Н.ЖАРГАЛМАА
Ватиканы төрийн тэргүүн пап лам францис Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж буйтай холбогдуулан Монгол дахь Католик урсгалын тэргүүн кардинал М.Жиоржиа ТВ-9 телевизэд байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
-Ватиканы пап лам Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Монгол Улсад албан ёсоор айлчлах гэж байна. Энэ айлчлалаас таны хувьд ямар асуудлын голчлон харж анхаарч байгаа вэ?
-Энэ бол түүхэн айлчлал болж байна. Түүхэнд Гэгээн ширээт улс болон Монгол хоорондын харилцаа маш өргөн урт удаан түүхтэй. Анх удаа төрийн тэргүүний энэхүү албан ёсны айлчлалыг Пап лам Францис хийж байна. Сайхан айлчлал болох байх хэмээн би хувьдаа бодож байна.
-Пап Францисын хувьд Ватикан-Улаанбаатар-Ватикан гэх маршрутын дагуу буюу өөр аль нэг улсаар дамжилгүйгээр, өөр айлчлалын үргэлжлэл болгож бус шууд Монгол Улсыг зорин ирж байгаа явдал олны анхаарлыг ихэд татаж байна. Монгол Улс 1300 гаруй католик шашинтнуудтай гэсэн тоон мэдээлэл байдаг. Энэ удаагийн айлчлалаар цөөн тооны итгэгчидтэй улсыг зорин ирж байгаа нь ихэд сонирхолтой байна. Энэ талаар таны байр суурь юу байна вэ?
-Тийм ээ. Пап зөвхөн Монголыг зорин ирж байгаа. Өдгөө 86 настай түүний хувьд эрүүл мэндийн тодорхой асуудал байхгүй ч их урт замыг туулж зорин ирж байна. Эндээс юу харж болох вэ гэвэл Монголын өвөрмөц байдал, түүх соёл, уламжлалыг дээдэлж, Монгол Улсыг сонгосон чухал шийдвэр гаргасан байна. Түүний зүгээс зөвхөн өөрийн шашны итгэгчдийн тоонд анхаарах бус хүн төрөлхтний сайн сайхны төлөө хамтран ажиллах нь чухал гэдгийг өөрийн үйл хэргээрээ илэрхийлж байна гэж миний зүгээс үзэж байна.
-Айлчлалын гол хөтөлбөрүүдээс танилцуулж өгөөч, Монгол дахь олон шашны төлөөллүүдтэй уулзалт явуулна хэмээсэн байна. Энэ уулзалт ямар онцлогтой байх вэ. Мөн итгэгчиддээ хандаж ямар уриалга гаргах бол гэсэн хүлээлт байгаа вэ?
-Папын айлчлалын хөтөлбөрийг бид Гадаад харилцааны яамтай хамтран долдугаар сарын дундуур эцсийн байдлаар боловсруулж дууссан. Мэдээж төрийн дээд хэмжээний айлчлал учраас есдүгээр сарын 2-ны өглөө Монгол Улсын Ерөнхийлөгчтэй албан ёсны уулзалт хийнэ. Түүний дараагаар Монголын ард түмэнд хандаж үг хэлнэ, түүний энэхүү үг маш ач холбогдолтой байна хэмээн бидний зүгээс өндөр хүлээлттэй байгаа. Дараагаар нь цөөн тооны итгэгчдийг хүлээн авч уулзалт хийнэ. Энэ уулзалт нь манай католик сүмийн төв байранд зохион байгуулагдана. Есдүгээр сарын 3-ны өглөө дээр дурьдсанчлан шашны олон төлөөллүүдтэй дугуй ширээний уулзалт хийнэ. Пап Францис маань айлчлан очсон орныхоо шашны төлөөллүүдтэй энэхүү уулзалтыг уламжлал болгон зохион байгуулдаг. Тиймээс уг уулзалт нь тун ач холбогдол өндөртэй байх болно. Яагаад гэвэл түүний хувьд шашин хоорондын зөв харилцааг машид чухалчилж үздэг. Шашин болгон өөрийн гэсэн үзэл сурталтай, мөн өөр өөрсдийн онцлогтой. Үүнийг бид хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ шашин бүрийн өөр хоорондоо ялгаатай байдлын цаана үндсэн ижил төстэй үнэ цэн оршин байдаг. Тэр үнэ цэнийн тухай ярилцаж иргэд олон нийтэд зөв ойлголтыг түгээх зорилгоор шашны олон төлөөллүүдтэй уулзах дуртай байдаг.
Энэ удаа Монгол Улсад айлчилж байгаатай холбоотойгоор түүх уламжлалыг хүндэтгэн, эртний түүхэн 13 дугаар зууны үеэс эхлээд орчин үед байгаа шашны нээлттэй байдлыг дэлхий нийтэд харуулах, үлгэр жишээ болгон авч үзэхийг тэрбээр хүсч байгаа. Уулзалтыг тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулах ба шашны төлөөллүүд өөр өөрсдийн үзэл бодлыг нээлттэйгээр илэрхийлэх боломжийг олгоно. Тус өдрийн үдээс хойш “Steppe Arena”-д нийт итгэгчдэд зориулсан номлолыг айлдана. Уг арга хэмжээ нь хүссэн хүн бүхэнд нээлттэй хэдий ч тухайн газрын багтаамжийг харгалзан үзэж бүртгэлийг эхлүүлсэн. Одоогоор бүртгэл нээлттэй явагдаж байгаа. Бас бидний зүгээс цахим орчинд шууд дамжуулалтуудыг хийж “Youtube” хуудсанд албан ёсоор байршуулна. Түүнийг мөн иргэд олон нийт үзэж сонирхох боломжтой. Харин 4-ний өглөө буцах замдаа бидний санаачлан гаргасан “Энэрэл нигүүслийн төв”-ийн нээлтэнд оролцоно. Бидний зүгээс 1992 оноос хойш Монголын ард түмний сайн сайхны төлөө ажилласаар ирсэн. Энэхүү шинээр нээж байгаа төв маань хүмүүнлэгийн үйлсэд зориулагдана. Тиймээс энэ зөвхөн католик шашинтнууд бус хүн бүрийн сайн сайхны төлөө нэгдэж ажиллаасай хэмээн уриалж байна.
-Пап өмнөх айлчлалуудаас дэлхий нийтэд хүргэж байсан ямар энхтайвны уриалга, айлдварууд байдаг вэ. Та эш татаж өгөөч?
-Папын сургаалиудын гол агуулгад ихэвчлэн энхтайван, зөв хандлага, нэг нэгнээ хүндлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах зэрэг багтдаг. Тэр ч утгаараа энэ удаагийн айлчлалаар байгаль орчноо хамгаалах хүний эрхийг хамгаалах зэрэг Монголд анхаарал татдаг агуулгаар уриалга гаргах байх.
-Папын айлчлалыг дагалдан дэлхийн бусад орны 3000 гаруй итгэгч Монгол Улсад хүрэлцэн ирсэн гэх мэдээлэл байна. Эдгээр хүмүүст хандаж түүний хэлэх үг юу байх бол?
-Нийт итгэгчдийг хамруулсан хамгийн том хэмжээний үйл ажилллагаа “Steppe Arena”-д зохион байгуулагдана. Хүссэн хүн бүр Папыг ойроос харах боломж тун ховор тохиолддог. Тэр ч утгаараа олон улсын итгэгчид хүрэлцэн ирсэн хэмээн миний зүгээс үзэж байна. Иймд эдгээр хүмүүс айлчлалын хөтөлбөрийн арга хэмжээнүүдэд идэвхтэй хамрагдаж, түүний сургааль номлолыг анхааран сонсож хүлээн авна хэмээн найдаж байна. Түүний айлчлалууд үргэлж дэлхийн нийтийн анхаарлын төвд байдгаас гадна Ази тивд Монгол Улсад хийж буйгаараа энэ удаагийн айлчлал нь түүхэнд тэмдэглүүшэй байх болно. Түүнийг дагалдан Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд зэрэг төрийн дээд 50 албан тушаалтан ирэхээс гадна, түүний онгоцонд 70 гаруй олон улсын сэтгүүлч дагалдан ирэх юм. Яагаад вэ гэвэл тэрбээр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн оюун санааны манлайлагч хүн. Түүний хэлэх үг айлдварууд дан ганц шашны гэхээс илүүтэйгээр дэлхий нийтийн анхааралд буй гол асуудлуудын талаар өөрийн туршлага үзэл бодлын хүрээнд илэрхийлэх нандин үгнүүдийг хэлсээр байсан учраас дэлхий нийтийн анхаарал зүй ёсоор Монгол руу чиглэж байгаа юм.
-Ромын пап лам Францис нь Ватиканы пап лам, Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн гэх хоёр өндөр дээд албан тушаалыг хашдаг. Тухайн улсын төрийн институтын онцлог, хамтдаа оршин тогтнож байгаа байдлыг та танилцуулж өгнө үү?
-Гэгээн ширээт улсын онцлог нь энэ юм. Хэдийгээр билэг тэмдгийн зориулалтаар ажиллаж байгаа ч жинхэнэ тусгаар тогтносон улс учраас төрийн тэргүүн нь бусад орны төрийн бүх тэргүүн нартай ижил статустай байдаг. 2023 жилийн түүхтэй институт урт хугацааны түүхэн ач холбогдлыг хамгаалан үлдэх нэгэн зорилготой.
-Хоёр улсын харилцаанд ямар хувь нэмэр үзүүлсэн айлчлал болох бол гэж таамаглаж байна вэ?
-Анх удаа Гэгээн ширээт улсын тэргүүн ирж байгаа учраас хоёр орны харилцаа илт сайжирна хэмээн үзэж байна. Анх Монголын Засгийн газрын санаачлагаар 1992 онд католик шашны төлөөллүүд ирж байсан. Миний өмнөх тэргүүн маань Монгол орны төлөө олон сайн үйлсийн санаачлан хэрэгжүүлсээр ирсэн. Энэ хүрээнд бидний хоорондын харилцаа улам бат бэх болж хүн төрөлхтөний сайн сайхны төлөө ажиллах шинэ цаг үе эхэлж байгаа байх хэмээн үзэж байна.
-Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу. Мөн Ази тивээс анх удаа кардинал цолыг хүртсэн байсан. Хэдэн онд Монгол Улсад ирсэн бэ?
-Намайг Жиоржиа Маренго гэдэг. Энэ жил 49 настай. Итали улсын иргэн. Анх 2003 онд ирсэн. 2001 онд сахил хүртэж католик сүмийн санваартан болсны дараагаар миний анхны томилгоо Монгол Улсад байсан. Эхний гурван жилдээ Улаанбаатар хотод суурьшиж байгаад 2006 онд Өвөрхангай аймгийн нийслэл Хархорин хотод суурьшиж аймаг нутгийн удирдлагуудтай хамтран сайн үйлсийн төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Өнгөрсөн онд Пап лам өөрөө намайг томилж Кардинал цол хүртээсэн. Ингэснээр би Монголоос томилогдсон түүхэн анхны кардинал болсон баяртай мэдээ байна. Энэ үүргээрээ би Пап ламд илүүтэй ойр дотно ажиллах үүрэг хүлээсэн.
-Дэлхийн дахинд буй кардиналуудын үйл хэргийн гол онцлох ач холбогдол ву байдаг вэ. Кардинал гэх цол хэргэмийн талаар тайлбарлаж өгнө үү?
-Христийн шашны хувьд кардиналууд онцгой үүрэгтэй. Түүхэнд анх Ромын нийслэл хүрээнд байсан хамба лам нар нь пап ламд зөвлөгөө хүргүүлэх түүний олон нийтийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлдэг байсан. Энэ байдал уламжлал болж ирсэн. Мэдээж дан ганц Ромоор хязгаарлагдах бус дэлхийн хэмжээнд нийт 226 кардинал томилогдсон байгаа. Тэрхүү кардинал нь 80 нас хүрээгүй бол дараагын пап ламыг сонгох сонгуульд оролцдог.
-Дэлхийн дахинд 1.3 тэрбум католик шашинтан байдаг гэсэн тоо байдаг. Пап ламын айлчлалын дараагаар дэлхий дахинд Монгол Улс ямар онцлог байдлаар танигдах бол?
-Дэлхий нийт хэдийгээр монголчуудын өвөрмөц зан заншил түүхийг мэддэг ч гэсэн папын айлчлалын дараа илүү тодорхой мэддэг болж монголчуудын өвөрмөц байр суурийг таних байх. Энэ түүхэн айлчлалыг зохион байгуулж байгаа Монгол Улсын төрийн тэргүүн болоод Монголын ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 172 (7157)