Цаасан хэвлэлийн зах зээл өдрөөс өдөрт хумигдаж, цахим мэдээллийн сувгууд борооны дараах мөөг шиг олширсон энэ цагт уламжлалт хэлбэр, үнэ цэнээ алдаагүй үлдсэн цөөхөн өдөр тутмын сонины нэг нь “Зууны мэдээ”. Энэ нь цаг үеийн өөрчлөлтийг өдөр тутмын ажилдаа тусгаж, шинэчлэгдэж ирснийх аж. Тэд бол өөрсдийн тогтсон соёл, стандарт, дэг сургууль, уламжлалаа хадгалахын зэрэгцээ цахим шилжилт, техник технологийн дэвшлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн мэргэжлийн редакцынхан.
Биднийг сурвалжилгаар очиход редакцын ажил өглөөний шуурхайгаар эхэлж байв.
Онлайнаар шуурхайгаа хийх соёлыг энэ хамт олон хэвшүүлээд гурван жил болжээ. Зөвхөн пүрэв гарагт л өглөө редакцдаа цуглаж шуурхай хурлаа хийнгээ, шинэ соргог мэдээлэл өгөх, мэдлэг нэмэх зочдыг урьж заншжээ.
Их хотын завгүй амьдралын хэмнэлд цахимаар хуралдахын давуу тал олон. Өглөө бүр хичээл сургууль эхлэх замын түгжрэлтэй зэрэгцэн шуурхайдаа амжих гэж яарч сандрахын зовлон үгүй. Сэтгүүлчид байгаа газраасаа цахимаар холбогдож, хуралдаа оролцох нь цаг зав хэмнэхээс гадна, бусад ажлаа амжуулах боломж олгодог байна.
Энэ дунд эх сурвалжийн хүйсийн харьцааг тэнцвэртэй байлгахад анхаарч ажилладаг нь шинэлэг санагдлаа. Мөн эх сурвалжийн бүртгэлийн хуудсыг тогтмол хөтлөх болсноор эх сурвалжуудын хүйс, тоо болон гурван түвшний эх сурвалж ямар байдлаар нийтлэлдээ тусгаснаа өглөө бүр дүгнэн бүртгэж хэвшсэн байна.
Тодруулбал, “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт 17 эх сурвалжийн мэдээлэл оржээ. Тэдний зургаа нь мэргэжлийн бүлгийн судлаач, шинжээчид, найм нь сонирхогчдын бүлэг буюу тухайн асуудалтай хамаарал бүхий эх сурвалж, харин үр дагавар хүртэгсдийн буюу олон нийт, энгийн иргэдийн төлөөллийн байр суурь гурвыг оруулсан байв. Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал дараагийн дугаартаа үр дагавар хүртэгсэд буюу олон нийтийн төлөөллийг бусад эх сурвалжтай эн тэнцүү байдлаар оруулахыг анхааруулсан нь мэргэжлийн редакцын онцлогийг тов тодорхой харуулж байлаа. Ийнхүү өглөөний шуурхай дуусч тэд ажилдаа орлоо.
С.Уянга “Зууны мэдээ” сонины Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга
Энэ хамт олон редакцаараа Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачилсан “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрт хамрагдсанаар жендэрийн мэдрэмжтэй мэдээлэхэд онцгойлон анхаарах болжээ. Үр дүнд нь “Хэвшмэл ойлголтоо өөрчилье”, “Эмэгтэйчүүдийн манлайлал” нэртэй хоёр булан шинээр санаачилсан байна.
“Эмэгтэйчүүдийн манлайлал” буландаа эмэгтэй улстөрч, бизнес эрхлэгч, манлайлагчдыг эрчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж, 70 гаруй цуврал материал гаргасан байна.
“Зууны мэдээ” сонин Их Британийн “ВВС” мэдээллийн агентлагийн “Тэгш байдлын 50:50 төсөл”-ийн албан ёсны түнш Монголын анхны сонин болон ажиллаж эхэлснээр эх сурвалжийнхаа хүйсийн харьцааг 50:50 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн байна. Ингэснээр хүйсийн тэнцвэрийг хангасан бүх талын эх сурвалжтай, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй материалыг уншигчиддаа хүргэх боломж бүрдээд байна. /”Зууны мэдээ” сонины хоёрдугаар нүүрний доод буланд байршуулсан QR кодыг уншуулж, редакцын бодлоготой танилцах боломжтой. https://www.zms.mn/p/2 /
Өдөр тутмын сонины мэргэжлийн “гал тогоо”
“Зууны мэдээ” сонин цаг үеэ мэдэрч, нийгмийн хэвшмэл ойлголтыг халахын тулд редакцын бодлого, чиглэлээ шинээр тодорхойлсон байна. Үүнийг дагаад сэтгүүлчид нь ч бас өөрчлөгдөх учиртай. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид боловсрол, мэдлэг, хандлагын хувьд уншигчдаа дагуулж, урд нь алхаж байж тухайн хэвлэл урт удаан оршин тогтнох боломж бүрдэнэ.
Түүнээс гадна, сэтгүүлчдэд зориулсан богино хугацааны сургалтыг ч тэд алгасч байсангүй. Ингэж сэтгүүлчдэд өөрсдийн сонирхсон чиглэлээр суралцах боломжийг гаргаж өгсөнөөр цаашид аль нэг салбараар мэргэших боломж бүрддэг байна. Нэг сэтгүүлч бүх салбарыг мэддэг биш, нэг чиглэлээр мэргэшиж дагнах нь хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх нэг үндэс суурь болно гэдгийг онцолж байв.
Д.Оюунчимэг “Зууны мэдээ” сонины Эдийн засаг, экологийн албаны дарга
Сэтгүүлчид мэргэшиж суралцах тусам ажилдаа шимтэж, илүү урт хугацаанд тогтвортой ажилладаг байна. Ийм ч болохоор “Зууны мэдээ”-гийн сэтгүүлчид редакцдаа тогтвор суурьшилтай олон жил ажиллаж ирсэн. Тэдний нэг нь тоймч Б.Нямсүрэн. Түүний хувьд сониндоо 2007-2013 оны хооронд ажиллаж байгаад хэсэг хугацаанд АНУ-д суралцаад эргэж иржээ.
Б.Нямсүрэн “Зууны мэдээ” сонины тоймч
“Зууны мэдээ” сонин нь Улс төрийн мэдээлэл, Эрэн сурвалжлах, шуурхай мэдээлэл, Эдийн засаг, экологийн мэдээлэл, Нийгэм танин мэдэхүй мэдээлэл, Бизнес маркетинг, Захиргаа аж ахуйн алба болон Гэрэл зураг, компьютерийн албатай. “Амьдралын тойрог”, “Leaderships forum”, “Удмын бахархал”, “Эгэл Монгол”, “Трэнд зочин”, “Төрийн хишигтэн”, “Нэгдүгээр хүн” зэрэг тогтмол булангууддаа ховор сонирхолтой зочин урьж ярилцахаас гадна сайн сайхан амьдралын түүхийг бичиж үлдээдэг. Мөн “Улс төр хөшигний ард”, “Үйл явдлын мөрөөр” зэрэг булангууддаа улс төр, нийгмийн асуудлаар уншигчдын хэдийнэ унших дуртай болсон нийтлэлүүдийг бичдэг аж.
Энэ сонины бас нэгэн чимэг нь арын нүүрэнд гардаг “Соёл гэгээрэл” булан.
Ч.Гантулга “Зууны мэдээ” сонины Нийгэм, танин мэдэхүйн албаны дарга
Өдөр тутмын сонин зөвхөн сэтгүүлчдийн хөдөлмөрөөр бүтдэггүй. Ард нь тэдний хийсэн бүтээлийг уншигчдад сонирхолтой, үзэмжтэй, өнгө зүстэй байдлаар хүргэхийн тулд Гэрэл зураг, компьютерийн алба ажилладаг. Хэвлэлд ямар нэг байдлаар гарч буй эх сурвалж бүр “хөөрхөн” харагдах ёстой гэж тэд үздэг. Үүний тулд гэрэл сүүдрээр урлана, макет дизайн дэглэнэ.
Б.Энх-Өлзий Компьютер, дизайн, гэрэл зургийн албаны дарга
Тэрээр "Эх бэлтгэл бол сонины нүүрийг эргүүлэхэд уншигчдын нүдэнд хамгийн түрүүнд тусдаг учраас сонирхолтой, шинэлэг, “өөр” байх хэрэгтэй. Эх бэлтгэгч, сэтгүүлч, зурагчин гурвын хамтын ажиллагааны үр дүнд сайн сонин хэвлэгддэг. Сониноо хэвлэлтэд шилжүүлсний дараа л санаа амардаг даа" гэсэн юм.
Д.Цэрэннадмид “Зууны мэдээ” сонины тоймч, Соёлын гавьяат зүтгэлтэн
Өнгөрсөн хугацаанд “Зууны мэдээ”-гийнхэн өөрийн гэсэн дэг сургуулийг бий болгож, сайжруулсаар иржээ. Иймээс тэд сонин бүтэх болон материал бэлтгэх шаардлага, стандартаа баталж гаргасан байна. Дүрслэл, баримт, эшлэл гэх мэтээр нэг бүрчлэн заасан энэ стандартыг шинээр ажилд орсон сэтгүүлч шууд мөрдөөд явах боломжтой. Тэд ингэж залуу халаагаа бэлтгэдэг аж.
“Зууны мэдээ”-гийн Z үеийн таван сэтгүүлчийн нэг нь Улс төрийн мэдээллийн албаны сэтгүүлч П.Амгаланбаяр.
Д.Отгонбаяр “Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч, доктор /phd/
Энэ сонины хамт олон зургаан үеийн насны төлөөллөөс бүрдэж байна. Сургуулиа төгсөөд ажиллаж буй 20 настнаас эхлээд өөрийн биеэр үлгэрлэж, залууст зөвлөдөг 70 гаруй насны ахмад сэтгүүлч ч хамтдаа мөр зэрэгцэн ажилладаг. Өөр өөр үеийн төлөөлөл ажиллаж байгаагийн цаана мөн өөр өөр үе насны уншигчдынхаа эрэлт хэрэгцээг ойлгож, тэдэнд чиглэсэн бүтээл туурвихад давуу талтай аж. Тэдний үйл ажиллагаанд анализ хийсэн хөндлөнгийн шинжээчид хүний нөөцийн бодлогыг нь сайнаар үнэлсэн тухай "Зууны мэдээ" сонины Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр ярьсан юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 59 сонин, 43 сэтгүүл, 46 радио, 115 телевиз, 188 мэдээллийн сайт нийт 451 хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж буйг Хэвлэлийн хүрээлэнгийн “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр” мониторингийн тайлангаас харж болно. Энэ өрсөлдөөн дундаас “Зууны мэдээ”-гийн ялгарах нэг онцлог нь мэргэжлийн сэтгүүл зүй. Сонины сэтгүүлчдийн бэлтгэсэн мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл нь түүхийн архивт он цаг улиран сонины хуудас нь шарлан хадгалагдаж үлдэнэ.
Уламжлалт хэвлэмэл сонинг цахим хэлбэртэй хослуулж, мэргэжлийн сэтгүүл зүйд хос морио эмээллэсэн шинэ цагийн “Зууны мэдээ”-гийн редакцаар зочлоход ийм байна.
Ганбатын БАТЗАЯА
Эх сурвалж: www.peak.mn