Протокол: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлууд юу ярив?

2023-12-07
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өчигдөр Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжиллээ.  Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах энэ удаагийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой найман асуудлыг хэлэлцэхдээ нийт 87 гэрчийг дуудсан байна. Сонсголын протоколыг хүргэе.

 

Б.Энэбиш: Намайг хэлмэгдүүлэн шалгасан

 

Сонсголын эхэнд “Ти ти жи ви си өү” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцэж, 13 хүнийг гэрчээр дуудсан боловч найман хүн иржээ.  Уг компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хөрс хуулалтын гэрээг 2011, 2016, 2021 онд гээд гурван удаа байгуулсан. Харин 2019 онд ҮАБЗ-өөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зөвлөмж хүргүүлсэн. Уг бичигт, гэрээнд нэг м/куб уулын цулыг олборлох ажлын хөлсийг 4.39 ам.доллар буюу 10515.8 төгрөгөөр тооцохоор тохиролцсон нь Цанхийн баруун хэсгийн олборлолтын үнээс даруй 62.4 хувиар өндөр тогтоож, олборлолтын үйл ажиллагаанаас 407.3 сая төгрөгийг хэмнэх боломжийг алдахад хүрсэн гэж үзжээ. Тавантолгойн нүүрсний ордын Цанхын зүүн хэсэгт олборлогчоор ажиллаж байгаа "Ти ти Жи Ви Си Өү" ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр дуусч байгаа тул гэрээг дахин сунгах шаардлагагүй, харин ч гэрээний улмаас Эрдэнэс Тавантолгой ХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна" гэжээ.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Та хэдэн жил гадагшаа явчихав. Яг ямар хэрэгт гэм буруутгасан юм. Таныг оргон зайлж, эх орноосоо зугтаачихлаа гээд байсан. Нэлээд олон жилийн дараа ирж байгаа байх.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш:

-Намайг ажлаа өгсний дараагаас харлуулж эхэлсэн. 2008 онд УИХ, Засгийн газрын түвшинд хоёр ордыг ашиглалтад оруулъя гэж компаниудад үүрэг өгсөн. Энэ ажлыг гүйцэтгэхийн төлөө л би ажилласан. Тухайн үед манай охин Австралид амьдардаг байсан юм. Тэгээд төрөх дөхөхөөр нь охин дээрээ очих гээд явсан хойгуур асуудал гарсан. Намайг буруутгаж гурван асуудал ярьдаг юм.  Нэгдүгээрт, Чалкотой гэрээг буруу хийсэн, хоёрдугаарт, 60 тоннын даацтай арван машин Хятадаас авсан. Яагаад худалдан авалт хийсэн бэ гэдэг  Гуравдугаарт, дугуй авсан тендер дээр буруу дугуй авсан гэж ярьдаг. Хувь хүний үүднээс хэлэхэд намайг хэлмэгдүүлэх, шударга бусын хонгилоор шүүх шинж тэмдэг илт ажиглагдаж байсан учраас гадаадад амьдарсан юм.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Б.Энэбишээс нэг зүйл асууя. Тэр үед 79 тэрбум төгрөгийн техникээр танайх өөрсдөө хөрс хуулж байсан. Өөрөө хөрс хуулахыг хориглосон ямар шийдвэр гарсан юм. Өөрийнхөө явуулж байсан ажлыг татан буулгасанд нь харамсаж байна.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш:

-Ер нь уул уурхайн гэрээт олборлогч компаниуд хоёр янз л байдаг. 100 хувь буюу өөрсдийн тоног төхөөрөмж, ажилтнуудтай ирээд олборлуулж байгаа компаниас мөнгө авдаг нэг хэлбэр байна. Нэг бол олборлолтын үйл ажиллагааг нь менежмент, стандарт талаас хариуцаад явдаг хэлбэр бий. Бид үргүй зардал гаргаагүй, ажиллагсдаа бодсон шийдвэрийг гаргаж байсан юм. 

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэн суух санаархал томоохон бүлэглэлд байсан

 

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Том уурхай эхлүүлэх амаргүйг ойлгож байгаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК тухайн үед 79 тэрбум төгрөгөөр авсан техник, ажилчидтай нь тамгатай компанид өгсөн юм байна. Үүнийг эрүүл ухаанаар ойлгоход төвөгтэй юм. Жирийн ажиллаж байсан техник, ажилчдаа "Ти Ти Жи Ви Ко" ХХК орж иртэл яагаад ажиллуулаагүй юм.  79 тэрбумаар авсан техникээ элэгдэл тооцуулаад 65 тэрбум төгрөгөөр "Ти Ти Жи Ви Ко" ХХК-д өгсөн юм байна. Энэ компанид 62 хувийн өндөр өртөгтэйгөөр гэрээ хийсэн байна. Тухайн үед үндэсний компаниуд нь нэг куб метр шороонд 3,000 төгрөгөөр хөрс хуулалт хийж байсан. "Ти Ти Жи Ви Ко" ХХК анх 94 тэрбумын гэрээ хийсэн бол одоо 2.4 их наядын гэрээ хийж байна. Дараа нь гэрээг сунгаад явчихсан. Энэ боломжуудыг яагаад олгоод байгаа юм. Өнөөдөр хүртэл хөрс хуулж байгаагийн шалтгаан юу байна вэ?

 "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш:

-Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах гэж байсан учраас Засгийн газраас олон улсад гэрээт олборлогчийн тендер зарла гэсэн. Ингэж явсаар байгаад Австрали, Германы консорциумыг шалгаруулсан. Монгол компани орж болох байсан. Гэхдээ Засгийн газрын шийдвэрийг бид яах билээ. Бид өөрсдийнхөө ажилчдаа сул зогсоохгүй байхын тулд "Ти Ти Жи Ви Ко" ХХК-ийн далбаан дор ажиллуулах болсон.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь:

-Миний бие тус компанийн гүйцэтгэх захирлаар 2012-2015 он хүртэл 2.4 жил ажилласан. Тухайн үед зүүн Цанхийн уурхайг нээгээд "Макмахон Лимитэд" ХХК-аар олборлолтоо явуулдаг. Олборлосон нүүрсээ бүгдийг нь Чалкогийн өрд төлдөг байсан.

Тухайн үед нээлттэй тендер зарлахад Монголын гурван компани орж ирсэн. 6,000 гаруй төгрөгийн хямдхан үнэ орсон. Бүгдийг нь баруун Цанхийн уурхай руу оруулсан. Нэг тонн нүүрсийг 10 гаруй ам.доллароор гаргаж ирж байгаа юм. Гэтэл Хятадын талд нүүрсний үнэ огцом унасан. Чалкод нийлүүлж байсан нүүрсний үнэ 70 ам.доллар байсан. Гэрээний дагуу Хятадын нүүрсний зах зээлийн индексээр унахаар гэрээ хийсэн учраас үнэ нь 20 ам.доллар болсон. Тиймээс зүүн Цанхийг зогсоогоод баруун Цанхийг явуулж эхэлсэн. Тиймээс гүний гааль байгуулж нүүрсээ уурхайн ам нөхцөлөөр зарж эхэлсэн нь хамгийн зөв байсан. Ийнхүү баруун Цанхи өндөр ашигтай ажиллаж эхэлсэн. "Эрдэнэс Монгол" ХК нүүрсээ пүүлж зараад мөнгөө тоолоод суудаг байсан. Ямар нэгэн тээвэрлэлт хийхгүй. Асар хэмжээний зардал гарч, Хятадын компаниуд манай нүүрсийг буулгаж зараад ашиг олж байсан учраас Цагаан хадыг хаалгасан.  Шинжээчийн дүгнэлтэд "Эрдэнэс Монгол" ХК 2016, 2017 онд алдагдалтай ажилласан гэж байна. Энэ компани нэг ч жил алдагдалтай ажиллаагүй. Чалкод төлөх өрийг алдагдал, зардал гэж тооцоод байдаг. Зүүн Цанхийг оператор компани авсныг буруутгаад байх шиг. УИХ-ын 39 дүгээр тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 хувийг Лондоны бирж зарна гэсэн шийдвэр гарсан. Үүний хэрэгжилтийг хангахын тулд Засгийн газраас байнга шахалт үзүүлдэг байсан. Олон улсын хөрөнгийн бирж дээр зарахын тулд барууны орнуудын том менежмент бүхий компаниудыг авч ажиллах шаардлагатай. Тухайн үед "Эрдэнэс Тавантолгой" ХК-д эзэн суух, авах гэсэн санаархал томоохон бүлэглэлээс гарч ирсэн. "Нүүрс удахгүй үнс болно, төрийн компани нүүрс ухдаггүй юм" гэсэн Пи Ар-ыг маш хүчтэй явуулсан. 2014 оны арванхоёрдугаар сард Монгол, Хятадын тус бур нэг компанийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-д оператораар 100 жилийн хугацаатай оруулах хэлэлцээр эхэлсэн. Би ажлын хэсэгт томилогдоод, эрс эсэргүүцсэн. Долоо хоногийн дараа ажлын хэсгээс хассан, сарын дараа эрүү үүсгэж хорьсон. Хоёр сарын дараа "Шинхау Энержи" компанид 99 жилийн хугацаатай оператор оруулж Тавантолгойн ордыг өгөх гэрээ бүхий тогтоол УИХ-д орсон. Энэ бүхэн анхнаасаа Тавантолгойн ордод эзэн суух гэсэн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа явж, биднийг хэлмэгдүүлсэн.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Боломжтой бол ямар бүлэглэл, хэн оролцоотой талаар ярьж болох уу?

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь:

-Ер нь бол тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Тавантолгойн ордыг хамтарсан консорциумд шилжүүлэх урт хугацаатайгаар ашиглуулах яриа хэлэлцээрийг эрчимтэй явуулсан. Илүү нарийн зүйлийг яримааргүй байна.

 

Б.Ганхуягийг шүүхийн шийдвэрийн дагуу сонсголд оролцуулсангүй

 

Нүүрсний сонсголд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг гэрчээр ирэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.  Түүний хүсэлтэд  "Б.Ганхуяг миний бие өөрийн биеэр сонсголд орох хүсэлтийг дамжуулж байна. Би одоо Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх дээр таны сонсголд оролцуулах хариуг хүлээгээд сууж байна" гэсэн бичгийн түүний эгч хүлээлгэж өгөв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг гэрчээр дуудсан. Энэ хүн оролцъё гэж хүсэлтээ тавьж байгаа боловч шүүхийн шийдвэртэй учир оролцох боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн байна.  Давсгүй хоол амтгүй гэдэг шиг Б.Ганхуяг байхгүй бол энэ сонсгол үр дүнгүй шүү. Оролцуулах чиглэлээр нь түр хороо ажиллах ёстой.  “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой ялангуяа хамгийн том хулгай оффтэйк гэрээтэй холбоотой асуудал ярих үед Б.Ганхуяг шиг Х.Баттулга, Голомтын Баясгалан гэх мэт нөхөд ирэхгүй байх вий дээ. Хилийн хоригийг нь тавих хэрэгтэй.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Түр хороо хуралдаж, эхний сонсголд 178 хүнийг гэрчээр дуудах тогтоол гаргасан. Уг нэрс дотор Б.Ганхуяг захирлын нэр бий. Түр хорооны тогтоолыг шүүх, прокурорын байгууллагуудад хүргүүлсэн. Прокурорын байгууллагаас энэ асуудлаар шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хоригдож байгаа гэсэн хариу ирсэн. Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Шүүн таслах ажиллагаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, иргэн хэнбугай ч хөндлөнгөөс оролцохыг хориглосон заалттай. Би шүүхийн шийдвэрийг өөрчилдөг хүн биш. Хэрэв өөрчилбөл би эрүүгийн хариуцлага буюу гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 244 (7229)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

6 цаг 47 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

6 цаг 47 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

6 цаг 47 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

6 цаг 47 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

6 цаг 47 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

6 цаг 47 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

6 цаг 47 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

6 цаг 47 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

6 цаг 47 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

6 цаг 47 мин