Төмөрбаатарын БАТСАЙХАН
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Парламент ирэх оны Төсвийн төслийг хэлэлцэж байна. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд орж ирсэн төсөв дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Төсвийн зарцуулалт нэлээд нэмэгдэж, тэлж орж ирлээ.Алдагдалтай байгаа нь бас үнэн. Гэхдээ энэ асуудал шалтгаантай. Төсөв тэлж, зарлага өндөр, алдагдалтай төсөв орж ирж байгаа нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон улсын нөхцөл байдал амаргүй байлаа. Орос, Укрианы дайн, цар тахал гээд эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл их байлаа. Хөрөнгө оруулалтын асуудлууд ч гацаж, хүндрэл үүссэн. Энэ жилийн тухайд төсвийн бүрдүүлэлт дээр гол үүрэг гүйцэтгэдэг уур уурхайн бүтээгдэхүүний үнэ өртөг дэлхийн зах зээл дээр өсч байна. Мөн нийлүүлэлт нэмэгдэж байгаа учраас орлого өссөн ийм завшаантай үе таарч байгаа. Ийм учраас төсвийн хөрөнгөөр хүлээгдэж байсан хөрөнгө оруулалтууд нэлээд хийгдэхээр орж ирсэн. Тэгэхээр зарцуулалт нэмэгдэж орж ирэх нь ойлгомжтой. 2023 оны Төсвийн тухайд шинэ хөрөнгө оруулалтууд ерөөсөө тавигдаагүй. Ялангуяа хөдөөгийн тойргууд дээр нэг ч шинэ бүтээн байгуулалт дээр хөрөнгө тавиагүй байсан. Харин 2024 оны төсөв дээр хөрөнгө оруулалтууд нэмэгдэж орж ирсэн. Энэ зарлага нэмэгдэх тэлэх нэг шалтгаан болж байна. Түүнээс биш хэсэг бүлэг хүмүүсийг яриад байгаа сонгуульд зориулсан төсөв учраас зарцуулалт нэмэгдэж орж ирсэн гэдэгтэй санал нийлэхгүй.
-УИХ-ын дарга Төсвийн хуулийг процессын дагуу орж ирээгүй гэдэг шүүмжлэл хэлж байгаа. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Төсөв яг зарчмын дагуу явж байна. Манай байнгын хороо Төсвийн хуулийг хэлэлцээд санал дүгнэлтээ чуулганд танилцуулсан. Засгийн газраас өргөн барьсан Төсвийн хууль одоогоор эвдэгдээгүй, хэлэлцэгдэж байна. Хэлэлцүүлгийн явцад хөрөнгө оруулалтууд нэлээд нэмэгдэх хандлагатай байгаа. Ялангуяа дэд бүтэц, эрчим хүчний бүтээн байгуулалт, боомтын хөгжил рүү чиглэсэн ажлуудыг хийхээр оруулж ирсэн нь сайшаалтай. Засгийн газраас “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг зургаан чиглэлд баталж гаргасан. Тэрхүү концевцтэй төсөв маань бас уялдаж явах учиртай. Тэр дагуу орж ирсэн бүтээн байгуулалтууд гэж харж байна. Ер нь хөрөнгө оруулалтад төсөв хуваарилахдаа удаан хугацаандаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, экспортыг нэмэгдүүлэх, солонгоруулах энэ нөхцлийг бүрдүүлэх ёстой гэсэн нэгдсэн нэг шаардлага тавих ёстой. Тэгэхээр нэг удаагийн, нэг жилийн төсвөөр тавигдаад явах хөрөнгө оруулалтууд биш. Удаан хугацаандаа бидэнд үр өгөөжөө өгөх ийм хөрөнгө оруулалтыг хийх нь одоогийн нөхцөл байдалд чухал байна. Ингэж байж дараа дараагийн хөгжлийн асуудал яригдана. Урсгал зардлыг аль болох бууруулах, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө дагаад нэмэгддэгийг болиулах хэрэгтэй. Алсдаа дотоодын нийт бүтээгдэхүүн төсвийн харилцаа, зарцуулалтыг тодорхой түвшинд барьж, эдийн засаг тэлэхэд ч тэрхүү харилцаагаа алдахгүй байж, хувийн хэвшил бизнесийнхэндээ хөгжиж дэвших тэлэх боломж олгодог байх хэрэгтэй. Хувийн хэвшлээ мөнгөний болон төсвийн бодлогоор шахдаггүй байх нь чухал байна.
-Та Завхан аймгаас сонгогдсон гишүүн. Ирэх жилүүдэд Завханд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хэр хийгдэх бол. Сая төсвийн хэлэлцүүлэг дээр Идэр сумыг Төв замтай холбох 12 км замын хөрөнгө төсөвт сууж чадаагүй гэдэг тайлбарыг өгч байсан?
-Идэр сумын 12 км замын хувьд зураг төсөв нь хийгдсэн, бэлэн болсон төсөл. Төсвийн шаардлага бүрэн хангаж байгаа. Энэ удаагийн Төсвийн төсөл дээр хөрөнгө оруулалт нь тавигдаад явж байгаа гэж ойлгосон. Хоёр яамны хооронд саналын зөрүү гарсан байж магадгүй. Үүнийг тодруулна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум маань ирэх онд 18 мегаваттын Дулааны цахилгаан станцтай болно. Гэхдээ энэ бүтээн байгуулалт Төсвийн хөрөнгөтэй ямар ч хамаагүй. Тус тойргоос сонгогдсон гишүүний хувьд би өөрийн хөрөнгөөр барьж байгуулж байна. 130 тэрбум төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалт. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд надад сонгогчдоос минь тавьсан шаардлага гэх юм уу даа. Намайг та өөр газруудад томоохон хөрөнгө оруулалтыг хийж байна. Өвөрхангай аймагт гэхэд “Хаан хужирт” ресорт барьсан. Харин өөрийн нутагтаа юу хийе гэж бодож байгаа юм бэ гэж асуулга тавьсан. Ингээд ерөнхийдөө судлаад дулааны цахилгаан станцын томоохон төслийг барьж авсан. Айл болгонд тулгамдаж байгаа нэг асуудал бол эрчим хүчний асуудал байна. Завхан аймгийн сум бүр өндөр хүчдэлтэй холбогдсон ч гэсэн орой ажил тарах үеэр эрчим хүчээ зэрэг ашиглаад эхлэхээр ачааллаа дийлдэггүй зовлон бий. Улаанбаатараас цахилгаанаа авдаг учраас тасралт ихтэй. Зарим суманд 12 айлын орон сууц бариад залгах гэхээр хүчдэл нь дийлдэггүй. Тэгэхээр хамгийн түрүүнд дэд бүтэц дээр анхаарах ёстой гэж үзсэн. Цаашид суурин газрын хөгжил, хөдөө орон нутгийг суурин газар болгоход гарцаагүй эрчим хүчний асуудал чухал. Орон нутагт шөнийн тарифтай болох, орлого багатай иргэдийг дэмжих ёстой. Мөн аймгийн төв томоохон сумд маань агаарын бохирдолтой болсон. Манай Улиастай хот уулын аманд байдаг. Хэдэн уурын зуух ажиллаад ирэхээр л утааны асуудал яригддаг. Тэгэхээр яалт ч үгүй цахилгааны эх үүсгэвэр бол хөдөөгийн хөгжлийн нэг шийдэл юм. Эрчим хүчнийхээ асуудлыг шийдэж чадвал үйлдвэр үйлчилгээний газрууд хөгжинө. Хүнсний үйлдвэрүүд, малын түүхий эд, хагас боловсруулах үйлдвэрүүд гээд иргэд маань ажилтай орлоготой болж эдийн засаг сэргэнэ. Цаашид Тосонцэнгэл сумаа орчин үеийн хот болгож, Баруун бүсэд томоохон үйлдвэрийг төвлөрүүлье гэж зорьсон. Завхан нутгийнхаа дараагийн 10 жилийн хөгжлийн хөтөлбөрийн томоохон үндэс суурийг энэ Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтаар тавьж байна гэж ойлгож байна.
-Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал нэлээд хүндрэх төлөвтэй байна. Завхан аймаг бол өвөлдөө маш их хүйтэрдэг онцлогтой. Та ер нь тойрогтой хэр ажиллаж байна?
-Парламент төсөв хэлэлцэж байна. Төсөв батлагдсаны дараа шууд тойрогтоо ажиллахаар төлөвлөөд байна. Нутгаар энэ жил цас их унасан байна. Ялангуяа Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Тэлмэн суманд уулаараа маш их цастай. Энэ чигээрээ цас их унавал өвөл, хавар нөхцөл байдал хүндэрнэ. Их уул, Тосонцэнгэл сумынхан отор нүүдэл их хийдэг. Тийм учраас эртнээс анхаарч, өвс тэжээл татах, Засгийн газраас ямар дэмжлэг үзүүлэхээр байна, тэр бүхнийг удирдан зохион байгуулах, хүндэрч магадгүй сумдаас явж асуудлыг танилцуулах зэрэгт анхаарч ажиллана.
-Цар тахлын үеийн хөрөнгийн зарцуулалтыг ил болгох УИХ-ыг түр хороо байгуулан сонсгол хийхээр болсон. Үүнд байнгын хороо ямар чиг үүрэгтэй оролцож байна. Сонсгол хийхийг та хувьдаа дэмжиж байгаа юу.?
- Хүмүүсийн ярьж байгаа шиг 20 их наяд төгрөг зарцуулагдсан гэж би бодохгүй байна. Миний харж байгаагаар энэ зардал хоёр орчим их наяд төгрөгт л багтаж байгаа байх. Одоо сонгууль ойртчихлоо. Тэр утгаараа ямар нэгэн асуудал болгон дээр улстөржилт асар их хийгдэх болж. Ямар ч асуудлыг улстөржүүлж байна. АН-ын хувьд ковидын үеийн зарцуулалтыг нээлттэй сонсголоор мэдээллийг нь ил тод болгоё гэж байгаа. Би хувьдаа үүнийг дэмжиж байгаа. Гэхдээ зарласан товыг нь хойшлуулах эрх хуулиараа надад байхгүй. Энэ асуудлаа тэр хүмүүс өөрсдөө зохицуулаад явах бүрэн боломжтой. Заавал Эдийн засгийн байнгын хороо тус сонсголын товыг хууль зөрчин барин хойшлуулах шаардлага байхгүй. Хууль нь байгаа бол би хойшлуулахад асуудал алга. Даанч хойшлуулж болно гэсэн хууль байхгүй болохоор уг асуудлаа өөрсдөө шийд гэдэг байдлаар байр сууриа илэрхийлсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 225 (7210)