Дээд шүүх: Давж заалдах шатны шүүхийн “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэ” гэснийг хүчингүй болгосугай

2023-09-15
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь ураны Х лицензээ нүүрсний А лицензээр болгохоор “Монгол Ураниум Ресурс” ХХК-иас 2018, 2019 онуудад Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Эхний удаад буюу 2018 онд шүүх үндсэндээ тэдний нэхэмжлэлийг хангалгүй орхисон. Харин 2019 онд хандахад нь хүлээж аваад хүслийнх нь дагуу шийдсэн байдаг.

Эхлээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0165 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.1, 21.1, 21.1.3, 24.1, 24.3, 24.4, 25.1, 26.3, 26.3.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан АМГТГ-ын Кадастрын хэлтсийн “Монгол Ураниум Ресурс”  ХХК-иас гаргасан ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Монгол Ураниум Ресурс”  ХХК-ийн ХV-018247 дугаар бүхий хайгуулын лиценз бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Дараа нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 221/МА2019/0253 дугаар магадлалаар “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0165 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтад “...“Монгол Ураниум Ресурс” ХХК -ийн ХV-018247 дугаар бүхий хайгуулын лиценз бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгасугай” гэснийг “...“Монгол Ураниум Ресурс” ХХК -ийн ХV-018247 дугаар бүхий хайгуулын лиценз бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Тэгвэл Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2019 оны зургадугаар сарын 10-ын өдрийн хуралдаанаар энэхүү “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн “2018 оны зургадугаар сарын 27-ны өдөр гаргасан ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж, ашиглалтын лиценз олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэх нэхэмжлэлийг хэлэлцжээ. Шүүх хуралд Танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нар орсон байна.

Ингээд 208 дугаар тогтоолоо гаргажээ.

Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх “Хариуцагч АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо “Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан тул цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын лицензийн талбайд ердийн ашигт малтмалын лиценз олгох зохицуулалт байхгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтаар “цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна”гэж тодорхой заасан байх тул Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгогдсон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын лицензтэй талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ердийн ашигт малтмалын лиценз олгох боломжгүй байна. Хуулийн энэхүү заалтыг буруу тайлбарлаж анхан шатны шүүх шийдвэр, давж заалдах шатны шүүх магадлал гаргасан нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лиценз эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан. “Монгол Ураниум Ресурс” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын лицензийн талбай дээрээ цацраг идэвх ашигт малтмал ашиглах лиценз хүсэж өргөдөл гаргах ёстой байсан байна.

Цөмийн энергийнтухайхуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт“Энэхуулийн 15.1.1- 15.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх лиценз олгоход тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх лиценз олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.3-т заасан лиценз олгоход Цөмийн энергийн комиссоос тус тус санал авсан байна” гэж заасны дагуу холбогдох байгууллагуудаас санал авсны үндсэн дээр тухайн ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. Хянавал, анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдэд 2010 оны аравдугаар сарын 30-ны өдөр цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын лицензийг ЦЭГ-аас олгосон. Гэвч нэхэмжлэгч компанийн хайгуулын үйл ажиллагааны явцад тухайн талбайд цацраг идэвхт ашигт малтмал илрээгүй. Харин хүрэн нүүрс илэрсэн. Энэ нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны тавдугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт, АМГТГ-ын даргын 2018 оны долдугаар сарын 10-ны өдрийн Н/58 дугаар тушаалаар тус тус тогтоогдсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын лиценз эзэмшигч дараахь эрх эдэлнэ”, 21.1.3-д “Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын лицензийг онцгой эрхийнхээ дагуу авах”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лиценз эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч “Монгол Ураниум Ресурс” ХХК нь дээрх хуульд заасан эрхийн хүрээнд хүрэн нүүрсний ашиглалтын лиценз хүссэн боловч хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтсээс “Цөмийн энергийн хайгуулын лицензтэй талбайд ердийн ашигт малтмал олборлох үндэслэлгүй” гэх үндэслэлээр ашиглалтын лиценз олгохгүй байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн талбайд оршиж байгаа ашигт малгмалыг ашиглах эрх нь хайгуулын ажлын зардал гаргаж, тухайн нөөцийг илрүүлсэн нэхэмжлэгчийн оицгой эрх бөгөөд тухайн талбайгаас анх олгосон ашигт малтмал илрээгүй, өөр ашигт малтмал илэрсэн байдал нь нэхэмжлэгчийн онцгой эрхийг эдлүүлэхгүй байх хууль зүйн үндэслэл биш, хариуцагчийн “Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах лиценз хүсэж, өргөдөл гаргах ёстой байсан” гэх гомдол нь бодит нөхцөл байдалд нийцээгүй. Нэгэнт илрээгүй ашигт малтмалыг ашиглах хүсэлт гаргахыг нэхэмжлэгчээс шаардах нь утга агуулгын зөрчилтэй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан, хариуцагчаас энэхүү зохицуулалтыг үндэслэл болгож, “Цөмийн энергийн хайгуулын лицензийн талбайд ердийн ашигт малтмалын лиценз олгох боломжгүй, Ашигт малтмалын хуульд нийцэхгүй” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь хайгуулын талбайгаас цацраг идэвхт ашигт малтмал илрээгүй учраас Цөмийн энергийн тухай хуулийг маргааны үйл баримтад хэрэглэхгүй, ердийн ашигт малтмалын лиценз учраас Ашигт малтмалын хуулийг хэрэглэх байна.

Засгийн газрын 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор ЦЭГ татан буулгаж хэрэгжүүлж байсан чиг үүргийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст шилжүүлсэн. Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 112.1.1 дэх хэсэгт зааснаар Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах лицензийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох бүрэн эрхтэй. Хариуцагчаас тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчийн цацраг идэвхт ашигт малтмал хайх үйл ажиллагааг зогсоогоогүй. Лицензийн төлбөрийг төлүүлж байсан атлаа нэхэмжлэгчийн онцгой эрхийг эдлүүлэхгүй маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Давж заалдах шүүхээс “Өргөдөл, түүнд хавсаргасан холбогдох баримтыг эрх бүхий этгээдээс хүлээн авч, нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг тодорхой хуульд заасан хугацаанд хянаж, шалгасны дараа лиценз олгох асуудлыг шийдвэрлэхээр байна. Энэ эрх хэмжээ нь хариуцагчид олгогдсон тул анхан шатны шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдаж, ашиглалтын лиценз шууд олгохыг даалгаж шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, “Ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг холбогдох хуульд заасан журмын шийдвэрлэхийг даалгасугай” гэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу байна.

Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээний хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж заажээ. Тухайн тохиолдолд хариуцагч зөвхөн хууль хэрэглээтэй холбогдуулан ашиглалтын лиценз олгохоос татгалзсан. Харин “Ашиглалтын лиценз хүсэхэд шаардагдах баримтыг бүрдүүлээгүй, бүрдэл дутуу” гэж татгалзаагүй. Энэ асуудлаар маргаагүй. Нэхэмжлэгч нь хуульд заасан бусад шаардлагыг бүрэн хангасан байсан тул нэхэмжлэгчид ашиглалтын лиценз олгохыг даалгаж шийдвэрлэх боломжтой байжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд ашиглалтын лиценз хүсэхэд бүрдүүлэх баримтыг нэрлэн заасан. Нэхэмжлэгч эдгээр баримтыг бүрэн бүрдүүлсэн болох нь Ашиглалтын лиценз хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ашиглалтын лиценз хүссэн өргөдөлд бүрдүүлэх материал бүрэн байгаа” гэх тайлбараар тус тус тогтоогдсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7- д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасан. Энэ хэргийн тухайд хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтэс нь нэхэмжлэгчийн ашиглалтын лиценз авах тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ өөрт олгогдсон эрхээ буруу хэрэгжүүлсэн. Хариуцагчаас өөр шалгаж тодруулах зүйл байхгүй. Холбогдох баримт бүрэн байсан. Ашиглалтын лиценз олгохоос татгалзах үндэслэл бүрдээгүй. Тиймээс хариуцагчийн сонгох эрх хязгаарлагдсан, ашиглалтын лицензийг олгохоос өөр шийдэл гаргах сонголтгүй учраас анхан шатны шүүхийг захиргааны сонгох боломжид халдсан шийдвэр гаргасан гэж үзэхгүй.

Иймээс магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ”, “Тогтоох нь, 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 221/МА2019/0253 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0165 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй” гэжээ.

 

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин - 2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 184 (7169)

Өдрийн сонин – 2023.09.15 БААСАН №173 (7294)

Өнөөдөр сонин – 2023.09.14 БААСАН №181 (7740)

 

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

1 цаг 45 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин