П.АМГАЛАН
Монгол, ОХУ-ын түүхэн харилцаа олон жилийн түүхэн замналтай билээ. Энэхүү олон жилийн найрсаг харилцаа бататгах, утга уран зохиолын салбарын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх олон арга хэмжээ зохион байгуулагдаж буй. Үүний нэг бол өнгөрсөн есдүгээр сарын 14-17-нд зохион байгуулагдсан Улаанбаатар дахь олон улсын “Номын ертөнц” үзэсгэлэн. Монгол, ОХУ-ын утга уран зохиол гэх том орон зайд түүх болон үлдсэн, өндөр ач холбогдолтой уг арга хэмжээнд тус улсаас олон авьяаслаг эрхмүүд хүрэлцэн ирсэн юм. Тодруулбал, ОХУ-ын зохиолч, утга зохиол судлаач, шүүмжлэгч Павел Басинский, түүхч, соёл судлаач, Анна Эспарса, яруу найрагч, эссе бичигч, антрополог- хүн судлаач Игорь Сид, эссе бичигч, антиутоп ба нийгэм улс төрийн триллерийн жанрт хүчээ сорьж буй үргэлжилсэн үгийн зохиолч Дмитрий Захаров, хүүхдийн зохиолч, үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч, хэл судлаач, орчуулагч Анастасия Строкина, яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч, сэтгүүлч, сурган хүмүүжүүлэгч Екатерина Барбаняга зэрэг бүрэлдэхүүнтэй зорин ирсэн билээ.
Бид энэ удаагийн ярилцлагын зочноороо түүхч, соёл судлаач, Анна Эспарсаг онцолж байна. Тэрбээр тус арга хэмжээний хүрээнд өөрийн бүтээл болох “Сергей Рахманинов бол дэлхийн хөгжмийн зохиолч” киног толилуулсан юм. Ярилцлагын өмнө уншигчдадаа түүний товч намтарыг хүргье. Анна Эспарса нь “Оросын утга зохиол, Түүх ба орчин үе” олон улсын үзэсгэлэнгийн куратороор ажилладаг. М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн УИС-ийн түүхийн факультетийн төгсөгч. 2009-2013 онуудад уг факультет дээр өөрийн байгуулсан түүх ба академик шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх хэлтсийн тэргүүн. Эдвард Радзинскийн телевизийн баримтат төслүүдийн шеф-редактор, Москвагийн болон олон улсын томоохон наадам, үзэсгэлэнгийн түүхийн зөвлөлөөр ажиллаж байсан. 2014-2015 онуудад BBC “Кузены” компанийн цуврал кино, Стивен Спилбергийн “Ленин” киноны түүхийн зөвлөлөөр ажиллаж байсан. 2018 оноос ОХУ-ын Гэгээрлийн яамны байнгын ажилтан, Оросын соёл, түүхийн зүтгэлтнүүдийн таниулан гэгээрүүлэх киноны зохиогч. “Особняки Москвы” баримтат кино, ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Баримтат киноны Ерөнхий газарт бүтээсэн киноны зохиогч.
-Та Монголд хэдэн удаа ирж байна вэ. Монголоос та юу харж мэдрэхийг хүсэж байв?
-Монгол Улсад хоёр дахиа ирж байна. Би Монголд их хайртай. Анх өнгөрсөн жилийн тавдугаар сард номын баярт оролцохоор зорьж ирж байсан. Би анх ирэхдээ хамгийн түрүүнд Сүхбаатарын талбайд болж байсан номын баяраар зочилж, лекц уншсан. Мөн Оросын их зохиолч Ф.М Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан өөрийнхөө хийсэн киног номын баярт зорьж ирсэн хүмүүст толилуулсан. Харин дараа нь Монгол Улстай танилцсан, надад үнэхээр гайхалтай санагдсан. Би Монгол Улсыг үнэхээр сайхан байгальтай, үзэсгэлэнтэй улс гэж боддог. Бас ер бусын өгөөмөр, зочломтгой ард түмэн. Харин энэ удаа Улаанбаатар дахь олон улсын “Номын ертөнц” үзэсгэлэнд ирсэндээ баяртай байна. Хоёр дахь удаа ирэхэд аль хэдийнэ мэддэг газраа, таньдаг хүмүүс, найзууд дээрээ эргэж ирж байгаа мэт дотно мэдрэмж төрж байна.
Би Монголд өөрийгөө орос гэдгийг хэзээ ч нууж байгаагүй. Би олон газраар явж, олон хүнтэй уулзаж байсан. Би энд нэг ч удаа түрэмгийлэл, уур уцаар, улс төрийн асуудал хөндсөн байдалтай тулгарч байгаагүй. Бүгд соёл, уран зохиол, хоёр улсын түүхэн холбооны талаар ярьж байсан.
-Та түүхч мэргэжилтэй хүн юм байна. Аль чиглэл рүү илүү судалгаа хийдэг вэ?
-Би М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг XIX, XX зууны эхэн үеийн Оросын түүх судлалаар мэргэшиж төгссөн.Сургуулиа төгсөөд Орос оронд болон Европ тивд өрнөсөн их үймээн самуун, иргэний дайн, дайны хөлөөс дайжсан хүн ардын их хөдөлгөөнтэй холбоотой сэдвээр судалгаа хийж байсан. Тэгээд “Зууны нууц ба баатрууд” номоо гаргасан. Энэ ном маань франц хэл дээр орчуулагдан бид 2017 оны гуравдугаар сард Францын номын үзэсгэлэнд орж байсан. Өөрөөр хэлбэл, би түүхч мэргэжилтэй хүний хувьд өөрийгөө тодорхой чиглэлтэй гэж боддог. Гэхдээ энэ сэдэв бол дан ганц Орос оронд төдийгүй бүх цаг үе, улс оронд хамаатай. Ер нь төр байгаа л бол ямар нэг хязгаарлалт байдаг нь туйлын үнэн. Тиймээс түүхч хүн өөрийгөө нэг цаг үеэр хязгаарлах учиргүй.
-Монголын их яруу найрагч Д.Нацагдоржийн “Хөмөрсөн тогоон дахь Монгол” гэсэн өгүүллэг байдаг. Энэ зохиолыг жаахан мушгивал 1921 онд л Монгол оронд нар мандсан юм шиг болдог. Энэ үеэс Д.Сүхбаатараас эхлээд түүхэн баатрууд төрж эхэлсэн юм шиг магтаж дуулж байсан. Дараа нь 1990 оноос өөр нар мандсан. Энэ бол Чингис хаан. Одоо архин дээр хүртэл Чингис хааны хөрөг зураг байна. Та энэ тал дээр түүхч хүний хувьд юу гэж хэлэхсэн бол?
-Хүмүүст үлгэр, баатар хэрэгтэй. Голдуу хүмүүс түүхийг бичдэггүй. Зөвлөлтийн алдарт түүх судлаач Покровскийн бичсэнээр “Түүх бол өнгөрсөн үеийг хөмөрсөн улс төр”. Түүхэн хүмүүс, баатрыг шинээр бий болгож, дахиж бичиж байдаг. Бүх нийгэм, бүх цаг үе, улс оронд адилхан. Би олон улс орноор явсан. Итали, Франц, Голландад ажиллаж байсан. Соёл гэгээрэлд зорьж яваа хүмүүст хил хязгаар гэж байх учиргүй юм шиг санагддаг. Миний хувьд хүн хүнтэйгээ л харьцдаг. Та бид хоёр өнөөдөр хоорондоо яриад сууж байна. Би орос. Та монгол. Бид бие биенийгээ ойлгож байна. Бид уран зохиол соёлд адилхан дуртай. Энэ биднийг нэгтгэж байгаа зүйл. Бид нэгдээсэй гэж би хүсэж байна. Гэтэл өөр бодолтой зарим хүн биднийг салгахыг хүсэж байгаа. Тэгвэл таны хэлсэнчлэн нар тусахаа болино. Ядаж соёлыг түгээх жижигхэн туяа үлдээх ёстой гэж би боддог. Соёл байхгүй бол харилцан ярилцаж чадахгүй, соёл байхгүй бол амьдарч чадахгүй.
-Бидэнтэй ярилцсаны дараа та манай театрыг илүү гүн судлах санаа төрж байна уу?
-Мэдээж надад сонирхолтой санагдаж байна. Манай улсад залуу орчуулагчдын сургууль төсөл байдаг. Энэ тухай Монголын оюутнуудад танилцуулсан. Энэ жил бид Орос, Унгар, Казахстан гэсэн гурван улстай хамтарч ажилласан. Монгол Улсыг бас нэгдээсэй гэж хүсэж байна. Уг арга хэмжээнд тухайн улсын зохиолч, орчуулагчдаас гадна театрын найруулагчид, жүжигчид ирсэн. Тиймээс бид Монголын соёлын алдартай хүмүүстэй танилцахыг хүсч байна. Орчуулагчид бүгдийг мэдэж байх ёстой. Залгамж халаатай байх ёстой. Одоо хуучны алдартай хүмүүс, орчин үеийн хүмүүсийн хооронд маш том ангал үүссэн байна. Мэдлэг, туршлага залгамжлагдаж үлдээсэй гэж их хүсэж байна. Энэ ямар ч улс оронд чухал. Олон улсын харилцаанд ч энэ чухал. Энэ туршлага бол үнэлж баршгүй зүйл юм. Бид ирэх арванхоёрдугаар сард дахин Монголд ирэх төлөвлөгөөтэй байгаа.
-Таныг алдарт зохиолч Эдвард Разинскийтай хамтарч ажилладаг гэж таны товч намтарт дурьджээ. Ингэж асууж байгаа учир нь түүний бүтээл монгол хэлнээ хөрвүүлэгдсэн байдаг тухай та сонссон уу?
-Намайг уран зохиолын шагнал авахад Разинский шүүгчээр ажиллаж байсан юм. Тэр надад “Миний шеф редактороор ажиллахыг урьж байна” гэж хэлсэн. Би яаж татгалзах билээ. Би янз бүрийн уралдаан, олимпиадад их оролцдог хүүхэд байсан. Үүнээс хойш олон жил Разинский гуайтай хамтарч ажиллаж байна. Бид сайн нөхөд. Хэчнээн нас өндөр болсон ч гэсэн түүний бие нь сайн байгаа. Сая Монгол руу ирэхээс өмнө бид хоёр ярилцсан. Монголчуудад мэнд хүргээрэй гэсэн. Манай багийнханд аян замын амжилт хүссэн. Тэр одоо Москвад байгаа. Түүний бүтээл ер нь 47 хэл дээр орчуулагдсан байдаг. Монгол хэлнээ хөрвүүлэгдсэн гэсэн мэдээг очоод хэлье.
-Таны дээр хэлсэнчлэн “Залуу орчуулагчдын сургууль” төсөл Монголд үндэс суурь нь амжилттай тавигдаад эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Ирэх арванхоёрдугаар сард та бүхнийг Монголд зорин ирэхэд дахин уулзах ерөөл тавья.
-Баярлалаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 199 (7184)