Төмөрбаатарын БАТСАЙХАН
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Э.Цэцэгсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын шинэ удирдлагын багт та сонгогдон ажиллаж байна. Таныг санхүүгийн мэргэжилтэй, өмнө нь олон улсын байгууллагад чамгүй амжилттай ажиллаж байсан гэж сонссон. Улс төрийн намд элсэж, улстөрчийн карьер хөөх энэ сонголтыг яагаад хийх болов. Энэ талаар яриагаа эхэлье?
-Би намын гишүүн болохоосоо өмнө олон улсын байгууллагад 12 жил ажилласан. Тэр байгууллага маань хүүхэд, эмэгтэйчүүд рүү хандсан, нийгэмд тэгш оролцоо, тэгш хүртээмжтэй орлогыг бий болгоход чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг байлаа. Тэндээс би маш их зүйл сурсан л даа. Үргэлжлүүлэн ажиллах ч боломж байлаа. Гэхдээ надад нэг л эмзэглэл төрөөд олон улсын байгууллагадаа ажиллахыг хүсээгүй. Уг нь том том төсөл хэрэгжүүлнэ, цалин хангамж ч боломжийн сайн. Тухайлбал, Хэнтий аймагт 150 орчим айлыг өөрийн гэсэн байшинтай болгосон, 2000 гаруй айлд гэр олгосон гээд нийтдээ аваад үзвэл 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан, төвлөрүүлж чадсан юм. Гэхдээ бид мянга хичээгээд төрийн бодлого, шийдвэр буруу байгаа учраас нийгмийн тухайлсан асуудлууд шийдэгдэж чадахгүй байсан нь надад эмзэглэл төрүүлсэн. Тэгээд ерөөсөө Монголын нийгэмд хамгийн том өөрчлөлт, шинэчлэлийг хийх шаардлагатай юм байна. Тэр өөрчлөлтийг төр юм байна гэдгийг ойлгосон. Төр өөрөө зөв шийдвэртэй, зөв механизмтай байж, нийгэмд байгаа олон асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр төрд орж, өөрийн дуу хоолойгоо илэрхийлье, оролцоогоо нэмэрлэе гэж шийдээд 2016 онд улс төрийн намд элсэж, АН-ын гишүүн болсон.
-Яагаад АН-ыг сонгосон юм бэ?
-Өөрийн итгэл үнэмшлээрээ энэ намыг сонгож орсон. Тухайн үед зарим нэг хүн надад зөвлөж байсан л даа. “Ийм эгзэгтэй үед намд элсэж болохгүй. Сонгуульд ялагдчихвий. Сонгууль өнгөрөөж байгаад ялсан намд нь ор” гэж хүртэл хэлж байлаа. Үнэхээр үзэл баримтлалынх нь хувьд дэмжиж байгаа л бол надад ялсан, ялагдсан нам уу гэдэг нь хамаагүй л дээ. Тэгээд 2016 оны сонгуулийн өмнө АН-д элссэн. Хүмүүнлэгийн салбарт ажиллаж байсан надад анх улс төрийн намын үйл ажиллагаа, улстөрч байна гэдэг цоо шинэ зүйл, шинэ сорилт байсан. Сонгуулийн штабт ажиллахаас эхлээд их сонирхолтой байлаа. Яагаад нам гэдэг энэ малгайн дор хүмүүс ийм идэвхитэй ажилладаг юм бол гэж гайхдаг байсан. Мөн намын үйл ажиллагаатай холбоотой засаж сайжруулчихмаар зүйл нэлээд байгааг анзаарсан. Улс төрийн нам дотроо шударга, зарчимтай, өрсөлдөөний хувьд тэгш боломжийг бий болгодог байх ёстой юм билээ. АН-ын хувьд харьцангуй нээлттэй. Намайг элсдэг тэр жил дүрэм журмаа шинэчлээд цоо шинэ бодлого хэрэгжүүлж байсан. Намын ҮБХ-ны гишүүн гэдэг нь удирдах зөвлөлийн статустай. Тэгвэл ҮБХ-доо эмэгтэйчүүд, залуучуудын квотыг нэмэгдүүлсэн яг тэр үед нь би намд элсэж, тодорхой шалгуурыг хангаж, намын дотоод сонгуульд өрсөлдөж, ҮБХ-ны гишүүнээр сонгогдож байлаа. Тэрнээс хойш долоон жилийн хугацаанд намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Саяхан болсон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульд мөн өрсөлдөж, найман дэд ерөнхийлөгчийн нэгээр сонгогдсон. Би анх улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулна гэсэн итгэл үнэмшилтэйгээр энэ намд элссэн. Одоо ч энэ итгэл үнэмшил маань хэвээрээ байгаа.
-Ер нь хүмүүс намд аав, ээж, гэр бүлээсээ шалтгаалан элсдэг. Дарга дагаж намын гишүүн болдог. Бизнесийн салбараар дамжиж, сонгодог. Эсвэл намын оюутны байгууллага, залуучуудыг байгууллагаар дамжиж улс төрд ордог л доо. Таны хувьд өөр юм байна?
-Тийм ээ. Би тухайн үед барууны, зүүний үзэл баримтлал ч гэж нарийн судлаагүй. Энэ нам өөрөө монголд эрх чөлөө, эдийн засгийн тэгш боломж олгосон нам. Бүхэл бүтэн нийгмийн хатуу, чанга тогтолцооны өмнөөс босч, өөрчлөлтийг хийж чадсан нам. Алдаа оноотой он жилүүд мэдээж байсан. Гэхдээ ерөнхий агуулгаар нь харахад бид ардчиллыг сонгосоноор Монгол Улс асар том өөрчлөлт хийж, дэлхийтэй хөл нийлүүлж алхах тэр замыг сонгосон. Энэ үзэл баримтлал, үнэт зүйл нь надад хамгийн их таалагдсан.
-Түрүүн бидний ярианд ялсан, ялагдсан намын тухай хальт дурдагдлаа. Таныг намд элссэн тэр цаг хугацаанаас эхлээд танай нам УИХ-ын хоёр ч сонгуульд ялагдсан. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. Энэ дараалан ялагдлыг та юу гэж харсан бэ?
-Удаа дараа ялагдаад байхаар бас сонин л байдаг юм билээ. Эхний ялагдал дээр тоогоогүй. Намын гишүүд маань гуниглаад байхаар гайхаад л өнгөрсөн. Дараагийн хоёр сонгуулийн хувьд өөрийн гэсэн дүгнэлттэй болсон. Ер нь манай улсад сонгуулийн тогтолцоо их асуудалтай юм байна. МАН дийлэнх олонх болохдоо сонгогчдын ердөө 42 хувийн саналыг авсан. Мөн сонгуулийн санал хураалт яг шударга явагдаж чадаж байна уу, үгүй юу гэсэн эргэлзээ байдаг. Дараагийн нэг чухал зүйл нь мэдээж намын зохион байгуулалтын асуудал. Манай нам өнгөрсөн хугацаанд дотооддоо нэлээд маргаантай байсан нь үнэн. Энэ маргаантай асуудал ч гэсэн сонгуулийн ялагдалд нөлөөлсөн байх л даа.
-Сонгуулийн дараа ч АН дотооддоо учраа олохгүй нэлээд явлаа. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй хэмжээнд хүрсэн нь үнэн л дээ. Залуучуудын хувьд намаасаа гарах нь гарсан. Зарим гишүүд нь идэвхгүй болсон. Энэ олон ялагдал, дотоод тэмцэлдээний үед намдаа үлдэж, үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож байгаа шалтгаан тань юу вэ?
- Монгол Улс ардчиллын индекс, хүний эрхийн индекс гээд маш олон зүйл дээр ухралттай байна. Уг нь бид олон улстай хөл нийлүүлж алхмаар байна шүү дээ. Ардчилсан улсад нэг намын ноёрхол яагаад ч байж болохгүй. Олон намын тогтолцоо, ардчиллын үнэт зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Яг энэ эгзэгтэй цаг үед бид ардчиллаа улам бэхжүүлэх ёстой. Энэ үзэл санааг өөрсдөдөө бат суулгаж, түгээн дэлгэрүүлж хамгаалах ёстой. Хэдийгээр АН засаг төрийн эрхийг бариагүй ч гэсэн ардчиллын тэр суурь үзүүлэлтүүдийг хүссэн ч эс хүссэн ч хамгаалах нь намын гишүүний нэг үүрэг. Намаасаа нэг нэгээрээ гараад л яваад байвал , улс орон маань ардчиллаас дахиад л ухарна шүү дээ. Тэгэхээр энэ намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь цаагуураа ардчиллаа хамгаалж байгаа нэг хэлбэр юм даа. Түүнээс биш АН-ын гишүүн гэхээр хаалгаа хаадаг газрууд зөндөө л байна. Эхэндээ ийм асуудалтай нүүр тулах болгонд их гомддог байлаа. Сүүлдээ ойлгож эхэлсэн л дээ. Энэ ойлголтыг халахаас ардчилсан үзэл санаа эхлэх юм байна. Бид хэт их туйлширч, намчирхсанаар чадалтай чансаатай олон залуучуудыг намын харьяаллаар нь гадуурхаж болохгүй. Үүний эсрэг тэмцэх ёстой. АН өөрөө энэ асуудал манлайлал үзүүлэх ёстой л гэж ойлгосон. Улс төрийн олон соёлоороо ялгаатай гэдгээ харуулах хэрэгтэй. Мөн саяхан дэлхий нийтээрээ цар тахалтай нүүр туллаа шүү дээ. Манай Монгол Улс энэ өвчний үеэр хүний эрхийг яаж аймшигтайгаар зөрчсөн билээ. Тэр баримтат киног үзэж байхдаа хүртэл би өнөөдөр зөв газраа зөв цагтаа байгаа юм байна гэдгээ илүү их мэдэрсэн. Ардчилал хүний эрхийн тэр суурь зарчмуудыг улам илүү бэхжүүлэх ёстойг ойлгосон.
-Ирэх жил УИХ-ын сонгууль болно. Сонгуулийн дүрэм нэлээд амаргүй болж орж ирэх нь. Ялангуяа эмэгтэй нэр дэвшигчдэд?
-Тийм ээ. Сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр тогтоохоор намууд санал нэгдэж, парламент хэлэлцэж эхэллээ. Энэ хувилбар цаг хугацааны хувьд нүдээ олсон зөв шийдвэр байж болно. Гэхдээ эмэгтэй нэр дэвшигчдэд асар хүндрэлтэй хувилбар. Тойргоо дагаад газар нутгийн хэмжээ томорно, сонгогчдын тоо нэмэгдэнэ. Төсөв санхүүгийн асуудал бас өснө. Олон нийтийн эмэгтэйчүүдэд хандах хандлага ямар билээ. Энэ бүхэн бидний хувьд асар том сорилт болно. Гэхдээ үүнийг эмэгтэйчүүд маань даван туулаад гараад ирэх байх гэсэн итгэл бол байна. Ер нь би анх аливаа улс төрийн манлайллыг их амархнаар төсөөлж байсан юм билээ. Ялангуяа улс төрд эмэгтэй хүн орно гэдэг маш их зүйлийг золиослодог юм байна. Үүнд сайн, муу, шилдэг, шилдэг биш байх ойлголт огт хамаагүй. Энэ замыг сонгосон эмэгтэй хүн бүхнийг гайхалтай л гэж хэлмээр байна. Гэхдээ бусад салбарын эмэгтэйчүүдийг үгүйсгээгүй шүү. Монголын нөхцөлд улс төрийн зам эмэгтэй хүнд дэндүү хатуу юм билээ. Төсөв хөрөнгөнөөс эхлээд бүх зүйлтэй нүүр тулж, эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн улс төрийн тогоонд байгаа эмэгтэйчүүдээрээ их бахархсан. Үүнийг зарим хүн буруу ойлгоод байдаг. Жендэр, квот ярихаар эмэгтэй хүмүүсийг эрэгтэйчүүдээс илүү тавиад байна гэдэг. Бид уг нь энэ харилцааг ингэж нарийн тогтоомооргүй байгаа юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс энэ тэнцүү хүлээн зөвшөөрдөг нийгэм байсан бол квот энэ тэр тогтоохгүй ш дээ. Ёстой хоорондоо үзэлцээд л гарч ирнэ. Гэтэл өнөөдөр монголын нийгэм ямар байгаа билээ. Эмэгтэй хүнийг дандаа доош нь хийдэг. Гэртээ байхаар нэг муулна. Нийгмийн амьдралд идэвхитэй оролцоод ирэхээр бас муулна. Энэ ойлголт нийгэмд гүн байгаа учраас эмэгтэйчүүдийн квотыг тавьж өгөхөөс аргагүй юм даа. Гэхдээ энэ квот бол бидэнд хаалгыг нь нээгээд өгөөч ээ. Эрэгтэйчүүдтэй адилхан энэ хаалгаар ормоор байна гэдэг шиг зөвхөн дэвших эрхийн хүрээнд яригдана. Харин тэндээс хэд нь сонгогдох вэ олон нийтийн сонгох эрхийн асуудал юм даа.
-Та хүүхэд хамгааллын асуудалд нэлээд анхаарч ажилладаг. Сүүлийн үед энэ чиглэлд ямар ажил хийв?
-Монгол Улсад 1.3 сая хүүхэд байна. Гэтэл тэдэнд тохиолдож байгаа асуудал аймшигтай их. Хүнд хөдөлмөр эрхэлдэг 136 мянган хүүхэд монголд байна. Түүний 57 мянга нь маш хүнд эрсдэлтэй нөхцөлд ажил хийдэг. Энгийн нэг судалгааг харахад ийм дүр зурагтайгаар хүүхдийн эрх зөрчигдөж байна. Цаашаа ухаад үзвэл ямар тоо баримт гарч ирэхийг мэдэхгүй. Гэтэл эрх баригчид бодлогын асуудал дээр анхаардаггүй. Би бүүр сүүлдээ хүүхэд санал өгдөггүй учраас ингээд байдаг юм болов уу гээд гайхах юм. Одоог хүртэл Хүүхэд хамгааллын хуулиа баталж чадаагүй байна. Уг нь нэлээд чамбай, сайн хууль өргөн баригдсан. Энэ чиглэлд асуудлуудыг нэлээд шийдэж чадах хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Гэтэл гишүүд маань энэ хуулийн төсөл дээр яагаад хүч, сэтгэл гаргаж чадахгүй байгаа юм. Үнэхээр гайхаж сууна. Намын эмэгтэйчүүдийн байгууллагын нэг удирдлагын хувьд хүүхэд хамгааллын асуудлаар байнга байр сууриа илэрхийлж, намын мөрийн хөтөлбөр, бодлого чиглэлд энэ чиглэлийг асуудлуудыг шийдэх гарц гаргалгааг багтаахаар мөн ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 255 (7240)