Сүрнээгийн УЯНГА
Гэгээн Ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монголд хийж буй айлчлалтай холбогдуулан олон улсын харилцаа судлаач Л.Бямбахандтай ярилцлаа.
- Ромын Пап манай улсад айлчилж буй нь 777 жилийн түүхэнд болж буй гэдгээрээ онцгой үйл явдал болж байна. Хувь хүн талаас нь харвал Папыг хүний эрхийн төлөө тэмцэгч гэдгээс өөрөөр хэрхэн тодорхойлж болох бэ?
-Нэн тэргүүнд түүний олон улсын харилцаанд далайцтай хувь нэмэр оруулж байгааг нь онцлох нь зүйтэй. Пап Францис Итали гэр бүлээс гаралтай. Аргентин улсаас тодорсон католик шашны тэргүүн. Химийн инженер мэргэжил эзэмшсэн ч шашны мөргөл хийж байгаа газар санаандгүй очсоноор католик шашны үнэнч шүтэн бишрэгч болсон гэдэг юм билээ. Папын бас нэг сонирхолтой зүйл нь шувуунд их дуртай. Тэр дундаа хараацай шувуунд их хайртай гэсэн мэдээлэл бий.
Дэлхий дахинд католик шашин, сүм хийдтэй холбоотой олон янзын дуулиан шуугиан гарсан. Үүнтэй холбоотойгоор католик шашныг цоо шинэ өнгө төрхөөр дэлхий нийтэд таниулах шаардлага бий болж байгаа. Тиймээс Папын айлчлалын бас нэг онцлог нь үүнтэй холбогдоно. Тэрбээр католик сүм хийдийг өөрчлөн шинэчлэх бодлогоо Монголд хийж буй айлчлалаараа дамжуулан дэлхий дахинд шашныхаа нэр хүндийг өсгөх, шинэ өнгө төрхөөр гаргаж ирэхийг хүсч байна.
Төрийн эргэлттэй холбоотойгоор АНУ, Кубатай 1962 онд дипломат харилцаагаа зогсоосон. Үүнээс хойш 54 жилийн дараа шинээр дипломат харилцаа тогтооход Пап Францис гол зуучлагчийн үүргийг гүйцэтгэсэн. Энэ утгаараа дэлхий дахинд энх тайван аюулгүй байдлыг тогтооход томоохон нөлөө үзүүлсэн гэж үздэг. Дэлхийн 1.3 тэрбум хүн католик шашин шүтэж байгаагийн 40 гаруй хувь нь латин америкын орнууд байна. Сүүлийн жилүүдэд латин гаралтай католик шашин шүтдэг хүмүүсийн тоо нэлээн нэмэгдэж байгаа учраас АНУ-ын нөлөө бүхий хүмүүс Паптай сайн харилцаатай байхыг эрмэлзэж байгаа. Тэр дундаа Пап ламаар дамжуулсан бодлого амжилттай явагддаг гэж үздэг зэргээс харвал Пап Францис бол дэлхийн улс төрд нөлөө бүхий хүмүүсийн нэг яах аргагүй мөн юм. Мөн Израйль, Палестины харилцаа, сүүлийн үед ОХУ, Украины хооронд энхийг эрхэмлэхэд Пап идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна.
-Пап бие даасан тусгаар тогтносон бүрэн эрхт улсын Төрийн тэргүүн, мөн даян дэлхийн католик шашинтнуудын тэргүүний хувиар айлчилж байна. Өөрөөр хэлбэл, институт талаас нь айлчлалын онцлогийг хэрхэн харж байна вэ?
-Багаар бодоход 1.3 тэрбум хүн Монголын талаар сонирхох, чих тавин сонсох боломж бүрдэж байна. Пап Францис олон улсын харилцаа, дэлхийн улс төрд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Тэр дундаа энх тайван, аюулгүй байдлыг тогтооход шашны болон бусад нөлөөгөө ашиглан ихээхэн идэвхитэй ажилладаг, онцгой үүрэгтэй хүн. Манай улсын хувьд католик шашинтнуудын тоог харвал төдийлөн олон биш ч геостратегийн байрлал талаасаа Папын сонирхлыг татсан гэж харж болохоор.
Католик шашныг шинэчлэхэд Пап голлох үүрэг оролцоотой. Хятад улсад гэхэд албан бусаар 6-10 сая католик шашинтан байдаг гэж яригддаг. Сүүлийн үед урд хөршийн төр засгийн зүгээс шашинтай холбоотой асуудлаар нэлээн хатуу байр суурь баримталж байгаа. Тухайлбал, БНХАУ Пап ламын институцитэй зөвшилцөхгүйгээр Бишопыг томилсон бол Хонконгийн кардиналыг аюулгүй байдлын хуулиар барьж хорих зэргээр шашинтай холбоотой асуудлууд үүсч байна. Энэ мэт асуудлуудтай холбоотойгоор сүсэгтнүүд төвийг сахисан Монгол Улсад шашны тэргүүнтэйгээ уулзах боломж гарч ирж буй нь их чухал үйл явдал юм.
Чингис хаан 800 жилийн өмнө төр улсыг байгуулахад Монголд аль ч шашин ямар нэг хавчилт шахалтгүйгээр бүгд зэрэгцэн оршдог, хүлээн зөвшөөрдөг байсан. Монголчууд эртнээсээ шашны хувьд дундыг барьсан, төвийг сахисан үзэлтэй ард түмэн. Энэ утгаараа зарим оронд чөлөөтэй байх боломжгүй, хавчигдаж байгаа сүсэгтнүүдтэйгээ уулзах цэгийг Монгол Улс гэж харсан болов уу гэж судлаачийн хувьд харж байна. Нөгөө талаар Монголоор дамжуулж бүс нутгийн хэмжээний бодлогыг хэрэгжүүлэх боломж харагдаж байна. Монгол бол төвийг сахисан бодлоготой. Гадаад бодлогын энэ амбиц институцийн болоод хувийн хүний алинд ч Папын таалалд нийцсэн болов уу.
-Тэгвэл хувь хүн талаасаа дипломат харилцаанд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
- Папыг манай улсад айлчлахад Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын идэвхтэй дипломат ажиллагаа их чухал үүрэг гүйцэтгэлээ гэж ойлгож байгаа. Ер нь олон улсын харилцааны өнөөгийн байдлыг харахад улс орноос гадна бие хүн дипломат харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаагийн нэг жишээ бол Пап Францис юм. Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер албан тушаалаасаа буусны дараа идэвхтэй дипломат харилцаа явуулсан. Үүнийг олон улсын харилцаанд “shuttle diplomacy” гэж нэрлэдэг. Манай улсад энэ үүргийг өмнө нь Төрийн тэргүүнээр ажиллаж байсан Н.Энхбаяр гүйцэтгэж байна гэж хэлж болно. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг Пап Францист гардуулсан шүү дээ. Ер нь манай улс байж болох бүхий л арга замаар гадаад бодлогоо явуулах хэрэгтэй. Тэр дунд “shuttle diplomacy” чухал үүрэг гүйцэтгэж байдаг.
-Ватикан улс бол төр, шашин соёлын харилцаатай байхыг чухалчилдгаараа бусад орноос онцлогтой. Манай хоёр орны харилцаа аль чиглэлд түлхүү хөгжиж байна вэ?
-Пап өргөн бүрэлдэхүүнтэй ирлээ. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гадна сүсэгтэн олон дагалдан ирж байна. Тэр утгаараа Монголыг өргөн сувгаар дэлхийд таниулахаас гадна тухайн улс орных нь эдийг засагт их хэмжээний орлого орж ирдэг гэж үздэг. Монголын түүхийн зарим дурсгалууд Ватиканы архив, сан хөмрөгүүдэд хадгалагдаж байгаа. Төрийн тэргүүний айлчлалын үеэр заримынх нь хуулбаруудыг авсан тохиолдол ч бий. Тиймээс Монголын эртний эзэнт гүрний үүх түүхтэй холбоотойгоор Монгол судлалд чухал хувь нэмрээ оруулах боломжтой. Энэ чиглэлээр хоёр орны харилцаа илүүтэй хөгжиж байгаа.
-Папын үг, үйлдэл дэлхийн улс орнуудын бодлого тодорхойлогчдын анхаарлын төвд байдаг. Айлчлалтай холбогдуулан манай улсад ямар боломж гарч ирж байна вэ?
-Пап лам олон улсын харилцаанд зуучлагчийн үүргийг гүйцэтгэдэг. Манай улсын хувьд бүс нутагтаа зуучлагч болохыг хүсч байгаа. Ялангуяа, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудал, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар зуучлах хүсэл саналаа хэдэнтээ гаргасан. Ким, Трамп нарын уулзах цэгийн нэгээр Монгол, Сингапур хоёр тунаж үлдэж байсан шүү дээ. Тиймээс Монгол бүс нутагтаа идэвхтэй зуучлалын бодлогыг явуулж байгаагийн хувьд Папын айлчлал, энх тайван аюулгүй байдалд оруулж буй хувь нэмрийг нь ашиглаад бүс нутагтаа зуучлагч болох хүслээ биелүүлэх боломжтой.
Төвийг сахисан байр сууриа ашиглаад хоорондоо зөрчилтэй, ойлголцохгүй байгаа орнуудыг зуучилж болох юм. Ийм улс орон маш олон бий. Сүүлд Путин, Зеленский нарын уулзалтыг яагаад Монголд зохион байгуулж болохгүй гэж гэдгийг ч манай зарим судлаач илэрхийлж байсан. Пап ламын хувьд ОХУ, Украины асуудлаар идэвхтэй байр сууриа илэрхийлдэг. Айлчлалыг далимдуулаад манай улс зуучлагч байх онцлог давуу талаа олон улсад таниулах боломж юм. Яваандаа Монгол Улс НҮБ болон энх тайван аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын зуучлал явуулах бүс нутгийн төв цэг нь болох боломжтой. Ингэж чадах юм бол гадаад харилцаа, зуучлалын чиглэлээр хөрөнгө оруулалт, эдийн засгийн дэмжлэг туслалцаа авч чадна. Төвийг сахисан байр суурь болоод геполитикийн онцлогтой байршил бидэнд олон давуу талыг бий болгож байна. Харин гадны томоохон уулзалтууд боллоо гэхэд наад зах нь зочид буудал, мэдээллийн аюулгүй байдал, замын түгжрэлээс эхлээд дэд бүтэц талаасаа бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ингэж чадвал бүс нутгаар хязгаарлагдахгүй дэлхийн хэмжээний тоглогч болох боломж бий. Хэрэв Монгол Улс далайцтай бодлого явуулахгүй идэвхигүй байх юм бол олон улсын харилцаанд мартагдах, түгжигдэх аюултай. Дэлхийд байнга харагдаж л байх хэрэгтэй.
Айлчлалын хуваарийг харвал төр засгийн тэргүүнтэй уулзана. Тэр дундаа Монгол төдийгүй дэлхийн бусад орноос зорьж ирсэн сүсэгтэн олонтойгоо уулзах нь айлчлалын нэг чухал хэсэг болж байна. Ер нь Папын айлчилж байгаа улс орнууд урлаг соёлын арга хэмжээнээс эхлээд өндөр зохион байгуулалттайгаар хүлээж авдаг л даа.
-Айлчлал олон давуу тал, боломжийг бидэнд авчирч байгаа нь сайшаалтай. Гэхдээ хоёр хөрш хэрхэн хүлээж авах бол гэсэн болгоомжлол бас бий?
-Улс төрийн хувьд манай улстай хамааралтай бодлого явуулахгүй ч гэсэн Монгол гэсэн тавцанг ашиглах эрсдэл гарч ирж мэднэ. Энэ талаасаа их гүрнүүдийн хоорондох тоглоомонд хүссэн хүсээгүй татагдах аюул бий. Тиймээс зарим нэг хязгаарыг тавьж нөгөө талтайгаа ойлголцож болох байх. Бодлого боловсруулагчид эрдэмтэн судлаачид үүнийгээ ойлгож, тооцоолж байгаа байх.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 174 (7159)