П.АМГАЛАН
Биед эвтэйхэн, өөрийнхөө биед тохирсон тэргэнцэртэй болсондоо баяртай байна. Өөрт тохироогүй тэргэнцэр эрсдэлтэй байдаг. Өмнө тэргэнцэрээсээ унаж байсан удаатай. Тэргэнцэр их амархан эвдэрдэг. Тиймээс хүмүүсийн хэрэгцээ мэдэрсэн ажил зохион байгуулж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Дэзэрэт” Олон Улсын энэрлийн байгууллагынхандаа баярласнаа илэрхийлье. Энэ удаагийн бэлэглэж буй тэргэнцэр хийлдэг дугуйтай учраас биед доргилт өгөхгүй гэдгээрээ илүү давуу талтай юм байна” хэмээн ярих эмэгтэй бол Баянзүрх дүүргийн иргэн П.Энхсаруул. Тэрбээр олон улсын “Тэргэнцэр” төслийн хүрээнд ийнхүү шинэ тэргэнцэртэй болсон юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ) олон үр дүн, ач холбогдол бүхий ажил зохион байгуулж буй. Үүний нэг нь “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Тэргэнцэр” төсөл юм. Уг төслийн хүрээнд өчигдөр “Дэзэрэт” олон улсын байгууллага, 302 ширхэг тэргэнцэрийг ХБХХЕГ-т хүлээлгэн өглөө. Энэ үеэр ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн, “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллагын захирал Д.Пүрэвжаргал, Есүс Христийн хожмын гэгээнтнүүдийн сүмийн олон нийттэй харилцах албаны захирал С.Насанболд нар “Тэргэнцэр” төслийн хэрэгжилт, үр дүн цаашдын хамтын ажилллагааны талаар санал солилцож тэргэнцэр хүлээлцэх акт дээр гарын үсэг зурлаа. Нээлтийн арга хэмжээний үеэр арван хүнд тэргэнцэр гардуулан өгсөн юм.
Энэ үеэр ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллагатай найман жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаа. Цар тахлын үед хил гааль хаагдсан учраас бидний үйл ажиллагаанд бага зэрэг хүндрэл үүссэн ч буцаад сэргэж байгаад баяртай байна. Олон улсын байгууллагаас тэргэнцрийг нийлүүлэхдээ иргэдийн судалгаанд үндэслэж, үйлдвэрлэдэг. Энэ удаад 16, 18, 20 гэсэн гурван размерын 300 гаруй ширхэг тэргэнцэрийг нийлүүлж байгаа. Бид байгууллагын албан ёсны хуудас болон, дүүргийн халамжийн ажилтнуудаар дамжуулж тэргэнцэр авах иргэдийн судалгааг авсан. Судалгаанд 300-гаад хүн мэдээллээ ирүүлсэн. Олон улсын байгууллагын цаана нь бусад хүмүүст туслах чин хүсэлтэй, сайн сайхны төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг Тиймээс хандиваар бүрдсэн мөнгөөр тэргэнцэр болон бусад туслах хэрэгслийн бэлэглэдэг. Мөн “Дэзэрэт” Олон Улсын энэрлийн байгууллага Монгол Улс төдийгүй дэлхийн олон улс оронд сайн санааны тусламжийг хүргэдэг” гэлээ.
ХБХХЕГ 2012 оноос эхлэн “Дэзэрэт” Олон Улсын энэрлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. “Тэргэнцэр” төслийг хэрэгжүүлэн тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийг тэргэнцрээр хангах, тэргэнцэр засвар үйлчилгээг хийх, тэргэнцрийн зөв хэрэглээний чиглэлээр сургалт, зөвлөгөө, мэдээлэл хүргэх ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд “Дэзэрэт” Олон улсын энэрэлийн байгууллагаас нийт 1800 гаруй тэргэнцэрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандивласан байна.
Дэзэрэт Олон Улсын энэрлийн байгуууллагын захирал Д.Пүрэвжаргал “Манай байгууллага Есүс Христийн хожмын гэгээнтнүүдийн сүмийн хандиваар санхүүжин Монгол Улсад хүмүүнлэгийн төслүүдийг хэрэгжүүлдэг. Уг төслийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцэр болон бусад туслах хэрэгслүүдийг хандивлах төсөл байдаг. Уг төслийн хүрээнд ХБХХЕГ-т 300 орчим тэргэнцрийг хандивлалаа. “Тэргэнцэр” төсөл нь 1996 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа. Энэ хугацаанд гурван тэрбум төгрөгийн долоон мянган орчим тэргэнцрийг иргэдэд хандивласан. Төслийн хүрээнд ХБХХЕГ–аар дамжуулан тэргэнцэр хэрэгцээтэй байгаа хүмүүсийн судалгааг явуулсан. Үүний дүнд энэхүү төсөл хэрэгжиж байгаа. Мөн тэргэнцэрүүдийг хандивласны дараа иргэдтэй дахин холбогддог. Иргэдийн зүгээс “Тэргэнцэр нь удаан хэрэглэх боломжтой, чанартай байдаг” гэсэн эерэг мэдээллийг хэлдэг учраас төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явж байна” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 237 (7222)