М.Сосордулам: Үйлдвэрлэл явуулж эхэлсэн л бол “ухрах араа” байхгүй

2023-12-27
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ 

Зууны мэдээ сонины “Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн зочноор “Үлэмж кашмер” компанийн гүйцэтгэх захирал М.Сосордуламыг урилаа.

-“Үлэмж кашмер” компани хөнгөн үйлдвэрийн салбарт 20 орчим жил ажиллажээ. Ноолуурын үйлдвэрээ хэдэн онд байгуулсан бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Анх ноолуур гэдэг баялгийг өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл болгон хөгжүүлж үе дамжуулан үлдээх хэрэгтэй юм байна гэдэг бодол төрж үүнийгээ ажил хэрэг болгохын төлөө ажилладаг байлаа.  Үндсэндээ энэ салбарт 1994 оноос эхэлж ажилласан юм шүү дээ. Гарааны бизнесийг алхам алхамаар өргөжүүлсээр 2004 онд компани байгуулж 2008 онд анхан шатны үйлдвэрээ байгуулж байлаа. Ирэх онд компани байгуулагдсаны 20 жилийн ой тохионо. Энэ хугацаанд ололт амжилт, уналт гээд бизнесийнхэнд тулгамддаг бүхий л асуудлыг туулж байна.

-Жижиг дунд үйлдвэрлэлийнхэнд санхүүгийн эх үүсвэрийн асуудал тулгамддаг гэдэг шүү дээ. Танай компани төслийн зээлд хамрагдаж байсан уу?

-2011 онд Чингис бондын санхүүжилтээр төсөл хэрэгжүүлж ээрэх үйлдвэртэй хамтран ноолууран утас үйлдвэрлэн жижиг, дунд үйлдвэрүүдээ хангаж эхэлсэн. Ингээд 18 аймагт төлөөлөгчийн газар байгуулан анхан шатны түүхий эд бэлтгэхэд анхаарлаа хандуулсан юм. Ноолуур гэдэг баялагтаа монголчууд эзэн байх учиртай. Тиймээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шаардлагатай сайн чанарын утас үйлдвэрлэхээс гадна өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад зах зээлд гарах зорилт тавьж ажилласан.

“Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын бичиг баримтад Засгийн газар үйлдвэрлэлийг каластераар хөгжүүлэхээр тусгасан. Тиймээс Засгийн азрын бодлогод нийцүүлэн 2018 онд “Анна кашмер” охин компани байгуулан ноолуурын салбарын бусад үйлдвэрүүдэд мөн захиалга өгч хамтарч ажиллаж нэмүү өртөгч шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Үүгээрээ каластераар үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинэ туршлагыг бий болгохыг зорьсон юм.

Ийнхүү нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээрээ олон улсын зах зээлд борлуулах боломж гарсан юм. Тухайлбал, 2023 онд Хонг-Конг-д дөрвөн дэлгүүр, Бээжинд хоёр дэлгүүр нээн ажиллуулж байна. Үндсэндээ ноолуурын салбарт ажиллах хугацаандаа хэрэгжүүлсэн төсөл маань үр дүнд хүрэхэд баг хамт олны хамтын зүтгэл чухал үүрэгтэй. Тиймээс ч бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд чамгүй амжилт гаргасан.

Ер нь бол баялагтаа эзэн байх тухай хүн бүр л ярьдаг. Тэгэхдээ уул уурхайн бүтээгдэхүүн л баялаг биш гэдгийг харуулахыг хүсдэг. Монгол ноолуур гэдэг дэлхийд гайхагддаг баялаг. Тиймээс ноолуурыг эдийн засгийн тулгуур болгож хөгжүүлэхийн зэрэгцээ хойч үедээ өвлүүлж үлдээх нь бидний хийх ажил гэж хардаг. Үүний төлөө ноолуурыг өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгохыг зорьж үйлдвэрээ байгуулсан юм.

-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бизнесийн орчин тэр дундаа үйлдвэрлэл хөгжүүлэхэд хамгийн их тулгамдаж байсан ямар асуудал байв. Сүүлийн 10 гаруй жил импортыг орлох, экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг төрийн зүгээс тавьж чамгүй ажлуудыг хийж ирсэн шүү дээ?

-Би дээр хэлсэн үйлдвэрлэлийн салбарт тулгамддаг асуудлыг бид тойроогүй. Харин өөрийн нөөц бололцоогоо дайчлан даван туулсан хамт олон. Арилжааны зээлээр бизнес хөгжүүлнэ гэдэг маш хүнд даваа. Цар тахалын хүнд үе бидэнд амар байгаагүй. Хөл хорио тогтоогоод үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байхад арилжааны зээлийн эргэн төлөлтөө хийхийг шаардаж байлаа. Дэлхий даяараа хүнд үеийг даван туулж байхад “зээлээ төл” гэж хэлүүлэх хамгийн хүнд цохилт байсан. Тэглээ гээд элдэв шалтаг тоочиж суусангүй, даваад л гарсан. Харин одоо бол ноолуурын үйлдвэрлэлийг дэмжсэн зээлийн хүрээнд санхүүжилтийн асар хүнд дарамтаас гарч байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэн нь энэ салбарын олон үйлдвэрт үр өгөөжөө өгч байгааг хэлмээр байна. Би дахиад хэлье арилжааны зээлээр үйлдвэрлэл босгоно гэдэг хувь хүнд бол өөрийгөө гал руу түлхэж байгаагаас өөрцгүй алхам. Гэтэл монголчууд тэр дундаа эмэгтэй захирлууд үүнийг ажралгүй давсаар ирсэн туршлагатай юм шүү дээ.

Чингис бондоос жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт гаргасан санхүүжилтийн төсөлд хамрагдан сайн түүхий эд болоод бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж болдог гэдгийг төслөөрөө харуулахыг хичээсэн. Энэ удаагийн санхүүжилтийн үр дүн манай үйлдвэрийн хөгжлөөр эерэг тал нь илэрхийлэгдэнэ гэж бодож байна.

Учир нь тухайн үед “Үлэмж кашмер” үйлдвэр сайн чанарын ноолууран утас үйлдвэрлэдэг гэдгээрээ танигдаж эхэлсэн. Тиймээс үүндээ тулгуурлан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ эхлүүлэхээр зориг шулуудсан гэж болно.

Үйлдвэрлэл эрхлэх амар биш ч бид ард нь гарч чадсан. Анх үйлдвэрлэлээ эхлүүлж байхад мэргэжилтэй боловсон хүчнээс эхлээд л тулгамдсан асуудал байсан хэдий ч бид хамтдаа бүтээж, өнөөдрийн “Анна кашмер” брэндийг бий болгосон юм. Ер нь үйлдвэрлэл явуулж эхэлсэн л бол “ухрах араа” байхгүй гэдгийг ойлгож авсан. Тэгэхээр хийж байгаа хөрөнгө оруулалт, зарцуулсан цаг хугацаа, хүч хөдөлмөр гээд үнэлж барашгүй олон зүйлийг гаргаж байгаа учраас удам дамжсан, өвлөгдөх, ирээдүйн чиг хандлагыг шингээсэн үндэсний үйлдвэрийг бий болгохын төлөө л зүтгэж байна. Хэдийгээр энэ нь хувь хүний жаахан томруулъя гэвэл компанид хамааралтай хүмүүсийнх мэт боловч олон улсын зах зээл дээр гарахаараа Монгол Улсын гэдэг нэрийг дагуулдаг учраас бид чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхгүй. Түүнчлэн энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс хоорондоо өрсөлдөгч биш хамтрагч гэдгийг онцолмоор байна.

-Хөнгөн үйлдвэрийн салбарын хууль эрх зүйн орчин ямар байдаг вэ?

-Мэргэжлийн холбоодтой хамтран ноолуурын салбарын хууль эрх зүйн шинэчлэлийг хийхээр нэлээдгүй ажлуудын ард гарч байна. Зөвхөн угаадаг байсан бол самнаж гаргадаг боллоо. Ирэх долоодугаар сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр ноолуурын салбар жилдээ 10 мянган тонн самнасан ноолуурыг экспортлох нь. Мэргэжлийн холбоод, салбарын яам гээд холбогдох газруудаас дотоод нөөц бололцоогоо ашиглан 10 мянган тонн самнаж чадах эсэх. Мөн энэ шинэчлэлийг хийснээр ноолуурын салбарт хөрөнгө оруулалт татаж чадах эсэх. Магадгүй малчдын амьдралд сөргөөр нөлөөлөх үү гэх мэтчлэн олон асуултад хариулахын тулд тал талын оролцоог хангасан судалгаа хийснээр манай улсын самнах үйлдвэрийн хүчин чадал нь хангалттай хүрэлцэнэ гэдэг судалгааны үр дүн гарсан. Үндсэндээ самнах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажилласнаар тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх, баялагтаа эзэн болох боломжийг бүрдүүлж байгаа юм.

Нөгөөтэйгүүр үйлдвэрлэлийн салбарт эрсдэл багатай ажиллах хөшүүрэг нь каластер гэж хардаг. Тиймээс ноолуурын салбарт “Үлэмж кашмер”, “Анна кашмер” болон бусад компаниудтай хамтран каластераар хөгжих шинэ загварыг харуулахыг бид зорьж байна.

-Олон улсын нэр хүндтэй шагнал авсан гэж сонссон. Ямар уралдаанд оролцоод ирэв?

-Энэ жил манай компанийн хувьд амжилт дүүрэн үдэж байна. Олон улсын бизнес эрхлэгчдийн хүрээнд нэгдэж, тэдэнд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг нь бидний хувьд нэр хүндийн хэрэг юм. Итали улсад болсон Олон Улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн сорилт байгууллагаас зохион байгуулсан 21 дэх их хуралд 42 орны 250 эмэгтэй удирдагч оролцсон. Энэ үеэр “IWEC-Awards” буюу амжилттай бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн олон улсын шагналыг авсандаа баяртай байна. МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Зөвлөлөөс бизнес эрхлэгч гурван эмэгтэй захирлыг тодорхойлсон юм билээ. Шагналыг гардаж авсаны дараа ноолуурын салбарт хамтарч ажиллах санал болоод хөрөнгө оруулалтын саналыг  надад тавьсан. Дэлхийд нэрээ дуурсгасан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн алхаж байгаа нь миний хань болоод компанийн хамт олон, биднийг дэмжиж ирсэн үйлчлүүлэгчдийн маань хамтын хөдөлмөр гэж бодож байна. Түүнчлэн мэргэжлийн холбоод болон салбарын яам, хамтран ажилладаг үйлдвэрүүдийн маань амжилт гэдгийг хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 258 (7243)

 

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

11 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

16 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

19 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

22 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

24 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

1 цаг 28 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

11 цаг 37 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

11 цаг 37 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

11 цаг 37 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

11 цаг 37 мин