Г.Энхбат: Орон зайн онцлогт тулгуурласан соёлын өвийг хамгаалах төвүүдийг байгуулах шаардлагатай

2023-07-19
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Баттулгын БЯМБАЖАРГАЛ

 

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа ээлжит зочноор Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатыг урьж ярилцлаа.

 

-Соёлын яам байгуулагдсанаар соёлын салбарт олон жил хөндөгдөлгүй орхигдож ирсэн асуудлуудаа засаж залруулахаар томоохон шинэчлэлүүдийг эхлүүлсэн. Соёлын яамтай болсноор танай үйл ажиллагаа, бодлого, төлөвлөлт, шийдэгдэхгүй ирсэн асуудлууд хэр цэгцэрч байна вэ?

-Соёлын яам 1996 оноос хойш боловсрол, шинжлэх ухаан, спорт, аялал жуулчлалын салбаруудтай хамт харьяалагдаж ирсэн. Энэ хугацаанд соёлын салбарын бүх бодлого алдагдаж орхигдсон гэж олон нийт ташаа ойлгодог.

Бүх цаг үед соёлын ерөнхий бодлогоо баримтлан ажилласаар ирснийг дурдах хэрэгтэй. Харин олон салбаруудтай хамт нэг яаманд харьяалагдсанаар соёлын зарим асуудал орхигдож ирсэн нь үнэн. Соёлын яам өөрийн бие даасан бүтэц, бүрэлдэхүүнийг байгуулж урлаг, соёлын салбарыг үндсэн 12 стратегийн төлөвлөлтөд оруулж анхаарлаас гадуур орхигдож ирсэн барилга, архитектур, дизайн, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг салбар, чиглэлийн бодлогыг сэргээсэн. Үүн дотроо соёлын өвийн бодлого нь эдгээр 12 стратегийн тэргүүнд эрэмбэлэгддэг. Соёлын өвийн үндэсний төв нь 2015 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд өөрсдийн үндсэн үйл ажиллагааг орчин үеийн бодлоготой уялдуулж өргөжүүлсэн. Зөвхөн бүртгэл, судалгаа, хадгалалт, хамгаалалт гэсэн чиглэлтэй байсан бол бусад холбогдох чиглэлүүдийг нэмсэн. Түүнчлэн Соёлын яамтай болсноор хэдэн жилийн турш сунжирсан Соёлын өвийн үндэсний төвийн барилгын асуудал шийдэгдэж шинэ барилгаа ашиглалтад оруулаад байгаа. Шинэ барилга ашиглалтад орсонтой холбогдуулан түүхэн дурсгалт уран барилгуудыг сэргээн засварлах газар байгуулж түүхэн дурсгалт уран барилгуудтай холбоотой асуудлыг улсаас бодлогоор хамгаалан дэмжиж байна. Соёлын өвийг сэргээн завсарлахад мөн анхаарч Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрыг байгуулсан. Технологийн дутмаг байдлаас үүдэж соёлын өвийг сэргээн засварлахад технологийн горим бүрэн мөрдөгдөх нөхцөл, боломж тааруу байлаа. Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрыг байгуулснаар соёлын өвийг сэргээн засварлах ажиллагаа олон улсын жишгийн дагуу явах боломж бүрдсэн. Хадгалалт, хамгаалалт, технологийн судалгааны газарт эвдрэл, гэмтлийг тодорхойлуулсны дараагаар сэргээн засварлах газарт очдог журамтай болсон. Мөн Соёлын яамтай болсноор соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалт, судалгааны бүх чиглэлд ижил түвшинд анхаарал хандуулж олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах боломж бүрдээд байна.

-Соёлын үндэсний төв нь 1988 онд анх “Музейн үзмэр сэргээн засварлах урлан”  -аар үйл ажиллагаагаа явуулж байсан бол одоо үндэсний төв болж өргөжжээ. Үндэсний төв болсноос хойш дөрвөн жилийг үдлээ. Үндэсний төв болж бүтцийг томруулснаар соёлын өвийг хамгаалах, сэргээх, бүртгэх, судлахад ямар өөрчлөлт гарч байгаа вэ?

-Тухайн үеийн Соёлын яамны шийдвэрээр 1988 онд Дүрслэх Урлагийн Музейн дэргэд Сэргээх засварлах урлан нэртэйгээр 2-3 хүний цомхон бүрэлдэхүүнтэйгээр түүхээ эхлүүлсэн. Урлангийн үйл ажиллагааг явуулахын сацуу соёлын өвийн мэдээллийн санг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэн 1995 онд Соёлын өвийн төв болгон өргөжүүлсэн байдаг. Ингээд соёлын биет бус өвийг хадгалах, өвлүүлэх чиглэлд ажиллаж байсан төрийн бус байгууллага Засгийн газарт хүсэлт тавьснаар биет болон биет бус өвийн мэдээллийн санг нэгтгэж байв. Ийнхүү 2015 онд батлагдсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Соёлын өвийн үндэсний төв болсон түүхтэй.   Соёлын өвийн үндэсний төв 30 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байсан бол бүтэц, бүрэлдэхүүн өргөжиж хоёр газар шинээр байгуулагдсанаар нийт 65 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үндэсний төв болж өргөжсөнөөр соёлын өвтэй холбоотой орхигдож байсан асуудлууд болох материал бүтэц, техонологи судлал, соёлын өвийн эрсдэлийн судалгаа, барилга архитектур, цахим мэдээллйн сан зэрэг чиглэлийн ажил, гүйцэтгэл нөхөгдөж байгаа юм.

- Соёлын яамнаас үндэсний хэмжээнд “Соёлын сэргэлт”-ийг зохион байгуулж байна. Үүнд Соёлын өвийн үндэсний төв ямар оролцоотой ажиллаж байгаа вэ?

-“Алсын хараа-2050” бодлогын бичиг баримтад тусгагдсаны дагуу Соёлын яамнаас “Соёлын сэргэлт”-ийг 21 аймаг, 330 сум, 15 тосгонд хийж байна. Яамнаас баталсны дагуу Соёлын өвийн үндэсний төв нь Ховд аймгийг хариуцан ажилласан. Ховд аймаг бол олон угсаатны өлгий. Соёлын биет бус өвийн арвин нөөц, баялаг түүхтэй. “Соёлын сэргэлт”-ийн хүрээнд Соёлын үндэсний төвийн багийнхан Ховд аймагт буй соёлын өвийн нөөцийг соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалтай уялдуулах суурь судалгааг эхлүүлсэн. Жишээлбэл, Цайны зам, Торгоны замтай холбоотой олон улсын төсөл хөтөлбөрт хэрхэн хамрагдах боломжтой вэ, хөдөө сумдад байгаа олон угсаатны бүлгүүд хэрхэн бие биентэйгээ уялдсан соёлын орон зайгаа үүсгэх вэ зэрэг асуудлуудыг багтаасан суурь судалгааг эхлүүлээд байна. Мөн 20 орчим сумын төвд хадгалагдаж буй музейн үзмэрүүдийн хадгалалт, хамгаалалтын орчин, нөхцөл байдлыг үнэлж анхан шатны цэвэрлэгээ хийх сургалтыг зохион байгуулсан.

-Соёлын өвийг хадгалах, хамгаалах чиглэлд ямар асуудал тулгарч байна вэ. Ер нь Монгол Улсад соёлын өвийг хадгалж чадаж байна уу. Хөдөө орон нутгуудад соёлын өв болох хадны сүг зураг, чулуун хөшөөнд нэрээ сийлдэг бүдүүлэг үйлдэл одоо ч байсаар байгаа шүү дээ?

-Соёлын өвийн үл хөдлөх дурсгал буюу археологийн дурсгалуудыг бүртгэх ажил нэн тэргүүний чухал ажил юм. Анх 1800-аад оноос хойш Монгол Улсад ирж ажилласан гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, археологийн хүрээлэнгүүдийн судалгааны үр дүнгээр илэрсэн, олдсон асар олон дурсгалуудыг бүртгэж баримтжуулах шаардлагатай. Монгол Улсын хэмжээнд байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлийг системд төрөл зүйл, ангиллын хүрээнд хоёр удаа бүртгэж тоон дүнг нэгтгэж гаргасан. Тухайлбал, 9357 газрын 93 мянга орчим түүх, соёлын үл хөдлөх дурсгал улсын мэдээллийн санд бүртгэгдсэн. Дурсгал бүр бүртгэлийн дугаартай. Дугаараар нь эвдрэл гэмтэл, хадгалалт, хамгаалалт, өртөж болох байгалийн болон нийгмийн эрсдэл зэргийг 2021 онд болсон улсын хэмжээний мэдээллийг санг ашиглан харж болно. Мөн уул уурхайн ашиглалт, хайгуулын лицензийн талбайд түүх, соёлын үл хөдлөх дурсгал орсон эсэхийг мэдээллийн сангаас харах боломжтой. Үл хөдлөх дурсгалуудын нөхцлийг харгалзан тус бүрт үнэлгээ өгсөн. Хадгалалтын байдал нь сайн, дунд, муу гэж ангилан бүртгэсэн. Бүртгэлийг бүрэн хийж дурсгал бүрийг үнэлснээр хадгалалт, хамгаалалтын дараагийн төлөвлөлтийг хийдэг уялдаа холбоотой ажил юм.

-Ер нь манай соёлын өвийг хамгаалж сэргээн засварлах ажил олон улсын жишигтэй нийцдэг үү. Олон улсын байгууллагатай хамтран ажиллаж хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр бий юу?

-Соёлын өвийг хамгаалахад төсөв хөрөнгө, мэргэжлийн боловсон хүчин, техник багаж зэрэг хэрэгцээ шаардлага их. Дутмаг зүйл ч бий. Өндөр хөгжилтэй Япон, Солонгос улсууд энэ салбарт ажиллахад шаардлагатай нөхцөл, ажилчдыг дэмжсэн урамшуулал, бололцоот бүх зүйлээр хангаж өгсөн байдаг. Гэсэн хэдий ч улс орон бүрийн байгалийн тогтоц, цаг уур ялгаатай учир давуу болон сул тал зэрэгцэн байдаг. Соёлын өвийг хамгаалах нь зөвхөн чийгтэй, дулаан орчинд хадгалахын нэр биш. Дөрвөн улирал солигддог эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд соёлын өвийг хамгаалахад олон хүчин зүйл, өөр технологи шаарддаг. Тэгэхээр олон улсад хадгалалт, хамгаалалтын судалгаа хийж байгаа багтай хамтран ажиллах, туршлагаас суралцах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Соёлын өвийг хамгаалахад алдаа дутагдалгүй, төгс технологи байхгүй. Тухайн цаг үе, орчин нөхцлөөс хамаарч хувьсан өөрчлөгдөж байдаг.

-Өвийг хамгаалах тухай хуулийн заалтууд хэр оновчтой байна вэ. Музейн үзмэр, соёлын биет өвийг салган хуульчлах нь зөв үү?

-Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар соёлын биет болон биет бус өв, музейн үзмэрийг нэгтгэн нэг ойлголтоор тодорхойлж ирсэн бол 2022 оноос Музейн тухай хууль батлагдснаар энэ өргөн ойлголтыг салгаж үзэх болсон. Ингэснээр музейтэй холбоотой асуудал, үзмэр, судалгааны чиглэл, хамрах хүрээ нарийсаж байгаа юм. Түүнчлэн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай хууль ирэх жил энэ Засгийн газрын үед батлагдахаар хуулийн боловсруулалт хийгдэж байгаа. Соёлын биет болон биет бус өвийн тус тусын хууль батлагдсанаар хөндөх асуудал, хамрах хүрээ багасаж олон улсын жишиг рүү дөхөж байгаа гэсэн үг юм. Музейн чиглэлд тусгайлсан институци ажилснаар музейн даац, стандартын барилга, үзмэрийн тоог нарийвчлан судалж анхаарал хандуулах боломжтой болно. Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд Өмнөговь, Хэнтий, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад стандартын шаардлага хангасан зориулалтын барилгатай музей байгуулагдсанаар музейн үзмэрийн аюулгүй байдал, насжилт, хадгалалтын нөхцөл сайжирсан. Харин зарим орон нутаг судлах танхим буюу сумдуудад байгаа музейн үзмэрийн аюулгүй байдал, хадгалалт тааруу, стандартын шаардлага хангаагүйн улмаас эвдрэх, гэмтэх эрсдэлтэй байна. Тийм боловч бүртгэлээр хяналт тавих системд суурилан бүх сумдад байгаа орон нутаг судлах танхимын үзмэрүүдийг бүртгэлийн програмд оруулж хяналт тавин ажиллаж байгаа. Бүртгэлийн хяналтын систем бол соёлын хөдлөх болон үл хөдлөх өвийг хамгаалах ажлын нэг төдийгүй соёлын өвүүд хаана үзэсгэлэнд дэлгэгдэж байгаа, ном, зохиолд ашиглан судлагдаж, судалгааны эргэлтэд орж байгаа эсэх, сэргээн засварлагдаж байгаа, эрсдэлд өртсөн зэрэг олон талын мэдээллийг багтаадаг.

-Ажил явахад хүний нөөц чухал асуудал. Зөвхөн сэргээн засварлалтын чиглэл гэлтгүй соёлын салбарт ажиллах боловсон хүчний нөөц ямар байдаг вэ?

-Соёлын өвийг сэргээн засварлахад энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний нөөц дутмаг байдаг. Соёлын өвийн салбар нь орчин цагтай уялдан хөгжиж өргөн цар хүрээг хамрах болсноор ажлын байрны орон тоо нэмэгдсэн. Гэсэн хэдий ч энэ салбарт ажиллах боловсон хүчин дутмаг байгаа нь гол асуудлуудын нэг юм. Цахим шилжилттэй холбоотойгоор соёлын салбарт үүсэж буй шинэчлэл, боловсон хүчний асуудлыг хөндөж ярихаас өөр аргагүй болсон. Сэргээн засварлалтын чиглэлээр сурах, ажиллах хүний тоо цөөн байна. Сэргээн засварлах ажлыг зөвхөн гарын ур дүйтэй хүн гүйцэтгэх мэтээр олон нийт ойлгодог боловч байгалийн шинжлэх ухааны суурьтай, гарын ур дүйтэй хосолмол чадвартай байхыг шаарддаг. СУИС, ШУТИС болон Солонгос улсын сургуулиудтай хамтран соёлын өвийн хадгалалт хамгаалалт, дурсгалт барилгыг сэргээн засварлах ажилтан бэлтгэж эхэлсэн. Гэвч энэ хөтөлбөрөөр суралцах оюутны тоо бага байна.

-Ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ямар ажил байгаа вэ. Хэтийн төлөвлөгөөнөөс хуваалцвал?

- Улаанбаатар хотод бүх төрийн байгууллага, бизнес төвлөрсөн. Баруун, Зүүн, Говийн, Төвийн, Хангайн бүс гэх мэтчлэн байгалийн тогтоц, цаг уурын ялгаатай таван өөр ландшафтад өөрсдийн онцлог, ялгарах шинж, чанар бүхий соёлын биет, биет бус өвүүд хадгалагдаж байна. Нэгдүгээрт, Соёлын өвийн үндэсний төв бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу баруун, зүүн, төв, хангай, говийн бүс бүрт нэг салбар төвийг байгуулах шаардлага нийгэм, цаг үетэй уялдан гарч байна. Тухайлбал, Улаанбаатар хотод төвлөрөх нь захын аймгуудад хүрч ажиллах цаг хугацаа, хүний нөөцийн хувьд бэрхшээлийг дагуулдаг. Тиймээс 2040 он гэхэд босоо удирдлагын системтэйгээр таван бүсэд таван салбар төвтэй болох зорилго тавьсан. Салбар төвүүдийг байгуулснаар тухайн бүс нутгийн соёлын өвийг илүү төрөлжүүлэн хадгалалт хамгаалалтын үйл ажиллагаа хийх боломж бүрдэнэ. Тухайлбал, баруун бүсийн салбар хадны сүг зургийг дагнан түүнийг төрөлжүүлэн хамгаалах, судлах ажиллагаа хийглэх бол говийн бүсийнхэн булш, хиргисүүрийн дурсгалыг төрөлжүүлэх боломжтой. Ингэснээр салбар хоорондоо туршлага, мэдээллээ солилцож мэргэжлийн ур чадвараараа өрсөлдснөөр соёлын өвийн салбар хөгжих боломж бүрдэх юм. Хоёрдугаарт, Тендерийн хуулийн дагуу хамгийн доод өртгийг санал болгосон газраар дурсгалт уран барилгыг нэг жилийн хугацаанд сэргээн засварлуулдаг мэргэжлийн бус заалтууд байдаг. Тиймээс дурсгалт уран барилгыг сэргээн засварлах газрыг үндэсний төвийн дэргэд байгуулах зорилт тавьсан. Соёлын үндэсний төвийн дэргэд дурсгалт уран барилгын засварлах газрыг байгуулснаар төрийн үйлчилгээг шууд хүргэж засварлах уран барилгыг системтэйгээр төлөвлөж мэргэжлийн хүмүүсийг тогтмол ажиллуулвал тухайн дурсгалын хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын чанарын үзүүлэлт дээшилнэ. Тендерийн хуульд баригдаж уяулахгүйгээр чанартай, баталгаатай ажил гүйцэтгэх боломжоор хангагдана.

-Монголд байгаа соёлын биет өвийг хамгаалах ажлууд тодорхой шат дарааллаар хийгдэж байгаа гэж ойлголоо. Тэгвэл хил дамнан алдагдсан соёлын өвийн мэдээлэл олон нийтийн дунд шүүмжлэл дагуулдаг. Энэ тал дээр ямар ажил хийгдэж байгаа вэ?

-Соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүгийн тухай хууль болон Соёлын өвийн тухай хуульд шинэ заалтууд тусгагдсан. Үүний дагуу өнгөрсөн жилээс Эрүүгийн цагдаагийн газар соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тусгай нэгж байгуулсан. Соёлын өвийн үндэсний төв нь тагнуулын байгууллага болон соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тусгай нэгжийг соёлын өв, түүх дурсгалын бүх шаардлагатай мэдээллээр ханган ажиллаж байгаа. Энэ чиглэлээр мөн ажиллахдаа байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааны механизмыг тодорхой болгосон. Өнгөрсөн цаг хугацааны явцад ялангуяа 1990-ээд онд алдагдсан, эрэн сурвалжилж байгаа эд өлгийн зүйлс, соёлын биет өвүүд бий.

Тиймээс Интерполтой хамтарч алдагдсан эд өлгийн зүйлсийн судалгааг хийж эргүүлж авчрах, 1920, 1930-аад оны үед хууль бусаар болон хууль ёсны дагуу бүртгэлийн системгүй байх үед хилээр гарсан Монголын холбогдолтой, Монголынх гэдэг нь гарал үүслийн хувьд тодорхойлогдсон соёлын өвийг олон улсын гэрээ, конвенцийн дагуу эргүүлэн авах ажлуудыг ГХЯ, дипломат газрууд хийж эргүүлэн авчирсан олон тохиолдол бий. Тиймээс соёлын өвийг хамгаалахад бүртгэлийн системийг хөгжүүлэх нэн шаардлагатайг эдгээр тохиолдлоос харж болно. Сүм хийд, хувь хүмүүсийн гарт хадгалагдаж буй соёлын өвийг бүртгэх ажлыг мөн зохион байгуулж байна. Хувь хүнд байгаа хэдий ч энэ нь монголын түүх, ёс заншилтай холбогдолтой өв учраас улсын, хувийн гэж ялгалгүй соёлын өвд бүртгэж авна.

-Хувь хүнд хадгалагдаж байгаа соёлын өвийг бүртгэхдээ ямар шаардлага, шалгуур тавих вэ. Иргэд өөрт байгаа соёлын өвийг бүртгүүлснээр ямар эрхийг эдэлж ямар үүрэг хүлээх вэ?

-Соёлын өвийг хамгаалах тухай хуульд тухайн өмчлөгч иргэн өөрт хадгалагдаж буй эд өлгийн зүйлсийг соёлын өвд бүртгүүлж болно гэж заасан. Тэгэхээр иргэн өөрөө хүсвэл бүртгүүлэхэд нарийн тавигдах шаардлага байхгүй. Соёлын өвөөр бүртгүүлснээр улсад худалдах саналыг тавих, гадаад болон дотоодод зохион байгуулагдах үзэсгэлэнд биет өвөө дэлгэж түүнээсээ хувь хүртэх, өөртөө хадгалах боломжгүй бол стандартын газарт гэрээгээр хадгалуулах, үнэ төлбөргүй сэргээн засварлуулах эрхийг эдлэх боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 141 (7126)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин