П.АМГАЛАН
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Бейсен, Н.Ганибал, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар өнөөдөр Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан байдаг.
Үндсэн хуульд үндэсний баялгийн сангийн эх санаа, зарчим тусгагдсаны зэрэгцээ үндэсний баялгийн сангийн нэг төрөл болох хуримтлалын сан (Ирээдүйн өв сан), түүний эрх зүйн байдлыг тодорхойлсон хууль үйлчилж байна. Мөн үндэсний баялгийн сан нь тодорхой төрлүүд (“хуримтлалын” болон “хөгжлийн”)-тэй байж болохыг тодорхойлжээ. Харин газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлж, улмаар арвижуулж, тэгш шударга хүртээх зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэг гол оролцогч болох хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх санг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзсэн байна. Иймд үндэсний баялгийн сангийн нэгэн төрөл болох хөгжлийн сангийн эрх зүйн байдлыг тогтоосон Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл 7 бүлэг, 28 зүйлтэй бөгөөд баялгийн сангийн хөрөнгийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, баялгийн сангийн төрөл, эх үүсвэр, зарцуулалт, сангийн хөрөнгийн удирдлага, засаглалын талаар нарийвчлан тусгасан. Мөн баялгийн сангийн тайлагнал, ил тод байдал, хяналтын талаарх зохицуулалтыг оруулсан байна. Тухайлбал, төсөлд байгалийн баялгийн өгөөжийг жил бүр хуваарилах бөгөөд хэрэв иргэн тухайн жилдээ багтаан аваагүй бол дараагийн жилд нэмэгдүүлэн олгох зохицуулалтыг оруулсан байна. Түүнчлэн газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг хуримтлуулж, дотоод, гадаадын хөтөлбөрүүдэд санхүүгийн үр ашигтай хөрөнгө оруулалт хийх замаар хөрөнгийг арвижуулах корпорац байгуулах тусгажээ.
Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын шилдэг туршлага, засаглалын зарчмуудыг судалж дараах зарчмуудыг нэвтрүүлэхийг зорьсон гэдгээ төсөл санаачлагчид танилцуулав. Үүнд
-Баялгийн сан улс төрөөс ангид байлгах,
-Баялгийн санг халамжийн сан биш болгох,
-Баялгийн сан өнөө ба ирээдүйн иргэн бүрд зориулагдах,
-Баялгийн сан улсын төсвийн далд халаас болгохгүй байх,
-Баялгийн санг төрийн өмчит компаниудаас бүрдүүлэхгүйгээр уул уурхайн салбараас бүрддэг болгох зэргийг тусгажээ.
Эх сурвалж:www.polit.mn