П.АМГАЛАНБАЯР
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-аас анх удаа хүний эрх болон жендэрийн мэдрэмжтэй парламентын үнэлгээ хийж байна. Таны хувьд Монголын парламент хүний эрхийн тал дээр хэрхэн ажиллаж байна гэж дүгнэх вэ?
-Монгол Улс олон улсын хүний эрхийн суурь гэрээ, конвенцийн ихэнхэд нь элсэж орсон. Манай парламент олон улс болон дотооддоо хүний эрхийг хангах чиглэлээр идэвх, чармайлалттай ажилладаг. Тухайлбал, энэ удаагийн парламент 2021 оны дөрөвдүгээр сард Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан. Хүний эрхийн зөрчлүүдээ хамгаалах, эрүүл мэнд болон бусад эд материалын хохирол учирсан байвал төрөөс нөхөн олговор олгох механизмыг Ази тивд анх удаа Монгол Улс шийдсэн гэсэн үг. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын тайлан илтгэлийг Хууль зүйн байнгын хороо, тэр дундаа Хүний эрхийн дэд хороо жил бүр хэлэлцэж, УИХ-ын тогтоол гаргадаг. Энэ тогтоолын дагуу тухайн жилийн хүний эрхийн тайланд зөрчилтэй асуудалд шаардлагатай арга хэмжээ авах тал дээр анхааран ажиллаж байна.
-Хүний эрхийн ямар асуудлууд зөрчилтэй гэсэн дүгнэлт гарсан бэ?
-2023 онд хэлэлцсэн Хүний эрхийн тайлангийн 22 дахь илтгэлд хүүхэд, хамгаалал, ахмад настны асуудлаар тодорхой зөрчлүүд гарсан. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцууд болон дотоодын хууль тогтоомжид зөрчигдөж байна гэсэн үг. Тиймээс боловсролын багц хуулиуд, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хүүхэд хамгаалал, Гэр бүлийн хууль зэрэг хэлэлцэж байгаа хуулиуд дээр тодорхой шинэчлэлийг хийгээд явж байгаа. Ер нь Монгол Улсын хүний эрхийн нэгдэн орсон гэрээ конвенцийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах тал дээр анхаарч байна. Тэр дундаа УИХ-ын Хүний эрхийн дэд хороо шаардлагатай асуудлаар хяналт тавих, тодорхой албан тушаалтнуудын үйл ажиллагаанд асуулга, хяналтын сонсгол хийж байна. Энэ хүрээнд өнгөрсөн аравдугаар сарын 25-нд хүүхэд хамгааллын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хийсэн. Хүүхдийн эрхийн асуудлаар ажиллаж байгаа төр, иргэний нийгмийн байгууллагууд хэлэлцэж Байнгын хорооноос тогтоол гарсан.
-Хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжтэй парламентад өөрийн үнэлгээ хийснээр ямар үр дүн гарна гэж харж байна?
-Монголын парламент, Олон улсын парламентын холбоотой 2022 оны наймдугаар сард санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд Монголын парламент хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжтэй парламент эсэх тал дээр өөрийн үнэлгээ хийхээр ажиллаж байна. Дэлхийн улс орнуудын парламентууд хүний эрхийн хууль тогтоомжоо сайжруулж, улс орон дахь хүний эрхийн тогтолцоогоо дэмжих, эрх зүйн болон хүний эрхийн бусад шинэчлэлийг хийх үүднээс парламент нь хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой гэж үздэг. Мөн жендэрийн эрх тэгш байдлыг хангах, саадыг арилгах чиглэлд манлайлан ажиллах, хяналт тавих, харилцах зэрэг нь тухайн улсын ардчиллын гол үзүүлэлт байдаг.
Өнөөдрийг хүртэл дэлхийн арав гаруй улс жендэрийн мэдрэмжтэй парламентын тухай өөрийн үнэлгээ хийсэн. Ингэснээр парламент алдаатай байгаа зүйлээ олж харсан гэсэн үг. Тухайлбал, Сонгуулийн зардлыг бууруулах. Сонгуулийн систем зөвхөн хөрөнгө мөнгөтэй, олон нийтэд танил болсон улстөрчдөд давуу талтай байгаа учраас сонгуулийн тогтолцоог өөрчлөх зэрэг дүгнэлт гарсан. Ийнхүү жендэрийн өөрийн үнэлгээний дараа улс орнуудад парламентуудын жендэрийн төлөөлөл, парламентаас батлан гаргах жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн тоо нэмэгдсэн.
Монгол Улс анх удаа хүний эрхийн мэдрэмжтэй парламентын талаарх өөрийн үнэлгээгээ хийж байна. Энэ бол дэлхийд анхны алхам гэж хэлж болно. Хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжтэй парламентад өөрийн үнэлгээ хийсний дараа Монгол Улсын хууль тогтоомжуудад шаардлагатай шинэчлэл хийхээс гадна, цаашид анхаарах асуудлуудаа олон улсын болон үндэсний экспертүүдтэй хамтран үнэлгээний явцад гаргаж авах боломж бүрдэнэ. Үүний дараа тайлан, зөвлөмж гаргаж, тодорхой эрх зүйн болон бодлогын алхамууд хийнэ.
-Зөвлөмжийг биелүүлэхийн тулд хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Хоёр өдрийн хэлэлцүүлгийн явцад хүний эрхийн экспертүүд, олон улсын зөвлөх, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож тайлан, зөвлөмж гаргана. Зөвлөмжид одоо байгаа хууль боломжийн байгаа боловч хэрэгжүүлэх хүний нөөц болон санхүүжилтийн механизм алдаатай байна. Цаашид хүүхэд хамгааллын хамтарсан багийн санхүүжилтийг нэмэх шаардлагатай гэж магадгүй. Эсвэл хөдөлмөр эрхлэлтийн асуудалд тодорхой зөрчил гарч байна. Тиймээс ажлын байран дахь хөдөлмөрийн гэрээ, ажил олгогч, ажилтан хоёрын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг илүү өндөр түвшинд хүргэх ёстой гэсэн зөвлөмж гарч магадгүй. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг тухайн чиглэлээр ажиллах бүх механизм, хууль хэрэгжүүлэх үүрэг бүхий Хүний эрхийн үндэсний комисс болон Засгийн газарт чиглэл хүргүүлж ажиллана.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 233 (7218)