Д.ЦЭРЭННАДМИД
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хүний гавъяат эмч, академич, доктор Пагважавын Нямдаваа энэ өдөр төржээ.
П.Нямдаваа эх орны алтан хоймор Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын VII багийн нутаг Махвалын өвөлжөөнд төржээ гэж түүний намтарт бий.
Удам судар нь гэвэл Түшээт хан аймгийн Ахай гүний хошууны гаралтай хүмүүс байв. Тэр дотор өвөг эцэг Махвал нь нутаг орондоо шүтэгдсэн буддын ухаанд гарамгай нэгэн. Эцэг М.Пагважав нь насаараа тайлан тооцооны ажилтан явсан болохоор нутгийнхан нь түүнийг явсан газраа алхаа гишгээгээ хүртэл тоолдог хүн гэж ярьдаг байж. Ер нь нэртэй албан хаагч байсан гэдэг.
Ижий С.Чимэд нь өөрөө бие даан бичиг үсэг сурч хожмоо Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсгөн мал зүйч болсон хүн байв.
Эхээс олуул. Дүү нар нь голдуу физик, математикийн мэргэжилтэй бол П.Нямдаваа хүний эмч болжээ. Энэ нь бас учиртай мэт. Баруунбүрэн сумаас анагаах ухааны томчуул олон гарсан төдийгүй Монголын эрүүл мэндийн сайд гурав төрсөн юм гэдэг. Энэ нь түүнийг оюунлаг ахуйд өсгөжээ.
Өнөө цагийн баячууд банк, хадгаламждаа өчнөөн тэрбум төгрөгийн мөн олон арван компанийн хувьцаа эзэмшдэг, унадаг машин нь жип, уудаг ундаа нь виски гэдэг.
Тэгвэл академич П.Нямдаваа дэлхийн өнцөг буланд хүрсэн олон арван бүтээлээрээ шавхагдашгүй ухаанаараа тэднээс хол илүү баян хүн.
Монголын Анагаах ухааны салбарын сүүлийн хагас зууны түүх түүний ажил амьдралын салшгүй холбоотой гэж ч болно.
П.Нямдаваа дэлхийн нэртэй эрдэмтний нэгд зүй ёсоор ордог. Түүний анагаах ухаанд оруулсан их хувь нэмэр, нээлт, бүтээсэн бүхэн зөвхөн монголчуудад биш дэлхийн хүн төрөлхтөнд ач тусаа өгч байгаа юм.
Эрдэмтэн хүний бүтээлийн чанар чансааг үнэлэх дэлхийн жишиг гэж байдаг. Тэр нь “Цитатлагдах индекс” гэдэг ухагдахуун юм.
Бүр ойлгомжтойгоор хэлэх юм бол тухайн эрдэмтний гадаадад хэвлүүлсэн бүтээлүүдийн содон зүйл, дэвшүүлсэн санаанаас гадаадын эрдэмтэд бүтээлдээ хэр олон иш татаж авснаар нь үнэлнэ гэсэн үг.
Энэ талаар П.Нямдаваагийн хувь нэмрийг лав мэдэхийн тулд Томсоны корпорацийн мэдээллийн сангаас шүүн үзвэл 2007 он гэхэд томоохон 18 бүтээл нь уг санд бүтээгдсэн. Тэдгээрээс дэлхийн эрдэмтэд 331 удаа иш татсан бөгөөд зөвхөн нэг өгүүлэл нь жилд 10,68 удаа цитатлагдсан гэсэн өндөр үзүүлэлт байдаг.
Тийнхүү түүний бүтээл дэлхийн түвшинд хүрсэн нь ойлгомжтой байгаа биз.
Б.Нямдаваагийн эрдмийн ажлын гол чиглэл нь вирус судлаач. Бүтээл дундаас сорчлон хэлбэл В вируст хепатитийн эсрэг вакцинжуулалтыг монгол улсад анх нэвтрүүлсэн. Нян тээгч цусны ийлдэснээс анхны “Xerirac-B” нэртэй туршилтын монгол вакцин гаргасан, тархи нугасны саатай байж болзошгүй хүүхдүүдээс сонгон полиомиелитын ялган авч тэгснээр удамшил биологийн төрхийг нь судлан тогтоосон байдаг юм.
1974-1977 онд Германд ажиллаж вирус судлалаар эрдмийн анхны зэрэг цолоо авсан.
Тэгээд 1981 онд Москвад очиж Д.И.Ивановскийн нэрэмжит вирус судлалын хүрээлэнд ажиллахдаа “Вируст халдварын өвчлөл, популяцийн дархлаа тогтоцын харьцуулсан судалгаа” гэсэн сэдвээр шинжлэх ухааны докторын зэргээ хамгаалжээ.
Үүний дараа Монголдоо вирус судлалын салбарын шавь нараа бэлтгэж эхэлсэн байдаг.
1991 онд шинжлэх ухааны академийн гишүүн болж улмаар Монголын анагаах ухааны академийг үүсгэн байгуулж ерөнхийлөгчөөр нь найман жил ажиллажээ.
Энэ академи нь удалгүй дэлхий анагаах ухааны академийн холбооны гишүүн болж олон улсын түвшинд гарсан байдаг. Өнөөдөр гэхэд тус академи дэлхийн 30 гаруй орны эрдмийн хүрээлэн байгууллага, эрдэмтэдтэй нээлттэй ажиллаж байна.
Монголын анагаах ухааны академийн дээд шагнал нь “Академич П.Нямдаваа” гэсэн алтан медаль байдаг.Уг шагналыг хоёр жилд нэг удаа олгодог болжээ.
Түүнийг дэлхийд танигдсан эрдэмтэн гэдгийг илэрхийлэх бас нэг баримт гэвэл АНУ-ын Нью-Йоркийн шинжлэх ухааны академийн болон ДЭМБ-ийн зүүн өмнөт Азийн хорооны гишүүнээс эхлээд ДЭМБ-ын удаа дараагийн чуулганы дэд болон жинхэнэ ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
Бас зарим орны Анагаах ухааны академийн сэтгүүлийн редакцид гадаад төлөөлөл нь байсан удаа бий.
Ийм дэлхийн хүн гэх эрдэмтэн учраас тэр гавъяаг нь Монголын төр үнэлж 2023 онд түүнд Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм.
Мөн академич П.Нямдавааг монголын төрийн гал голомтод томоохон цучил нэмсэн хүн гэдэг. Тиймээ тэр төрийн том зүтгэлтэн юм. Дөрвийн дөрвөн Засгийн газарт эрүүл мэндийн сайд байснаар нь ч тэгж хэлэхээс өөрцгүй ажээ.
Их эрдэмтэн маань бүтээлээ ундаруулсаар явна.
Эрхэлж байсан ажил:
1971-1974 онд АУДС-ийн Эрүүл ба эмгэг физиологийн тэнхимийн багш,
1974-1977 онд БНАГУ-д аспирант,
1978-1987 онд ЭХЯ-ны Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтэд эрдэм шинжилгээний ажилтан, вирүс судлалын лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал,
1987-1997 онд ЭХЯ-ны ЭАХНСУИ-ийн Вирүсийн молекул биологийн лабораторийн эрхлэгч,
1987-1991 онд ЭХЯ-ны урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн орлогч сайд бөгөөд улсын ариун цэвэр, халдвар судлалын ерөнхий байцаагч,
1991-1996 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн сайд,
1996-1998 онд MCS компаний Анагаах ухаан, биотехнологи хариуцсан дэд захирал,
1998-2000 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх,
2000-2004 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,
2004-2005 онд ХӨСҮТ-ийн Захирлын эрдэм шинжилгээний зөвлөх,
2005-2014 онд ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийг түшиглэсэн “Томуугийн тандалтын сүлжээг байгуулан хөгжүүлэх” Монгол-Америкийн хамтарсан төслийн захирлаар ажиллаж байсан.
Эх сурвалж: www.polit.mn