Х.Амаржаргал: Оюу толгойн гэрээ Монголд ашигтайг хэлэх цаг болсон

2023-11-13
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

Ц.БАЯР

 

"Рио Тинто" группын Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Х.Амаржаргалтай цаг үеийн сэдвээр ярилцлаа. Тэрээр тус төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас эхлэн өнөөг хүртэл 15 жилийн турш тасралтгүй ажиллаж ирсэн туршлагатай юм.

 

-Оюу толгойн хөрөнгө оруулагч талаас байр сууриа байн байн илэрхийлээд байдаггүй. Олон жилийн турш Оюу толгойн гэрээг хийсэн хүмүүс нь биш өөр хүмүүс их тайлбарлалаа.

-Оюу толгойн гэрээг анх байгуулагдах цагаас эхлэн ажиллаж, амьдралынхаа арав гаруй жилийг зарцуулсан хүний хувьд ярих нь зүйтэй гэж бодож байна. Оюу толгой нь ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монголчуудын хэрэгжүүлж буй хамгийн том төсөл.

Төслийг бид анх удаа барууны буюу Англи, Австралийн хөрөнгө оруулагчидтай орчин цагийн дэлхийн эдийн засаг, эрх зүй, бизнесийн зарчмаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж хийсэн гэдгээрээ онцлогтой.

Тиймээс ч анхны гэдэг утгаараа Оюу толгойн гэрээг дагасан асар олон зөв, буруу мэдээлэл, байр суурь, үзэл бодлууд хөвөрсөн жилүүд өнгөрлөө.

Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний амин сүнс /spirit of agreement/ буюу энэ гэрээг эх барих болсон шалтгааныг хамгийн эхэнд дурдмаар байна. Хөрөнгө оруулалтын гэрээг “тогтвортой байдлын гэрээ” гэж ойлгож, хүлээж авах ёстой юм. 

Гадаадын хөрөнгө оруулагчид дэд бүтэцгүй, алс хол Монголын говийн гүнд нойрсож байсан Оюу толгойн ордыг олборлох олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийх шийдвэр гаргахдаа Монголчуудаас хүссэн хамгийн гол зүйл болох “тогтвортой байдал”-ыг баталгаажуулж авсан гэрээ.

Энгийнээр тайлбарлавал бизнес анх эхлэхдээ л хоёр тал цаашид хэлсэн, ярьсандаа байна шүү гэдгээ тохирч авсан хэрэг. Одоо ч талууд анх байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнийхээ хүрээнд хамтран ажиллаж Оюу Толгойг дэлхийн хэмжээний бизнес болгох эхлэлийг амжилттай тавиад байна. Энэ амжилтад Засгийн газрын хүчин чармайлт, хамтын ажиллагаа бас чухал үүрэг гүйцэтгэсэн. 

Хөрөнгө оруулагч талаас гэрээний хүрээнд тохирсон хөрөнгө оруулалтаа хийгээд төслөө маш сайн урагшлуулж байгаа. Сүүлийн жилүүдэд Засгийн газар, хөрөнгө оруулагч талын харилцаа шинэ түвшинд гарч, маш олон амжилтад хүрсний нэг нь энэ онд хамтдаа Гүний уурхайн олборлолтыг эхлүүлж, манай ажилтнуудын 14 жилийн тасралтгүй хөдөлмөрийн үр дүнг дэлхий нийтэд харуулж чадсан. Мөн Оюу толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах талаар УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Засгийн газартай амжилттай хамтран ажиллаж, хэрэгжилтийг дуусгах шатандаа явж байна. Тухайлбал сүүлийн дөрвөн жилийн хугацаанд багагүй ажил хийж, төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг 9 тэрбум орчим ам.доллараар нэмэгдүүлж, улсад ирэх үр өгөөжийг 60 гаруй хувьд хүргэж чадсан зэрэг амжилттай хэлцлүүдийг хийлээ. 

-Оюу толгойн татварын маргаан арбитраар шийдэгдэхээр хүлээгдэж байна. Татварын асуудлаар маргаад байгаа суурь шалтгаан нь юу вэ?

-Оюу толгойн татварын маргаан энэхүү гэрээг анх байгуулагдахад буюу 2009 онд тогтворжуулсан татварын орчинтой холбоотой. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үе болон  өнөөдөр үйлчилж байгаа хууль журмын ялгаанаас болж гарсан ойлголтын зөрүү бий. Дээр ярьсанчлан Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын орчин өөрчлөгдсөн тул Татварын Ерөнхий газар, Оюу толгой ХХК татварын асуудлыг өөр өөрсдийнхөөрөө ойлгож, тайлбарлаж байна. Үүнээс үүдэж Татварын Ерөнхий Газраас Оюу толгой ХХК-д  хоёр удаагийн акт тавьсан. Нийт үнийн дүн нь 354 сая ам.доллар буюу нэг их наяд гаруй төгрөгийн дүн бүхий арбитрын маргаан үүсээд явж байна. Ер нь асуудлаа арбитрын бус аргаар шийдэх боломжтой учраас арбитрын үйл ажиллагааг хоёр тал харилцан тохиролцож хойшлуулаад байгаа. Манай компанийн зүгээс төслийн тогтвортой байдлыг бодож татварын маргааныг шийдэх хоёр удаагийн санал тавиад байна. Энэхүү саналууд нь татварын орлогыг нэмэгдүүлэх эерэг  нөлөөтэй.

Хамгийн гол нь бид ойлголцлын зөрүүгээ эргэлзээгүй нэг мөр арилгах шаардлагатай байгаа. Тэгж байж Оюу толгойд түшиглэсэн хайлуулах үйлдвэр, дараа дараагийн бүтээн байгуулалтуудаа урагшлуулах бололцоотой болох юм.

-Сүүлийн өдрүүдэд Оюу толгой төсөлд нэмэлт 1.6 тэрбум ам.долларын санхүүжилт авах гэж байгаа тухай мэдээлэл гарах боллоо. Энэ ямар учиртай юм бэ. Зардал хэтрэлтийн асуудал уу?

-Зардал хэтэрч байгаа асуудал биш. Одоо яригдаж буй 1.6 тэрбум ам.долларын санхүүжилтийг гүний уурхайн зардал өссөнтэй холбоотой гэх агуулгатай ташаа мэдээлэл хэвлэлээр гарсанд харамсаж байна. Энэ бол 2021 оноос хойш төлөвлөгдсөн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор авч буй төлөвлөгөөт хөрөнгө оруулалт бөгөөд тодруулж хэлэхэд Монголын талын ногдол ашиг авах хугацаанд нөлөөлөхгүй.

Нэгэнт Оюу толгой төслийн санхүүжилтийг ярьж эхэлсэн тул Хувь нийлүүлэгчдийн гэрээний тухай ярья. Энэхүү гэрээ нь 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээтэй зэрэг байгуулагдсан. Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтвортой байдлыг баталгаажуулсан бол Хувь нийлүүлэгчдийн гэрээнд санхүүжилтийн асуудлуудыг илүү тусгаж өгсөн. Оюу толгой компанийг байгуулж төслийг эхлүүлэхэд Монголын Засгийн газрыг төлөөлж Эрдэнэс Оюу толгой компани 34 хувийг нь эзэмшиж эхэлсэн бол 66 хувийг гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшсэн. Ямар нэг компанийг байгуулахад  эзэмшсэн хувь хэмжээндээ таарсан санхүүжилтийг оруулах буюу мөнгөө гаргах нь ойлгомжтой асуудал. Монголын тал 34 хувьд ногдох мөнгөө гаргах боломжгүй байсан учраас хөрөнгө оруулагч талаас зээл авч хувиа эзэмшсэн гэсэн үг. Үүнийг хувь нийлүүлэгчдийн зээл гэж нэрлэдэг. Тухайн үед санхүүжилтийн бусад боломж байсан уу гэвэл байсан. Жишээ нь өөр улсаас, өөр банкнаас, эсвэл олон улсын зах зээлд бонд босгох замаар гэдэг ч юм уу. Харин хувь нийлүүлэгчдийн зээл авах сонголтыг хийсэн нь мэргэн бөгөөд оновчтой шийдвэр байсныг цаг хугацаа харуулж байна.  Яагаад гэдгийг тайлбарлая.

Оюу толгой төслийг өнгөрсөн  14 жилийн хугацаанд  санхүүжүүлсэн 15 тэрбум ам.долларыг дараах гурван хэлбэрээр бий болгосон.

Нэгдүгээрт, Хувь нийлүүлэгчдийн зээл: Засгийн газраас гаргах ёстой санхүүжилтээ гаргаж чадаагүй тул хөрөнгө оруулагч талаас авсан зээл. Гэхдээ энэхүү зээлийн үлдэгдэл 2.3 тэрбум ам.долларыг 2022 оны нэгдүгээр сарын хэлэлцээрээр тэглэсэн. Ингэснээр Эрдэнэс Оюу толгой өргүй болсон. Хэлэлцээрийг амжилттай байгуулснаар бидний харилцаа шинэ түвшинд хүрч, энэ гуравдугаар сард бид Гүний уурхайн олборлолтоо амжилттай эхлүүлсэн шүү дээ.

Хоёрдугаарт, Төслийн санхүүжилт: Гүний уурхайн төслийг хэрэгжүүлэх зорилгоор дэлхийн 14 том банкнаас авсан зээл. Үүнийг бид 2015 онд Дубайд байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөгөөр тохиролцож, гүний уурхайн төслийг урагшлуулж байв. Энэ гэрээ байгуулагдсанаар зогсоод байсан гүний уурхайн бүтээн байгуулалт хөдөлж, Монгол Улс бизнест эргэн ирснээ дэлхий нийтэд зарлаж байлаа. 

Гуравдугаарт, Оюу Толгой ХХК-ийн өөрийнх нь авч буй зээл: Бусад компаниудын адилаар шаардлагатай үедээ авдаг санхүүжилт. Оюу толгойн зээлийг хувь нийлүүлэгчид буюу Рио Тинто, Эрдэнэс Оюу Толгойн аль нь ч хариуцахгүй. Компани төлөвлөгөөнийхөө дагуу төлнө. Оюу толгой компанийн санхүүгийн менежментийг бид олон улсын түвшинд хийдэг. Тиймээс өрийн дарамтгүй, бүх зүйл төлөвлөгөөний дагуу гэж ойлгож болно.

Дээрх хөрөнгө оруулалтууд нь дэлхий дээр бизнес хийж буй бүх л компанийн адилаар зах зээлийн зарчмаар, зах зээлийн хүүтэйгээр авсан хөрөнгө оруулалтууд. Төсөл амжилттай хэрэгжиж, бизнесийн орлого нэмэгдэхийн хэрээр зээлээ эргэн төлөөд л явж байгаа. Эдгээр нь Оюу толгой уурхайн өнөөгийн амжилтын суурь байсан. Үүний ачаар бид өнөөдөр 20 мянга гаруй ажлын байр бий болгосон, ТОП-100 компанийн I эрэмбэлэгдэх компанийг босгож, удахгүй дэлхийд дөрөвдүгээрт орох зэсийн уурхайтай болох гэж байна.

-Дээрх зээлийн хүү анхаарал татдаг. Зургаан хувь+LIBOR нь хэр өндөр хүү вэ. Яагаад ийм хүүгээр зээл олгож эхэлсэн бэ?

- LIBOR гэдэг нь Лондоны банк хоорондын зах зээлийн хүү. Олон улсын зах зээлд оролцогчид зээл өгөлцөж авалцахдаа энэхүү хүүг баримталдаг гэсэн үг. Энэ хүү нь дэлхийн томоохон төв банкнуудын бодлогын хүүтэй уялдаж хэлбэлзэж байдаг юм. Тиймээс энэхүү хүүг бид ч тогтоохгүй,  төр ч тогтоохгүй, харин томоохон орнуудын төв банкнуудын бодлоготой уялдаж зах зээл тогтоож байгаа. Ковидоос үүдэж сүүлийн жилүүдэд дэлхий даяар бодлогын банкнуудын хүү эрчимтэй өссөн. Энэ нь санхүүжилтийн зардлыг хаа хаанаа л өсгөж байна. Харин зургаан хувь бол Монгол Улсын олон улсын зах зээлээс авдаг зээлийн хүү юм. Өөрөөр хэлбэл олон улсын хөрөнгө оруулагчид, зээлдэгчид манай улсын эрсдэлийг үнэлж жилд зургаан хувийн хүүтэйгээр л зээл өгдөг. Монгол Улс зээлийн хүүгээ бууруулахын тулд эдийн засгийн эрсдэлээ багасгаж, илүү найдвартай зээлдэгчийн ангилалд орох хэрэгтэй. Тиймээс ч хүүгийн асуудлыг долоон жил тутамд эргэж харах эрх нь нээлттэйгээр зааж өгсөн. Зээлийн хүүг бууруулах нь Оюу Толгой төслийн хувь нийлүүлэгчдийн гэхээс илүү Монгол Улсын эдийн засгийн суурь асуудал.  Харин алсдаа зээлийн хүүг бууруулахад Оюу толгой шиг мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нь тулгын чулуу болно. Түүнээс биш Рио Тинто Монголд өндөр хүүтэй зээл олгоод, хүүлээд байгаа юм биш. Манайх уул уурхайн компани болохоос зээлийн хүү тогтоож байдаг санхүүгийн байгууллага биш шүү дээ.

-Их сонирхолтой өнцөг байна. Рио Тинто төслийг хэрэгжүүлэхдээ менежментийн төлбөр авдаг. Энэхүү төлбөрийг зардлаас тооцдог тул зардлаа хэтрүүлдэг гэх хардлага бий?

-Энэ яриаг үнэхээр ойлгодоггүй. Би гуравхан хувийг нь буцаан авахын тулд халааснаасаа нэмж мөнгө гаргаад өөр хүнд өгнө гэж байх уу? Жишээ нь та хоёр сая төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авахын тулд 100 сая төгрөгийн зардал гаргахгүй шүү дээ. Тиймээс менежментийн төлбөрийг зардлаас тооцдог тул зардлаа хэтрүүлдэг гэдэг бол ямар ч тооцоололгүй, утгагүй яриа. Оюу толгой төсөл нь Рио Тинтогийн Зэсийн группийн нэг хэсэг тул бид ч энэхүү төсөлд өөриймсөг сэтгэлээр хандаж, бүх талаар зөв, шилдэг нь байлгахыг хүсдэг.

Ер нь зардал хэтрэлт гэж нэрлээд байгаа санхүүжилтийн зөрүүний талаар заавал хэлэх ёстой зүйл бол дэлхий дээрх бүхий л салбарын мега төслүүдийн зардал анхны төсөөлснөөс хэтэрдэг. Мега төсөл хэрэгжүүлнэ гэдэг нь урт холын аялал тул анхны хүлээлтээс өөр байх нь ойлгомжтой. Төслийн санхүүжилт нэмэгдэж буй нь хянамгай бус байснаас биш илүү их бүтээн байгуулалт хийж, илүү аюулгүй уурхай байгуулах болсноос үүдэж болно шүү дээ. Энгийнээр та гэртээ засвар хийхдээ ч яг таг тооцооллоо хийж чаддаггүй. Баримжаа л авна уу гэхээс яг тэдэн төгрөг гарна гэхэд хэцүү. Яг үүнтэй л ижил зүйл. Ялангуяа уул уурхай зэрэг өндөр технологи, нарийн инженерчлэл шаардсан салбарт зардлын зөрүү гардаг нь бичигдээгүй хууль шахуу юм.

-Менежментийн төлбөрийн тухайд бүтээн байгуулалтын зардлын гурван хувийг авч буй нь хэр өндөр вэ. Ер нь менежментийн төлбөр авах ёстой юу?

-Менежментийн төлбөр авах ёстой гэдэг нь ойлгомжтой. Оюу толгойн гүний уурхай бол блокчлон олборлох буюу дэлхий дээрх хамгийн нарийн олборлолтын технологи ашигладаг. Газрын гүний 1300 метрт байгаа зэсийн хүдрийг олборлох зардал багатай энэ аргыг бид сүүлийн 25 жилийн турш хөгжүүлж, энэ нөү хауг бий болгохын тулд 150 жилийг зарцуулсан. Тиймээс төслийг амжилттай хэрэгжүүлэх удирдлага, менежментийн шаардлагатай төлбөр, санхүүжилтээ авах нь шударга шүү дээ. Энэ төлбөрийг зардлаас тооцдог тул үйл ажиллагаа нь жигдрээд зардал нь багасаад ирмэгц угаасаа буурна. Хувь хэмжээний тухайд 2009 онд бид Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээний үеэр маш олон зүйлийг жинлэж үзэж байж Монголын талд 51-ээс дээш хувь буюу илүү үр өгөөжтэй байхаар хэлцлүүдээ хийсэн юм. Тиймээс менежментийн төлбөрийг дангаар нь сугалж аваад ярьж болдоггүй. Энэ асуудал хэлэлцээний ширээн дээр татварын олон асуудалтай хамт яригдсан. Жишээ нь Оюу толгой НӨАТ буцаан авдаггүй. НӨАТ авахгүй учраас оронд нь менежментийн төлбөрийг энэ хувиар авна гэх зэргээр тохирсон асуудал юм. Ер нь бизнес хийнэ гэдэг нь өгөө аваатай, хоёр тал адилхан сэтгэл ханамжтай үлдэх тухай ойлголт.

-Та сая Монголын талд 51-ээс дээш хувийн өгөөжтэй гэж ярилаа. Оюу толгой төслийн Монголд өгөх үр өгөөжийн талаар сүүлийн 20 жил ярьж байна. Цаашид ч ярих бололтой. Монголд үнэхээр ашигтай юу?

- Хөрөнгө оруулалтын гэрээг олон улстай харьцуулбал Монголын талд өндөр үр өгөөжтэй байгаа. Үүнийг тоо баримтаар, харьцуулсан судалгаанууд байдаг. Жишээлбэл, Рио Тинто зөвхөн Баруун Австралид гэхэд 17 уурхай ажиллуулдаг. Нэг бүр нь Оюу толгой шиг. Ингээд бодохоор тэр уурхайнууд хэчнээн хэмжээний татвар төлж, хэдэн ажлын байр бий болгож, эрдэм мэдлэг, ур чадварыг бүтээж байгаа вэ. Австраличууд үр өгөөжийг нь өргөн хүрээнд харж чадаж байгаа учраас хөрөнгө оруулагчдыг дэмжиж өдгөө дэлхийд 12 дугаарт орох хүчирхэг эдийн засгийг бүтээж чаджээ. Хөрөнгө оруулалт орж ирэх тусам тэнд бизнес цэцэглэж, ард иргэд ажилтай байж, бүтээн байгуулалт явагдаж байдгийг бид харж байна. Хамгийн том эдийн засгууд болох АНУ, БНХАУ хөрөнгө оруулагчдад таатай байдлаараа дэлхийд тэргүүлдэг. Тэд мөнгийг загас ихтэй цөөрөмд усны шувуу цугладаг шиг л татдаг. Тиймээс Оюу толгой төслийн үр өгөөжийг төсөвт төлж буй татвар, ногдол ашиг зэргээр хязгаарлаж ярих нь дэндүү ахархан юм. Нийгэм, эдийн засгийн бие даасан байдал гээд маш өргөн хүрээний сэдэв. Энэ төсөл, гэрээ нь Монголд ашигтай гэдгийг хэлэх цаг болжээ. Бид дараагийн шатны том ажлууддаа ханцуй шамлан орох уу, талцсаар суух уу гэх асуудал бий. Уг нь одоо дараагийн шатны ажлууд болох аж үйлдвэржилт, өөр мега төслүүдийг хэрхэн эхлүүлэх тал дээр оюун бодлоо уралдуулж, хүч нөөцөө шавхаж байх нь зүйтэй юм.

-Дараагийн шат гэдэг нь Оюу толгойг дагасан аж үйлдвэржилтийг ярьж байна уу. Үнэндээ Монголын ард түмэн аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэхийг сүүлийн 30 жил хүслээ?

-Тантай санал нэг байна. Баяртай мэдээ дуулгахад өнгөрсөн сард бид Оюу толгой төслийн III шат буюу уурхайг дагасан аж үйлдвэржилтийг бий болгох зорилгоор Монгол дахь оффисоо өргөжүүлж эхэлсэн. Энэ асуудлыг хариуцах багийг бий болгож, ажилдаа ороод байна. Одоогоор хайлуулах үйлдвэр, Ханбогдыг хөгжүүлэх төсөл, овоолгоо ашиглах асуудлуудыг урагшлуулахаар судалж байна. Энэ бүгд дахиад хөрөнгө оруулалт, ажлын байрыг бий болгох чадвартай. Уг төслүүдэд Засгийн газар, хувийн хэвшил гар нийлэн оролцож, аж үйлдвэржилтийн хөгжлийг хамтдаа урагшлуулна гэж итгэж байна.

-Оюу толгойн татварыг Эрдэнэттэй, Хөрөнгө оруулалтын гэрээг Францын Ораногийн хөрөнгө оруулж байгаа ураны төсөлтэй харьцуулах харьцуулалт явагдаж байна. Энэ тал дээр таны байр суурь ямар байдаг вэ?

-Эрдэнэтийн хувьд хоёр уурхайн насны ялгаа бий. Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа эхлээд 50 орчим жил болсон, бүтээн байгуулалтын үеийн зардлын асуудлаа туулаад гарчихсан уурхай. Харин Оюу толгойн ил уурхай 10 настай бол гүний уурхайн олборлолт дөнгөж энэ жил л эхэлж байна. Оюу толгойн үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр төлөх татварын хэмжээ нэмэгдэж, татвар төлөлтөөрөө тэргүүлнэ. Тэгэхээр энэ нь цаг хугацааны асуудал.

Ураны төслийн хувьд Монголын Засгийн газар гуравдагч хөршөөс хөрөнгө оруулалт татаж байгаад би их баярлаж төслийн ирээдүйд амжилт хүсэж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээний тухайд уран, зэс хоёр шал өөр учраас харьцуулах боломжгүй. Тэмээ, ямаа хоёрыг харьцуулаад байгаатай адил болно. Мөн уран нь Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг. Хамгийн гол нь энэ бол Засгийн газар хоорондын хэлэлцээр. Оюу толгой бол Засгийн газар, хувийн хэвшил хоорондын хэлэлцээр. Ийм том суурь ялгаанууд байгаа учраас хоёр төслийг харьцуулан дүгнэлт гаргахад хэцүү. Ер нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь эдийн засгаа  тогтвортой тэлэхэд чухал.

-Оюу толгойн дам нөлөө тал дээр тантай санал нэгдэж байна. Гэхдээ ард түмэн үүний үр өгөөжийг хүртэхгүй байна гэж бодож байгаа. Ер нь уул уурхай, мега төслүүдийн үр өгөөжийг ард түмэнд хэрхэн хүртээх ёстой вэ?

-Энэ асуултад би та бүхний адил энэ улсын татвар төлөгч иргэн Амаржаргалын өнцгөөс хариулмаар байна. Сүүлийн жилүүдэд Оюу толгой гэлтгүй Таван толгой, Эрдэнэт үйлдвэр, Энержи Ресурс, Монголын Алт гээд уул уурхайн тэргүүлэх компаниудын төсөвт төлсөн татвар тасралтгүй өслөө. Уул уурхай, эрдэс баялгийн салбарынхан зогсох эрхгүйгээр ажиллаж эдийн засгийг хөдөлгөгч гол хүч хэвээр байна. Цаашид ч хувийн хэвшлээс төвлөрүүлэх орлого улам өснө. Орлогын хуваарилалтыг зөв хийх, ард түмэндээ жинхэнэ үр өгөөж хүртээх урт хугацааны хөрөнгө оруулалт хийх эсэх бол хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн шийдэх асуудал биш.  Энэ бол орон гэрээ засаж янзлахтай адил манай улсын иргэд буюу бидний өөрсдөө шийдэх ёстой дотоод асуудал юм. 

Эх сурвалж: Rio Tinto

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 226, 227 (7211, 7212)

 

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

26 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

1 цаг 32 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

4 цаг 59 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

4 цаг 59 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

4 цаг 59 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

4 цаг 59 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

4 цаг 59 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

4 цаг 59 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

17 цаг 13 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

17 цаг 33 мин