Базарбямбын НЯМСҮРЭН
Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотноо ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн 22 дугаар хуралдаан өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулагдсан. Энэ хуралд манай улсаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байр сууриа илэрхийлсэн. Хурлын үр дүнгийн талаар түүний айлчлалын багт багтсан олон улс харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.
-Та Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан судлаачийн хувьд энэ удаагийн хуралдааны үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?
-ШХАБ их өөрчлөлтийн босгон дээр ирчихсэн юм болов уу гэсэн сэтгэгдэл төрлөө. Шанхайн байгууллага анх 2001 онд байгуулагдсан. Энэ бол бага хугацаа биш. Сая хуралдаанд оролцож байгаа Засгийн газрын тэргүүн нарын хэлсэн үгс анхаарал татлаа. Мэдээж өнгөрсөн хугацааны ололт амжилтаа магтан сайшаалаа. Нөгөө талаар ШХАБ-д байгаа асар их нөөц, боломжоо ашиглаж чадсангүй, одоо энэ нөөц бололцоогоо ашиглая, энэ чиглэл рүү явъя гэдгийг мөн олон удирдагч хэлж ярьж байна лээ.
ШХАБ гэж ер нь хэн юм бэ гэдэгтээ эргэж дүгнэлт хийх цаг болсон. Одоо л тэгдэг цаг үе ирлээ гэх уур амьсгал мэдрэгдсэн. ШХАБ бол “Хүйтэн дайн”-ы дараа буй болохдоо Өрнөдийн эвсэлтэй санал нэгдэхгүй, Евразийн тэнхлэг дээр аюулгүй байдлаа цоо шинээр хангахын тулд нэр бүхий таван улсын байгуулсан нэг ёсны цэрэг-стратеги-аюулгүй байдлын эвсэл, геополитикийн том тоглоомны зэвсэг байдалтай явж ирсэн. Голдуу улс төр-цэрэг-стратегийн асуудлыг тэргүүнд тавьж байсан. Тиймээс Орос, Хятад хоёр хамтран гурван хорт хүчин гэдгийг тодорхойлж, тэр гурван хорт хүчин нь терроризм, экстремизм, сепаратизм хэмээн нэрлэсэн нь ч бий. ШХАБ-ын тэмцэх гурван гол дайсан буюу гурван хорт хүчинтэй өнгөрсөн 22 жилд амжилттай тэмцсэн үү гэвэл бас асуудалтай. Ямар ч гэсэн хүчний байгууллагууд энэ чиглэлд хамтран ажилласаар ирсэн. ОХУ ШХАБ-ыг энэ чиглэлд нь түлхүү хөгжүүлж, холбоотон, түнш, оролцогчдынхоо тоог нэмэх, Өрнөд ба НАТО, Европын Холбоог сөрөхүйцээр том эвсэл болгохыг зорьж ирсэн нь нууц биш.
-Манай улс 2004 онд ШХАБ-д ажиглагч гишүүнээр элссэн. 20 шахам жил ажиглагчийн байр суурьтай байгаа. ШХАБ-ын хурал болох бүрт манай улс гишүүнээр элсэх нь зөв буруу гэсэн байр суурь яригддаг. Та туршлагатай дипломатч, олон улс харилцааны судлалаар мэргэшсэн экспертийн хувьд ШХАБ-д Монгол Улс элсэхийг хэрхэн харж, дүгнэдэг вэ?
-Монгол Улсын хувьд гурван хорт хүчин ч юм уу, эсвэл геополитикийн сөргөлдөөний чиглэлүүд нь манай тэргүүлэх зорилт биш. Монгол Улсын хувьд хөгжил дэвшилд хэрэгтэй, эдийн засагт үр өгөөжтэй хамтарсан төслүүд, банк-санхүү, хөрөнгө оруулалтын дэд бүтэц, Ази-Европыг, Хятад-Оросыг холбосон дэд бүтцийн холболтууд илүү чухал юм. Эдийн засаг, худалдаа, интеграцын чиглэлд бид хамтран ажиллана гэдгээ 19 жилийн турш ярьж, уриалж ирсэн. Гэтэл өнгөрсөн 22 жилд ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн ганц ч том бүтээн байгуулалт эхлүүлээгүй. Нэг ч тууз хайчлаагүй. Улс төр-геополитикийн асуудлаар жилдээ Төрийн тэргүүн нар нэг удаа хуралддаг, эдийн засаг-худалдааны хамтын ажиллагаа хөгжүүлье гэсэн уриатайгаар Ерөнхий сайд нар бас нэг удаа хуралддаг, ийм л байгууллага. Эрчимтэй, бодитой хамтын ажиллагааны гэхээсээ илүүтэй хуралдсаар ирсэн.
-Та бодит үр дүнгүй хуралдсаар ирсэн гэдгийг жаахан тодруулахгүй юу?
-Ганц жишээ. ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нар 2003 онд баталсан “Худалдаа-эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг 20 жилээр хөгжүүлэх хөтөлбөр” баталсан. Товлосон хугацаа нь энэ жил дуусч байна. Хөтөлбөр хэрэгжиж байна уу, хэрэгжсэн бол ямар том төсөл, бүтээн байгуулалт, үр дүн, тоо баримт байна вэ? Баахан баримт бичиг, хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурсан, салбарын яамдын сайд нарын хурал олныг хуралдуулснаас цаашаа тууз хайчилсан нь нэгээхэн ч үгүй. Энэ тухай Казахстаны Ерөнхийлөгч өнгөрсөн зун ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын хурал дээр палхийтэл хэлээд тавьчихна билээ. “ШХАБ-ын оршин тогтносон 20 гаруй жилийн хугацаанд ШХАБ-ын ивээл дор эдийн засгийн ямар нэгэн том төсөл хэрэгжүүлж чадсангүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” хэмээн Казахстаны ерөнхийлөгч К.Токаев мэдэгдсэн л дээ. Энэ нь 20 жил хуралдаж хуралдчихаад ганц ч бүтээн байгуулалтгүй, дахиад хуралдаад сууж байна гэсэнтэй адил юм.
-ШХАБ-ын улс орнуудын төлөөлөгчдийн хэлсэн үгнээс ШХАБ-д тодорхой хэмжээний өөрчлөлт хэрэгтэй гэсэн асуудлыг Бишкект багагүй хөндөж байх шиг санагдсан. Таны хувьд хуралдааны яг гол сэдэв юу байв гэж дүгнэж байна?
-Төлөөлөгчдийн тэргүүн нарын хэлсэн үгэнд анализ хийгээд үзэхэд геополитикийн тоглолтоосоо бүтээн байгуулалт руу шилжье л гэсэн уриалга маш их цуурайтлаа. ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Мишустиныг би хувьдаа одоо тулгараад байгаа геополитикийн асуудлуудаа ярих болов уу гэж бодож байтал тэр тухай ганц ч үг ганхийгээгүй. ОХУ-ын хувьд гол тулгамдсан асуудал бол Орос-Украйны дайн. Тэр ойлгомжтой. Дайнаас шалтгаалж ОХУ олон улсын маш том, олон мянган хоригт орсон. Хоригуудыг хэрхэн давж олон улсын худалдаа эрхлэх вэ, эдийн засгаа хэрхэн авч гарах вэ гэдэг манай хойд хөршийн хувьд тулгамдаад байгаа гол асуудал. Дээрээс нь дэлхий дахины анхаарал хамгийн их төвлөрөөд байгаа Израиль-Хамасын дайн байна. Тэр тухай төлөөлөгчдийн зүгээс ямар нэг үг огт хэлсэнгүй. Тухайлбал Ираны Тэргүүн дэд ерөнхийлөгч хамгийн эхэнд үг хэлсэн. Тэрээр бүс нутгийн мөргөлдөөн, Израилийн сионизм, АНУ ба Өрнөдийг сөрөх, Израиль-Хамасын дайны асуудлаар үг хэлэх болов уу гэтэл тэр тухай огт дуугараагүй. Уг нь Иран эл мөргөлдөөнд, мөн Украины эсрэг Оросын дайнд хамгийн их хамааралтай байгаа улс шүү дээ. Ам үдээтэй өнгөрсөн нь ёстой гайхмаар.
-Үүнийг та юу гэж харж байна. Олон улсад тулгараад байгаа зөрчил мөргөлдөөн, ээдрээтэй асуудлуудын талаар ШХАБ-ын хурлын үеэр хөндөөгүйн гол шалтгаан нь юу байж болох вэ?
-Нэгэнтээ хяналтаас алдагдсан эдгээр асуудлуудыг бүрэн дүүрэн шийдвэрлэчих механизм биш болохоо ШХАБ мэдэрсэн, нөгөө талаас дайн мөргөлдөөнийг хурцатгах уриалга гаргах нь улс төрийн өнгө аястай өдөөн хатгалга болно гэж болгоомжилсных байх. Нөгөө талдаа олзлогдчихно, эсвэл дэлхийд өлгөж аваад шүүмжлүүлнэ гэж харсан байж болзошгүй.
-Манай улсын хувьд элсэх нь зөв, буруу гэсэн олон байр суурийг та тайлбарлана уу. Ерөнхий сайд сая хуралдаанд оролцох үеэрээ Монгол Улс яарахгүй гэдгээ ч хэллээ. Та ч мөн ШХАБ-д элсэхийг төдийлөн дэмждэггүй хүмүүсийн нэг байх аа?
-Ерөнхий сайд Монгол Улсын гадаад бодлогыг тов тодорхой илэрхийлсэн. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, ажиглагчийн хувиар ШХАБ-тай болон түүний гишүүн, ажиглагч орнуудтай нягт хамтран ажиллах, бүс нутагт өрнөж буй худалдаа-эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байгааг нотлосон. Ингэхдээ ШХАБ-тай хамтран ажиллах салбар чиглэлүүдээ нэрлэсэн. Худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр логистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбар гээд жагсаасан. Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, ойрын 10 жилд хэрэгжүүлэх эхний үе шат–“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд худалдаа, тээврийн нөхцөлийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого хэрэгжүүлье хэмээн тэмдэглэсэн. Шинэлэг гэмээр нэг санал тавьсан. Тэр нь далайд гарцгүй улс орнуудын ачаа тээврийн асуудлыг тусгайлан авч хэлэлцэх уриалга юм. “Далай бол зөвхөн далайтай улс орнуудын өмч төдийгүй, дэлхийн бүх улс оронд хүртээмжтэй байх нь улс орнуудын тэнцвэрт хөгжилд чухал хувь нэмэртэй” гэж хэлсэн шүү дээ.
-Цаашдаа ажиглагчаараа байх нь зөв гэж Та хэлж байна уу?
-Тэгж байна. ШХАБ бол Монголын хувьд олон улсын хамтын ажиллагаа, интеграцын институц болж хараахан чадаагүй юм болов уу гэж дүгнэж болохоор. 2003 онд батласан 20 жилийн хугацаатай худалдаа-эдийн засгийн шахуу хөтөлбө хоосон өнгөрчихсөн. Уг нь ШХАБ-д асар их нөөц бололцоо бий. Энэ талаар ч улс орны төлөөлөгчид ярьж байна. Олон улсын банк ажиллуулж болж байна, хөрөнгө оруулалтын сан, хөгжлийн сан байгуулж болно гэх мэтээр олон саналууд гарна лээ. Үнэндээ ШХАБ бол асар том боломж бололцоотой. Газар нутгаар ярих юм бол дэлхийн газар нутгийн бараг тэн хагас, дэлхийн хүн амын 42 хувь, Хятад, Энэтхэг, Орос гээд дэлхийн тэргүүлэх эдийн засгууд багтаж байна. Энэ бүх боломж болоцоогоо ашиглая, хамтдаа хөгжье гэсэн санал санаачилгууд сая Засгийн газрын тэргүүнүүдийн өргөтгөсөн хуралдаанаас илүү тод цуурайтлаа.
-Тэгвэл манай улс ШХАБ-д ажиглагч гишүүн байгаагийн давуу тал юу вэ?
-ШХАБ гэдэг олон улсын засгийн газар хоорондын институц байна. Энэ том байгууллагад 19 жилийн турш идэвхтэй ажиглагчаар байж, өөрсдийн байр сууриа илэрхийлнэ гэдэг манай улсын хувьд энэ байгууллагад өөрийн гэсэн байр суурьтай, нэр хүндтэй болсны илрэл юм. Олон улсын засгийн газар хоорондын байгууллага гэдэг манайд маш том боломж. Хуралдааны үеэр гишүүн орнуудын, тэр дундаа хоёр хөрш улс орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүнтэй уулзаж ярилцах, харилцаагаа хөгжүүлэхэд том боломж гарц гэж харж болно. Сая гэхэд л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр хөрш болон Узбекистаны Засгийн газрын тэргүүн нартай хоёр талын гурван ч том уулзалт хийлээ. Тэр хэрээр дээрхи гурван улстай харилцаагаа боломжийн хэмжээнд ахиулчихлаа гэж үзэж болно. Тэгэхээр ШХАБ-ын талбарыг ашиглан бусад улс оронтой харилцааны тулгамдсан асуудлаа шууд ярилцаж, тохиролцож байна гэдэг том амжилт юм даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 218 (7203)