
Томуугийн идэвхжилийн үед эрүүл мэндийн байгууллагуудыг бэлэн байдалд байлгах, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд “Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” тушаал гарган 2023 оны аравдугаар сарын 25-наас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүүхдийг хэвтүүлэн эмчлэх ор дэлгэх, шилжүүлэх түр зохицуулалтын хуваарийг баталсан. 2023 оны арванхоёрдугаар сарын 9-10-нд Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг Сүхбаатар дүүрэгт ажиллах үеэр сурвалжилж, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхтэй холбоотой мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг авч уншигчдадаа хүргэж байна. Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ томуугийн дэгдэлтийн үеэр анхаарах асуудлын хамгийн эхэнд “Ор олдохгүй байх вий гээд ээж нар хүүхдээ хүндрүүлдэг. Тиймээс битгий хүндрүүлээрэй. Хамгийн түрүүнд эмчдээ итгэ, өрх дээрээ оч, амбулатори, эмнэлэгт хүрээд ир. Бид яаж ийж байгаад хүүхдээ аврахын төлөө зүтгэнэ. Энэ хамгийн чухал” гэж онцоллоо. Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ хэлэхдээ “Ээж аав нарт хэлэхэд хүүхдээ хайрла. Илүү их хайрла. Тэр нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шүү дээ. Бид цар тахалтай тэмцэж үзсэн ард түмэн. Тэр үед ээж аав нар хүүхэддээ болон өөртөө маш сайн маск зүүлгэж байсан. Хөл хорионд байлгаж чадаж байсан үед мундаг байсан мөртлөө одоо ямар ч маскгүй ирж байна. Гүйгээд л ороод ирнэ. Хүүхдийнхээ амыг ч боохгүй орж ирж байна.
Хүүхэд анатоми, физиологийн хувьд өвөрмөц. Том хүний амьсгалын зам урт, нарийхан байдаг. Хүүхдийнх богино, өргөн байдаг. Хүйтэн, бактеритай агаар, вирустай шууд уушги руу ордог.
Хатгалгаа авахуулахгүйн тулд халдвар хамгааллын дэглэм бариулж, халуун амьсгалаар амьсгалуул. Маск зүүх, амыг нь ороолтоор ороох их чухал. Хүүхэд өөрийнхөө амьсгалыг гаргалаа, бүлээхэн амьсгалаа ноосон ороолт дотроо барьж бүлээцүүлээд дахиад бүлээхэн амьсгалаар амьсгална. Шууд гадны хүйтэн амьсгалаар амьсгалахгүй гэсэн үг. Зөвхөн халдвар хамгааллын дэглэмээс гадна хүүхдийнхээ цусыг шингэн байлга, дархлааг нь сэргээ. Хүний цусны эргэлт сайн эргэж байвал хүүхдийн, том хүний ч дархлаа сэргэнэ. Чихэртэй, газтай ундаа бага өг. Бүлээн ус уулга” гэж зөвлөв.
Эх сурвалж: www.polit.mn