П.АМГАЛАН
Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн эм зүйн салбар үүссэний 100 жилийн ойн өдөр тохиож буй. Үнэ цэн, ач холбогдол бүхий энэхүү томоохон салбарын түүхэн нэгэн жилийн ойд зориулж хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд эм зүйн салбарын үе үеийн төлөөлөл, нийслэл, орон нутагт ажиллаж буй эм зүйн салбарынхан өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцов. Монгол Улсад эм зүйн салбарын үндэс 1921 онд тавигдсан байдаг. Тус түүхэн цаг хугацааны хуудсыг сөхвөл, 1921 оны наймдугаар сарын 15-нд Жанжин Сүхбаатарын санаачлагаар эмнэлгийн хороо байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр 1923 оны аравдугаар сарын 25-нд цэргийн эмнэлэг нээхэд иргэдэд үйлчлэх эмийн сайн байгуулснаар Монгол Улсад орчин цагийн эм хангамжийн байгууллагын суурь тавигдсан түүхтэй. Ийнхүү түүхэн хөгжлийн цаг үеэс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, хөгжиж, нийт хүн амын эрүүл мэндийн төлөө ажиллаж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад 495 эм ханган нийлүүлэх байгууллага, 2595 эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна.
С.Чинзориг:Эм эмнэлгийн хэрэгсэл, шинэчлэх найруулах төслийг УИХ-ын чуулганд өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ
Эм зүйн салбарын түүхэн зуун жилийн арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг үг хэлсэн юм. Тэрбээр “ Монгол Улсад орчин үеийн эм хангамжийн байгууллага үндэс сууриа тавьж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн тэр үеэс хойш
эрхзүйн орчинг бий болгож, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, үндэсний нөөцийг сургах, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, эмийн хүртээмжийг чиглүүлэх үе шаттай бодлого арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Ийнхүү өнөөгийн эм зүйн салбар төлөвшиж хөгжлийнхөө 100 жилийн ойтой золгож байна. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжих үед эрүүл мэндийн салбар эм хангамжийн байгууллага хамгийн түрүүнд хувьчлагдан 30 жил чөлөөт өрсөлдөөний зарчмаар хөгжсөн. Эм хангамжийн салбар үүсэж хөгжсөнийхөө нэгэн зууны туршид хүн ам эрүүл мэндийн байгууллагыг эм , эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй хүртээмжтэй хангах үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн. Эм бол хүний эрүүл мэнд, амь насанд шууд нөлөөлөх стратегийн онцгой бүтээгдэхүүн. Бусад салбартай харьцуулахад нарийн зохицуулалт шаардлагатай салбар юм. Тиймээс төрөөс эмийн талаар баримтлах бодлого, эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын салшгүй нэг хэсэг болгон хууль эрхзүйн орчинг баталж хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж эрс сайжирсан хэдий ч зэрэгшилтийг өндөр идэвхтэй аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх асуудал тулгамдсан асуудал хэвээр байна. Тухайлбал, иргэдийн амжиргааны түвшин худалдан авах чадвартай харьцуулахад эмийн үнэ өндөр, нийт хэрэгцээт эм, нийт хэрэгцээт эмийн 70 гаруй хувийг импортоор авдаг, эм шинжлэх лаборторийн чадвар сул, эмийн зохистой хэрэглээ төлөвшөөгүй байна. Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрхзүйн орчныг боловсронгуй болгохоор зорилгоор эм эмнэлгийн хэрэгсэл, шинэчлэх найруулах төслийг УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.
Харин УИХ-ын дарга Г.Заншатар “Эрүүл мэндийн тогтолцооны нэгэн чухал хэсэг болсон эм зүйн салбар, эм хангамжийнхан маань өнгөрсөн 100 жилд үндэсний эм зүйн салбарын нэг тогтолцоог бүрдүүлж чадсан. Мөн эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар Монгол Улсыг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх, улмаар хүн амаа урт наслах их үйлсэд томоохон үүрэг гүйцэтгэсэн” гэдгийг онцолсон юм.
Танхимд эм зүйн салбарт зүрх сэтгэлээ зориулж, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлгээр зүтгэж яваа олон чадварлаг үе үеийн боловсон хүчин хүрэлцэн ирсэн байлаа.
“Эм зүйч мэргэжлээрээ үргэлж бахархаж явдаг”
Энэ үеэр “Ази-Фарм” компанийн Чанарын албаны дарга С.Аюурбуниа “Би эм хангамжийн салбарт 41 дэх жилдээ ажиллаж байна. 1982 онд ОХУ-ын мэргэжлээрээ төгссөн. Өнөөдөр эм хангамжийн байгууллагын 100 жилийн ой тохиож бидний хувьд маш том баяр болж байна. Монгол Улсын тэргүүлэх салбарын нэг бол яах аргагүй эм зүйн салбар. Яагаад гэвэл, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, төрөөс эмийн талаар баримтлах бодлого хэрэгжээд ажиллаж байна. Энэ бол манай салбарын түүхэн 100 жилийн ололт, дэвшилт бүхий ажлын нэг гэж хэлж болно. Хүний эрүүл мэндийн асуудал хамгийн чухал. Тиймээс бидний ажил хамгийн чухал бөгөөд хариуцлагатай байхыг шаарддагаараа онцлог.
Би эм зүйч мэргэжлээрээ үргэлж бахархаж явдаг. Эм хангамжийн салбар хувьчлагдахаас өмнө буюу 1990 оноос өмнө эмийн эргэлтийн сан байгуулсан
аймгуудын ихэнх сумдаар явж ажиллаж байсан. “Ази-Фарм” компанид зургаа дахь жилдээ ажиллаж байна. Чанарын албаны даргаар ажилладаг. Бид чанартай, эмчилгээний үр дүнтэй эмийг хэрэглэгчдээ хүргэх бодлогыг барьдаг. Дэлхийн томоохон үйлдвэрлэгчдээс чанарын баталгаатай авчирсан эмээ хэрэглэгчдээ чанартайгаар нь хүргэх асуудал дээр онцгой анхаарч ажиллаж байна. Манай компани чанарын менежментийн тогтолцоо ISO:9001:2015 гэсэн стандартыг 2020 оноос хойш хэрэгжүүлсэн. Түүнчлэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгосон эмийн зохистой хадгалалт түгээлтийн асуудал эмийн чанар, аюулгүй байдлын стандарт, зэрэг олон улсын стандартыг хэрэгжүүлэхийнн төлөө ажиллаж байна” гэсэн юм.
“Нийслэлд төдийгүй алслагдсан аймаг, сумдад хүрч салбараа нээж, эм, эмнэлгийн хэрэгслийг хүртээмжтэй тэгш, тасралтгүй хүргэж ажиллаж байна”
Харин “Монос” группын орон нутгуудыг хариуцсан гүйцэтгэх захирал С.Баянмөнх “Өнөөдөр түүхт сайхан өдөр болж байна. Энэхүү түүхт 100 жилд эм зүйн салбарыг орчин үеийн олон улсын түвшинд хүргэхэд мөр зэрэгцэн ажиллсан үе үеийн эмийн салбарынхан эмийн мэргэжилнүүд одоо ажиллаж салбарынхандаа баяр хүргэе. Манай компани олон улсад хэрэглэж байгаа өндөр чанартай эм эмнэлгийн хэрэгслийг хүргэх, үйлчилгээ хүртээмжийг олон улсын шаардлага стандартын дагуу хангахын төлөө хичээж ажилладаг. Ингэхийн тулд зөвхөн нийслэлд төдийгүй алслагдсан аймаг, сумдад хүрч салбараа нээж, эм, эмнэлгийн хэрэгслийг хүртээмжтэй тэгш, тасралтгүй хүргэж ажиллаж байна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn