Б.Эрдэнэбулган: Дүүргүүдэд төсвийг шударга, тэгш хуваарилах шаардлагатай

2023-11-10
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ

 

Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын даргад энэ сарын 2-ны өдөр өргөн барьсан. Энэ талаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.

 

-Нийслэл энэ оныхоо төсвийг тодотгохоор болж байна. Сар хүрэхгүй хугацааны дараа нийслэл ирэх оныхоо төсвийг батлах гэж байгаа. Тэгвэл энэ оны төсвийг тодотгох зайлшгүй шаардлага бий юу?

-Нийслэл энэ оны төсвийг гурав дахь удаагаа тодотгож байна. Эхнийх нь өнгөрсөн долдугаар сарын 3-нд Монгол Улсын төсвийн тодотголыг баталж, 1.2 их наяд төгрөгөөр нийгэм, эдийн засгийн зарим арга хэмжээг санхүүжүүлэхээр болсон. Тодруулбал, долдугаар сарын 1-нээс тэтгэврийн зөрүүг ойртуулахын зэрэгцээ нийт тэтгэврийг 10 хувь нэмсэн. Мөн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Төрийн албан хаагчдын цалинг нэмсэн. Нийслэлийн түгжрэлийг шийдэхэд тодорхой хувийг зарцуулахаар төлөвлөсөн. Тиймээс үүнийг дагаж нийслэл төсвөө тодотгох болсон.

Харин наймдугаар сарын 9-нд Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор “Улаанбаатар бонд” гаргах хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрч тогтоол гаргасантай холбоотойгоор тодотгол хийж байсан.

Энэ удаагийн тодотгол хийх болсон шаардлага нь Санхүүгийн зохицуулах хорооноос "Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг түр хойшлуулсантай холбогдуулан төсвийн орлого буурч, төсөв алдагдалтай болох нөхцөл үүссэн тул төсөвт тодотгол хийх нь зүйтэй гэж үзсэн бололтой.

-Тэгвэл төсвийн алдагдлаас сэргийлэх арга хэмжээ авч байна гэж ойлгож болох уу?

-Тэгэхээр эх үүсвэрээ тогтоож төсөвт суулгасан хөрөнгийг төвлөрүүлэх боломжгүй болсон учраас 500 тэрбумын алдагдалд орохоос сэргийлэхээр зайлшгүй авах арга хэмжээ гэж болно.

Энэ удаагийн төсвийн тодотголоор бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн тэнцлийг хангуулахад анхаарч төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэж Хотын дарга Х.Нямбаатар тайлбарлаж байна лээ.

-“Улаанбаатар бонд” шат, шатны байгууллагын зөвшөөрлийг авч, хөрөнгийн зах зээл дээр арилжаалах боломжтой болсон. Цаашид үүнийг хэрхэн шийдвэрлэх бол?

-Нэгэнт УИХ, Засгийн газар тогтоол гарган баталж, Санхүүгийн зохицуулах хороо Бонд арилжаалах хүсэлтийг нь баталгаажуулсан учраас түр хугацаагаар хойшлуулан ирэх онд “Улаанбаатар бонд”-ыг арилжаалж хөрөнгө татан төвлөрүүлэх ажлыг эхлүүлэх болов уу гэсэн хүлээлт байна. Учир нь бондын хөрөнгөөр 2020, 2021, 2022 онд бүтээн байгуулалтын ажлууд нь эхлээд явж байгаа 11 цэцэрлэг, дөрвөн сургууль барих санхүүжилтийг олгохоор төлөвлөсөн байсан.

-Энэ нь НИТХ-ийг "хүчгүй" харагдуулаад байх шиг...?

-Нийслэлийн төлөөлөгчдийг УИХ-ын гишүүдтэй харьцуулашгүй. Гишүүдийн хувьд салбарын яамдын төсвөөр дамжуулан, санал дэвшүүлэх, төсөвт хөрөнгө тусгуулах боломжтой.

Нийслэлийн төсөвт, нэгдүгээрт урсгал зардал, хоёрдугаарт төсвийн хөрөнгө оруулалт, гуравдугаарт улсын төсөвт шилжүүлэх орлого гэсэн гурван үндсэн зардлыг тусгадаг. Тэгэхээр урсгал зардлыг нийслэлийн Засаг дарга жилдээ багтаан төрийн үйлчилгээ, бүтээн байгуулалт болон бодлогын арга хэмжээнд зарцуулах эрхтэй. Харин нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалт, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан гэсэн гурван хэлбэртэй байдаг. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын шийдвэрлэлт, зарцуулалт ихэвчлэн Нийслэлийн Засаг дарга, түүний удирдлагын багийн шийдвэрээр хэрэгждэг бол Нийслэлийн замын хөгжлийн сан нь авто зам ашигласны төлбөрөөс бүрдэж эргээд замдаа зарцуулагддаг. Харин ОНХС-гийн хөрөнгө оруулалтын асуудлыг нийслэлийн төлөөлөгчид хэрхэх талаар санал оруулж, асуулга тавих боломжтой. Гэвч тус сан нь тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын саналд тулгуурлан хөрөнгө оруулалтын зарцуулалтаа тодорхойлж байна. Тэгэхээр нийслэлийн төлөөлөгчдийн хувьд төсвийн төлөвлөлтөд гүнзгий оролцох боломж хомс.

Нөгөөтэйгүүр төлөөлөгчид нийслэлийн харъяа газруудын удирдлага болж томилогдох нь бий. Тэдний хувьд нэгэнт байгууллага хариуцаж байгаа учраас нийслэлийн төсөвт харъяалах газрынхаа төсөвт анхаарал хандуулж ажиллах нь зүйн хэрэг. Гэхдээ нийслэлийн төлөөлөгч гэдэг тойргийнхоо иргэдийг төлөөлж шийдвэр гарган нийслэлийн удирдлагад үүрэг өгөх ёстой. Үүнийхээ дараагаар өгсөн үүргийг хэрхэн гүйцэтгэж байгааг хянадаг байх хэрэгтэй. Гэтэл ажлыг нь хянах Засаг даргынхаа харъяаны агентлаг, газарт орж ажиллах нь ёс зүйн хувьд байж болохгүй. Өөрөөр хэлбэл, төлөөлөх эрх мэдлийн байгууллага, гүйцэтгэх удирдлагадаа харъяалагдах нь зохимжгүй л дээ.

-Дүүрэг санхүүгийн хувьд эрх мэдэл багатай нэгж. Гэхдээ татвар төвлөрүүлдэг, татаас авдаг гээд ялгаатай байдаг бололтой?

-Дүүргүүд татварын орлого бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажилладаг нь үнэн. Тухайлбал, 2016 оноос хойш Сүхбаатар дүүрэг нийслэлийн төсөвт 887 743 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлсэн байдаг. Түүнчлэн 2023 онд нийслэлийн есөн дүүрэг нийтдээ 887 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх ёстой бол үүний 32 хувийг Сүхбаатар дүүрэг дангаараа бүрдүүлж байна. Харин татаас авдаг хоёр дүүрэг нь Налайх, Багахангай юм. Тэгэхээр долоон дүүрэг нийслэлийн төсөвт татварын орлого бүрдүүлж төвлөрүүлдэг гэсэн үг. Ер нь нийслэлийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэхдээ хуваарилалт оновчтой, шударга байж чадахгүй байгааг хэлэх нь зүйтэй. Яагаад гэвэл, газар нутаг, хүн амын хэмжээгээрээ адилхан атлаа нийслэлийн төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ харилцан адилгүй байна. Энэ мэт тэгш биш хуваарилалт зарим талаараа бие дааж асуудлыг шийдвэрлэхэд саад болдог. Өөрөөр хэлбэл төсвийн шударга бус, тэгш бус харилцаанаас хамаарч, нэг нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх “бяртай”, нөгөөх нь дорвитой ажил хийдэггүй мэт харагдаж байна.

Нөгөөтэйгүүр би дээр хэлсэнчлэн Сүхбаатар дүүрэг 2023 онд нийт 386.9 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлэхээс 291.8 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж өгнө. Энэ нь Сүхбаатар дүүргийн татвар төлөгч иргэн, аж ахуй нэгжийн дөрвөн төгрөг тутмын 3 нь нийслэлийн Засаг даргын мэдэлж шилжиж зарцуулагдана гэсэн үг. Тэгэхээр үлдсэн 95.1 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд Сүхбаатар дүүргийн 140 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээ үзүүлэх урсгал зардал болон тэдний ирээдүйд хөрөнгө оруулах бүтээн байгуулалтын ажилдаа зарцуулж байна л даа. 

Ер нь нийгэм, эдийн засгийн салбарт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийх зайлшгүй шаардлага бий. Харамсалтай нь үүнийгээ гүйцэтгэх хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалд орж байна шүү дээ. Энэ нь нөгөө талдаа дүүргийн удирдлагууд иргэдийнхээ төлөө нийгмийн асуудлыг шийдвэрлэхгүй байна гэдэг үнэлэлт авах нөхцөл болдог. Мэдээж тэглээ гээд зайлшгүй шийдвэрлэх, хийж гүйцэтгэх ажлуудыг орхигдуулалгүй ажиллаж байна. Сүхбаатар дүүрэг анх удаа орон нутгийн төсвөөрөө бие дааж, дүүргийн эмнэлгийг иж бүрнээр нь барьж байна. Мөн залуучуудад зориулсан спорт цогцолбор барихаар төлөвлөөд, төсөв гаргаад ажиллаж байна.

-Таны ярьсан тэгш биш хуваарилалтыг өөрчлөх ямар гарц байна вэ?

-Монгол Улсын төсвийн бүрдүүлэлтэд татварын орлого чухал үүрэгтэй. Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа нутаг дэвсгэрийнхээ харъяаллаар татварын орлогоо төвлөрүүлдэг. Харин түүнийг нь татаас хэлбэрээр дээд шатных нь байгууллага руу шилжүүлдэг. Энэ нь тухайн бизнесийн байгууллагад ч, харъяалах дүүрэгт ч үр өгөөж бага гэсэн үг. Учир нь захиран зарцуулах эрх нь нийслэл болоод түүний дээд шатны байгууллагад “шилжиж” байгаа учраас дүүргийн зүгээс компаниудын үйл ажиллагааг дэмжих, хөшүүрэгдэх боломжгүй. Нөгөөтэйгүүр эдийн засаг, хүн ам, нөхцөл байдлын хувьд адилхан түвшинд байгаа газруудын төсөвт төвлөрүүлэх татвар болоод ОНХС-гаар дамжуулан хуваарилагддаг хөрөнгийн эх үүсвэр харилцан адилгүй, хэт ялгаатай байдаг. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй байгаа юм.

Түүнээс гадна дүүрэг төвлөрүүлсэн орлогоо захиран зарцуулах эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар бүрдүүлсэн. Тодруулбал, тус хуулийн 16.1-д бие даасан төсөвтэй байна гэж заасан. 16.3-т төсвийн хөрөнгийг хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэхэд зарцуулна гэсэн бол 27.5.14-т мал, амьтны халдварт, шимэгчлэх өвчинтэй тэмцэх, хортон шавжийн устгал, хяналт, түүний гамшгаас урьдчилан сэргийлэх, хор хохирлыг арилгах, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх 25.1.10-т нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламжийн арчилгаа хамгаалалт нь дүүргийн эрх мэдлийн асуудал гэдгийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуульд заачихсан юм шүү дээ. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхгүй явсаар сая томилогдсон нийслэлийн Засаг дарга дүүрэгт шилжүүлнэ гээд ярьж байгаа юм.

Мэдээж нийслэл Монгол Улсын хэмжээнд “их айл” гэдгийг ойлгож байна. Гэхдээ чиг үүргийн давхардлыг арилган, төсвийн тэгш хуваарилалт хийх цаг нь болсон гэдгийг хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 225 (7210)

 

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

саяхан
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

1 цаг 6 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

4 цаг 33 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

4 цаг 33 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

4 цаг 33 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

4 цаг 33 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

4 цаг 33 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

4 цаг 33 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

16 цаг 48 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

17 цаг 8 мин