Батчулууны АЛТАНГЭРЭЛ
Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ нь 2000 оноос хойш “PISA” үнэлгээг гурван жил тутамд зохион байгуулж иржээ. PISA бол сурлагын амжилтад нөлөөлдөг хүчин зүйлсийг маш нарийвчлалтай гаргаж ирдэг судалгаа юм. Манай улс энэхүү үнэлгээнд анх удаа хамрагдан 196 сургуулийн 7276 сурагч түүврийн аргаар сонгогдон хамрагджээ. "PISA 2022" сурлагын амжилтын олон улсын үнэлгээг математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн үндсэн гурван агуулгаар зохион байгуулдаг. 2022 оны судалгаанд бүтээлч сэтгэлгээний сорилууд нэмэлтээр багтсан. Цаасан болон компьютерт суурилсан хэлбэрээр үнэлгээг зохион байгуулдаг аж. Манай улс компьютерт суурилсан хэлбэрийг сонгосон юм. Ийнхүү 1.5 жилийн туршид боловсруулалт хийж, судалгааны үр дүнг БШУЯ-наас танилцууллаа.
15 НАСТАЙ СУРАЛЦАГЧДЫН ЭРГЭЦҮҮЛЖ БИЧИХ, ОЙЛГОХ ЧАДВАР ТААРУУ БАЙНА
БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан “PISA үнэлгээний даалгаврууд нь Монгол сурагчдын тухайд шинэ зүйл байлаа. Математикийн чиглэлээр 425 оноо авч 81 улсаас 47-р байрт жагсжээ. Тодруулбал, OECD-ийн дундаж үзүүлэлт 472 байгаа бол Азийн дундаж үзүүлэлт 451 байгаа юм. Энэ нь манай улс математикийн үзүүлэлтээр OECD-ийн дүнгээс 2.3 жилийн хоцрогдолтой байгаа бол Азийн дундаж үзүүлэлтээс 1.2 жилийн хоцрогдолтой байгаа юм.
Унших чадвараар 378 оноо авч 81 орноос 65-р байрт жагссан байна. Тэгвэл OECD дундаж үнэлгээ 476 байгаа бол Азийн дундаж үнэлгээ 427 байгаа юм. Энэ нь манай улсын 15 настай суралцагчдын эргэцүүлж бичих, ойлгож унших чадвар тааруу байгааг харуулсан үр дүн юм.
Байгалийн ухааны үнэлгээгээр 412 оноо авч оролцдог орнуудаас 53-дугаар байрт жагсжээ. Байгаль, технологийн аливаа үзэгдлийг тайлбарлах, асуудлуудыг шийдэхэд шинжлэх ухаанч эрэл хайгуул хийх, өгөгдөл мэдээллийг тайлбарлах ур чадвар сул гэж дүгнэсэн байна. Монгол сурагчид олон улсын дунджаас гурав орчим жилээр, Азийн хүүхдүүдээс 1.8 жилээр хоцорсон үзүүлэлт гарлаа” гэв.
СУМЫН СУРАГЧИД НИЙСЛЭЛИЙН ДУНДЖААС 2.5 ЖИЛИЙН ХОЦРОГДОЛТОЙ БАЙНА
Аймгийн хүүхдүүд нийслэлийнхээс 1.5 жилийн хоцрогдолтой, сумын сурагч аймгаас нэг жилийн хоцрогдолтой, сумын хүүхдүүд нийслэлийнхээс 2.5 жилийн хоцрогдолтой байна гэдгийг PISA харуулав.
Унших чадварын хувьд аймгийн хүүхдүүд нийслэлийнхээс 1.8 жилийн хоцрогдолтой, сумын хүүхэд аймгийнхаас нэг жилийн хоцрогдолтой, сумын хүүхдүүд нийслэлийн хүүхдүүдээс 2.8 жилийн хоцрогдолтой байна гэсэн үг юм.
Байгалийн ухааны чадварын хувьд аймгийн хүүхдүүд хотоос 1.6 жил, сумын хүүхэд аймгийнхаас нэг жил, сумын хүүхдүүд нийслэлийн хүүхдүүдээс 2.6 жилийн хоцрогдолтой байна гэсэн үг юм.
ЦЭЦЭРЛЭГТ ТОГТМОЛ ХАМРАГДСАН ХҮҮХДИЙН СУРЛАГЫН АМЖИЛТ ӨНДӨР БАЙНА
PISA нь сурлагын амжилтын үнэлгээнээс гадна амжилтад нөлөөлдөг хүчин зүйлсийг нарийвчилж судалдаг. Судалгааны бас нэг сонирхолтой үр дүн нь цэцэрлэгт хамрагдсан хугацаа ба сурагчдын амжилт байлаа. Үнэлгээнд хамрагдсан 15 настай сурагчдыг цэцэрлэгт хамрагдсан хугацаагаар нь ангилж амжилтыг нь харьцуулжээ. Судлагдахуун тус бүр дээр тооцоолол хийж үзэхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хугацаа нэг жилээр нэмэгдэхэд математикийн оноо 40.4, унших чадварын оноо 10.5, байгалийн ухааны оноо 9.6-аар нэмэгдсэн байна.
Тийм ч учраас 2023 оны долдугаар сард батлагдсан Боловсролын багц хуулиар цэцэрлэгт хамрагдаж эхлэх насыг хоёр байхаар хуульчилсан. Мөн 2022 оны хичээлийн жилээс эхлэн “сугалаа”-ны цэцэрлэгийн тогтолцоог халж, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах болсон нь цаашид сурлагын амжилт өсөх бас нэг хүчин зүйл гэдгийг мэргэжлийн байгууллагаас онцоллоо.
МОНГОЛ СУРАГЧИД МАТЕМАТИК, ФИЗИКИЙН ХИЧЭЭЛ ДЭЭР БОЛГАРААС ИЛҮҮ “ДҮН” АВЧЭЭ
PISA байгууллагын тэргүүлэх шинжээч Lucia Tramonte энэ үеэр "Дэлхий дахинд нийт 81 улс орны 690 мянган 15 настай сурагч энэ шалгалтад хамрагдлаа. Энэхүү шалгалтад орох нь улс орнуудын хувьд нэлээд хүнд шийдвэр байдаг. Монгол Улс 2022 оны судалгаанд математик, физикийн хичээл дээр Болгар улсаас илүү амжилт гаргасан байна. Гэвч унших чадварын хувьд арай бага амжилт үзүүлжээ. Шалгалтын үр дүнд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай” гэлээ. Үүнд, бага наснаас эхлэн суурийг нь сайн тавих, тэгш хүртээмжгүй байдлыг бууруулах, дата ашиглалтыг сайжруулах шаардлагатай байна.
МОНГОЛ СУРАГЧДЫН “СЭТГЭЛ ХАНАМЖ” АЗИЙН ДУНДЖААС ДЭЭГҮҮР БАЙНА
БШУЯ-ы сайд Л.Энх-Амгалан сургалтын системд анхаарлаа хандуулах шаардлагатай хэд хэдэн асуудал байгааг энэхүү үнэлгээнээс харснаа тэмдэглэлээ. Нэн түрүүнд шинэ залуу багш нартай “ажиллах” шаардлагатай байгаа бөгөөд багшийн мэргэжлээр суралцах хүүхдүүдэд өндөр шалгуур тавьж, сайн багш бэлтгэнэ.
Тэрбээр “Судалгаанаас үзэхэд төрийн болон хувийн сургуулийн гүйцэтгэлийн ялгаа хол зөрүүгүй байна. Өөрөөр хэлбэл, өндөр төлбөр төлөөд сурч байгаа хүүхэд өгөөжөө хүртэхгүй байна. Төрийн сургуульд сурсан ч ижил үзүүлэлттэй байна.
Манай улсын хоёр хүүхэд тутмын нэг нь суурь түвшиндээ хүрэхгүй байна гэдэг үр дүн гарлаа. Гэлээ ч манай нийт оролцсон сурагчдаас 2.3 хувь нь буюу 160 хүүхэд дэлхийн дээд хэмжээнээс “топ” гүйцэтгэлтэй гарсан амжилттай байна.
Монгол сурагчдын амьдралын сэтгэл ханамж 7.2 буюу Азийн дунджаас дээгүүр байгаа нь давуу тал юм. 2022 оны судалгааг эхлэхийн өмнө үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгосон нь нөлөөлсөн байх магадлалтай. Мөн цар тахлын дараа ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулж, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар шүгэл үлээж, орон нутгийн ариун цэврийн байгууламжийг сайжруулсан гэх мэт ажлууд нөлөөлсөн” гэв.
PISA-ийн судалгаанд оролцогчдын төлөөлөл З.Энхжин:
-Шалгалтыг 15 настай аравдугаар ангид байхдаа өгсөн. Энэ шалгалт бидний өгч хэвшсэн шалгалтаас огт өөр байсан. Өгөгдөл өгөөд хэрвээ чи оронд нь байсан бол яах вэ, аль эсвэл ийм нөхцөл байдалд яах вэ зэргээр зохиомжлуулж байсан. Сонирхолтой хэр нь сэтгэх чадвар шаардсан шалгалтууд байлаа. PISA дүн биш үнэлгээ учир, дараа дараагийн жилүүдэд илүү анхаарч, амжилтаа ахиулах хэрэгтэй.
Монгол тэмүүлэл сургуулийн сурагч Ц.Номинзул:
-Энэхүү шалгалтыг аравдугаар ангид байхдаа өгч байсан. Ийм шалгалт байдгийг өмнө нь сонсож байгаагүй. Шалгалт өгөхөөс хэд хоногийн өмнөх мэйл хаягаар мэдэгдэл ирсэн. Ямар нэгэн бэлтгэлд хамрагдаагүй өгсөн. Шалгалтын асуулт, даалгавар нь сонирхолтой байсан. Бидний өгдөг шалгалтаас агуулга өөр. Шалгалтын агуулга нь сургуульд сурсан мэдлэгээ амьдралд хэрхэн ашиглах талаарх мэдлэгийг сорьсон даалгавар байсан. Манай улс анх удаа оролцож байгаа ч улс орнуудтай харьцуулахад дунджийг барьсан байна. Манай сургуулийн хувьд бүх үнэлгээнд дээгүүр байр эзэлсэнд баяртай байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 244 (7229)