Д.Ганболд: Энэтхэгийн жуулчид аялалд зарцуулж байгаа мөнгөний хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог

2023-10-03
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

“Элчин сайд ярьж байна” булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболдыг урилаа. Бидний ярилцлага Дели хот дахь Монгол Улсын ЭСЯ-нд болсон юм.

 

-Таныг Гадаад яаманд газрын захирлаар ажиллаж байсныг мэдэх юм. Мөн Энэтхэг бол таны хувьд их ойрхон холбоотой улс орнуудын нэг гэж сонсч байлаа?  

-Би 2001 онд Гадаад харилцааны яаманд орсон, үүнээс хойш Олон талт хамтын ажиллагааны газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Консулын газар, Бодлого төлөвлөлтийн газар, Дипломат ёслолын газар, Америк, Ойрхи дорнод, Африкийн газар зэрэг яамны олон газар, нэгжүүдэд ажилласан.  Мөн Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Бүгд Найрамдах Болгар Улс болон Канад Улсад суугаа ЭСЯ-нд томилогдон ажилласан.

Бүгд Найрамдах Энэтхэг Улс бол дипломат ажлын хувьд шинэ боловч манай гэр бүлийн хувьд олон жилийн түүхэн харилцаатай орон гэж болно. Аав маань Энэтхэгт сурч байсан. Ах болон охин дүү минь ч энд сурч байлаа.

-Та Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаас хойш жил хагасын хугацаа өнгөрсөн байна. Суугаа оронтойгоо багагүй танилцчихсан, цаашид хийх хамтран ажиллах салбаруудаа олоод харчихсан байгаа байх?

-Хоёр орны өнөөгийн харилцааны талаар ярихаас өмнө түүхээ ярих ёстой. Манай хоёр орон олон зуун, мянган жилийн түүхэн харилцаатай. Хоёр орон бие биенээ “Оюун санааны хөршүүд” хэмээн нэрлэдэг. Энэ утгаараа манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны суурь, түүхэн уламжлал бий гэсэн үг. Өнөөдөр бид Бүгд Найрамдах Энэтхэг Улстай Стратегийн түншлэлийн хэмжээнд харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна. БНЭУ бол манай улсын хувьд энэ бүс нутаг дахь чухал Гуравдагч хөрш.

-Энэтхэг дэлхийд хүн амаараа тэргүүлдэг, маш том гүрэн. Тэгвэл манай улстай харилцах харилцаанд ямар ач холбогдол өгдөг бол?

-Бүгд Найрамдах Энэтхэг Улс энэ жил БНХАУ-ыг хүн амын тоогоороо гүйцэж дэлхийд нэгдүгээрт бичигдэх болсон. Өнгөрсөн оны 11 дүгээр сард эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийн тав дахь эдийн засаг болон эрчимтэй хөгжиж байна. Дөрвөн жилийн дараа дэлхийн гурав дахь том эдийн засаг болох зорилготой хурдтай хөгжиж байгаа улс юм. Бид энэ улстай бүх төрлийн харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломж, бололцоо байна гэж харж байгаа.

-Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2021 онд БНЭУ-д айлчилсан. Өнгөрсөн долдугаар сард тус улсын Парламентын доод танхимын дарга ноён Ом Бирла манай улсад айлчилсан. Эдгээр өндөр хэмжээний айлчлалуудаас харахад хоёр орны харилцаа парламентын түвшинд сайн хөгжиж, ойрхон байгаагийн илрэл гэж ойлгож болох уу?

-Хоёр орны хооронд харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлал чухал үүрэг гүйцэтгэдэг. БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди манай улсад анх удаа албан ёсны айлчлал 2015 онд хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд БНЭУ-д айлчилсан. Мөн УИХ-ын даргын 2021 оны албан ёсны айлчлал, БНЭУ-ын Парламентын Лок Сабха танхимын дарга өнгөрсөн долдугаар сард манайд айлчилсныг Та дурдлаа. Өнгөрсөн онд Батлан хамгаалахын сайд нар харилцан айлчилсан зэрэг Засгийн газрын гишүүний түвшин, дэд сайдын түвшний болон бусад түвшний айлчлалууд өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжсэн. Эдгээр айлчлалын хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдсан.

-Монгол, Энэтхэг хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг цаашид ямар салбарт илүү өргөжүүлэх боломжтой гэж та харж байна вэ?

-2015 онд болсон БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын үеэр хоёр орны харилцааг Стратегийн түвшинд хөгжүүлэхээр тохиролцсон. Стратегийн түншлэлийн түвшинд харилцана гэдэг нь бүх түвшинд, бүх салбарт хамтран ажиллах боломжтой гэсэн үг. Хоёр орны хамтын ажиллагааны эдийн засгийн нэг гол төсөл бол БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа. БНЭУ сүүлийн жилүүдэд “Act East Policy” буюу Дорнодын орнууд руу чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж байгаа нь үр дүнтэй гэж дүгнэгдэж байна. Монгол Улстай харилцах бодлого ч энэ үр дүнгийн нэг илэрхийлэл гэж болно. Учир нь манай улсад тусгайлан ач холбогдол өгч, нэг төсөлд зориулан нэг тэрбум 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсон нь түүхэнд байгаагүй тоо. Энэ нь энэтхэгчүүд, бидэнд ойр дотно харилцаж байгаагийн нэг илрэл гэж болно. Хоёр улсын хамтын ажиллагаанд амжилттай хэрэгжиж буй салбар бол батлан хамгаалах салбар гэж болно. Үүний нэг илрэл нь “Nomadic Еlephant” нэртэй цэргийн хээрийн сургуулийг хамтран зохион байгуулсан бол олон улсын “Хааны эрэлд” хээрийн сургуульд Энэтхэгийн цэргийн бие бүрэлдэхүүн оролцсон. Манай хоёр орон мөн олон улсын байгууллагын хүрээнд харилцан бие биенээ дэмжиж ирсэн. Монголын санаачилсан НҮБ-ын тогтоолуудад БНЭУ дэмжиж санал өгдөг.

-Хоёр орны боловсролын салбарын харилцаа ямар шатанд яваа бол. Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр оюутнууд суралцдаг. Энэ квотдоо хүрч байгаа юу?

-Энэтхэгийн Засгийн газраас жилд 50 монгол оюутныг Энэтхэгт суралцах тэтгэлэг олгодог. Манай залуучууд Энэтхэгт IT болон инженерийн чиглэлээр суралцвал цаашид өргөн боломж нээгдэнэ гэж болно. Энэтхэг бол дэлхийн IT технологийн төв шүү дээ. Мөн энд IT, технологиос гадна бүх салбарт суралцахад боломж нээлттэй. Учир  нь Энэтхэгийн боловсролыг барууны орнууд хүлээн зөвшөөрдөг. Тэр утгаараа Энэтхэгт гурван жил бакалаврын зэрэг хамгаалаад Англи, Канад, Австралийн их, дээд сургуулиудад суралцах, яваандаа дэлхийн түвшинд өрсөлдөх бүрэн боломжтой гэсэн үг.

-Энэтхэгтэй хамтарсан “Аутсорсингийн төв” байгуулж буй гэж сонссон. Энэ төслийн явц ямар байгаа бол?

-Монголд Энэтхэгийн Ерөнхий сайд асан Важпаийн нэрэмжит Аутсорсингийн төв байгуулахааар барилгын ажил явагдаж байна. Энэ төв байгуулагдсанаар монгол залуус аутсорсингийн төвд ажиллаж, урт болон богино хугацааны сургалтад хамрагдах боломжтой.

Энэтхэгт ирээд IT салбарын боловсрол эзэмшсэнээр дэлхийн алдартай Google, Facebook зэрэг томоохон IT технологийн компаниудад ажиллах бүрэн боломж бий. Дэлхийн IT компаниудын удирдлагууд ихэнхи нь Энэтхэг гаралтай хүмүүс байдаг. Мөн Энэтхэгийн IT салбарын боловсрол нь өөрөө өндөр үзүүлэлттэй болохоор монголчууд, залуучуудад тэдгээр компаниудад ажиллах нэг үгээр бол найман тэрбум хүнтэй өрсөлдөж, өөрийгөө таниулах үүд нээгдэх юм.

-Гадаадын өндөр хөгжилтэй улс орнууд тэр дундаа Америк, Япон, Англи, Австралид оюутнууд ажил хийхгүйгээр амьдрах боломж тааруу байдаг. Тэгвэл Энэтхэгт суралцаж байгаа залуустай уулзаж байхад өртөг зардал боломжийн гэж хэлж байсан. Ер нь Засгийн газрын тэтгэлгээр ирж суралцаж буй оюутнуудад тэтгэлэг нь хүрэлцээтэй байж чаддаг уу?

-Энэтхэг бол харьцангуй өртөг багатай улс. Энэтхэгийн Засгийн газраас олгож байгаа тэтгэлэг бол залуу хүний хувьд хангалттай хүрэлцэхүйц гэж болно. Сарын 200 гаруй ам.доллар нь хоол хүнсэнд хүрэлцээтэй. Байр нь цаанаасаа. Мөн оюутны байрнаас гадуур амьдрах нөхцөлд 6500 рупигийн тэтгэлэг нэмж өгдөг болохоор ер нь сураад амьдрах бүрэн боломжтой гэж ойлгож болно.

-Жилийн 50 оюутны квоттой ч одоогоор Делид 40 гаруй монгол оюутан сурч байна гэсэн. Ер нь манайхан энэ улсыг сайн мэдэхгүй байна уу. Бүр сонирхохгүй байна уу эсвэл өөр шалтгаан байдаг юм болов уу?

-Манай залуучууд халуунаас нь жаахан халшрах гээд байдаг гэж сонссон. Гэхдээ яг ирээд амьдраад үзэхээр орчиндоо дасна шүү дээ. Тэрбум 400 сая хүн амьдраад болоод байгаа биз дээ. Ер нь өнөө үеийн Энэтхэгийг манайхан сайн мэдэхгүй санагддаг. Гол нь энд ирж сурсанаар залуу хүнд ямар боломж, бололцоо нээгдэхийг олж харах л хэрэгтэй гэж бодож байна.

-Сүүлийн үед монголчууд Энэтхэг рүү эмнэлгийн үйлчилгээ авахаар зорьж ирдэг болсон. Тэднийг буруутгах аргагүй ч Монголдоо эмчлүүлж чаддагсан бол гэдэг харуусал төрдөг. Та эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хэр анхаарч харж байна вэ?

-Монголчууд маань олон янзын өвчин зовлонгоос болж Энэтхэгт ирж эмчлүүлэх болсон байна. Эндэхийн эрүүл мэндийн салбарын хөгжил өндөр, эмчилгээний зардал, өртөг харьцангуй бага байдагтай холбоотой. Эндэхийн эмнэлэгүүдийн менежмент нь барууны стандарттай, эмч нар нь 20-25 жилийн дадлага, туршлагатай. Англи, Америкт мэргэжил дээшлүүлсэн байдаг. Мөн тоног төхөөрөмж нь сүүлийн үеийн, оношилгоо сайтай юм билээ. Эмчилгээний үнэ нь ч Япон, Өмнөд Солонгос, Тайланд, Турк зэрэг улс орнуудыг бодоход харьцангуй хямд болохоор хүмүүс их ирдэг юм байна. Би ирснийхээ дараа монголчууд ихээр ирж эмчлүүлдэг болохоор хэрхэн монгол иргэддээ тус болох вэ гэж бодож Делид байгаа 10-аад эмнэлэгүүдээр явж, эмнэлгийн удирдлагууд, эмч нар болон хэвтэн эмчлүүлж байгаа, асарч буй монголчуудтайгаа уулзаж ярилцсан. Мөн зуучилдаг иргэд, компанийн төлөөлөлтэй ч уулзсан. Ингэж уулзаж, ярилцсаны үндсэн дээр Энэтхэгийн эрүүл мэндийн байгууллагыг Монголд нээсэн нь зөв юм болов уу гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Тэгээд эндэхийн хоёр эмнэлэгийн төлөөллийг Монголд авч очиж, манай хувийн эмнэлгүүдтэй холбон ажиллаж байна. Өнгөрсөн жил “Мах” эмнэлэгийн удирдлагыг Монголд аваачсан бол энэ жил Маренго эмнэлэгийн удирдах бүрэлдэхүүнийг аваачсан. Аль болох л хурдан Энэтхэг эмнэлэгийг Монголд нээж, Монгол хүн Монголдоо Монгол эмчээрээ эмчлүүлдэг болгох юмсан гэж бодож байна. Мэдээж Монгол, Энэтхэг түншүүд хоорондоо тохиролцож, ажлаа эхлүүлэх нь л чухал байна даа.

-Ямар чиглэлийн эмнэлэг байх вэ. Нэгдсэн том эмнэлэг байх юм уу?

-Монголчууд Энэтхэгт эрхтэн шилжүүлэхээр их ирдэг юм байна. Мөн зүрх, тархи, хүүхдийн саажилт болон хорт хавдар зэрэг өвчин зовлонгийн улмаас зорьж ирдэг. Иймд эдгээр чиглэлийн эмнэлгийг эхэлж оруулаад цаашид олон чиглэлээр эмчилгээ, үйлчилгээ хийх боломжтой болох болов уу. Ер нь алс холоос эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар зорьж ирсэн элэг нэгтнүүддээ Элчин сайдын яамны зүгээс аль болох боломжоороо тусалж дэмжих, мэдээлэл өгөхийг хичээдэг. Гэхдээ тэр их цаг хугацаа, зардал чирэгдэл болж хүний нутгийг зорьж байхаар чанартай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх орондоо авдаг болчихвол монголчуудад маань хэчнээн хэрэгтэй билээ гэдэг талаас нь харж байна.

-Манай эмч нарт Энэтхэгтэй туршлага солилцох, нэг нэгнээсээ суралцах ямар боломж байна?

-Өнгөрсөн тавдугаар сард эндэхийн Маренго эмнэлгийн төлөөлөлтэй хамт Монголд очиж, Эрүүл мэндийн сайд, зарим хувийн болон улсын эмнэлэгийн удирдлага, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал зэрэг хэд хэдэн уулзалт хийсэн. Монголд эмнэлэг нээлээ гэхэд эхний ээлжинд энэтхэг эмч нар голдуу эмчилгээ, хагалгаа хийх байх. Энэ хооронд монгол эмч, сувилагч нараа сургалтад хамруулж, цаашид Энэтхэгт суралцсан эмч нар маань өөрсдөө эмнэлгээ бүрэн удирдаж, эмчилгээгээ хийгээд явах боломжтой болох ёстой гэж бодож байна. Наймдугаар сард Маренго эмнэлэгийн баг очиж, сургалтын хөтөлбөрөө тохиролцож, Санамж бичиг байгуулсан. Энэ жилдээ Монголоос хэд хэдэн баг авчирч, урт болон богино хугацаагаар сургах бэлтгэл ажил хийж байгаа.

-Иргэдийн урсгал ярьсных өөр ямар ямар зорилгоор Энэтхэг рүү монголчууд зорчиж байгааг тодруулж болох уу?

-Эрүүл мэндийн салбараас гадна аялал жуулчлал, мөргөл, шашны чиглэлээр их зорьж ирдэг. Мэдээж Бурханы шашин гэдэг бол манай хоёр орныг холбодог түүхэн гүүр юм. Энэ утгаараа одоогоор шашны чиглэлээр 700 гаруй лам хувраг Карнатака мужийн хэд хэдэн хийдүүдэд шавилан суудаг. Монгол Улсын ЭСЯ-ны зүгээс тэднийхээ суралцах орчин, аж байдалтай нь танилцаж, монгол иргэддээ монгол хэл, утга зохиол, түүхийн хичээлийг онлайнаар зааж эхэлсэн. Энэтхэгт аялж, Бурхан шашны түүхэн газруудыг үзэж сонирхдог монголчууддаа зориулаад, хүмүүсийн хамгийн их сонирхож очдог Дели хотын Үндэсний түүхийн музейд байдаг Бурхан багшийн ринсэлийн албан ёсны тайлбарыг монгол хэл дээр хөрвүүлэхээр ажиллаж байна гэх зэрэг түүхэн, соёл, шашны чиглэлийн ажлуудыг хийж байна.

-2023 оныг манай улс “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд жуулчдын цуваа тасрахгүй байгаа нь эдийн засгийн болон олон улсад Монголыг таниулсан чухал санаачилга байлаа. Ялангуяа БНСУ-аас багагүй жуулчид хүлээж авсан. Түүн шиг Энэтхэгээс Монголыг зорин ирэх, жуулчдыг татах боломж хэр байна?

-Хоёр орны хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэхэд аялал жуулчлалын салбар чухал үүрэгтэй.  Энэтхэгийн жуулчид нэг аялалд зарцуулж байгаа мөнгөний хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт орж байна. Тэр урсгалыг эх орон руугаа чиглүүлэх, БНЭУ-д Монгол Улсаа таниулах ажлыг тодорхой хэмжээгээр эхлүүлээд явж байгаа. Энэтхэгчүүд ер нь амьдрал ахуй бололцоотой, чинээлэг давхарга ихтэй болсноор гадагшаа аялах, шинэ улс, чиглэл эрэлхийлдэг болсон. Тэрний нэг нь манай улс байж болох юм гэж үзэж монголын аялал жуулчлалын компаниудтай уулзалт хийгээд Энэтхэгт зохион байгуулагддаг томоохон аялал жуулчлалын яармагуудад оролцохоор яриа хэлэлцээ хийж байна. Эндэхийн авиа компаниуд болон Болливудынхантай уулзаж байна. Мэдээж аялал жуулчлал хөгжихөд шууд нислэг хамгийн чухал. Монгол Улсын Засгийн газраас “Хүннү Эйр”-ийг шууд нислэг үйлдэх авиа компаниар сонгосон юм билээ. Энэтхэгийн талаас “Эйр Индиа” болон  “Индиго” гэдэг хоёр том компанитай уулзалт хийсэн. Эдгээр хувийн компаниуд харилцан тохиролцож чадвал шууд нислэг үйлдэх боломжтой болно. Тэгвэл манай хоёр орны хооронд аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагаа өргөжих том боломж түлхэц болох юм.

-Хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах гол зорилготой гэж ярьдаг. Тэгвэл энэ чиглэлд ахиц гарах боломжтой ямар төсөл байж болох вэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь манай хоёр орны эдийн засгийн агуулгаар хийж буй анхны том төсөл. Үүний дараа бид ямар төсөл хамтран хэрэгжүүлэхээ одооноос бодож, тооцоолох хэрэгтэй. Магадгүй Энэтхэгийн хамтран дэд бүтцийн эсвэл газар тариалангийн төсөл байж болох байна. Мэдээж байгаль орчныг хамгаалах Тэрбум мод хөтөлбөртэй холбосон эко төсөл байж болох юм. Бид өөрсдөө сайтар судалж байгаад Монгол Улсын “Алсын хараа 2050” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд  ямар томоохон төсөл байх вэ гэдгээ харилцан ярилцаж, дараагийн том төслөө эхлүүлэх боломжтой юм. БНЭУ дэлхийн тав дахь эдийн засагтай орон болсон. Тэр утгаараа Энэтхэгийн хөрөнгө оруулалтыг уул уурхайн салбарт оруулвал аль алиндаа харилцан ашигтай байж болох юм. Жишээлбэл, өнгөрсөн оноос эхэлж БНЭУ дотооддоо “микрочип” үйлдвэрлэж эхэлсэн. Тэр утгаараа манайд байгаа газрын ховор элементийг ашиглахад Энэтхэгийн хөрөнгө оруулалтыг оруулвал аль аль талдаа харилцан ашигтай байж болох юм. Мөн коксжсон нүүрсийг Энэтхэгт экспортлох тухай яриа хэлцэл явагдаж байгаа. Мөн уул уурхайн бусад чиглэлээр хөрөнгө оруулах боломжтой гэдгээ илэрхийлээд байгаа.

  Өөр нэг салбар бол хөдөө аж ахуй байж болох юм. Энэтхэгийн хөдөө аж ахуйн техник технологи, амжилт, ажиллах хүчийг ашиглаж, Монголд байгаа өргөн тал нутгийн тодорхой хэсгийг эргэлтэд оруулж, газар тариалан хөгжүүлж болох юм шиг санагддаг. Энэ нь цаашлаад цөлжилтийг зогсоох боломжтой байж болно. Манай орны 70 гаруй сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, малын гаралтай мах, сүү, арьс зэрэг бүтээгдэхүүнийг мөн хамтран боловсруулж болох юм. Орон нутгийн жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн салбарт харилцаа хөгжүүлэх зорилгоор энэтхэгийн зарим хувийн компаниудтай уулзалт хийгээд явж байна. Энэ мэтээр ер нь харилцааны өргөн боломжууд их байна гэж үзэж байна.

-Одоогийн эдийн засгийн хамтын ажиллагааг тоогоор илэрхийлбэл ямар дүнтэй байна вэ?

-Энэ жил анх удаа хоёр орны худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрэх төлөвтэй байна. Яваандаа хувийн сектор, аялал жуулчлал, уул уурхай гээд олон салбарт харилцаа өргөжихийн хэрээр энэ тоо хэд дахин нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Хоёр орны эдийн засгийн харилцааг ярихаас илүү монголчууд маань энэ улсыг төдийлөн сайн мэддэггүй, ойлгодоггүй юм шиг харагддаг. Гэтэл үүний цаана Энэтхэгийн эдийн засгийн хөгжлийн боломж, бололцоо их бий гэдгийг бид олж хармаар байна.

-Энэтхэг улсыг бид 1990-ээд оны үед гудамжинд байх гуйлга гуйсан, ядуу хүмүүс, баян ядуугийн ялгаа асар ихтэй гэдгээр голдуу төсөөлдөг байлаа. Харин яг энд ирээд өөрийн нүдээр харахад бидний мэддэгээс бас их өөр болсон нь анзаарагдлаа. Дэлхийд эдийн засгаараа тавдугаарт бчигдсэн, Энэтхэг гаралтай хүмүүс Англи Америкийн улс төр, бизнест ч цойлж гарч ирж байна. Тэгэхээр энэ бүх амжилт, үсрэнгүй хөгжлийн гол нууц нь юунд байна вэ?

-2014 онд Ерөнхий сайд Н.Модигийн Засгийн газар байгуулагдсанаас хойш хөгжлийн бодлогоо шинэчилж, алсыг харсан дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн нь гол үр дүнгээ өгч байна. Өөрсдийнх нь хэлж байгаачлан 4 жилийн дараа ХБНГУ-ыг эдийн засгийн үзүүлэлтээрээ гүйцэж, дэлхийн гурав дахь том эдийн засагтай болно гэсэн том амбицитай, хурдтай хөгжиж буй БНЭУ-тай бид бүх төрлийн, бүх түвшний харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь чухал байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 196 (7181)

 

Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

54 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

54 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

54 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

54 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

54 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

54 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

54 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

54 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

54 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

15 цаг 16 мин