Б.АЛТАНГЭРЭЛ
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.
-Таны хариуцаж авсан хороонд ихэнхдээ ямар асуудал тулгамдаж байна вэ. Хурлын төлөөлөгчийн хувьд иргэдийн санал хүсэлтийг хэр сонсдог вэ?
-Иргэдээс ирдэг дийлэнх санал хүсэлт орчны тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалт, явган хүн, машины зам зэрэг амьдрах орчныг сайжруулах, аюулгүй байдалтай холбоотой байдаг. Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч төсөв мөнгөний асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Манай XIII хороонд 159 дүгээр сургууль шинээр ашиглалтад орж энэ долоо хоногт нээлтээ хийлээ.
Миний бие 2012-2016 онд ИТХ-ын дарга байх үеэс Сэлбэ дэд бүтцийн ажлыг Азийн хөгжлийн банктай хамтран эхлүүлж байсан. Үүнийг дагаад дахин төлөвлөлтийн ажил ид яригдаж байна. Сэлбэ дэд төвийн бүсэд дүүргийн төсвийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг баригдаж байна. Энэхүү эмнэлгээ гэр хороолол руу ойр барьж буй нь бусад дүүргээс онцлогтой. Эмнэлгээс гадна спорт цогцолбор баригдана. Манай хороонд хоёр цэцэрлэгтэй. Нэг нь олон жил болсон, хуучин учир барилгыг шинэчлэх, шинээр барихаар судалж байна.
- Дэд бүтэц бүтээн байгуулалтын асуудлаа шийдвэрлэхдээ хэр судалгаатай ханддаг вэ. "Аз жаргалтай Улаанбаатар"-ыг бүтээх ажлыг юунаас эхэлж байна гэж хардаг вэ?
-Шуудхан хэлэхэд та аз жаргалтай амьдарч байна уу гэж иргэдээсээ асуух хэрэгтэй... Нийслэлийн ИТХ "Аз жаргалтай хот"-ын төлөвлөгөөгөө бараг л 98 хувийн биелэлттэй гэж дүгнэж байгаа энэ цаг үед иргэдээсээ асуувал 98 хувь нь үгүй гэж хариулах байх. Өнөөдөр 1.7 сая хүрэж буй Нийслэлийн иргэд түүний талаас илүү хувь болсон хүүхдүүд маань агаарын бохирдолд өртөж байхад, үерийн ус, түүнийг дагасан бохирын хордлогод олноороо нэрвэгдэж, зам нь түгжрээтэй, нийтийн тээвэр хүрэлцээгүй, дээр нь хүйтэн, өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ байнга өсөж байхад хэн аз жаргалтай амьдарч байна гэж хэлж чадах билээ.
Сая төлбөртэй бүс бий болгох талаар хотын засаг дарга зарлаад УИХ-аар хуулиа батлуулахаар өргөн барьсан байна. Хотын төлөрөлийг сааруулахын тулд төлбөртэй бүсчлэл тогтоодог дэлхийн жишиг байдаг. Гэвч энэхүү аргыг хэрэглэх цаг нь огт болоогүй. Хэрэгжүүлэхийн тулд өмнөх нөхцөлүүдийг зайлшгүй хангах шаардлагатай байдаг. Шуудхан хэлэхэд хот маань иргэдийн хөдөлгөөний судалгааг хийж чадаагүйгээс зөвхөн хориглох гэсэн ганцхан арга дээр тулгуурлан шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай. Дэд бүтцээ хотын төв гэхээсээ илүүтэй гэр хороолол руу буюу хотын зах хэсэг рүү чиглүүлбэл төвлөрлийг сааруулах оновчтой шийдэл болдог. Үүнээс харахад хотод Инженерийн шийдэл маш чухал асуудал гэдэг нь харагдаж байна
Үүнд, цэцэрлэг сургууль зэрэг нийгмийн үйлчилгээ, ялангуяа тусгай хөтөлбөр сургалт бүхий ЕБС, Төрийн үйлчилгээ, Соёл үйлчилгээний төвүүдийг хотын гадна бий болгох, бий болгож буй хувийн хэвшлийг дэмжих, хотын татварын хүрээнд шинэчлэл хийж хотын төвөөс алслагдах тусам хэрэглээний үнэ хямдруулах бодлогыг хэрэгжүүлэх, хотын тойрог замыг бий болгох. Иргэд төлбөртэй бүсрүү оролгүйгээр зорчих боломжыг бий болгох бөгөөд одоогоор бага тойрог, их тойруугаас өөр байхгүй. Тусгай замын зорчигч тээврийн үйлчилгээ /BRT/ буюу автобус бий болгох хэрэгтэй. Жишээлбэл, Таван шар, Офицеруудын ордны хүрээнд Энхтайвны өргөн чөлөөгөөр холбогдсон шулуун болон тойрог чиглэл үүсгэж тусгай замаар явуулах, тойргоос задрах хэлбэрээр ачаалалтай бүс рүү тусгай зам, бусад бүс рүү дунд оврын тээвэр нэвтрүүлэх зэргээр... тодорхой цаг минут давтамж бүхий чиглэл нээх хэрэгтэй. Хамгийн чухал нь метроны төслийг яаралтай эхлүүлэх шаардлагатай. Манайх шиг +-60 хэмийн зөрүүтэй хотод газар доорхи төлөвлөлт зайлшгүй юм. Зөвхөн нийтийн тээвэр гэлтгүй дэд бүтцийн олон байгууламжийг хамтад нь шийдэх боломж Метро төсөлд бий.
Эдгээр ажлуудыг эхлүүлэхийн зэрэгцээ хотын агаарын урсгал, үерийн усны урсгал эх буюу Баруун хойд хэсгээс эхлэн яндангүй бүсийг зарлах, пассив, хайбрид технологуудыг иргэдэд таниулах, хөнгөлөлттэй ногоон зээлийг бий болгох зэргээр хашаандаа жорлонгүй, утаагүй тохилог амьдрах боломжийг бий болгох нь чухал.
Хүхрийн агууламжтай агаар, тоос тортог нь газраас нэг метрийн түвшинд тунаж тогтонги байдалтай оршдог. Тиймээс хүүхдүүд хамгийн ихээр хордох нөхцөлд бүрдэж байгаа юм. Аз жаргалтай Улаанбаатарыг бүтээх гол үзүүлэлт бол эрүүл мэнд шүү дээ. Мөн тайван амгалан орчинд амьдарч чадаж байна уу гэвэл бас л эргэлзээтэй. Үүний шийдэл болсон нэг ч ажил хийхгүй байгаа нь харамсалтай.
-Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Хамгийн оновчтой, хөрөнгө мөнгө бага зарцуулах боломжтой шийдлийг юу гэж харж байна?
-Гэр хорооллын иргэдийн газрыг зах зээлийн эргэлтэд оруулах эрхийг өмчлүүлэх хэлбэрээр иргэдэд шилжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр иргэд өөрийн газар дээрээ үнэ өртөг шингээсэн барилга барих нь эрсдэлтэй болоод байна. Үүнийг дэмжих байгууллага ч алга. Манай улсад газар эргэлтэд орохгүй байна. Газар эргэлтэд орлоо ч үнэлгээ хэтэрхий бага. Иргэдэд газраа худалдах, барьцаалах, зарах бүх эрхийг нь нээж өгөх хэрэгтэй. Өнөөдөр газраа барьцаалаад зээл авъя гэвэл бараг боломжгүй. Гэтэл дахин төлөвлөлт явагдахаар газрыг нь хоёр өрөө байраар солих эсвэл мөнгө өгье гээд араас нь гүйгээд байдаг. Иргэн газар барьцаалсан зээл авч хашаандаа байшин барьж илүү сайхан амьдрах боломж эрэлхийлээд хөнгөлөлттэй зээл авах гэхээр олдоггүй, бас газрыг үнэлдэггүй. Өөрийн хүчээр байшин барилаа гэхэд үл хөдлөх хөрөнгөд бүртгэж авдаггүй асуудал үүсдэг. Хүссэн өрх бүр хашаандаа утаа гаргадаггүй, нүхэн жорлонгүй амьдрах эрх нь нээлттэй. Энэ мэтээр асуудлыг шийдвэрлэх олон арга зам бий.
-Гэр хороололд хэрэгжүүлж болох агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй аргыг юу гэж харж байна?
-Пассив технологи хэмээн хэт үнэтэй цахилгаан эрчим хүч зарцуулахын оронд байшин болон монгол гэрийг уур, дулаан тусгаарлагч, дээвэр болон хананы агаарын үе тусгаарлагч гэсэн дөрвөн шийдлийг гэрийн үндсэн үе давхаргуудад нэмж оруулж дулаалснаар гэрийг дулаан байлгахад шаардагдах эрчим хүчний зарцуулалт долоон квт-ааас 1.3 квт болж буурах ашиг тустай. Мөн агаар сэлгэлтийн горимтой, бохирдсон агаарыг гадагшлуулах, гаднаас орж буй агаарыг бүлээн болгож нэвтрүүлдэг давуу талтай. Тиймээс дулаалсан гэрт зуух, яндан ашиглахгүй гэдгээрээ онцлог.
Сүхбаатар дүүрэгт 140 мянга гаруй иргэн оршин суудаг. Гэтэл өдөрт манай дүүргээр сая гаруй иргэд зорчиж хотын төвлөрлийг бий болгож байна. Сүхбаатар дүүргийн хүрээнд бизнес эрхлэгч нарт таатай хэдий ч түгжрэл зэргээс шалтгаалан үүнийг удирдаж байх нь хотын асуудал юм. Хотын зах руу үйлчилгээний байгууллагуудыг шилжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, Сүхбаатар дүүрэгт нэгдсэн эмнэлгээ дүүргийн төвөөс зайдуу XIII хороонд барьсан нь нэг шийдэл. Энэ бодлогыг хот хэрэгжүүлбэл үр дүнтэй гэдгийг манай дүүрэг харуулж байна. Мөн сургууль, цэцэрлэгийг хотын зах руу илүү ойртуулж барих шаардлагатай байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 234 (7219)