Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ”-ын үүсгэн байгуулагчдын нэг, Зөвлөх Б.Золзаяаг урилаа .
АСРАХ АЖЛЫН 80 ХУВИЙГ ЭМЭГТЭЙЧҮҮД ХИЙЖ БАЙНА
Блиц:
Боловсрол:
-2003 онд Их засаг их сургуулийг Эрх зүйн бакалавр зэрэг,
-2020 онд Мелбурнийн их сургуулийг Хөгжил судлалын магистр зэрэг
-Дэлхийн Эдийн Засгийн Форумын (WEF) Дэлхийн Залуу Манлайлагч, АНУ-ын Азийн сангийн (TAF) “Ази тивийн ирээдүйн залуу удирдагчид” хөтөлбөрийн “Хөгжлийн төлөөх Манлайлагч”, АНУ-ын Төрийн департментаас зохион байгууллагддаг “Хамт олны шийдэл” манлайллын хөтөлбөрүүдэд хамрагдсан.
-Манлайлал, Тогтвортой хөгжлийн зорилтийг хэрэгжүүлэх чиглэлээр АНУ-ын Харвардын Кеннидигийн их сургууль, АНУ-ын Стэнфордийн их сургууль болон Жорж Мэсоний их сургуулийн хөтөлбөрүүдийг дүүргэсэнАжлын туршлага:
-Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ-ын Үүсгэн байгуулагчдын нэг, Зөвлөх "Зориг" санд Хөтөлбөрийн менежер, МОНФЕМНЕТ ТББ-д Мэдээлэл харилцааны менежер
-Монголын эмэгтэйчүүдийн сан, Монголын ЛГБТ төв, Эмэгтэйчүүдийн Манлайллын хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо зэрэг ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, мөн Хүний Эрхийн Үндэсний комиссын орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.
-Асрахуй бол хүн төрөлхтний амьдралын цөм юм. Хүн амьдралынхаа турш бусдын асрамж, халамжийг түшиглэн амьдардаг. Нэг үгээр төрөхөөсөө үхэх хүртлээ хэн нэгнээр асруулдаг. Асрахуй гэдэг нь хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асрах болон гэрийн ажил буюу ихэнхдээ хөлсгүй үйлдэгддэг хөдөлмөр юм. Тэгвэл дэлхийн даяар өглөө босохоос унтах хүртэлх гэрийн ажил, хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, ахмад настанг асрах ажлын асрахуй ажлын ихэнхийг эмэгтэйчүүд хийдэг. Тодруулбал, Ази номхон далайн орнуудад асрахуйн ажлын 80-иас илүү хувийг эмэгтэйчүүд хийдэг гэдэг судалгаа байна. Манай улсад ч ялгаагүй асрахуйн ажлын дийлэнхийг эмэгтэйчүүд хийж байна. Асрахуйн ажлыг эмэгтэйчүүд л хийх ёстой гэх уламжлалт сэтгэлгээнээс үүдэж эмэгтэйчүүд хүүхэд наснаасаа эхлэн өтөл нас хүртлээ асрахуйн ачааллыг илүүтэй үүрч иржээ. Тухайлбал, хүү, охинтой айл байлаа гэхэд дүүгээ харах, гэр орон цэвэрлэх зэрэг ажлыг охидод даалгах нь элбэг. Гэрийн ажил илүү цагаар хийж буй охидын боловсрол бүрэн дүүрэн эзэмших боломж багасаж, хөгжлийн олон боломжоос хоцорч байдаг. Харин дунд насны эмэгтэйчүүдийн асрахуйн цаг улам нэмэгдэж үр хүүхэд, ээж, аав, нөхрөө асрахаас гадна гэр орны ажлыг мөн хийдэг. Ингэснээр нийгмийн бүтээлч оролцоо буурч, цалинтай бүтээлч хөдөлмөр хийх цаг багасаж байдаг. Ахимаг насны эмэгтэйчүүдийн хувьд ач, зээгээ асарч халамжилдаг. Бүр “гэртээ сууж ач зээгээ хар” гэх нийгмийн шахалт шаардлага ч шууд ба шууд бусаар ирдэг. Өөрөөр хэлбэл, хижээл насны эмэгтэйг нийгэмд “үл үзэгдэгч” болгож, гэрийн л хүн гэж харах нь ч бий. Гэтэл эрчүүдийг нас нь өндөр болсон ч нийгмийн хувьд чухал дүр гэж харсаар байдаг. Асрахуйн эдийн засгийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэдийн оролцоо чухал. Дэлхий дахинд болон бүсийн түвшинд судалгаа хийж хамгийн түрүүнд хийх ёстой таван зүйлийг гаргасан. Нэгдүгээрт, хүлээн зөвшөөрч, ач холбогдол өгөх. Ингэхдээ асрахуйн ажлыг ажил юм, эдийн засгийн нэг хэсэг юм гэж үнэлэх. Энгийнээр бол, гэртээ ажилгүй сууж байна гэж харах биш асрахуй бол ажил юм гэж ач холбогдол өгөх. Хоёрдугаарт дахин хуваарилах. Эмэгтэйчүүдийн нуруун дээр байгаа ачааллыг өрх дотроо дахин хуваарилах буюу гэр орны ажил болон хүүхэд өсгөхөд гэр бүлийн бусад гишүүд идэвхтэй оролцох.
Гуравдугаарт, зохистой үнэлэх хэрэгтэй. Асрахуйн болон гэрийн үйлчилгээний ажил, хөдөлмөрийг шударгаар үнэлэх, ахиж дэвших боломжоор хангах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, санаачилгыг дэмжин хөгжүүлэх шаардлагатай. Дөрөвдүгээрт, багасган бууруулах. Өрхийн болон нийгмийн асрахуйн дэд бүтцэд илүү их хөрөнгө оруулалт хийх замаар асрах ажлын ачааллыг бууруулах шаардлагатай. Ингэхдээ шинэ инновацуудыг оруулж ирэх хэрэгтэй. Жишээлбэл, саяхан хоёр хүүхэд цонхоор унаж амь насаа алдсан. Энэ асуудал ч гэсэн тодорхой хэмжээгээр асрахуйн дэд бүтэцтэй холбоотой асуудал. Хэрэв цагаар болон өдрөөр хүүхэд харах үйлчилгээ хүртээмжтэй байсан бол ийм зүйл болохгүй байх магадлалтай. Гэвч манайд энэ төрлийн үйлчилгээний чанар, хүртээмж, хангалтгүй байна. Тиймээс энэ төрлийн бизнесийн орчныг дэмжин, хөгжүүлэх хэрэгтэй. Тавдугаарт, төлөөллийг хангах, оролцуулах хэрэгтэй. Асрахуйн хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн дуу хоолойг сонсох, шийдвэр гаргах түвшинд төлөөллийг хангах нь чухал. Одоо асрахуйн ажлын 80 хувийг эмэгтэйчүүд хийж байгаа учраас эмэгтэйчүүд нийгмийн олон салбарт утга учиртай оролцоход энэ ачаалал хязгаарлалт болсоор байгаа. Эмэгтэйчүүд олон боломжоос хүүхэд асрах хүн байхгүй зэрэг шалтгаанаас болж ард хоцорч байна. Үүнийг мэдэрч мэдрэмжтэй шийдвэр гаргах шаардлага байгаа ч шийдвэр гаргах түвшний хүмүүсийн ихэнх нь эрчүүд учраас асрахуйн ажлыг ойлгохгүй. Тиймээс энэ ажлыг чухал гэж үзэхгүй. Жишээлбэл, бид саяхан шийдвэр гаргах түвшний хүмүүстэй уулзаж асрахуйн талаар ярилцахад “Хүүхэд гаргах, асрах, өсгөх чинь угаасаа л эмэгтэй хүний ажил биз дээ” гэх хүмүүс цөөнгүй байсан. Тиймээс дээрх таван зармыг хэрэгжүүлэх нь чухал байна.
АСРАХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААР БОЛОВСРОЛЫН СИСТЕМД ТУСГАЖ ӨГӨХ
-Маш олон ажлын ур чадварууд бидний дадал зуршил бий болдог. Тухайлбал, эмэгтэй хүн төрөхөөсөө л гэр сайн цэвэрлэдэг, хүүхдийн живх сайн сольдог төрдөг юм биш. Харин эдгээрийг олон удаа, давтан хийсний үндсэн дээр сайн хийж сурдаг. Хүүхэд төрүүлэх бол эмэгтэй хүний нөхөн үржихүйн функц. Харин бусад асрахуйн ажлыг эрэгтэй, эмэгтэй аль ч хүн хийж болох дадал зуршил юм. Жишээлбэл, маш хүнд төрөлтийн дараа нөхрүүд хүүхдээ илүүтэй асрах тохиолдлууд дээр эрэгтэйн хүүхэд асрах чадвар нь илүү хөгжсөн байх жишээнүүд бий. Тиймээс асрахуйн ажилд хүйсийн оролцоо тэгш байх нь зүйтэй гэдгийг цэцэрлэгээс нь заах хэрэгтэй. Жишээлбэл, анги цэвэрлэхэд хөвгүүд юм өргөж, охид шал угаах биш бүгд ижил хийлцдэг байх чухал. Мөн реклам зар сурталчилгаанд жендерийн мэдрэмжтэй ханддаг байх нь зүйтэй. Жишээ нь, гал тогооны хэрэгсэл, хоол хүнсний рекламд зөвхөн эмэгтэй биш эрэгтэй хүн тоглуулах, цаашлаад асрахуйн ачааллаа тэнцвэртэй хуваалцдаг эрэгтэйчүүдийг ч сурталчлах, таниулах хэлбэрээр сайн жишээг түгээх чухал.
ОРОЛЦОО ТЭНЦҮҮ БАЙХ НЬ ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ АВЧ ИРДЭГ
-Зөвхөн эмэгтэйчүүдийн төлөө асрахуйг яриагүй. Энэ ажлыг тэнцвэртэй хийх нь гэр бүл, нийгэмд олон эерэг өөрчлөлтийг авч ирдэг. Жишээлбэл, Исланд зэрэг улсад хүүхэд төрснөөс хойш ээж, аавын аль аль нь хүүхэд асрах чөлөө авдаг. Ингэснээр гэр бүлийн уур амьсгал сайжирч, асрахуйн ачааллыг хуваалцаж, цаашлаад аавуудын сэтгэл зүйн эрүүл мэндэд ч эерэгээр нөлөөлсөн үр нөлөө байна. Манай улсын хувьд эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөрт өдөрт дөрвөн цаг 47 минутыг, эрэгтэйчүүд нэг цаг 57 минутыг зарцуулдаг гэж статистикийн судалгаагаар гарсан. Мөн хүүхэд өвдөх үед эмэгтэйчүүдийн асрахуйд зарцуулах цаг 5-10 дахин нэмэгддэг. Одоо байгаа асархуйн ачааллын тэнцвэргүй байдал нь эмэгтэйчүүдийг өөрийнхөө чадвар, боломж, нөөц бололцоог бүрэн ашиглахад нь саад болдог. Мөн эмэгтэйчүүдийн нуруун дээрх асрахуйн ачаалал хөнгөрснөөр эмэгтэйчүүдийн үндэсний эдийн засаг оруулах хувь нэмэр нэмэгддэг гэж үздэг. Тиймээс гэр бүлийнхэн нь хамтарч үүрэлцэхээс гадна, хувийн хэвшил, төр засаг бүгдээрээ асрахуйн эдийн засагт орж ирэх хэрэгтэй байна.
ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО НЭМЭГДСНЭЭР ОНОВЧТОЙ ШИЙДЛҮҮД ГАРНА
-Жендерийн мэдрэмжгүй шийдвэр, шийдлүүдээс үүдэж нийгэмд эмэгтэйчүүд хохирох нь их. Тухайлбал, аль ч үйлчилгээний байгууллагын эр, эм ариун цэврийн өрөөний тоо тэнцүү байдаг. Анзаарвал ямар нэгэн үзвэр эсвэл хоолны газруудын эмэгтэй ариун цэврийн өрөөний үүдэнд урт дараалал үүссэн байдаг. Учир нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.3 дахин их цагийг ариун цэврийн өрөөнд өнгөрөөдөг гэсэн судалгаа бий. Тодруулбал, биологийн ялгаатай байдлаас шалтгаалан эмэгтэйчүүдийн бие засах процесс нь эрэгтэйчүүдээс урт байх нь. Жишээ нь, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 25 хувьд нь сарын тэмдэг ирдэг. Жирэмсэн эмэгтэй ойр ойрхон бие засдаг учраас эрчүүдээс олон удаа ариун цэврийн өрөө ашиглах шаардлага тулгардаг. Эдгээрийг тооцоолж буюу жендерийн мэдрэмжтэй шийдвэр, шийдэл гаргавал эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний зай талбайг томсгох, хэрэгслийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Саяхан нэг сургууль охидууд ариун цэврийн өрөөнд хэт их цагийг өнгөрөөж байгаа учраас толийг нь хураасан гэсэн. Тэгвэл энэ нь хүний эрхийн мэдрэмжгүй, дата судалгаанд суурилаагүй шийдвэр байсан. Энэ мэт аливаа бодлого, шийдвэр, шийдэл гаргахдаа судалгаан дээр суурилах нь хүний амьдралд ойр шийдэлд хүрэхэд чухал. Манай улсад шийдвэр гаргаж байгаа ихэнх хүн нь эрэгтэйчүүд байдаг, дээр нь тэдний олонход нь судалгаа шинжилгээнд суурилсан шийдвэр гаргах хандлага дутмаг, харин хувийн үзэмж, туршлага дээр суурилан олонхийн амьдралтай холбоотой шийдвэр гаргах нь элбэг байна. Тиймээс бодлого боловсруулахад хүйсийн тэнцвэртэй оролцоо байж бодлого, шийдвэр хүндээ ээлтэй болдог.
АСРАХУЙН АЖЛЫГ ЗОХИСТОЙ ҮНЭЛЭХ ХЭРЭГТЭЙ
-Асрахуйн ажлын дийлэнхийг эмэгтэйчүүд дангаараа үүрч байгаа нь эмэгтэйчүүд, гэр бүл, нийгэмд хохиролтой. Тиймээс асрахуйн эдийн засгийг дэлхий нийтээр анхаарах болсон. Асрахуйн албан ёсны ажил хийж буй сувилагч, асрагч, цэцэрлэгийн багшийн ч цалин маш бага байна. Цаашлаад хүүхэд асрах тухай хуультай уялдуулан хүүхэд харах шинэ үйлчилгээ, цэцэрлэгийн өмнөх боловсролын чанарт анхаарах хэрэгтэй. Өчигдөр мэдээгээр цэцэрлэгийн нэг анги 45-60 хүүхэд сурч байна гээд гарсан. Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэж байгаа нь сайн боловч чанарыг сайжруулах хэрэгтэй. Сургуулийн өмнөх боловсрол сайжрах нь асрахуйн ажлыг хөнгөвчилж буй нэг хэлбэр юм. Тэгвэл төрөөс асрах үйлчилгээний үнэлэмжийг нэмэгдүүлэх дээр анхаарч байж чанар, хүртээмжийг нэмэгдүүлж чадна. Мөн энэ төрлийн шинэ тутам бизнесийг дэмжин хөгжүүлэх ээлтэй орчин чухал байна. Түүнчлэн хувийн хэвшлүүд ч асрахуйн ачааллыг хуваалцах олон шинэ санаачлагууд гарч ирж байна. Жишээ нь байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах, бага насны хүүхэдтэй ажилтнуудад уян хатан ажиллах цагийг санал болгох зэргээр ажилтнуудынхаа асрахуйн ачааллыг хөнгөлсөнөөр ажлын бүтээмжид ч эерэгээр нөлөөлдөг судалгаа бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 200 (7185)