Сүрнээгийн УЯНГА
"Зууны мэдээ" сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор “Pearson” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал М.Найдалмааг урилаа.
“PEARSON” ХӨТӨЛБӨРИЙН ҮР ШИМИЙГ 200 ОРЧИМ УЛСЫН 160 ГАРУЙ САЯ ХЭРЭГЛЭГЧ ХҮРТЭЖ БАЙГААГИЙН НЭГ НЬ МОНГОЛ
Блиц
Боловсрол:
-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Хэл шинжлэл, Орос-Англи хэлний орчуулагчаар төгссөн.
-Ирландын Dublin City University -д Олон улсын байгууллага чиглэлээр суралцсан.
Ажлын туршлага:
-2021-2023 онд: Англи хэлний багш, орчуулагч.
-2010-2014 онд: Мянганы Сорилтын Санд Мониторинг, Үнэлгээний мэргэжилтэн.
-2016 оноос: PEARSON байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар болох IEDC ХХК-ийн захирал.
-Дэлхийн Шилдэг багш төслийн Шилдэг сурагч шалгаруулах академийн гишүүн.
-Pearson бол 150 гаруй жилийн түүхтэй. Лондонд төвтэй дэлхийн боловсролын байгууллага. Тус байгууллага олон улсын хөтөлбөр, шалгалт, мэргэжлийн боловсролын хөтөлбөр зэргээр боловсролын салбарт хөтөлбөр, үнэлгээ, багшийн хөгжил, сертификатын цогц шийдлийг санал болгодог. 200 орчим улсын 160 гаруй сая хэрэглэгчид үр шимийг нь хүртэж байна. Pearson боловсролын бүх түвшинд хүрч ажилладаг. Дунд сургуулийн олон улсын хөтөлбөрийг дэлхийн 80 орчим улсын 6000 гаруй сургууль хэрэгжүүлж байна.
Харин мэргэжлийн боловсролын хөтөлбөрт 15 салбарын 2000 гаруй хөтөлбөр байдаг. Жил бүр сая гаруй суралцагч дэлхийн 70 гаруй оронд төгсөж байна. Мэргэжлийн боловсролын хөтөлбөрийг дэлхийн 71 орны Засгийн газар, боловсролын яам, ажил олгогч болон мэргэжлийн холбоод хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөрийг судалж, төгссөн суралцагч дэлхийн хаана ч ажлын байранд хүлээн зөвшөөрөгддөг. Мөн үргэлжлүүлэн их дээд сургуульд мэргэжлийн зэргээ ахиулан суралцах боломжтой гэсэн үг.
Манай улсын хувийн сургуулиуд 2018 оноос эхлэн Pearson байгууллагын англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Одоогоор 30 гаруй хувийн дунд сургууль тус хөтөлбөрийг судалдаг. Pearson англи хэлний хөтөлбөр нь цогц системийн дагуу ажилладаг бөгөөд хэвлэмэл сурах бичиг болон дижитал интерактив сурах бичгээс гадна багшид хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах бүрэн багц гарын авлага, дасгал даалгавар болон тестийн сан, үнэлгээний систем, багшийн хөгжил зэргийг багтааснаараа онцлогтой.
2022 он сүүлчээр Боловсрол, шинжлэх ухааны яам Pearson англи хэлний хөтөлбөрийг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх санал тавьсны дагуу 2022-2023 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагаст нийслэлийн 10, аймгийн төвийн 16, сумын 12 сургуулийн V-IX ангийн 30 мянга орчим сурагч, англи хэлний багш нарын хүрээнд туршсан. Туршилтын үр дүнд дээрх 38 сургуулийн сурагчдын сурлага дунджаар 18 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Сурагчдын хичээлийн идэвх, оролцоо нэмэгдсэн нь судалгаагаар харагдсан.
Иймд энэ хичээлийн жилээс эхлэн Pearson англи хэлний хөтөлбөрийг улсын хэмжээнд үе шаттайгаар нэвтрүүлэхээр Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хичээлийн жилд төрийн өмчийн ЕБС-ийн 5-6 дугаар ангид Pearson англи хэлний хөтөлбөр хэрэгжиж байна. Ирэх жил 3-7 дугаар анги гэх мэтчилэн үе шаттайгаар нэвтрүүлж, улмаар 2026-2027 оны хичээлийн жилд 3-12 анги Pearson англи хэлний хөтөлбөрөөр судлах болно.
Олон улсын хөтөлбөр гэдэг нь дэлхийн стандарт гэж ойлгож болно. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад дэлхийн стандарт нэвтэрч, алслагдсан суманд суралцаж буй сурагч Улаанбаатар хотын төвийн сургууль төдийгүй бусад улс орны хүүхэдтэй ижил түвшинд нэг хөтөлбөрөөр англи хэлээ судалж байна.
“Pearson” англи хэлний хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилд ашигладаг. Сургалтын агуулга нь олон улсын жишгийн дагуу боловсруулсан, багшийн хөгжил болон заах арга зүйг хөгжүүлэх, нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан, сурагчийн сурлагын ахицыг үнэлэх боловсронгуй аргачлалтай гэдгээрээ онцлогтой. Энэ хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулах ажлын хүрээнд Pearson байгууллагаас Монгол Улсад зориулан “Англи хэлний үндэсний хөтөлбөр” болон суралцахуйн зорилт бичиг баримт, багшийн гарын авлагыг тус, тус боловсруулж өгсөн. Түүнчлэн Монгол сурагчдад зориулан сурах бичигтээ Монгол үндэсний агуулгыг багтааж өгсөн.
Шинэ зүйл үргэлж сорилттой байдаг. Мэдээж, сургууль болон багш нарын маань хувьд ч гэсэн сорилтуудтай нүүр тулгарч байна. Үүнийг бэрхшээл гэж харахаас илүү сургууль, сургалтын үйл ажиллагааг сайжруулах боломж гэж харах нь зүйтэй болов уу. Тухайлбал, Pearson англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед сургуулийн интернэтийн хүртээмжийн асуудал, удирдлагын дэмжлэг, багш нарын мэргэжлийн болон дижитал ур чадварын асуудал зэрэг сорилтууд маш их байсан. Энэ бүхэн шийдэж болох асуудал тул Боловсрол, шинжлэх ухааны яам, БЕГ, НБГ болон үүрэн холбооны оператор компаниуд өөрсдийн чиг үүргийн хүрээнд шийдлийг нь олоод явж байна. Өнөөдрийн байдлаар үндэсний хэмжээнд 300 орчим сургууль цахим ангийн тохижилт болон дотоод сүлжээний асуудлаа шийдвэрлэн хичээл сургалтын үйл ажиллагаа тасралтгүй явж байна. Багшийн хөгжил, сургалтын үйл ажиллагааг бид БЕГ, НБГ-тай хамтран тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 4600 гаруй багш заах арга зүй болон дижитал ур чадварыг нь сайжруулах сургалтад хамрагдсан байна. Багш нараас гадна бид төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, захирлуудад зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Pearson англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал болон багшийн хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаадлагатай дэмжлэг, туслалцааг хэрхэн үзүүлэх, сурагчид хэрхэн амжилттай сурахад шаардлагатай нөхцөл бололцоог нь хангаж өгөх талаар зөвлөн туслах үйлчилгээг удирдлагын түвшинд зохион байгуулж байна.
БАГШ ДҮН ЗАСАЖ СУУХ ШААРДЛАГАГҮЙ. СУРАГЧИЙГ ДӨРВӨН ЧАДВАРААР ШУДАРГА ҮНЭЛНЭ
- “Pearson” англи хэлний хөтөлбөр нь багшийн ажлыг хөнгөвчилснөөрөө давуу талтай. Дижитал платформ дээр багшид шаардлагатай хичээлийн төлөвлөгөө, гарын авлагууд, даалгавар, тестийн сан зэрэг олон улсын стандарт хөтөлбөрийн дагуу хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулах, үнэлэх бүрэн боломжийг хангаж өгсөн бүх хэрэглэгдэхүүнүүд байршсан. Өөрөөр хэлбэл, багш хичээл болон шалгалтын материалаа бэлдэхийн тулд хаа нэгтэйгээс материал хайх шаардлагагүй гэсэн үг.
Түүнчлэн дүн засаж суух ч шаардлагагүй болно. Багш платформоо ашиглан сурагчиддаа даалгавар өгөх, оношлогоо, явц, үнэлгээний шалгалт авснаар дүн засаж суух шаадлагагүй болно гэсэн үг. Учир нь платформын бүрэн үнэлгээний систем нь сурагчдын даалгавар болон шалгалтын гүйцэтгэлийг англи хэлний унших, сонсох, ярих, бичих зэрэг дөрвөн ур чадвараар үнэлж харуулах тул багш тухайн үнэлгээнд суурилж, сурагчдад ялгаатай дасгал даалгавар өгөх замаар хоцрогдлыг бууруулах боломжтой. Тэгэхээр цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүй сурагч хаанаас ч суралцаж болно. Сайн сурагч түрүүлээд цахим платформынхоо сурах бичгийг судлаад, өөрийнхөө үнэлгээг харж, өөрийгөө үнэлж үргэлжлүүлэн түрүүлж явах ч боломж бий.
Pearson англи хэлний хөтөлбөр төрийн өмчийн сургуулиудад нэвтрүүлж эхэлсэн цагаас эхлэн бид Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар болон Боловсролын үнэлгээний төвтэй хамтран англи хэлний багш нарыг чадавхжуулах ажлыг тасралтгүй зохион байгуулж байна. Тухайлбал, үндэсний хэмжээнд 120 орчим мастер багший бэлтгэсэн. Мастер багш нартайгаа хамтран ЕБС-ийн бүх англи хэлний багш нарыг чадавхжуулах ажлыг зохион байгуулж байна.
Түүнчлэн лхагва гарагийг бид “Нээлттэй хаалганы өдөр” хэмээн зарласан. Энэ өдөр багш нар тулгамдсан асуудал байвал манай оффис дээр биечлэн ирж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Мөн энэ өдөр тодорхой цагт Pearson төв байгууллагаас Монгол Улсын ЕБС-ийн 5-6 ангид англи хэлний хичээл зааж буй багш нарт зориулан онлайнаар арга зүйн сургалтыг тогтмол явуулдаг.
Хичээлийн жилийн эхний улиралд 1000 гаруй багшийн 9200 орчим асуултад хариулт өгч, зөвлөгөө өгсөн. Арванхоёрдугаар сараас эхлэн энэ тоо харьцангуй цөөрч, үндсэндээ багш нарын 70 орчим хувь нь бэлтгэгдсэн гэж харж байгаа. Мөн бид багш нарт зориулан “e-support” аппликейшныг хөгжүүлсэн. Энэ аппликейшнаас бүх заавар, зөвлөгөө, мэдээллийг аваад зогсохгүй өөрсөддөө тулгамдсан асуудлаа бидэнд мэдэгдэж, хурдан шуурхай хариу өгөх боломжийг бүрдүүллээ.
Мөн шинээр бэлтгэгдэж буй англи хэлний багш нарт тодорхой мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх тал дээр МУБИС-тай хамтран ажиллаж байна. Тус сургууль дээр ирэх сараас модуль сургалт орохоор төлөвлөж байна. Ингэснээр шинээр төгсөж буй оюутнууд ажлын байр дээр гармагцаа Pearson англи хэлний хөтөлбөрийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах боломжтой болох юм.
Сурагчид олон улсын шалгалтад бэлтгэгдээд төгсөх бүрэн боломжтой
-Pearson англи хэлний хөтөлбөрийн дижитал платформ нь үнэлгээний бүрэн системтэй. Тус систем нь сурагчдын бие даан интерактив сурах бичигтэй ажилласан гүйцэтгэлийг англи хэлний дөрвөн ур чадвар тус бүрээр нь үнэлж харуулна. Түүнчлэн оношлогоо, явцын, сүүлийн үнэлгээн дээр суурилсан сурагчдын ахиц амжилтыг тодорхойлохоос гадна сурагчдын хоцрогдлыг арилгана.
Өөрөөр хэлбэл, багшийн үнэлгээний системээс авсан датад анализ хийн, сурагчдын сурлагын түвшинд тохируулан ялгаатай дасгал, даалгавар өгснөөр сурагчийн хоцрогдолыг арилах боломжтой. Мөн сурагчид адилхан тестийн шалгалт өгч байгаа хэдий ч тестийн дасгал даалгавар өөр эрэмбэ дараалалтай хуваарилагддаг тул хуулах ямар ч боломжгүй. Түүнчлэн дижитал платформ нь хараа болон сонсголын бэрхшээлтэй сурагчдад зориулагдсан тохиргоотой тул тусгай сургуулиудад ч мөн энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа.
Эцэст нь бидний зорилго бол сурагчид төгсөхдөө B2+ буюу олон улсын шалгалтын хангалттай сайн оноонд хүрэхүйц мэдлэг, ур чадвартай болгоход оршино. Сурах бичгийн дасгал даалгавар ба тестийн сан нь олон улсын шалгалтын даалгаврын сантай ижил суралцахуйн зорилт, агуулга, түвшин, хэлбэрээр зохиогдсон байгаа нь сурагчид сургуулиа төгсөхдөө олон улсын шалгалтыг өгөхөд бэлэн байх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, сурагч ЕБС-аа төгсөхдөө олон улсын шалгалтад бэлтгэгдчихсэн төгсөх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 14 (7258)