С.Баатарсүрэн: Ялгавартай хураамж тогтоох нь эрсдэлээ хянаж, бууруулах хөшүүрэг болно

2023-06-26
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн С.Баатарсүрэнг урилаа.

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл нь Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос бүрддэг байсан. Харин 2018 онд банк, санхүүгийн салбар дахь эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд манай корпорацийг хуульд нэмж тусгаснаар нийт дөрвөн гишүүнтэй болсон. Энэ зөвлөл санхүүгийн салбарын зохистой дэд бүтцийг бүрдүүлж, үйл ажиллагаанд тавих хяналтыг бэхжүүлэх, учирч болзошгүй санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэх зэрэг санхүүгийн тогтвортой байдлыг хангахад анхаарч ажилладаг.

 

ОЛОН УЛСЫН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАГЧДЫН ХОЛБООНЫ ҮНДСЭН ГИШҮҮН

БЛИЦ:

Сүхбаатарын БААТАРСҮРЭН

Ажлын туршлага:

• 2021 оноос хойш Хадгаламжийн даатгалын корпораци, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч

• 2019-2020 онд Монгол Улсын Хөгжлийн банк, Хэлтсийн захирал

• 2009-2016 он хүртэл Монголбанк, Хянан шалгагч, Банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн

• 2007-2009 онд "Зоос" банк, Ахлах эдийн засагч

• 2007 онд "Зоос" банк, Эрсдэлийн эдийн засагч

Мэргэжил:

• Эдийн засагч

Боловсрол:

• Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засгийн онолоор 2007 онд төгссөн.

• 2018 онд Калифорн мужийн их сургуулийн Бизнесийн удирдлага чиглэлээр Санхүүгийн удирдлага сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.

Сонгуульт ажил:

• 2022 оноос Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Евро-Ази бүсийн хорооны дарга.

Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо (IADI) гэж бий. Тус байгууллага нь хадгаламжийн даатгалын тогтолцооны олон улсын стандартыг тогтоодог. Өөрөөр хэлбэл, дэлхийн санхүүгийн салбарын тогтвортой байдалд томоохон үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Одоогоор нийт 94 гишүүнтэй. Манай улс 2013 онд 72 дахь гишүүнээр элссэн. Тус холбооны үндсэн гишүүн болсноор судалгааны хорооноос гаргасан төрөл бүрийн зөвлөмж, аргачлал зөвлөгөөтэй танилцаж, өөрийн оронд хэрэгжүүлэх, бусад гишүүн улсуудтай харилцан мэдээлэл, туршлага солилцох, ажилтнуудаа мэргэшүүлэх сургалт семинарт хамруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Ингэснээр бид хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа. Түүнчлэн манай байгууллага холбооны үндсэн гишүүн болсноор олон улсад баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах, холбооны гишүүн улсуудтай хамтран хийж буй судалгаанд оролцох, саналаа өгөх боломжтой болсон.

Холбооны гишүүд газар зүйн байршлаараа найман бүсэд хуваагддаг. Манай байгууллага 2013 онд Ази-Номхон Далайн бүсийн хороонд элссэн бөгөөд 2016 оноос Евро-Азийн бүсийн хорооны гишүүнээр ажиллаж байна. Энэ бүсэд Солонгос, Япон, Тайвань, Малайз зэрэг хадагаламжийн даатгалын систем нэлээд өндөр хөгжсөн орнууд байдаг. Тиймээс тэдгээр улсын туршлагаас судалж үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг зорьж байна. Евро-Азийн бүсийн хорооны хувьд эдийн засгийн нөхцөл байдал нь ижил төстэй талууд байгаа ч хадгаламжийн даатгалын системийн хөгжлийн хувьд харилцан адилгүй байгууллагууд байдаг.

 

ЕВРО-АЗИЙН БҮСИЙН ЧУУЛГАН МОНГОЛД БОЛНО

 

Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоог гишүүдээс сонгогдсон Удирдах Зөвлөл удирддаг. Нийт 24 гишүүнтэй. Бүсийн хорооны дарга Удирдах зөвлөлд шууд орж ажиллах боломжтой бөгөөд холбооны бүхий л шийдвэр гаргалтад саналын эрхтэй оролцдог. Өнгөрсөн онд Олон улсын Хадгаламжийн даатгагчдын холбооны Евро-Азийн бүсийн хороог гурван жилийн хугацаатай тэргүүлж ажиллахаар боллоо. Мөн тус холбооны дэргэд байгуулж буй зарим дэд хороодод манай хүмүүс сонгогдон ажиллаж, олон улсад хэрэгжүүлэх хадгаламжийн даатгалын бодлого, судалгааг тодорхойлох, шийдвэр гаргахад тодорхой түвшинд оролцох болсон. Хороодын бүсийн даргын үндсэн чиг үүрэг нь бүсийн нийтлэг сонирхолд нийцүүлэн бүс нутгийн хадгаламжийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Мөн бүсээ төлөөлөн хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааны тайлан төлөвлөгөөг Удирдах зөвлөлд танилцуулж, бүсийн хэмжээнд тулгамдаж буй асуудалд санал шийдэл, хүсэлтээ гаргадаг. Ерөнхийдөө бүсийн хороо нь олон улсын хамтын ажиллагааг дэмжих, шилдэг туршлагыг хуваалцах замаар бүс нутагт хадгаламжийн даатгалын тогтолцооны үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарах учиртай. Би ажлаа хүлээн авсны дараа үндсэн гурван зорилт тавин ажиллахаар шийдсэн. Нэгдүгээрт, хадгаламжийн даатгалын системийн шилдэг туршлагыг таниулах. Хоёрдугаарт, бүсийн хамтын ажиллагааг сайжруулах. Гуравдугаарт, бүсийн санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх. Эдгээр зорилтын хүрээнд бүсийн гурван жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Үүнийг энэ жилийн уулзалтаар батлуулахаар ажиллаж байна.

Энэ жилийн Евро-Азийн бүсийн хорооны 15 дахь удаагийн жилийн уулзалт Монголд болно. Засгийн газраас хэрэгжүүлж буй Монголд зочлох жил хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлуудтай уялдаж байгаа юм. Евро-Азийн бүсийн хороо найман гишүүн улстай ч нийт 18 орны 40 гаруй төлөөлөл оролцохоор бүртгүүлсэн. Мөн хуралд дотоодын банк санхүүгийн салбарын төлөөллүүдийг хамруулна. Энэ удаагийн Евро-Азийн бүсийн хороонд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, туршлага солилцохын зэрэгцээ бүсийн хороод хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь гол зорилго. Манай улс хоёр бүсийн хороонд харъяалагдаж байгаагийн хувьд эдгээр бүсийн хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцоход гүүр болох учиртай. Бүсийн уулзалтуудаас гадна “Ялгавартай хураамжийн системийг нэвтрүүлэх нь” сэдвийн хүрээнд хурал зохион байгуулж байгаа. Манай бүсийн хороо найман гишүүнтэй. Эдгээрээс Турк, Казакстан, Гүрж улс ялгавартай хураамжийн системийг нэвтрүүлсэн. Тиймээс энэ удаагийн уулзалтаар ялгавартай хураамжийн талаар туршлага судлах боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн бусад хадгаламжийн даатгалын систем өндөр хөгжсөн орны хадгаламжийн даатгагчдын холбооны төлөөлөл ялгавартай хураамжийн системийг хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх талаар чуулганд оролцож илтгэл тавина. Нөгөөтэйгүүр дотоодын банк, санхүүгийн салбарын төлөөллүүдэд хадгаламжийн даатгалын тогтолцоо олон улсад хэрхэн ажилладаг талаар таниулахыг зорьж байна. Хадгаламжийн даатгалын хураамжийг ижил, ялгавартай, холимог гэсэн гурван хэлбэрээр ангилан төвлөрүүлдэг.

 

ЭРСДЭЛД СУУРИЛСАН ЯЛГАВАРТАЙ ХУРААМЖ

 

Манай байгууллага эрсдэлд суурилсан ялгавартай хураамжийн системийг судлан шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, банкуудын эрсдэлийг үнэлж, эрсдэлийн түвшинд тохирох ялгавартай хураамжийн хувийг тогтоох нь зүйтэй. Энэ нь банкууд эрсдэлээ хянаж, бууруулах хөшүүрэг болдогоороо ач холбогдолтой. Мөн хадгаламжийн даатгалын сангийн ачааллыг ч бууруулна. Нөгөөтэйгүүр энэ системийг зөв нутагшуулах нь арилжааны банкуудад ч шударга зарчим тогтох боломжийг бүрдүүлж байгаа хэрэг. Хэн эрсдэлээ зөв удирдана тэр бага хураамж төлнө шүү дээ. Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд гишүүн банкуудаас нийт даатгагдах харилцах, хадгаламжийн дүнгээс ижил хувиар хадгаламжийн даатгалын улирлын хураамжийг татан төвлөрүүлж ирсэн. 

Арилжааны банк дампуурлаа гэхэд хадгаламж эзэмшигчдийн мөнгөний эрсдэлийг корпораци хариуцна. Учир нь бид тухайн банкны даатгалд зарцуулсан хураамжаар эрсдэлийг хамгаалж байна гэсэн үг. Дэлхийн олон улсад нэвтэрч хэрэгжиж байгаа системийг 2013 онд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль баталж хэрэгжүүлж эхэлсэн юм.

Манай улсын хувьд хадгаламж эзэмшигч, хувьцаа эзэмшигч хоёрын ялгааг гаргах шаардлагатай гэж хардаг. Учир нь “Анод” банк дампуурахад хадгаламж эзэмшигчийн хохирлыг барагдуулсан атлаа хувьцаа эзэмшигчийн мөнгийг гаргаж өгсөнгүй гэдэг хандлага байдаг. Тэгвэл хувьцаа эзэмшигч гэдэг нь тухайн банкинд хөрөнгө оруулалт хийж “эзэн” болж байгаа гэсэн үг. Харин хадгаламж эзэмшигч гэдэг нь харилцагч, үйлчлүүлэгч юм шүү дээ. Тиймээс хувьцаа эзэмшигч Хадгаламжийн даатгалаас тусдаа ойлголт бөгөөд зохицуулалт нь ч өөр. Өөрөөр хэлбэл, хадгаламж эзэмшигчийн мөнгийг “ашиглаж” байгаа учраас тэдний эрх ашгийг зохицуулах, хамгаалах механизмтай байх хэрэгтэй.

 

ХАДГАЛАМЖ ДААТГАЛЫН КОРПОРАЦИ “ЗАЛУУ” БАЙНА

Хадгаламжийн даатгалын корпораци нь олон улсад ямар зарчмаар ажиллаж, ямар үүрэг, хариуцлага хүлээдэг вэ гэдгийг тайлбарлах нь зүйтэй байх. Монгол Улсын тухайд одоогоор зөвхөн арилжааны банкны хадгаламжийг даатгаж байна. Үүнийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар зохицуулдаг. Харин олон улсад зөвхөн банк, зарим улсад жижиг санхүүгийн байгууллагын хадгаламж эзэмшигчид ч хамаатай байдлаар зохицуулалт хийдэг жишиг бий. Мэдээж тухайн орны хууль эрх зүйн орчноос хамаарсан зохицуулалт байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр банкны мэдээлэл нээлттэй байх үйл явц харьцангүй хөгжиж байна гэж хардаг. Манай байгууллага бусад улс оронтой харьцуулахад харьцангүй “залуу”. Тухайлбал, АНУ-ын хадгаламж даатгалын тогтолцоо энэ жил 90 нас хүрч байна. Тэгэхээр олон улсын сонгодог жишиг нь тухайн арилжааны банкны эрсдэлийг Хадгаламжийн даатгалын корпораци нь өөрөө хийж, бие даасан, хараат бус байдлаар тогтоодог. Хэрэв банкинд асуудал үүсвэл татан буулгах хүртэлх арга хэмжээ авах бүрэн эрхтэй, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, тэд маш бяртай, статусын хувьд Төвбанктайгаа эн зэрэгцэхүйц байгаа юм. Үүний тулд хууль эрх зүйн орчноос гадна хадгаламжийн даатгалын байгууллага нь хөгжих ёстой. Боловсон хүчний хувьд ч чадавхижих хэрэгтэй. Мөн техник, технологи гээд олон хүчин зүйлийг нарийвчлан авч үзэх шаардлагатай. Хамгийн гол хүчин зүйл нь мэдээж хууль эрх зүйн орчин.

Хадгаламжийн даатгалын тухай ойлголтыг арилжааны даатгалаас ялгаж ойлгох ёстой. Учир нь даатгалын корпораци гэдэг төрийн институци. Энэ хэрээр Хадгаламжийн даатгалын корпораци хөгжиж олон улсын жишигт хүрч ажиллах чадамжтай болох учиртай. Нөгөөтэйгүүр, албан журмын даатгалтай төстэй үйлчилгээ үзүүлж байгаа хэдий ч өөрийн гэсэн хуулиар зохицуулагддаг. Тиймээс л арилжааны даатгалаас өөр гээд байгаа юм. Түүнчлэн санхүүгийн хэрэглэгчийн боловсролд хувь нэмэр оруулах, санхүүгийн мэдээлэл түгээх ажлыг эрчимжүүлж байгаа. Санхүүгийн хэрэглэгчийн боловсрол нь Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөхүйц суурь үзүүлэлт юм.

Манай байгууллага хөгжихийн тулд технологийн дэвшлийг ашиглахын сацуу боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх хэрэгтэй. Үүний тулд бид сонгон шалгаруулалтаар нээлттэй ажлын байранд чадвартай боловсон хүчин авах ажлыг зохион байгуулж байна. Бид гадаад харилцаандаа түлхүү анхаарал хандуулж байгаагийн хэрээр ажилтнуудаа чадавхжуулах, туршлага судлуулах, сургалтад хамруулах зэрэг ажлуудыг хийж байгаа. Яагаад гэвэл хадгаламжийн даатгалын чиглэлээр монголд сургах нөхцөл хараахан бүрдээгүй. Тиймээс судалгааны ажилд дотоодын судлаачдын анхаарлыг хандуулах ажлыг эхлүүлж байна. Учир нь тодорхой хугацааны дараа хадгаламжийн даатгалын салбарт Монгол Улс өөрийн гэсэн өнгө төрх, байр суурьтай байхаас гадна бусад улс орнууд туршлага судлах хэмжээнд хүртэл хөгжүүлэхийг бид зорьж байна

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 125 (7110)

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин