Гаель Лаказь: Монголчууд байгаль, соёлын өвөө хайрлан хамгаалж  хөгжүүлээсэй

2023-09-29
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Насантуяагийн ЖАРГАЛМАА

 

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас санаачлан есдүгээр сарын 27-ны өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ. "Зууны мэдээ" сонин энэ удаагийн дугаартаа монгол судлаач эрдэмтэн Францын Сорбонийн Их Сургуулийн Доктор, Профессор Гаель Лаказьтай ярилцлаа.

 

-Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна. Та Монгол Улсад анх хэзээ ирж байв. Монгол судлаач эрдэмтэн хүн аялал жуулчлалын салбартай хэрхэн яаж холбогдсон талаар яриагаа эхлэе?

-Би анх 1993 онд ирж судалгаа хийж эхэлсэн. Монгол орны газарзүйн онцлог байгалийн өвөрмөц тогтоц хүн ам, угсаатан зүй болон антропологи, этнологийн чиглэлээр олон судалгаа хийж эрдмийн ажил хамгаалсан. Намайг анх ирж байх үед бүх зүйл одоогийнхоос асар өөр ялгаатай байлаа.Тэр үед аялал жуулчлал ч төдийлөн сайн хөгжөөгүй байсан. Судалгааныхаа ажлын хүрээнд хөдөө орон нутаг, аймаг сумдаар их аялдаг байсан. Тэр үеэс Монгол орны байгалийн өвөрмөц тогтоц нүүдэлчин соёл ахуйг манай францчууд ихээр сонирхож зорин ирж эхэлсэн байдаг. Би тэдгээр аялагчдад тухайн үед газарчилж аяллуудыг удирдахын зэрэгцээ судалгаагаа улам сайжруулж  хөтөч-орчуулагчийн ажил хийж явсан түүхтэй. Эдгээрээс мэргэжлийнхэнтэй хамт тусгай аяллыг зохион байгуулж байсан нь хамгийн онцлог байв.Тухайлбал, шувуу судлаач багийнхан болон Францын кино зургийн багынхантай хамтарч аяллуудыг хийж байснаа тодхон санаж байна. Өөрөөр хэлбэл, тэдэнд хэрэгтэй мэдээлэл өгч илүү судалгаа шинжилгээнд суурилсан аяллуудыг зохион байгуулж байсан онцлогтой.

Мөн  дэд докторын зэрэг хамгаалах үедээ Францын аяллын компанитай хамтран аяллын соёлын зөвлөх хийнгээ  аялагчдад зөвлөгөө өгч ажилладаг байлаа. Аялалтай холбогдсон шалтгаан гэвэл миний монгол найз аялал жуулчлалын “Монголий Вояж” компанийн захирал Алтантуяа юм. Бид хоёр анх 1993 онд оюутан байхдаа танилцсан. Би анх Монголд ирээд хэл сайн мэдэхгүй гадаад судлаач байсан учраас Алтантуяатай ойр найзалж тэр надад монгол хэл зааж, би түүнд франц хэл зааж байсан юм. Бид хоёр Сүхбаатарын талбай дээр танилцсан тэр цагаас хойш 30 жил нөхөрлөж, бие биенийдээ айлчлан, хамтран ажилласаар ирсэн байна. Түүний нөхөр Баттулгын аав Бадраа аав, Лхагваа ээж миний хуурай аав,ээж. Бадраа аавынх Дархадын нутагт амьдардаг байсан нь  XX зууны нэрт бөө Балжир удганд шавь орж, угсаатан зүйн судалгаа хийхэд их дөхөм болсон байдаг. 

Мөн зун найзынхаа компанид  хөтөч тайлбарлагчийн ажил хийж байсан. “Монголий Вояж” компани Монгол Улсад хийх олон улсын тусгай том аяллуудыг  маш хариуцлагатайгаар зохион байгуулдаг байв. Аялал жуулчлал их гоё салбар. Шинэ газар бүрт очиж байгалийн сайхныг үзэж сонирхон аялна гэдэг маш гоё мэдрэмж өгдөг. Тэр тусмаа говь цөл, хангай хээр гээд байгалийн тогтоц үзэмж сайтай нүүдлийн мал ахуйг үзэж сонирхох хүмүүсийг  чиглүүлэх, тайлбарлаж өгөх нь  надад маш их таалагддаг. Аялал жуулчлалын салбарт мэргэжлийн тусгай багийнхны буюу тусгай сонирхлын аяллыг их онцгойлж авч үзэх нь чухал санагддаг. Ялангуяа  кино багынханд Монгол орноо таниулж   байгалийн сайхныг харуулж ямар ямар газар хаана яаж зураг авах тэр бүх аяллыг маш нарийн төлөвлөж хийснээр тухайн кино багынхан богино хугацаанд  үр дүнтэй ажиллаж чаддаг. Тухайлбал, 1998 онд Францын нэг найруулагч надад Монголын говьд ажилладаг эмч хүнийг олж өгөх  санал ирүүлсэн. Говиор явж нэг бага эмчтэй танилцаад Францын талаас ирсэн саналыг хүргэж “Говийн бага эмч” гэдэг кино хийгдэж байсан. Түүнээс хойш “Монголий Вояж” компани энэ чиглэлийн хүмүүсийн тусгай аяллыг зохион байгуулах талаар мэргэшин 20 гаруй кино багийг гаднаас хүлээн авсан. Дан ганц кино баг гэлтгүй шувуу судлаачид, алдартай байгалийн гэрэл зураг авдаг хүмүүс, зохиолчид, нисдэг тэргээр зураг авдаг НҮБ-ын элч төлөөлөгчийн аялал, Францад найман сая үзэгчтэй, маш сонирхолтой телевизийн  цуврал нэвтрүүлгийн багийн олон удаагийн аяллыг зохион байгуулж байсан. Эдгээр аяллыг 30 жилийн туршлагатай миний найз Алтантуяагийн компани амжилттай зохион байгуулж байсанд бахархдаг. Монгол орны бүх зүйл нь байгаль дэлхий, асар уудам тал нутаг гээд үзэж харж сонирхох зүйлс ихтэй. Үнэхээр судалж барагдашгүй гайхамшигтай сайхан орон.

-Та аяллын хөтчөөр ажиллахын зэрэгцээ Монгол орныг олон талаас нь судалж түүнээ Францын аялагчдад сурталчлан таниулж, аяллын зөвлөгөө өгдөг гэлээ. Тэгвэл монголчуудын дунд хийсэн судалгаанаас онцлог  нь юу байсан вэ?

-Би Хөвсгөл нутгийн алдартай Балжир удганаас судалгааны ажлаа эхэлж байсан. Хүн судлалын салбарт бөө мөргөл, удган их сонирхолтой сэдэв. Балжир удган маш алдартай мундаг эрдэм чадалтай хүн байсан. Би түүнд  олон удаа ярилцлага хийх санал тавихад зөвшөөрөхгүй байсан ч шантралгүй байснаар энэ талын судалгааг маш сайн хийж чадсан юм. Монголын олон эрдэмтэн профессоруудтай судалгааны хүрээнд танилцаж байсан.

Монголын нэг онцлог нь нүүдлийн мал ахуй шүү дээ. Тиймээс малчидтай ажиллаж амьдрахын зэрэгцээ судалгаа хийж байсан.Тэдний амьдрал цаг уурын өөрчлөлтөнд хэрхэн өөрчлөгдөж байгааг нарийн судалсан. Өөрөөр хэлбэл, цаг уурын байдал өөрчлөгдөхөд хүн, байгальд хэрхэн нөлөөлж  хэрхэн өөрчлөгдөж байна. Үүнд малчид хэрхэн дасан зохицож байна гэдгийг судалсан. Судалгаагаа хийхийн тулд олон шинэ санаа сэдэж ажилладаг байсан. Жишээлбэл,хөдөөний малчин ард түмнээс “за ирэх жил зуд болвол яах вэ, хэрхэн зудыг даван туулах вэ” гэх мэтээр  асуулга явуулахад хэцүү байсан. Учир нь монголчууд муу юм зөгнөөд гээд иймэрхүү сэдвээр нээлттэй ярьдаггүй цаг үе байсан учраас тоглоом наадгай зохиож шинэлэг аргаар асуулгыг явуулж ажиллаж байсан нь онцлог гэж хэлж болно..

-Та Монголд хэдэн удаа ирэв. Энэ удаа ямар зорилгоор ирсэн бэ?

-Энэ жил Монгол Улсад франц хэлний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ой тохиосон. Энэ үеэр Олон улсын эрдэм шинжилгээний хурал саяхан болсон. Франц улсын элчин сайдын яамнаас намайг энэ арга хэмжээнд урьсан тул би Монгол улсад ирж энэ хуралд илтгэл тавьсан. Франц улсад монгол оюутнуудыг сургахад манай Францын Сорбонийн их сургууль МУИС-тай хамтран ажилладаг. Энэ хүрээнд хоёр орны хооронд  судлаач оюутнуудын солилцоо, хамтын ажиллагаануудыг хэрэгжүүлэхэд тусалдаг.

-Монголын аялал жуулчлалын талаар та ном хэвлүүлсэн гэсэн. Үүнийгээ тодруулж ярина уу?

-Монгол орны тухай хэвлүүлсэн таван ном байна. Швецарийн Олизанийн Монголын аяллын хөтөч буюу “MONGOLIЕ” номыг бэлтгэж, дөрвөн удаа хэвлэлтэнд өгч байсан. Тэр номныхоо мэдээллүүдийг жил бүр шинэчилдэг. Энэ номондоо Монгол орны тухай бүрэн мэдээллийг оруулахаас гадна Монголд үйл ажиллаагаа явуулдаг аялалын компаниуд, үйлчилгээний байгууллагуудын мэдээллийг оруулж, шинэчилдэг. Манай монголчууд зочломтгой сайхан сэтгэлтэй ард түмэн. Тус номонд “хөдөө малчин айлд очоод тэр айлын хийж өгсөн хоолыг идээд, дайлуулаад явсан бол үнэгүй биш заавал төлбөр төлөх ёстой”  гэх мэтээр монголчуудын зан үйлтэй холбоотой олон сонирхолтой зүйлийг бичсэн. Мөн аялагчдад монгол айл өрхийн ахуйн амьдралыг танилцуулахдаа тэдний  тав тухыг алдуулахгүй,цочроохгүй, ядраахгүй байхаар зохицуулж ажиллах нь зөв. Гэнэт нэг өдөр 30-40 гадаад жуулчин нэг  малчин айлд зочилж  тэдний амьдралыг хараад гэрт нь цайлаад явна гэдэг тэр айлд амаргүй хүнд байдаг.Тэднийг хүндрүүлэхгүйгээр ажилладаг байх хэрэгтэй гэх мэтээр зөвлөгөөг оруулсан.  Ер нь  малчны амьдрал дээр тулгуурлан, судалгаа явуулж “Le corps Mongol” номоо хэвлүүлсэн. Мөн ”Femmes en quete d’identite(s)” номыг гаргасан байгаа.

-Таны Монгол орны төлөө зориулсан олон жилийн хөдөлмөрийг манай төр засаг үнэлсэн байсан. Тэр үеийн сэтгэгдэл ямар байв. Одоо ямар ажил хийж байна вэ?

- Франц дахь Монголын элчин сайдын яамнаас 2019 онд “Найрамдал” одонгоор  шагнуулсан. Энэ одонг Монголын төлөө ажилласан гадаадын иргэдэд олгодог. Бас олон сарын хугацаанд хийсэн миний танилцуулга, ажлууд маань Монголын ГХЯ, Боловсролын яам, БОАЖЯ-дуудад шалгагдсаны дараа 2021 онд Алтан гадас одонгоор шагнасан.  Алтан гадас одонг 30 жилийн турш Монголын нүүдэлчин ард түмний дунд хийсэн судалгаа, дүгнэлт, хэвлүүлсэн ном бусад  бүтээлүүдийг минь үнэлэн  шагнасан  гэж би боддог. Анх намайг Монгол явна гэж байхад манай гэр бүлийнхэн Монгол орны тухай ойлголт маш багатай тусгаар тогтносон улс гэдэг ойлголтгүй байсан. Одоо би францын Сорбоны их сургуульд ажиллаж байгаа. Олон монгол судлаач Франц дэд докторантуудыг удирдаж байна. Эдгээр судлаачид маань Монгол орны талаар олон сонирхолтой сэдвээр судалгаа хийдэг. Тухайлбал, ЛГБТ хүмүүсийн талаар, эмэгтэйчүүд, үндэсний бөхийн онцлог бяр хүчний талаар гэх мэтчилэн хүн судлал, угсаатан зүйн олон чиглэлээр судалгаа шинжилгээнүүдийг хийж ажиллаж байна.

-Өнөөдөр  дэлхийн аялал жуулчлалын өдөр. Та энэ өдөр манай уншигчдад  юу гэж хэлмээр байна?

-Монгол, Францын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа энэ цаг үед дэлхийн хамгийн олон жуулчин авдаг туршлагатай манай улсаас сая сая жуулчин Монгол оронд маань ирэх байх гэж найдаж байна. Харин Монгол орон унаган төрхөө хадгалсан хэвээр байгаль, соёлын өвөө хамгаалж, хайрлаж хөгжүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Бүгдэд нь Дэлхийн аялал жуулчлалын өдрийн мэнд дэвшүүлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 194 (7179)

 

Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

1 цаг 51 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

1 цаг 51 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

1 цаг 51 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

1 цаг 51 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

1 цаг 51 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

1 цаг 51 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

1 цаг 51 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

1 цаг 51 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

1 цаг 51 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

16 цаг 13 мин