Базарбямбын НЯМСҮРЭН
Шүүх, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын тусгай илтгэгч Маргарет Саттертвейт манай улсын шүүх, прокурор, хуулийн салбарын хараат бус байдалд үнэлгээ хийжээ. Нью-Йоркийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор тэрбээр хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн олон улсын судлаач юм. НҮБ-ын тусгай илтгэгчид нь НҮБ-ын Хүний эрхийн хараат бус шинжээчдийн статустай бөгөөд дэлхийн улс орнуудын тодорхой салбаруудад ажиллаж, баримт материал цуглуулах, хяналт тавих үүрэгтэй ажилладаг. Мөн НҮБ-ын ажилтан биш, сайн дурын үндсэн дээр ажилладаг байна. Хатагтай С.Маргарет өнгөрсөн оны аравдугаар сард НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн шийдвэрээр тусгай илтгэгчээр томилогджээ.
Монгол Улсад анх удаа ирж байгаа тэрбээр Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн болон Сэлэнгэ аймгийн хэд хэдэн суманд ажиллаж, байр байдалтай нь танилцсан байна. Манай улсад 10 хоног ажилласан түүний томилолтын үр дүнг нэгтгэсэн, үнэлэлт дүгнэлт бүхий зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн байна. Манай улсын хувьд иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шүүх, прокурорын байгууллагын санхүүжилтийн асуудлыг бодитоор нэмэгдүүлэх, шүүхийн хараат бус байдлыг баталгаажуулах зэрэг тодорхой сэдвүүдээр санал дүгнэлтээ хүргүүлжээ.
Тэрбээр манай улсад шинэ төрлийн шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа үед томилогдон ажиллаж байгаа нь цаг үеэ олсныг онцолсноор яриагаа эхэллээ. Дашрамд дурдахад, Засгийн газрын түвшинд хэлэлцэж байгаа энэхүү хуулийн төсөлд Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх, Хялбар ажиллагааны шүүхийг шинээр байгуулахаар тусгаад буй. Тэрбээр ирэх оны зургаадугаар сард эцсийн тайлан зөвлөмжийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэх юм байна.
НҮБ-ын байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэрх мэдээллийг асуулт, хариултаар тоймлон хүргэе.
-Та Монгол Улсад ажилласан ажлынхаа үр дүнг ерөнхийд нь дүгнэвэл ямар асуудлыг онцлон анхаарах шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Миний бие багийн гишүүдийн хамт Монгол Улсын Засгийн газрын урилгаар Монгол Улсад зочилж, төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчид, иргэний нийгэм, төрийн бус байгууллага зэрэг өргөн хүрээний төлөөлөлтэй уулзлаа. Мөн Улаанбаатар хотод Чингэлтэй, Сүхбаатар, Багануур дүүрэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал сумын шүүхэд биечлэн очиж ажилласан. Дархан хотын шүүхийн шүүгчид, ажилтануудтай цахим уулзалтаар ярилцлаа.
Юуны өмнө Монгол Улс олон улсад хүний эрхийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хариуцлагатайгаар биелүүлж буйд талархалтай байна.
2019 онд Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 2021 онд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулсан нь шүүхийн тогтолцоог шинэчлэх чухал алхмуудын үндэс болсныг мэдэхэд таатай байлаа. Мэдээж эдгээр шинэчлэл нь бүрэн утгаар хэрэгжихэд цаг хугацаа, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага тулгарах нь гарцаагүй. Мөн УИХ-ын чуулганаар 24 цагийн үйл ажиллагаатай Шүүх, гэр бүлийн асуудал эрхлэх дагнасан шүүх байгуулах саналыг хэлэлцэж байгааг сонслоо. Энэхүү жижүүрийн шүүх байгуулах болсон нь шүүхийн шийдвэргүйгээр баривчлах ажиллагааг гүйцэтгэж, дур зоргоор баривчлах эрсдэлийг бууруулахад ихээхэн тус нэмэр болно гэж итгэж байна.
-Та зөвлөмждөө Шүүх тогтолцооны хараат бус байдлыг бэхжүүлэх тухайд онцолсон байна. Энэ чиглэлд ямар санал хүргүүлж байгаа вэ?
-Нэгдүгээрт, шүүгчийг тодорхой, бодитой, мэргэжлийн ур чадварт суурилсан шалгуураар томилох нь зүйтэй. Шүүгчийн тусгай сонгон шалгаруулалт явуулахдаа нэр дэвшигчийн мэдлэг, мэргэжлийн чадавхын аль алиныг үнэлдэг нь сайшаалтай. Гэхдээ нэг зүйл хэлэхэд, Шүүхийн тухай хууль болон Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан шүүгчийг томилох тухай саналыг буцаах бүрэн эрх нь хэтэрхий өргөн цар хүрээтэй байгааг онцгойлон тэмдэглэмээр байна. Ерөнхийлөгчийн энэхүү бүрэн эрх нь эрх мэдлийн хуваарилалтын хараат бус байдалд нөлөөлж болзошгүй. Би 2013, 2017, 2019 онуудад шүүгчдийг огцруулсан хэд хэдэн тохиолдол гарсан талаар сонслоо. Эдгээр шүүгчдийн зарим нь өнөөг хүртэл дахин томилогдоогүй байна.
Шүүгчийг албан тушаалаас нь огцруулахад тэдний шударга шүүхээр шүүлгүүлэх, шүүхээр хэргээ хянан хэлэлцүүлэх эрхийг хангах ёстойг онцолмоор байна. Шүүгчид олон улсын хүний эрхийн стандартын дагуу хэргээ шударгаар хянан шийдвэрлүүлэх эрхээ эдлэх ёстой.
хэрэгжилтийг бүрэн хангах арга хэмжээ авахыг Монгол Улсаас хичээнгүйлэн хүсч байна.
Миний хамгийн их эмзэглэсэн асуудал шүүхийн санхүүжилт туйлын хангалтгүй байлаа. Аймаг, сум, дүүргүүдийн шүүх хуралдааны танхимууд стандартад нийцэхгүй байна. Шүүх хурлын танхимууд нь халаалт, агааржуулалтгүй, олон нийтэд хуралдааны үйл явцыг ажиглахыг зөвшөөрөх нь битгий хэл хэргийн оролцогчид болон тэдний төлөөлөгчдийг байрлуулах зай талбай хангалтгүй байсан.
Дүүргийн хэд хэдэн шүүхийг нэг түрээсийн байранд байрлуулж, шүүх хуралдааныг явуулахын тулд шүүгчид ээлжийн зарчмаар шүүх хуралдааны танхимыг ээлжлэн ашиглах шаардлагатай байдаг тухай ч сонслоо. 10 гаруй жилийн хугацаанд улсын хэмжээнд шүүхийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийгдээгүй, мөн хугацаанд шүүгчдийн цалингийн хэмжээг нэмэгдүүлээгүй байна.
Санхүүжилтийн энэхүү дутмаг байдал нь шүүгчдийн ажиллах нөхцөл, шүүхээр дамжуулан шударга ёсыг эрэлхийлж буй хүмүүст асар сөргөөр нөлөөлжээ. Мөн шүүхийн зохион байгуулалт тааруухан, боловсон хүчний хомсдол нь шүүгч, шүүхийн ажилтанууд, шүүхээр үйлчлүүлэх иргэдэд аюулгүй байдлын эрсдэлийг үүсгэж байгааг сонслоо. Зарим шүүхийн шүүгч, ажилтнууд шүүхийн байранд орж/гарахдаа хэргийн оролцогчидтой ижил орц/гарцыг ашиглахаас өөр аргагүй байгаа нь тэднийг халдлага болон хүчирхийлэлд өртөх эрсдэлд хүргэж байна. Олон шүүх хуралдааны танхимын хэмжээ маш жижиг байгаа нь шүүгч, хэргийн оролцогчдыг бие биетэйгээ ойрхон суухад хүргэж байна. Энэ нь зарим тохиолдолд онц ноцтой гэмт хэргийн гэрч, амьд үлдсэн хохирогч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хажууд суух болдог нь тэдний аюулгүй байдалд заналхийлж, дахин хохирогч болох эрсдэлийг үүсгэж байна.
-Монгол Улсад шүүхийн салбарын цалин харьцангуй өндөрт тооцогддог. Харин та шүүхийн нөхцөл байдал стандартад нийцэхгүй байгааг хэлж байна. Тэгвэл таны олж харсан асуудлын гол шийдлийг та хэрхэн харж байна?
-Үүний шийдэл нь мэдээж санхүүжилтийг нэмэгдүүлэх явдал. Мэдээж санхүүжилтийг нэмэхээс гадна өөр хүчин зүйлс ч бий. Шүүхийн санхүүгийн хараат бус байдлыг урт хугацаанд хангахын тулд бүтцийн өөрчлөлтийг илүү тогтвортой хийх нь зүйтэй гэж би үзэж байна. Үүний тулд, Монгол Улсын төсвийн жишиг хувийг шүүх засаглалд хуваарилж, энэ хуваарилалтыг хуулиар баталгаажуулахыг хүсч байна. Шүүхийн ерөнхий зөвлөл нь энэхүү жишиг дүнг улсын төсвийн хоёр хувиар тогтоох саналыг өмнө нь гаргаж байсныг миний зүгээс нааштайгаар тэмдэглэж байна. Ийм хэлбэрийн санхүүгийн баталгаатай болсноор шүүхүүдийн дэд бүтэц, цалингийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлэх асуудлыг хангаад зогсохгүй, шүүхийн үйл ажиллагаа, үр дүнтэй ажиллах явдлыг дээшлүүлэхэд шаардагдах олон төрлийн өөрчлөлтийг эхлүүлэх боломж бүрдэх юм.
-Та шүүхээс гадна прокурорын хараат бус байдлыг бэхжүүлэхийг онцолсон байна. Энэ чиглэлд ямар зөвлөмж өгч байгаа вэ?
-Прокурорын байгууллагыг дотоод хяналт, гадны нөлөөллөөс хамгаалахын тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж би дүгнэсэн. Өмнө дүгнэж байсан зөвлөмжид Улсын Ерөнхий Прокурорыг төрийн өөр өөр байгууллагуудын хамтын шийдвэрт үндэслэж томилох нь зүйтэй гэж зөвлөж байсан. Энэ зөвлөмжийн дагуу Улсын Ерөнхий Прокурорыг томилохдоо дахин харгалзан үзэхийг Монгол Улсын эрх баригчдад үүгээр зөвлөж байна.
Харин, бусад прокуроруудын хувьд олон нийтийн дунд сонгон шалгаруулалт явуулах нь прокурорын байгууллагад өндөр чадвар бүхий нэр дэвшигчийг сонгон шалгаруулах бодит арга зам болно. Мөн хуульчийн сонгон шалгаруулалтаас гадна прокурорын сонгон шалгаруулалт авч хийдэггүй юм байна. Тиймээс прокурорын томилгоо, сахилгын шийдвэр зэрэгт бие даасан бүтэц дутагдагдалтай санагдлаа. Товчхондоо бол Монгол Улсад Шүүхийн ерөнхий зөвлөлтэй адил прокуроруудын томилгоо, сахилга бат, албан тушаалаас чөлөөлөх асуудалд хяналт тавих эрх мэдэл бүхий бие даасан, прокурорын байгууллага байгуулахыг зөвлөж байна.
Шүүх тогтолцоонд өгсөн ерөнхий зөвлөмжийн нэгэн адил, прокурорын цалингийн хэмжээ нь тэдний авч хэрэгжүүлдэг ажил үүргийнх нь өндөр ач холбогдлыг тусгах ёстой бөгөөд энэ нь хараат бус, бие даасан байдлын томоохон хэсэг болохыг зайлшгүй анхаарах шаардлагатай юм.
-Сүүлийн үед Монгол Улсад шүүхэд итгэх олон нийтийн итгэл суларсан тухай судалгаа гарах болсон. Та ч мөн адил зөвлөмждөө энэ асуудлыг онцгойлон авч үзсэн байна. Шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд хийх ёстой хамгийн гол алхмыг дурдаач гэвэл та юуг хэлэх вэ?
-Энэ бол миний зөвлөмжийн бас нэгэн чухал хэсэг байлаа. Иргэний нийгмийн байгууллагуудын хийсэн судалгаагаар Монголын иргэдийн дунд шүүх засаглалд итгэх итгэл тааруухан байгаа тухай дүн гарсантай би санал нийлж байна.
Хүн бүр эрх тэгш оролцох шударга тогтолцоог бүрдүүлэхэд шүүх, өмгөөлөгчид ямар чухал үүрэг гүйцэтгэж байгааг олон нийтэд сайтар тайлбарлан ойлгуулах шаардлагатай гэдгийг энэхүү судалгаа харуулж байна гэж энгийнээр хэлж болно.
Олон нийтийн сүлжээгээр шүүгчдийг дайралтад оруулах, мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх оролдлого гардаг гэдгийг сонсоод санаа зовниж байлаа. Ялангуяа, төрийн өндөр албан тушаалыг хашиж буй хүмүүсээс энэ төрлийн дайралт ирж байгааг сонсоод их эмзэглэлээ. Энэ асуудлын гол шийдэл нь ил тод байдал гэж би хэлмээр байна. Харамсалтай нь санхүүжилт хангалтгүй байх нь шүүхийн ил тод байдалд сөргөөр нөлөөлсөөр ирсэн нь дамжиггүй. Өмнө дурьдсанчлан, зарим шүүх хуралдааны танхим нь маш жижиг хэмжээтэй байгаа нь олон нийт, тэр дундаа сэтгүүлчдэд шүүх хуралдааныг ажиглах боломжгүй нөхцөл үүсгэж айна. Мөн, шүүгчид ажлын ачаалал их байгаа нь хэргийн шийдвэрийг тодорхой хугацаанд бичгээр гаргаж өгөх нөхцөлийг хязгаарлаж байна.
Томилгооны ил тод байдал нь иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд Монгол Улсыг шүүхийн өндөр албан тушаалд нэр дэвшигчдийн талаар олон нийтэд сонсгол явуулахыг үргэлжлүүлэх нь зүйтэй. Монгол хүн бүр шүүхэд хандаж, шударгаар шүүлгүүлж, шүүхийн шударга шийдвэр гаргуулна гэдэгтээ итгэлтэй байх нь хамгийн чухал асуудал. Харамсалтай нь нийгмийн зарим бүлэг давхаргад ийм эрхээ эдэлж чадахгүй хүмүүс байсаар байгааг сонссон. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ихээхэн хүндрэл үүсдэгийг харлаа. Шүүх хуралдааны олон танхимууд тэргэнцэртэй хүн нэвтрэх боломжгүй байгааг би анзаарсан. Мөн харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл үсгээр бичсэн материал байдаггүй эсхүл дохионы хэлний орчуулагчаар хангагддаггүй дутагдал байна.
Мөн аливаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хэрэг хийсэн хүнтэй нэг хаалгаар ордог, нэг хүлээлгийн өрөөнд хүлээдэг, аюулгүй байдлын хяналт, аюулгүй байдлыг хангах зорилгоор дагалдан явах ажилтан томилогддоггүй зэрэг нь хохирогчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ хангалтгүй зэрэг олон асуудал анхаарал татаж байлаа. Монгол хүн бүрийн эрх ашгийг хамгаалах, шударга ёсыг ялгаварлан гадуурхахгүйгээр төрөөс хангах үүрэгтэй гэдгийг би онцгойлон тэмдэглэж байна. Эрх баригчид нь ялгаварлан гадуурхах хандлага, саад бэрхшээлийг зохих ёсоор арилгахын тулд зохих сургалтууд зохион байгуулж, шаардлагатай шинэчлэлийг төлөвлөх ёстой
-Монгол Улсын парламент Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Энэ хуульд одоогоор Иргэний хуулиар шийдэгдэж байгаа “гүтгэх болон доромжлох”-той холбоотой асуудал Эрүүгийн хуулиар шийдэгдэхээр болж өөрчлөлт орж байна. Мэдээж хүнийг гүтгэх доромжлох нь хүний эрхийн болон ёс зүйн ноцтой зөрчил мөн боловч үүнийг хэт хүндрүүлж Эрүүгийн хуулиар зохицуулах нь хэр оновчтой юм бэ. Ялангуяа үүгээр дамжуулж хэвлэл мэдээллийн хэрэгслийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хааж боох нөхцөл үүсэх вий гэсэн болгоомжлол сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнд бий. Олон улсад энэ асуудалд ямар хуулийг баримталдаг юм бол?
-Гүтгэх болон доромжлох тухай асуудалд Эрүүгийн хууль ч юм уу Иргэний хууль аль нэг нь байх ёстой гэж шууд хэлж болохгүй. Гэхдээ ямар ч хуулийн зохицуулалт байсан хүний эрхийг хангасан, хэм хэмжээний хүрээнд байх ёстой. Хэвлэн мэдээлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх ямар ч хуулиар хязгаарлагдах ёсгүй. Монголын Их хурал ямар ч байдлаар хүний эрхийг зөрчихгүй байх зарчмаа баримталж хууль батална гэж найдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 229 (7214)