П.Лхагва-Очир: Түүхт ойгоо угтаж 100 бүтээлч ажил хэрэгжүүлнэ

2023-09-28
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

“Зууны мэдээ” сонин Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Хутаг-Өндөр сум улсын хэмжээнд хамгийн их хадлан авдаг онцлогтой. Өвөл хаяанд ирлээ. Хадлангийн ажил хэр хурдацтай явж байна вэ?

-Манай сум 300 мянга гаруй толгой малтай. 1100 гаруй өрх мал маллаж байна гэсэн судалгаа бий. Хангай газар учир байгалиас хадлан авах боломж дүүрэн. Энэ цаг үед малчдын намрын их ажил болох хадлан хураалтын ажил ерөнхийдөө шувтрах тал руугаа орж байна. Энэ жил бороо ус элбэгтэй байсан тул жаахан удаашрах байдал үзэгдсэн. Нэг малчин өрх дунджаар 20-30 портер өвс авдаг. Гэхдээ манай аймаг судалгаагаар бэлчээрийн доройтолд орсон гэж гарсан. Зарим баг дээр 4-5 дахин их гарсан байна лээ. Харин улсаас гаргадаг мэдээллээр зуншлага харьцангуй сайн байна гэж онцолсон. Манай сум дан мал аж ахуйгаас гадна төмс, хүнсний ногоо элбэг тарьдаг. Энэ жил 300 орчим га-д тариалалт хийсэн. Ногоо хураалтын ажил мөн амжилттай өндөрлөж байна.

-Танай сумын эдийн засгийн гол хөшүүрэг нь юу вэ. Ойрын жилүүдэд аялал жуулчлал хөгжиж байгаа гэж сонссон?

-Манай сум Булган аймгийн баруун хойд хэсэгт Хөвсгөл аймагтай залгаа оршдог. Эдийн засгийн гол үндэс нь мал аж ахуй, газар тариалан. Таны хэлснээр сүүлийн жилүүдэд манай аймгийг зорих жуулчдын цуваа нэмэгдэх болсон. Газар зүйн байрлалын хувьд Хөвсгөл явах зам дайран өнгөрч байгаа учир тээвэр ложистикийн хувьд ч хөгжих боломжтой. Манайхыг зорих гадны болон дотоодын жуулчид байгалийн сайхныг харж алжаалаа тайлахаас гадна ихэвчлэн “Баатар ван” рашаан сувилал, Сахарын рашааныг зорьж ирэх нь элбэг.

-Хэрэв жуулчид ихээр ирвэл эдийн засгийн эргэлт ч сайжирна. Гадны жуулчдыг татахад удирдлагын баг ямар ажил хийж байгаа вэ?

-Хутаг-Өндөр суманд малчид их байгаа учир жуулчдад малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээ худалдах, монгол ахуйгаа сурталчилах сонирхолтой байдаг. Тиймээс зам дагуу худалдааны цэгүүдийг бий болгох ажлыг үе шаттайгаар хийж байна. Мөн аймгийн хэмжээнд “Айраг” фестивалийг жил бүр Хутаг-Өндөр сумын нутагт зохион байгуулдаг. Энэхүү эвент арга хэмжээнд 10-14 мянган хүн цугладаг бол энэ жил 20 мянга болж нэмэгдсэн тооцоолол гарсан. Үүнээс гадна аялагчдад зориулсан тав тухтай буудал, амралтын газар, шовгоруудыг санал болгож байна. Мөн манай Хантай багт “Баялаг-Хантай” өөртөө үйлчлэх зуслан ашиглалтад орсон нь  нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжихөд, манай сумыг зорих жуулчдын тоо нэмэгдэхэд том түлхэц болоод байна.   

-Хутаг-Өндөр сумын түүхт 100 жилийн ой ирэх жил болно. Ойн хүрээнд олон ажлыг зохион бай­гуулахаар төлөвлөж байгаа байх?

-Бид сая хуралдаж, 100 жилийг угтсан 100 бүтээлч ажлуудын төлөвлөгөөг баталлаа. Аливаа ойн баярын хамгийн гол хөрөнгө оруулагч нь иргэд байдаг. Тиймээс иргэдийн санал бодол болон хандивын ажлыг ирэх сараас зохион байгуулахаар төлөвлөсөн. Бүтээлч ажлын хүрээнд ихэвчлэн тохижилтын ажлыг хийхээр ярилцаж байна. Ялангуяа сумынхаа өнгө үзэмжийг нэмэх ажлууд шат дараатай хийгдэх болно. Би 2020 онд ажил авснаасаа хойш энэхүү 100 жилийн ойн ажлуудыг эртнээс төлөвлөж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг түлхүү хийсээр ирсэн. Өнгөрсөн онд улсын төсөв дээр боловсролын салбарт 100 гаруй хүүхдийн цэцэрлэгийн барилга, 150 хүүхдийн дотуур байрны ажлыг тус тус суулгаад, амжилттай үргэлжилж байна.

-Аливаа улсын голлох сал­барын нэг нь боловсрол. Хутаг-Өндөрийн хүүхэд эрүүл, аюулгүй, таатай орчинд сурч чадаж байгаа юу?

-Манай сумын дунд сургууль онцлогтой. Хоёр бага сургуультай, нийт 1000 гаруй сурагчтай. Булган аймгийн сумдаас хамгийн их сурал­цагчтай гэсэн үг. Булган аймгийн хэм­жээнд боловсролын салбарт “Шинэ багш”, “Шинэ ирээдүй” гэсэн хоёр хөтөлбөрийг аймгийн Засаг даргын санаачилгаар батлаад, хэрэгжүүлээд явж байна. “Шинэ ирээдүй” хөтөл­бөрийн тухайд математик, англи хэлийг түлхүү хөгжүүлэх тал руу чиг­­лэсэн. Энэ ажлын хүрээнд Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуульд англи хэлний танхимыг бий болгосон. Мөн сумын сургуулийн хувьд спорт заалны, хүүхэд хөгжлийн төвийн, багш ажилчдын байрны зас­ва­руудыг тохижуулах,орчин үеийн техник технологиор хангаж, компьютержуулах ажлыг хийсэн. Мөн сумын Засаг даргын санаачилгаар “Урмаар дэмжье” гэсэн хөтөлбөрийг боловсруулж ЭЕШ болон спорт, соёл урлагаар улс, аймаг, олон улсад амжилт үзүүл­сэн тодорхой сурагчдыг урам­шуу­лах ажлыг хэрэгжүүлээд явж байна. Манай суманд Зүүн Азийн олон улсын наадмаас хүрэл медаль авсан хүүхэд бий. 

-Хутаг-Өндөрийн багууд сумын тө­вөөсөө нэлээд зайтай, алслагдсан юм байна. Энэ үед яаралтай тусламж үзүү­лэх эмчийн хүрэлцээ хэр байдаг вэ?

-Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт “Эрүүл мэнд” гэсэн хөтөлбөр хэрэгжиж байна. Манай сум 18 хүний ортой эмнэлгийн салбартай. Хөдөө хоёр баг дээр эмнэлгийн ортой салбар бий. Одоогоор зургаан их эмч, нийтдээ 39 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд бид лабораторийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, анхан шатны үзлэг хийхдээ тодорхой шинжилгээнүүдийг авдаг болсон. Тоног төхөөрөмж, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин эдгээр тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчний асуудал бий. Хөдөөгийн эрүүл мэндийн салбарт гол тулгамддаг асуудал нь хүний нөөцийн асуудал. Тэдгээр орон тоог нөхлөө гэж бодоход тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд нийгмийн хангамжийн асуудлыг нь хэрхэн шийдэх вэ гэсэн асуудал гарч ирнэ. Энэ асуудлыг аймгийнхаа хэмжээнд ярилцаад төрийн албан хаагчдын орон сууц барих ажлыг эхлүүлээд явж байна. Эхний ээлжинд төвлөрсөн шугам сүлжээнд холбоод, хоёр айлын орон сууцыг барьж байгаа.

-Жилээс жилд хотоос Хутаг-Өндөр суманд ирж амьдрах хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Энэ нь эргээд сумын хөгжилд эерэгээр нөлөөлж байгаа байх даа?

-Манай суманд зорьж ирээд амьдарч байгаа хүн олон бий. Тэдэнд суманд ирж амьдрахад хамгийн эхэнд газрын асуудлыг нь хурдан шийдэж өгөхийг хичээдэг. Хутаг-Өндөрт Италид урлагийн сургууль төгссөн уран зургийн багш, Германд сургууль төгссөн хонины фермер эрхэлж буй залуус, Францад боловсрол эзэмшсэн эмч гээд олон онцлогтой хүн бий.

-Тэгвэл сумын уугуул залуус эргээд сумандаа ирж ажиллах хүсэл сонирхол нь хэр байдаг юм бэ?

-Аль ч нутгийн залуу боловсон хүчнүүд эргээд сумандаа ирж ажиллах нь цөөхөн байдаг. Харин тэднийг татахын тулд амьдрах орчныг нь сайжруулах ёстой. Амьдрах, ажиллах нөхцөл нь болж байна уу. Хүүхдүүдийнх нь сургууль цэцэрлэг хэр чанартай, хүртээмжтэй байна вэ гээд зөвхөн нэг салбарыг бус нийтэд нь амьдрах орчныг нь бодлогын түвшинд шийдэж байж, залуус төрөлх сумандаа сайхан амьдарна гэж боддог доо. Тиймээс манай удирдлагын баг ч таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Танай сум Улсын тэргүүний сумаар шалгарсан. Ямар давуу талыг нь харж энэ батламжийг олгосон бэ?

-Хутаг-Өндөр сум өнгөрсөн жилийн тавдугаар сарын 12-ны Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Улсын тэргүүний сум болсон. Булган аймгийг анхдагчуудын өлгий гэдэг шүү дээ. Үүний нэг нь Монгол Улс анх удаа тэргүүний сум шалгаруулсан нь Булган аймгийн Сэлэнгэ сум байсан түүхтэй. Түүнээс хойш 10 жилийн дараа энэхүү түүчээг Хутаг-Өндөр сум үргэлжлүүллээ. Улсын тэргүүний сум шалгаруулах журам гэж бий. Түүний дагуу бид зургаан удаагийн тайланг өгсөн. Манай сумын үе үеийн Засаг дарга нар 2012 оноос хойш Улсын тэргүүний сум болно гэсэн зорилт тавиад ажилласны үр шим нь энэ юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 193 (7178)

 

Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

1 цаг 36 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

1 цаг 36 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

1 цаг 36 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

1 цаг 36 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

1 цаг 36 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

1 цаг 36 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

1 цаг 36 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

1 цаг 36 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

1 цаг 36 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

15 цаг 58 мин