Т.САЙХАН
“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа нэгдүгээр сарын 22-нд төрсөн өдөр нь тохиож буй хошууч генерал Галсансанзайн Махбариадын тухай түүхийг онцолж байна.
2000 оноос “Дацантрейд” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байв
Хошууч генерал Г.Махбариад нь 1934 онд Дорноговь аймгийн Айлбаян одоогийн Хатанбулаг сумын нутаг Хадан хошуу гэдэг газарт тѳрсѳн. 1942-1949 онд бага, дунд сургууль 1962-1968 онд ЗХУ-ын Москва хотод В.В Куйбышевийн нэрэмжит цэргийн инженерийн академи, 1970 онд ЗХУ-ын Москва хотын К.Е.Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийн дээд курс, 1978-1980 онд мѳн академи, 1988 онд ЗХУ-д Иргэний хамгаалалтын дээд курс тус тус суралцаж тѳгсчээ. Тэрбээр дунд сургууль тѳгсѳѳд сумын захиргаанд зарлага, аймгийн Хоршоодын холбоонд бичээчээр ажиллаж байгаад цэргийн албанд татагдан ирж, 1955-1957 онд Зүүнбаян дахь нефть хамгаалах тусгай ротод цэрэг, тасгийн дарга, жагсаалын дарга, 1957-1958 онд Ардын цэргийн Жанжин штабт бичээч, хэрэг хѳтлѳгч хийж байв. Мөн 1958-1962 онд АЦХЭЯ-ны боловсон хүчний хэлтсийн туслах, 1968-1970 онд Ардын цэргийн Жанжин штабын газрын зургийн хэлтэст инженер, 1970 оноос тус хэлтсийн дарга, 1970-1976 онд МАА-ийн Жанжин штабын орлогч бѳгѳѳд дайчлах, зохион байгуулах, нѳхѳн хангалтын хэлтсийн дарга, 1976-1978, 1980-1985 онд Зэвсэгт хүчний жанжин штабын 1 дүгээр орлогч дарга бѳгѳѳд Улаанбаатар гарнизоны дарга, 1985-1990 онд БНМАУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд бѳгѳѳд Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар ажиллаж байгаад чѳлѳѳнд гарсан бѳгѳѳд 1990-1992 онд олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн дэд захирал, 1992 оноос Монголын залуучуудын холбоонд ордны дарга, 2000 оноос “Дацантрейд” ХХК-ийн дэд захирал, 2001-2002 онд Улсын иргэний хамгаалалтын газрын ахмадын хорооны даргаар ажиллаж байв.
“Зургаан орны батлан хамгаалах салбарын шагнал хүртэж байлаа”
Г.Махбариадад БНМАУ-ын Сайд нарын Зѳвлѳлийн 1976 оны зургадугаар сарын 4-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор хошууч генерал цол хүртээжээ. Г.Махбариад нь МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүн, мөн Улаанбаатар хотын Ардын хурлын депутатаар гурван удаа сонгогдож байв. Хошууч генерал Г.Махбариадын улс орны батлан хамгаалах хүч чадлыг дээшлүүлэн, Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь төр засаг өндрөөр үнэлж Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Байлдааны гавъяаны одон, Алтан гадас одонгоор хоёр удаа болон бусад ойн медалиудаар шагнасны дээр Унгарын Улаан таван хошуу одон, Лаосын Эх орны төлөө II зэргийн одон, ЗХУ, БНСЧСУ, БНПАУ, БНКУ зэрэг орны медалиудаар шагнагджээ.
Тусгай онгоцоор агаараас гэрэл зураг авдаг
Мөн тэрбээр 28 настайдаа ЗХУ-ын цэргийн сургуулийн агаарын гэрэл зургийн ангийн анхны монгол оюутны нэг болж суралцаад энэ мэргэжлийн анхны шанг Монголдоо татсан түүхтэй. Г.Махбариад гуайн энэ тухайгаа “Би 1962 онд ЗХУ-ын Москва хотын В.В.Куйбышевын нэрэмжит Цэргийн инженерийн академид сурсан юм. Тэнд Геодезийн факультет байдаг. Тэр нь картографийн, геодезийн, фотограмметрийн зэрэг дөрвөн ангитай. Фотограмметрийнх нь агаарын гэрэл зургийн анги юм. Би тэр ангид суралцаж, агаараас авсан гэрэл зургийг газрын зураг болгодог мэргэжил эзэмшсэн хүн. Агаарын гэрэл зураг авдаг тусгай нисэх онгоц байдаг юм. Тэр онгоцоор зураг аваад, авсан зургаа лабораторид авчирч өгөөд тэр зургаа угаагаад цаасан газрын зураг болгоно гэсэн үг шүү дээ” гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байжээ.
Эх сурвалж:www.polit.mn