П.АМГАЛАН
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн төрийн бүх шатны байгууллага, хүн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоотой уялдуулж, Засгийн газар, хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйлчилгээний хэлбэр, санхүүжилт, хяналт, олон нийтийн оролцоог шинээр тодорхойлсон байна. Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, Нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, нийгмийн ажилтан, Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны чиг үүргийг хуульд шинээр нэмэхээр тусгажээ. Сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг ажиллуулж, ажил үүргийг нарийвчлан заасан. Мөн хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн сан, хүүхэд хамгааллын цахим хувийн хэрэг үүсгэж, ашиглах шинэ зохицуулалтыг нэмжээ.
Барилга, байгууламж, авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд хүүхдийн эрхийн улсын байцаагч эсхүл хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн төлөөлөл ажиллах эрх зүйн зохицуулалтыг оруулахаар төсөлд тусгасан байна. Хуулийн төслийг боловсруулахдаа төрийн бүх шатны байгууллага, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачдын дунд 20 гаруй удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан төдийгүй 1300 гаруй хүүхдийн дунд хэлэлцүүлэг явуулж, санал авчээ.
Хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, үйл явц, төрөл, хэлбэрүүдийг тодорхойлж, хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирч, хамгаалал шаардлагатай хүүхэд бүрд чанартай цогц үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин бүрдэх аж.
УИХ-аас 2016 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байна. Уг хууль батлагдсанаас хойш нийт зургаан удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 10 орчим зүйл, заалтад өөрчлөлт оруулсан байдаг.Монгол Улсын хүн ам 3.4 сая болж өмнөх оноос 1.4 хувиар өссөн. Нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 буюу 1.252.049 хүүхэд байна.