бодлого зайлшгүй хэрэгтэй. Манай аймгийн хэмжээнд төрийн албан хаагчийн орон тоо 3200 гэж үзвэл 300-400 орон тоо байнга сул, ажлын байр зарлагддаг ч ажиллах хүн тэр бүр байдаггүй. Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн байнга дутагдалтай.    Эндээс л “хүний хөгжлийг дэмжих”  зорилт дэвшүүлэх шаардлага урган гарч хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж ирлээ. Их, дээд сургууль төгсөгчдийг орон нутагт нь тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд элсэхэд нь, сурах хугацаанд нь бодлого хэрэгтэй юм билээ. Их, дээд сургуульд суралцаж байгаа 50 гаруй оюутантай аймгийн Засаг дарга гэрээ байгуулаад байгаа. Энэ тоо дараагийн жилүүдэд өснө байх.

-Танай аймгийн сургуулийн сургалтын чанар хэр байдаг вэ?

-Манай аймаг сургалтын чанараар  ЭЕШ-ын онооны дундажаар улсдаа дээгүүрт ордог байснаа сүүлийн жилүүдэд 15-18 дугаар байр луу ухарсанд бид анхаарал хандуулсан. Энд “Хүний хөгжлийг дэмжих” бодлогын хүрээнд нэлээд ажил хийж байна.  БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа консул манай аймагт ирээд зорилтот бүлгийн хүүхдүүдийг дэмжих чиглэлээр 20 гаруй сая төгрөг өгсөн. Зорилтод бүлгийнхэнд бүх л сувгаар дэмжлэг олгодог. Ер нь хүүхдийг сайн суралцсаны төлөө урамшуулах нь бас хэрэгтэй гэж үзээд элсэлтийн ерөнхий шалгалтаа хамгийн өндөр оноотой өгсөн 80 хүүхдийг аймгийн 80 жилийн ойн өмнө тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулсан. Ингэхэд дээрх мөнгөн дээр өөр эх үүсвэрээр дахин 20 сая төгрөг нэмж нийт 40 сая төгрөг зарцуулсан нь тэднийг их, дээд сургуульд очихдоо өмсөх хувцас, ном, хичээлийн хэрэгсэл авахад бодьтой  дэмжлэг болсон байх.

Суралцагсдыг ингэж Урамшуулахаар тэднийг бэлтгэсэн, хичээл заасан багш нарын асуудал зүй ёсоор яригддаг, Тэдэнд бас урамшил хэрэгтэй.  Ингэхээр багш нарыг хувийн амжилтаар нь биш багаар нь урамшуулах, тухайлвал, физикийн, математикийн, англи хэлний... гэх зэргээр сурагчдынх нь тухайн хичээлээр өгсөн ЭЕШ-ийн оноо жишээ нь,   585-610 бол 10 сая, 610-650 бол 20 сая, 750-800 бол 30 сая төгрөг багт нь олгоно гэсэн болзлын журам гаргах маягаар ажилласан Хүний хөгжлийг дэмжих 300 сая төгрөг зарцуулах хөтөлбөртөө боловсролын талаар бүлэг  гарган тэнд дахин 300 сая төгрөг , бас гадаад, дотоодод явж туршлага судлах, юм үзэж нүд тайлах нь хүний хөгжлийг дэмжих нэг арга гээд энэ зориулалтаар 150 сая төгрөг тусган уул хөтөлбөрт нийт 750 сая төгрөг зарцуулсан юм. Энэ жишигт ажил жил жилд үргэлжилж байгаа.

ЭЕШ-ын үр дүнг ингэж урамшуулахаас гадна бид ер нь сургалтын чанарыг сайжруулах бодлогоо хэрэгжүүлэхийн тулд    ЭЕШ-ын дүнгийн амжилтаар улсдаа тэргүүлдэг Ерөнхий боловсролын “Оюунлаг” сургуультай хамтран ажиллахаар тохирч “Санамж бичиг” байгуулсан. Эдний сургууль ЭЕШ-ын үнэлгээгээр жил дараалан улсдаа тэргүүлдэг, төгсөгчид нь дэлхийн шилдэг их сургуулиудад олноор элсдэг сайн сургууль. Тийм болохоор  аймгийнхаа бүх сургуулийн  захирал нарыг авч “Оюунлаг” болон  23 дугаар цогцолбор сургуулийн сургалтын орчин, арга барил, туршлагатай танилцуулсан. “Оюунлаг” сургуулийг үүсгэн байгуулагч, манай аймгийн уугуул, Монгол Улсын Гавьяат багш Доржпүрэвийн Батсайханыг урьж, ирүүлэн нийт сургуулийн багш нарт томоохон сургалт зохион байгууллаа. Сургалтын агуулга нь  яаж сургалтын чанарыг сайжруулах вэ гэдэг үндсэн асуудалд чиглэгдсэн, үр дүн ч гарч 2023 онд ЭЕШ-ын улсын хэмжээний үнэлгээгээр манай аймаг өмнөх жилээс найман байраар урагшилж 10 дугаар байранд орж ирсэн.    Энэ амжилтыг үнэлж  зарим багш, сурган хүмүүжүүлэгчдэд 1-8 сая төгрөгийн шагнал хүртээсэн.

Мөн аймгийн нийт хүүхдийн биеийн өсөлт хөгжилтөд мэргэжлийн байгууллагаас  хийсэн судалгаанд түшиглээд 2023-2024 оны хичээлийн жилийн эхнээс сурагчдын бие дэх эрдэс бодисын хэрэгцээг хангах “Сүү” хөтөлбөрийг аймгийнхаа Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж эхэлсэн.  Энэ нь 1-5 дугаар ангийн бүх хүүхдэд долоо хоногийн хичээлтэй таван өдрийн гуравт нь өдрийн 120 грамм сүү өгөх бөгөөд  орон нутгийн засаг захиргаа, сургууль, эцэг эх нэг нэг өдрийн сүүний зардлыг хариуцаж байгаа хөтөлбөр юм.  Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхлэхэд зарим сум үлдсэн хоёр өдөрт нь нэмж сүү өгөөд зардлыг хариуцах санаачилга гаргасан байна лээ. Тэгэхлээр “Сүү” хөтөлбөр олны дэмжлэгийг авч байгаа хэрэг юм.

-Төрийн албаныхантайгаа  тулж ажиллах талаар...

-Төрийн албанд хичээл зүтгэлтэй ажиллавал  үнэлдэг юм байна гэсэн сэтгэхүйг албан хаагч нартаа бий болгоход  Хүний хөгжлийг дэмжих бодлогын нэг зорилт оршино. Тийм болохоор жил бүр  боломждоо тулгуурлаад цөөн ч гэсэн албан хаагчид орон сууцны дэмжлэг олгож байна.  2021 онд дөрөв, 2022 болон

2023 онд мөн 10 албан хаагчид  тус бүр 10  сая төгрөгийн дэмжлэг олголоо.  Эрүүл мэндийн шалтгаантай албан хаагч хэдэн хүнд эмчилгээнд нь зориулж тус бүр таван сая төгрөгөөр дэмжсэн. Энэ бодлогоо хөтөлбөрийн хүрээнд цаашид үргэлжлүүлнэ. Аймагт  орон сууцны хэд хэдэн хороолол зарим нь баригдах шатанд, зарим нь зураг төслийн шатандаа байгаа. Тэрнээс төрийн албан хаагч нартаа хөнгөлөлттэй нөхцлөөр олгуулахыг зорьж байна. “Мандал” хороолол гээд 250 айлын сууц Шаргын хөшөөний хойд талд баригдаж эхэлсэн. Төлбөрийн хэдэн хувийг урьдчилан хийснээс хамаарч м.кв-ын үнэ ялгавартай шаталсан хэлбэрээр олгохоор   барих компани нь шийдсэн байгаа. Төлбөрөө 100 хувь хийснийг хамгийн хямдаар буюу м.кв нь 1,7 сая төгрөгөөр эхлэх,   төлбөрийн эхэлж хийсэн хувь буурах тусам м.кв-ын үнэ шатлан өсөх юм билээ. Энэ хорооллын дэд бүтцийн асуудлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх  замаар төрийн албан хаагч 25 айлыг хамгийн хямд нөхцлөөр оруулж ипотикийн зээлд хамруулах асуудал үндсэндээ шийдэгдсэн. Цаашид зураг төсөл нь хийгдэж байгаа, Өмнөговийн төв зам, Нисэхийн замын огтлолцлын дэргэд 500 айлын “Түмний хороолол”, Нисэхийн хойт дээр хаус хороолол баригдахад энэ  бодлогыг баримтлах юм Хүний хөгжлийг дэмжих нь хөгжлийн үндэс, тулгуур гэдэг үүднээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж олон түмэн ч дэмжиж байгаа.

- Ер нь хамгийн бага төсөвтэй аймгийн нэг атал энэ том хөтөлбөрүүд дэвшүүлж, түүнийгээ  амжилттай хэрэгжүүлж байгаагийн нууц нь юундаа байна вэ? Хүний хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд биеийн тамир спортын  талаар нэлээд ажил санаачлан хэрэгжүүлж байгаа гэж сонссон. Энэ талаар жаахан тодруулах уу?

-Улсын төсвийн хуваарилалт жил тутам нэмэгдэж байгаа ч бусад аймгуудтай харьцуулахад хамгийн бага төсөвтэй хоёр аймгийн нэг. Энэ нь төсвийг аль болох үр ашигтай зүйлд оновчтой зарцуулахыг шаарддаг. Тиймээс хүний хөгжлийг дэмжих, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхижуулахад хуваарилагдсан төсвийг үр ашигтай зарцуулснаар орон нутгийн  хөгжлийн  төлөв гэрэл гэгээтэй харагдаж байна. Ер нь “Хийе гэсэн хүнд арга олдоно” гэж үг бий.

Хүний хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд спортын улсын аваргын тэмцээнүүдийг аймагтаа хүлээн авч зохион байгууллаа. Жил тутам улсын аваргын 6-7 тэмцээнийг хүлээн авлаа. Цаашид ч энэ  бодлого үргэлжилнэ. Ингэснээр хүүхэд, залуучууд спортод дур сонирхолтой, түүгээр хичээллэх эрмэлзэлтэй болж өсч хүмүүжихээс гадна спортын материалаг бааз тухайн төрлүүдээр  бэхжээд авдаг. Ганц жишээ дурьдахад жүдогийн улсын аваргын тэмцээнийг аймагтаа зохион байгуулах бэлтгэлийн хүрээнд энэ төрлийн академийн салбарыг аймагтаа байгуулснаар энэ спортын хувцас, хэрэглэгдэхүүн, зориулалтын заал танхимаар хангагдан олон зуун хүүхэд, залуучууд хичээллэж, түрүүч нь улс, бүсийн тэмцээнд амжилт гаргаад эхэллээ.

Манайд 1000 хүний суудалтай, усан бассейн бүхий спорт цогцолбор баригдаж байгаа, Энэ ондоо ашиглалтад оруулчих зорилготой байгаа.

-Саяхан та үндэсний өв соёлоо тээн хадгалах, уламжлан түгээх агуулгатай захирамж гаргасан тухай мэдээлэл байсан. Энэ талаар тодруулах уу?

- Жижиг гэлтгүй мөнгө төгрөг шаардаад байхааргүй ч хэвшүүлж жигдлэх ажил алхам дутам л тааралдах юм. Захаас нь шийдээд явж байна. Тухайлбал, өнгөрсөн онд аймгийн нутаг дэвсгэр дэх албан байгууллага, аж ахуйн нэгж болон худалдааны төвүүдийн ариун цэврийн өрөөг саван, ариутгалын бодис, 00-ын цаас зэрэг наад захын хэрэглэгдэхүүнээр хангаж иргэдэд байнга нээлттэй байлгах тухай захирамж гаргасан.Хэрэгжилтэд холбогдох байгууллага хяналт тавьж байгаа. Энэ бол иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах шаардлагын л нэг хэсэг л дээ. Оны эхний 01 дугаартай захирамжаар  2024 оныг “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын жил” болгосон бол 02 дугаартай захирамж нь сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг   “Үндэсний дээл, хувцсаа өмсөх өдөр” болгосон нь цэрэг, цагдаа, онцгой байдлынхаас бусад байгууллагын ажиллагсад, цэцэрлэг, сургуулийн хүүхдэд хамаарч энэ ажил үндэсний өв соёлоо тээх,уламжлан хадгалах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэх жишээний.

-Иргэд “3000 морин хуурч, уртын дуучдын” гэж нэрлээд байгаа “Уяхан замбуу тивийн наран” эвент их л дуулиантай болох шиг санагдсан. Гадаад, дотоодын жуулчдыг аймаг руугаа татах гол ажил болсон байх даа?

- Тиймээ. Энэ бол аялал жуулчлалын хүрээний томоохон ажил. Байгалийн үзэсгэлэнт Их газрын чулууны “Задгай театрт болсон энэ эвентийн  тасалбарыг онлайнаар худалдсан. Эхлээд 10000 тасалбар захиалаад  дахин 10000-ыг нэмээд ч хүрээгүй, манайхны тооцоолсноор 41000 орчим хүн ирж  энэ наадмыг үзэж сонирхсон. Тооцоолсноос хэд дахин олон хүн ирсэн нь  төрөл бүрийн үйлчилгээний ачааллыг үлэмж нэмсэн. Энэчлэн Цагаан суваргад “Сэтгэшгүй оддын чуулган” эвент, Хулд, Өлзийт, Дэлгэрхангай суманд “Тэмээний өв соёлын баяр” Адаацаг, Дэлгэрцогт, Эрдэнэдалай суманд “Адууны өв соёлын баяр”-ыг ээлж дараагаар хийж байгаа нь аялал жуулчлалын л бүтээгдэхүүнүүд юм даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 17 (7261)

 

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

7 цаг 51 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

7 цаг 52 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

7 цаг 54 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

9 цаг 49 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

11 цаг 11 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

12 цаг 10 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

12 цаг 42 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

13 цаг 3 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

16 цаг 37 мин