Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын "Улаанбаатарын үдэш" яруу найргийн уншлагын үеэр хэлсэн үг

2023-11-30
Нийтэлсэн: Админ
 18 мин унших

2023 оны аравдугаар сарын 24-ний өдөр болсон Олон улсын яруу найргийн “Улаанбаатарын үдэш” уншлагын үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үгийг хүргэе.

 

-Гадаадаас ирсэн дараагийн яруу найрагчийг танилцуулъя. Эхлээд өөрт төрж байгаа сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцая. Сэтгэгдлээ ярихын тулд нэг ийм хөгжилтэй яриа байдгийг хэлье. Тэгвэл та бүхэн надад ямархуу мэдрэмж төрж байгааг ойлгох байх.
Дээр үед Вьетнамын дайн болсныг бүгд мэдэж байгаа, тийм үү? 1960-аад оны сүүлч, 1970-аад оны эхээр хүнд дайн болсон. “Мисс Сайгон” гээд их алдартай мюзикл чухам тэр сэдвээр бүтээгдсэн байдаг. Хэдийгээр дайн аймшигтай байсан ч түүний талаар бас хТэр үед Америкийн цэргүүд Вьетнамд байлдаад, ЗХУ, Монгол Улс Вьетнамын хойд талынханд туслаад, тэр ч байтугай Зөвлөлт Улсын цэргийнхэн тэр дайнд оролцож байсан гэдэг. Гэхдээ нууцаар.
Тэгээд Америкийн цэргүүд Вьетнамын нэг цэргийг олзлоод, тэр Вьетнамын цэргийг яаж зовоовол нууцаа ярих бол? гэж бодож байгаад, Вьетнам халуун орон юм чинь хамгийн харгис шийтгэл бол олзлогдсон цэргийг хөргөгчинд хонуулах юм байна гэж боджээ. Тэгээд тэр цэргийг том хөргөгчинд хонуулсан байна. Маргааш өглөө болоход цэрэг их зовж хоносон байх учиртай тул хамаг нууцаа бидэнд ярьж өгнө дөө гэж бодоод өглөө хөргөгчний хаалгыг онгойлгосон чинь нөгөө олзлогдсон Вьетнам цэрэг бүр сэргэчихсэн: 
-Пөөх, ямар  сайхан юм бэ, яг манай Якутад байгаа юм шиг гоё хүйтэн байна шүү дээ гээд биеэ үрээд зогсож байсан гэж. 
Түүнтэй адилхан өнөөдөр би энэ яруу найрагчид дунд, зохиолчид дунд орсон чинь: 
-Ямар гоё юм бэ, яг миний залуу нас буцаад ирсэн байна шүү дээ гэсэн сэтгэгдэл төрж байгаа юм. 
Би 1980 онд сургууль төгсөж ирээд, тэгээд энэ Г.Мэнд-Ооёотойгоо, Ж.Саруулбуянтайгаа, О.Дашбалбартайгаа, арай ах гэх юм бол Готовын Нямаа гуай, бүүр ах гэх юм бол Д.Урианхай, Дашням, Эрдэнэ, Пүрэвдорж гуай, Намдаг, Оюун, Наваан-Юндэн гуай гээд, бүүр ах гэвэл Цэндийн Дамдинсүрэн гуай гээд ийм олон мундаг хүмүүсийн дэргэд нь байж, хэлж ярьсныг нь сонсож, санаа бодлоо хуваалцаж, он жилүүдийг өнгөрөөсөн байгаа юм. 1980-аас 1990 он хүртэл. Тийм учраас надад зохиолчдын дунд байх сайхан байна. 
Ингээд саяхан Өвөрхангай аймагт Дэндэвийн Пүрэвдорж гуайн 90 жилийн ой болсон байна. Ойн арга хэмжээг Ичинхорлоо зохион байгуулж, түүнд П.Очирбат оролцсон байна. Би энэ тухай сонсоод эхлээд баярласан, 90 жилийн ойг нь тэмдэглэж байна гэж, гэхдээ дотроо жаахан сэтгэл дундуур байсан. Би Ичинхорлоод хэлж байсан: Дэндэвийн Пүрэвдорж Монголын бахархал хүн шүү дээ, түүнийг нэг аймгийн хүн болгож яагаад аймагт тэмдэглэж байгаа юм бэ, Улаанбаатар хотод, улсын хэмжээнд хийж болоогүй юм уу? гэсэн. Тэр: 
-Харин тийм, бид яараад, аймагт нь хийлээ гэж байсан. 
Сая бид П.Очирбат гуайгаас асуусан чинь: -Их сайхан болсоон, яахав, уг нь улсын хэмжээнд хийсэн бол бүр гоё байлгүй яахав, гэхдээ Өвөрхангайд сайхан арга хэмжээ болсон гэж хэлсэн. 
Би өнөөдөр өглөө П.Очирбат гуай руу утасдаад: 
-Ийм сайхан яруу найргийн арга хэмжээ болох гэж байна гэж хэлсэн. 
П.Очирбат гуай өөрөө хөгжилтэй, их нийтэч хүн, Цэвэлмаа бас тийм, манай хоёр сайхан ахмадууд. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, анхны тэргүүний хатагтай. Би утасдаад энэ уншлагад урьсан юм. Тэр болгон утасдаад байдаггүй ч өнөөдрийн үдшийн арга хэмжээнд заавал уримаар санагдаад, ийм гоё юм болох гээд байнаа, гоё зүйлийг гоё хүмүүстэй хуваалцана гэдэг чинь өөрөө гоё шүү дээ, тийм үү? Тийм учраас энэ бол зүгээр нэг арга хэмжээ биш, онцгой учраас П.Очирбат гуайг урья гээд утасдсан. Тэгсэн их томоотой хүн юм байна лээ. 
–За, би Цэвэлмаагаас асууж байж болъё гээд. 
–Та өөрөө шийд л дээ гэсэнд, 
-Үгүй ээ, би Цэвэлмаатай ярина гэсэн.
-За, тэгвэл та яриарай, болж өгвөл ирээрэй гэсэн чинь: 
-За даа, бараг худлаа байх даа, очиж чадахгүй байх, ямар ч байсан ярина гэсэн.
Ингэж ярилцсан юм. Удсангүй над руу эргэж залгаад, өөрөө ч гэсэн гайхсан, дуу хоолойных нь өнгө нь гайхсан, тэгэхдээ бас баярласан байсан. Гайхсан нь  Цэвэлмаа гуай зөвшөөрчихөж.
-Явъя гэж байна хөөе. Тэгье, очъё, сонсъё, шүлэг сонсъё, дуу сонсъё гэж байна хөөе гэж гайхсан байдалтай хэлсэн.
Тэгээд би баярласан. Ямар сайхан юм бэ, Очирбат гуай ирнэ гээд.
Одоо ингээд таван Ерөнхийлөгч байгаа, ажлаа өгчихсөн, У.Хүрэлсүх гээд зургаа дахь Ерөнхийлөгч. Бид тавыг хааяа одооны Ерөнхийлөгч маань урьж цуглуулахад хамгийн хүндэтгэдэг Ерөнхийлөгч бол П.Очирбат гуай. Бид бүгдээрээ хүндэтгэдэг. Бид нар, бичгээр биш, монгол ёсоор гэх юм уу даа. Монгол ёс гэхээр юуны түрүүнд бөх бодогдоно.Бөх өөрөө монгол ёсыг агуулсан уламжлал байгаа юм, спорт гэхээсээ илүү соёл. Тэгээд бид орж гарахдаа эхлээд П.Очирбат гуай, дараа нь Н.Багабанди гуай, за дараа нь Н.Энхбаяр, тэгээд Ц.Элбэгдорж, тэрний дараа Х.Баттулга эрэмбэлэгддэг. Ийм журамтай таван хүн байгаа юм. Тэгээд бид Очирбат гуайгаараа их бахархдаг, хөнгөн шингэн. Бид Чингис хааны музейн нээлтэд очоод Очирбат гуай шатаар дээш өгсөхөд нь, нэлээд өндөр шаттай шүү дээ. Би: 
-Хөтлөөд тулаад явах уу гэсэн чинь:
-Өө яахав, зүгээр зүгээр, миний хөл гайгүй гээд өөрөө шатаар өгссөн.
Тийм учраас Очирбат гуай өнөөдөр та бидэн дээр ирсэнд их баяртай байгаагаа илэрхийлье. 
Би Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй хааяа уулздаг, саяхан уулзсан чинь Ганга нуурын тухай яриа өрнөөд: Би Ганга нуурыг сэргээх ажлыг санаачилж хийж байгаа, Хөвсгөл нуурыг хогноос нь цэвэрлэх ажлыг хийж байгаа, та ер нь очиж үзээч, их өөр болсон шүү дээ гэж надад хэлсэн. 
1984 онд манай Зохиолчдын хороо “Утга зохиолын өдрүүд”-ийг хөдөө орон нутагт хийдэг байсан. Тэгээд Дашбалбар, Нямсүрэн, Мэнд-Ооёо бид нар 1984 онд Сүхбаатар аймагт “Утга зохиолын өдрүүд”-эд оролцож байсан. Өнгөрсөн зууны сүүлээр гэсэн үг. Ганга нуур замгандаа арай ч баригдчихаагүй, их гоё цэнгэг устай, бид усанд нь шумбаж сэлээд их сайхан байсан юм. Тэр дурсамжаа би Хүрэлсүх Ерөнхийлөгчид ярьсан чинь: 
-Харин тийм, нуур сүүлд ширгээд баларсан. Мэнд-Ооёо, нутгийнхан, энэ байгалийнхаа үзэсгэлэнт нуурыг сэргээе гэсэн хүмүүс хөдөлгөөн өрнүүлсэн. Түүнийг би дэмжээд ажиллаж байгаа, одоо нуур сэргэж байгаа, бүгдээрээ явж очиж үзье гэсэн. 
Та хунгийн чуулганыг мэднэ, бүгдээрээ хунгийн чуулганы үеэр явъя гэж хэлсэн.
Би сэтгэл хөдлөөд Мэнд-Ооёод хэлээд, Ерөнхийлөгч бид хоёр ингэж ярилаа, одоо хоёулаа Ганга нуурын эрэг дээр сайхан яруу найргийн арга хэмжээ хийе, байгаль орчноо сэргээж байгаа тухай яръя, Алтан-Овоодоо мөргөе, яруу найрагчидтайгаа хамт шүлэг уншъя, гадаадын зарим яруу найрагчдыг урья гэж санаачилга гаргачихаад, тэгээд Ичинхорлоог Зохиолчдын байгууллагын даргынх нь хувьд, өөрөө сайн яруу найрагчийнх нь хувьд, бас хариуцлагатай ажил хийж байгаа хүнийх нь хувьд энэ ажилд татан оролцуулъя гэж ярилцсан. 
Аравдугаар сарын 22-нд Ганга нууран дээр очиж хунгийн чуулган болох үеэр мянга мянган хун шувууны фонон дээр шүлгээ уншъя, дуугаа дуулъя, Монголоороо бахархая, байгалиа ярья, байгалиа шүтье, байгалиа хамгаалъя гэж ярьсан. Харин харамсалтай нь Хүрэлсүх Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлал хугацааны хувьд сунаад, 22-ны арга хэмжээнд оролцож чадахаа болиод, дараа сайхан цаг ирэхээр бүгдээрээ хамт оролцохоор шийдсэн. 
Ингээд Ичинхорлоод, төлөвлөсөн арга хэмжээ хойшилчихлоо, одоо яасан нь дээр вэ? гэсэн чинь, Ичинхорлоо: 
-Харин тийм байна, би юу ч гэсэн Өвөрхангайд очиж Дэндэвийн Пүрэвдорж гуайн ойн арга хэмжээг зохион байгуулаад ирье, тэр хооронд тодорно байх гээд явсан. 
Хэд хоногийн дараа би дотроо, яадаг юм бэ, яруу найргийн арга хэмжээгээ хийе л дээ гэж хэлэх болов уу? гэж бодоод Ичинхорлоо руу утасдсан чинь Ичинхорлоо байгууллагын дарга болчихсон: 
-Өө яахав, хойшилчихсон юм чинь одоо яахав дээ Энхбаяр гуай гэсэн.
Тэгэхээр нь би: За, Ичинхорлоояруу найрагчийн оргилсон сэтгэл нь аргагүй эрхэнд төрийн өндөр албанд, хариуцлагатай ажилдаа дарагджээ.Төв номын сангийн захирал гэдэг миний хар багаасаа ойлгосноор бол агуу хүмүүсийн хийдэг ажил. Одоо энэ Борхес гэж Латин Америкийн,  Аргентины агуу зохиолч номын сангийн захирал байсан. Фёдоров гэж Оросын өвөрмөц философич хүн, бүх хүмүүсийг дахиад сэргээн амилуулж болно гэсэн онолыг гаргаж, бүх хүмүүсийг сэргээнэ гэдэг онолоороо шинжлэх ухааны судалгаа хийгээд, хэзээ нэгэн цагт ийм болно гэж сургадаг байсан Фёдоров философич, эндээс Лев Толстой өөрийнхөө философийг урган гаргуулсан гэж үздэг. Тэр хүн номын сангийн захирал байсан. Тийм учраас тийм том хүмүүсийг би номын сангийн даргаар, захирлаар ажиллаж байсан гэхээр одоо энэ Чилаажав, Ичинхорлоо хоёрт атаархмаар байгаа юм. Би Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүн мөртлөө атаархаж байна шүү дээ эд нарт. Яахав, миний хүмүүжил тийм юм. Ном гэдэг чинь өөрөө агуу том ертөнц байгаа юм. 
Тэгээд би: Ичинхорлоо ажилдаа дарагдаад, нөгөө шүлгээ уншъя гэдэг сэтгэл нь унтарчихлаа, за яахав аргагүй дээ гэж бодлоо. 
Тэгсэн чинь харин над руу өөрөө утасдаад: 
-Үгүй ээ, яруу найргийн уулзалтаа хийе л дээ гэхээр нь, 
-Тийм үү, нээрээ зохион байгуулах уу гэсэн чинь, 
-Тэгье, хийе л дээ, тэр гадаадын яруу найрагчид ирээд байгаа дээр нь зохион байгуулъя, та түүнийг зохион байгуул л даа гэсэн. 
Тэгээд би Ганбаатар, Гунгаасүх гээд манай дуурийн театрын алдартай зураач байсан, түүний хүү Ганбаатар гээд яг аавтайгаа адилхан залуу, би аавыг нь сайн мэднэ, ээж нь Дашиймаа гээд манай алдартай дуучдын багш, тухайн үедээ Оросын иргэн байсан. Би Ерөнхийлөгч байхдаа Дашиймаа багшийн Монголын дуучдыг төрүүлсэн тэр гавьяаг нь үнэлээд, гадаадын иргэнд Монголын Урлагийн гавьяат зүтгэлтэн гэсэн цол тэмдгийг олгож байсан. Аав нь зураач, ээж нь дуучин, дууны багш, өөрөө аавыгаа дуурайгаад театрын зураач болсон залуу. Тэгээд Ичинхорлоо Ганбаатарыг олж ирээд, бид гурав суугаад ярилаа, ерөөсөө энэ үдэшлэгийг хийе гэж. Ингээд би ТВ-9, “Зууны мэдээ” сониныхонтойгоо зөвлөлдөөд, эд нар маань бас дэмжээд, энэ сайхан газар өнөөдөр цугларч байгаа юм. Тийм учир урилга авч хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.
Би энэ гадаадын хоёр хүнээ танилцуулъя. Хайм Дотан гэж хүн байгаа. Одоо Израильд харамсалтай нь байдал маш хүнд хэцүү байна. Олон мянган хүн үхлээ, үрэгдлээ, террористуудын халдлагад өртлөө. 
Би тэр террористуудын халдлага болохоор нь шууд Дотан руу мессеж бичсэн юм: 
-Та гайгүй юу, юу болж байна? Би санаа зовж байна гэж. 
Дотан надад шууд хариулж мессеж бичсэн. Би гайгүй, бид хүчтэй, зөвхөн зэр зэвсгээр биш, сэтгэлийн тэнхээгээр хүчтэй, еврейчүүд энэ мэтийн юмыг туулж, давж ирсэн, бид дахиад давна гэсэн утгатай мессеж ирүүлсэн юм. Тэгээд Монголд ийм баяр болох гэж байна, ийм арга хэмжээ болох гэж байна, та ирж чадах уу? гэж асуугаад урьсан. 
Хамгийн гол нь энэ хүн архитекторч. Тэгээд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй зөвлөлдөж байгаад, Очирбат гуай сайн санаж байгаа. Бид тавуулаа сууж байгаад, нэг зүйлийг эхлүүлье ээ, тэгээд Хүрэлсүх Ерөнхийлөгчид хандан өнөөдөр, нэг чухал үйл хэргийг эхлүүлээч ээ, бид сэтгэлээрээ болон чадах ядахаараа дэмжье гэж ярьсан юм. 
Тэр нь юу вэ? гэхээр 1220 онд эзэн Чингис хаан Хархорин хотыг бүтээн босгож нийслэлээ болгох зарлиг гаргасан юм байна. Эзэн Чингисийн ойн өдөр болж байсан юм. Ойн өдөр УИХ-ын хүндэтгэлийн чуулган болоод, Хүндэтгэлийн чуулганы дараа бид тав Хүрэлсүх Ерөнхийлөгчийн өрөөнд цугларсан. Хүрэлсүх Ерөнхийлөгч бид нарыг хүндэтгээд хоол унд бэлдчихсэн байсан. Тэгээд ярьж байгаад, ерөөсөө өнөөдөр эзэн Чингисийн төрсөн өдөр, 860 насных нь ой болж байна, 860 насных нь ойг тэмдэглэх ажил ингээд дуусах гэж байна, өнөөдөр бүгдээрээ тохирч байгаад Хүрэлсүх Ерөнхийлөгчөөрөө шийд гаргуулъя гээд Хархорин хотыг сэргээн байгуулах зарлиг гаргаач ээ гэж ярьсан. 
Тэгээд Очирбат гуай, бусад хүмүүс бүгдээрээ дэмжсэн. Хүрэлсүх Ерөнхийлөгч: 
-Тэгье гээд зарлиг гаргаж арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тэр зарлигаа олон түмэнд танилцуулсан.
Би Дашбалбартай хамт, бид нар, 80-аад онд энэ өөрчлөн байгуулалт өрнөхөд түүх соёлоо их хамгаалж дуу хоолойгоо өргөдөг байлаа. Дашбалбар “Номон дээр гишгэсэн алдас” гэсэн бүтээл бичиж, би Хархорины орчин, энэ Орхоны хөндийн тухай, тэнд байгаа түүх соёлын дурсгалын тухай, аюул заналд орж байгаа тухай нь “Соёлын мянган дурсгал хөнөөх нэгэн аюул” гэсэн ийм өгүүлэл бичиж байсан. Түүнээс хойш Хархорин сэргээсэй гэж 1986 оноос хойш хөөцөлдөөд байгаа. Тэгээд аз болж одоо Хүрэлсүх Ерөнхийлөгч энэ зарлигийг гаргалаа. Энэ ажилд ямар нэгэн байдлаар зөвлөе, тусалъя, дэмжье гээд явж байна. Тухайн цагт энэ их үйл хэргийг бүтээхийн тулд эзэн Чингис өөрөө хичнээн том хүн байсан ч гадаадын алдартай архитекторууд, урчуудыг авчирч Хархорин хотоо босгож байсан юм байна. 
Тэгвэл бид бас гадаадын хүмүүсийг урья гээд, тэгээд Мэнд-Ооёогийн сайн танил, найз, яруу найрагч, архитекторч, та нар мэднэ дээ, Хятадын алдартай шилэн гүүр бий дээ, хоёр өндөр уулыг холбосон, тэр гүүрийг зохиож барьсан хүн байгаа юм, энэ Хайм Дотан. Түүнд зөвхөн Хятадад ажиллаад яахав, бас Монголд, Хархорин хотод ажиллаач гэсэн. Тэгээд бид энэ зун Японы Кума, Израилийн Дотан, Казахстаны Рустамбеков гэсэн гурван том архитекторчийг уриад, Хархоринд очиж, Хархорин хотоо барих тухай ярьсан юм. 
Ингээд “нэг сумаар хоёр туулай” гэгчээр энэ яруу найргийн баярт ирээч, бас Хархориноо яръя гээд урьсан. Дотан бол Шанхай хотод Израилийн павильоныг барьсан хүн байгаа юм. Израилийн Ерөнхийлөгч байсан Шимон Перес гэдэг хүнтэй сайн харилцаатай байсан. 
Очирбат гуай Шимон Перес гуайтай уулзаж байсан байж магадгүй, би Израил Улсын ойгоор очихдоо Шимон Перес Ерөнхийлөгчийн урилгаар айлчилж байсан. Шимон Перес Ерөнхийлөгчтэй гайгүй харилцаатай байсан. Энэ Дотан гуай Шимон Перес Ерөнхийлөгчтэй их дотно харилцаатай байсан юм байна лээ. Хорвоо их жижиг юм байна лээ. Хорвоо ерөөсөө хоёр хүний гар, яахав онолоороо бол зургаан хүн гараа атгаад дэлхийн хэнтэй ч уулзаж болно гэдэг, Дотан гуай бид хоёр бол нэг хүнээр дамжуулаад, Шимон Перес гэж хүнээр дамжаад гар барьчихаж байгаа юм, эсхүл Мэнд-Ооёогоор дамжаад гар барьчихаж байгаа юм. Тийм учраас хорвоо бол ерөөсөө нэг, хоёр хүний гар барилтаар л хэмжигддэг их ойрхон юм байна гэж бодогдож байна. 
Ингээд Хайм Дотан гуайтай сайхан танилцаад Хархорины төсөл дээр ажиллаж байгаа юм. Энэ Хархорин хот бол үнэхээр олон улсын, дахиад дэлхийн нийслэл болоосой гэж бодоод байгаа юм. Зөв үү? Дэлхийн нийслэл дахиад болох ёстой гэж бодогдоод байгаа юм. Зөвхөн Монголын нэг хот биш, дэлхийн нийслэл болох ёстой. Тэгээд манай Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс энэ их үйл хэргийг бүтээхэд сэтгэлээрээ, зөвлөгөөгөөрөө оролцоорой гэж Хүрэлсүх Ерөнхийлөгч хүссэн, би ч гэсэн чадах ядахаараа оролцоод яваа юм. 
Миний санаа бол Хархорин хотын концепц, философи нь юу юм бэ? гэдэг дээр тогтож бодоход, би ухаантайдаа биш, харин ном судар уншихад Түрэгийн үеийн хаадын бичээс, Монголын үеийн хаадын бичээс ямар үгээр эхэлдэг билээ? гэдгээс ургуулан бодох хэрэгтэй гэж санагдаад байгаа юм. 
Энэ бол “Мөнх тэнгэрийн хүчин дор”  гэсэн үг. Ерөөсөө Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд оршиж байгаа. Мөнх тэнгэрийн хүчин дор Чингис хаан гавьяагаа байгуулсан. Мөнх тэнгэрийн хүчин дор бид нар бүгдээрээ төрж байгаа, өсөж өндийж байгаа. Тийм учраас Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг үгийг бүгдээрээ, ард түмнээрээ хэлэлцүүлээд, зөв үү, буруу юу, энэ Хархорин хотын концепц мөн үү биш үү? Өвөг дээдсийн үлдээсэн энэ “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэдэг үг чухал үг үү, үгүй юү? гэдгийг ард түмнээрээ шийдүүлье гэсэн саналыг би гаргаад байгаа юм. 
Ард түмэн: Зөв өө, Чингис хаан өөрөө энэ үгийг хэлж байсан, Гүюг хаан өөрөө энэ үгийг бичиж Ромын Паптай харилцаж байсан, Мөнх хаан энэ үгийг хэлж байсан, эртний Түрэгийн Билэг хаан энэ үгийг хэлж байсан, чулуун дээр бичсэн гэх юм бол ард түмэн шийдэг. 
“Мөнх тэнгэрийн хүчин дор” гэдэг концепцээр Хархорин хотоо бүгдээрээ босговол яасан юм бэ? Ингэж ярилцаад Дотан бид хоёр Иерусалим хотын концепцын тухай ярьсан юм. Иерусалим гэж алдартай хот бий шүү дээ, дэлхийн нийслэл гэж бас хэлж болно.
Ер нь дэлхий чинь хэд хэдэн нийслэлтэй байсан байна. Иерусалим бол тэдний нэг. Мөн Исламын шашинтны ариун хот гэдэг, Христынхан түүнийг ариун хот гэдэг. Манай Хархорин бол яахын аргагүй дэлхийн нийслэл байсан. Иерусалим дэлхийн нийслэл байсан. Нэг хэсэг хугацаанд Лондон дэлхийн нийслэл байсан. Одоо Вашингтон яахын аргагүй дэлхийн нийслэл болсон байна. Магадгүй яваандаа Бээжин дэлхийн нийслэл болохыг үгүйсгэж болохгүй.
Энэ мэтээр манай хоёр үндэстэн хоёулаа дэлхийн нийслэлтэй ард түмнүүд байхгүй юу, еврейчүүд буюу израилчууд, монголчууд. Иерусалим хот гэж ер нь ямар хот юм? Иерусалим хот ямар концепцтэй юм бэ? гээд бид хоёр ярилцсан юм. 
Иерусалим хот бол Бурхан буусан, Бурхан тэнгэрт хөөрсөн хот гэж үзэж болно гэж ярилцсан. Яагаад вэ? гэвэл тэнд Христ цовдлогдсон. Бурхан еврейчүүдэд тэр газрыг өгөөд тэр хотод еврейчүүд сүмээ барьж Бурханаа буулгасан. 
Магомет гэдэг зөнч мэргэн Исламын шашинд бий. Тэр Иерусалим хотод байдаг хадан дээрээс Гавриил гэдэг, би нэрийг нь оросоор дуудаад байна, англиар бол Гэбриэл гэж байгаа. Мэнд-Ооёо гадаад хэлний мэдлэг их сайтай учраас Гэбриэл гээд байгаа, харин би бол оросоор хэлээд байгаа юм. Би иврит хэл гээд, Мэнд-Ооёо хибрү гэж хэлж байгаа биз, гадаад хэлний мэдлэг сайнтай учраас.
Тэгээд Иерусалим хотод Бурхан буусан, Бурхан хөөрсөн газар. Гэбриэл гэдэг Архангел байна, Лха тэнгэр юм уудаа, Бурханы дэргэд байдаг Лха тэнгэр, тэр хадан дээрээс Магометыг аваад Диваажинг үзүүлсэн байна тэнгэрт. Тийм учраас Арабууд Иерусалимын хадан дээрээс Гэбриэл гэдэг Архангел манай Магометыг авч тэнгэрт хөөрч Диваажинг үзүүлсэн учраас тэр бол манай ариун газар гэдэг. Еврейчүүд болохоор Давидын байгуулсан сүм тэнд байсан учраас манай ариун газар гэдэг. Христын шашныхан болохоор Христ бурхан энд цовдлогдсон, эндээс тэнгэрт хөөрсөн учраас манай ариун газар гэж үздэг гэж. Бурхан буусан, Бурхан хөөрсөн газар. 
Хархорин бол “Мөнх тэнгэрийн хүчин дор” Монголчууд дандаа оршино, биднийг юу ч ялахгүй, бид энэ Мөнх тэнгэрийнхээ хүчин дор амьдарна, дахин дахин төрнө хөгжинө, цэцэглэнэ, зовсон ч жаргана гэсэн утгыг илэрхийлэгч хот мөн гэж би боддог юм. Тэр утгаараа би “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэдэг ийм концепцээр Хархорин хотоо баривал яасан юм бэ? гэж бодоод байгаа юм.
Эцэст нь хэлэхэд би ийм сайхан хорвоод, ийм сайхан оронд төрөөд, төрөөд зогсохгүй ард түмнийхээ дэмжлэгээр Төрийн тэргүүн хүртэл болоод ингэж амьдарч байгаадаа их баяртай байдаг. Тэгээд та бүхнийхээ дунд, жирийн хүмүүсийнхээ дунд, жирийн ард түмнийхээ дунд явах дуртай. Энэ авьяастай, чадвартай хүмүүсийнхээ шүлгийг сонсоод, сонин сайхан утга агуулгыг нь ухаараад сууж байгаадаа үнэхээр жаргалтай байна. Ингээд та бүхэнд дахин дахин баяр хүргэе, Хаймдаа Хархорин хотыг босгох ажилд идэвхтэй оролцоорой, энэ дэлхийн хотыг босгоход идэвхтэй оролцоорой гэж хүсэн ерөөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин.

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 239 (7224)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

7 цаг 17 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

7 цаг 17 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

7 цаг 17 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

7 цаг 17 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

7 цаг 17 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

7 цаг 17 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

7 цаг 17 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

7 цаг 17 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

7 цаг 17 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

7 цаг 17 мин