Н.Энхболд: Үндсэн хуулийн өөрчлөлтийг томоохон шинэчлэлийн эхлэл гэж харж байна

2023-06-13
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Ирэх парламентын сонгуулийн “тоглоом”-ын дүрэм болох Сонгуулийн тухай хуулийг УИХ хэлэлцэж байна.  Та хууль боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Энэ удаагийн Сонгуулийн хуулийн өөрчлөлт нэлээд онцлог болж байна. Үндсэн хуулиа өөрчилж, Сонгуулийн хуулиа тэрхүү өөрчлөлтөд нийцүүлэх гээд л. Ер нь Сонгуулийн хуулийн өөрлөлтийн  гол агуулга, үзэл санааг юу гэж харж байна вэ?

-Сонгуультай холбогдолтой хоёр хуулийн төслийг парламентад өргөн мэдүүлсэн. Манай намын бүлгээс болон АН тусдаа өгсөн.  Хуулийн төслүүдийн агуулгыг харахад ерөнхийдөө заалтууд их ойролцоо байгаа. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж байгаа гол шаардлага нь мэдээж Үндсэн хуульд орсон өөрчлөлт юм.  Эцэг хуультай уялдуулж, Сонгуулийн хуулиа өөрчлөх хэлэлцүүлэг өрнөж байна.

Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, өнгөрсөн хугацаанд Сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдэг талаар Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар шийдвэрээ эцэслэсэн. Ингэснээр сонгуулийн тогтолцоо, журмыг парламент өөрөө тогтоож болох тийм хууль, эрх зүйн орчин бүрдсэн гэхэд болно.  Анх Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлаагүй байхад хоёр намаас Сонгуулийн хуулийн төслөө өргөн барьсан.  Үндсэн хуульд өөрчлөлт орсноор 126 гишүүнтэй, холимог сонгуулиар  78 гишүүнийг тойргоос,  48-ыг жагсаалтаар сонгох ийм тогтолцооны, томоохон өөрчлөлтийг хуульчлахаар хэлэлцүүлж байна.

-АН-аас өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцээгүй,  МАН өөрийн хувилбараа хэлэлцүүлж байна гэсэн шүүмжлэл гарч байна.  Ер нь Ажлын хэсэг дээр хоёр хуулийн төслийг нэгтгэсэн юм уу?

-Хоёр хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаан дээр ярилцаад нэгтгээд явах нь зүйтэй гэж үзсэн. Хууль санаачлагч хоёр тал өөрсдөө зөвшөөрсөн тохиолдолд хамтатгаад хэлэлцэж болдог. Ингээд МАН-ын санаачилсан хуулийн төслийг  гол суурь болгоод АН-ын гишүүдийн өргөн барьсан саналыг тусгаад дундын хувилбар буюу нэгтгэсэн Сонгуулийн хуулийн төсөл гаргаад хэлэлцэж байна.  Сонгуулийн тухай хууль дээр эрх баригч нам өөрийн хувилбарыг дангаараа зүтгүүлээд байгаа зүйл байхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. 

-Намууд жагсаалтаа хэрхэн гаргах вэ гэдэг нь олон нийтийн анхаарал  татаж байна.  Жагсаалтад орж ирж байгаа хүмүүсээ ил тод, нээлттэй зарлаад сонгогчиддоо танилцуулна гэж ойлгосон.  Үүнийг  Сонгуулийн хуульд ямар байдлаар тусгаж байна вэ?

-Санал хураах хуудас маань гурван баганатай.  Эхлээд тойрогт нэр дэвшиж байгаа улстөрчөө тэмдэглээд дараа нь намыг нь эсвэл намаас нэр дэвшүүлсэн хүмүүсийн аль нэгийг сонгож болно гэсэн хувилбарыг анх хуулийн төсөлд оруулсан.   Үүний дараа байнгын хорооны хуралдаан дээр ярилцаад ерөөсөө намаа дугуйлъя гэдэг дээр ойлголцолд хүрсэн.  Гэхдээ  улс төрийн намууд жагсаалтад орж байгаа улстөрчдөө нээлттэй ил тод зарлаж, нэр дэвшүүлнэ.  Тэгэхээр намын жагсаалтын ард хэн нэгэн хүн нуугдаж, чимээгүй орж ирэх ямар ч боломжгүй гэсэн үг.  Мэдээж улс төрийн намууд одоо гишүүдээ харж, шүүж байгаад 48 хүнээ жагсаах байх.  Энэ жагсаалт бол цэвэр бодлогын жагсаалт байх болов уу гэж харж байна.  Өөрөөр хэлбэл, намын бодлогоо нэг шалгуур болгож, хүнээ нэр дэвшүүлэх байх.   Дараагийн нэг зүйл нь олон нийтийн шаардлага.  Олон нийт нэр цэвэр, туршлагатай,  мэргэжлийн,  өөрийг нь бүрэн төлөөлж чадах улстөрчийг шаардаж байна.

-УИХ 76 тойрогтой.  Шинэ зохицуулалтаар тойргоос 78 гишүүнийг сонгоно. Хоёр тойрог дээр ямар зохицуулалт хийх вэ?

 -Энэ асуудлыг одоогоор эцэслэж шийдээгүй байна.  Ирэх оны хоёрдугаар сар гэхэд  УИХ-аас тойргуудын мандатыг хуваарилсан байх ёстой.   Мандатыг хуваарилахдаа тойргуудыг  жижигсгэж оруулах уу, томсгосон маягаар байх уу гэдгээс шалтгаалаад улсын хэмжээний тойргийн тоо гарна.

-Сонгуулийн хуулийн төслийн дараагийн нэг чухал асуудал нь босго хувь.  МАН-аас өргөн барьсан хуулийн төсөл дээр гурван хувь байхаар тусгасан.  Харин АН таван хувь гэдэг санал  гаргасан байна.  Ер нь хувь бага байх тусам жижиг намуудад боломж гарна гэсэн үг.  Тийм үү?

-Ажлын хэсэг дээр хоёр талын саналыг дундажлаад босго оноог дөрвөн хувь байхаар хуулийн төсөлд оруулсан.  Өөрөөр хэлбэл,  нийт сонгогчдын дөрвөөс доошгүй хувийн санал авсан нам парламентад нэг суудалтай болно гэсэн байдлаар хуваарилагдана.   Энэхүү босго хувийг тогтоохдоо бид олон улсын жишгийг харж үзсэн.  Сайн,  муу талууд бий.  Одоогийн байдлаар Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 36 нам байна гэсэн мэдээлэлтэй байна.  Тэд бүгд сонгуульд оролцох байх.  Гэхдээ сонгогчид маань найман удаагийн УИХ-ын сонгуульд оролцсон нэлээд хэрсүү болсон.  Тэдгээр намыг нийгэмд эзлэх байр суурь, бодлогыг нь харж дугуйлж таарна.   Ерөнхийдөө улс орны хэмжээнд дэвшүүлж байгаа бодлого нь юу вэ.  Тэр нь надад, миний хүүхдэд, ирээдүйд ямар хэрэгтэй юм гэдэг талаас нь харж сонголтоо хийнэ.   Нөгөө талаас улс төрийн намуудын  улс төрийн мэдлэг боловсрол,  үзэл санааны төлөвшил энэ  бодлого дээр алхам алхмаар бүрдэж байна гэж ойлгож байна.   Дөрөв гэсэн босго ер нь их боломжийн хэмжээнд байх болов уу.   Хоёр сая гаруй сонгогч байна.  Түүний дөрвөн хувь гэхээр дор хаяж 80-90 мянган хүний санал авч байж УИХ-д суудалтай болно гэсэн үг.

-Хуулийн хэлэлцүүлгийн явцад эмэгтэйчүүдийн квотын асуудал анхаарал татаж байна.  30 хувь байх уу, 40-д хүрэх үү.  Энэ тал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Сонгуулийн хууль батлагдахад одоо нэг шат үлдсэн.  Ажлын хэсэг дээр эмэгтэйчүүдийн квотын 40 хувь гэдгийг ярина.  Хуулийн ажлын хэсэгт УИХ-д суудалтай гурван намын төлөөлөл, мөн улс төрийн намуудын төлөөлөл багтсан. Ингээд ажлын хэсэг квот дээр дахиад нэг дүгнэлт хийж үзнэ.  Санал солилцоно.  Байнгын хороонд саналаа оруулна.  Байнгын хороон дээр тэрийг нь нэгтгээд шаардлагатай гэж үзвэл дахиж санал хураалт явуулаад  эцсийн хэлэлцүүлэгт оруулна.  Одоог хүртэл мөрдөж ирсэн хуульд УИХ-д нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь нэг хүйсийн төлөөлөл байна гэж заасан. Үүнийг Ажлын хэсгийнхэн ярилцаад эмэгтэйчүүдийн квотын хувийг ахиулж 30 хувь болгож оруулсан.  Мөн дээр нь манай намын зүгээс хэрэв 30 хувь хүртэл гэж батлагдвал нэмээд жагсаалтад орж байгаа хүмүүсийнхээ 50 хүртэлх хувийг нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар ярьж байна.  Тэгэхээр эмэгтэйчүүдийн квотын асуудалд ийм хоёр том алхам хийсэн хууль болж байна.   Чуулган дээр санал хураахад 40 хувьд хүрч орж ирсэн.  Энэ хувь цаашид өөрчдөгдөх эсэхийг  одоо хэлж мэдэхгүй байна.

-Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа.  Энэ өөрчлөлтийн үр дүнг ярихад арай эрт байна. Тэгэхдээ та олон жил парламентын гишүүнээр ажилласан хүний хувьд 2024 оны парламентыг ямар дүр зургаар харж байна вэ?

-Бид энэхүү өөрчлөлтөөр нэгдүгээрт, ардчилсан төлөөллийн парламентын зарчмаа илүү их бэхжүүлье гэж зорьсон.   Яагаад өнгөрсөн  30 жилийн хугацаанд сонгууль болохын өмнө дандаа Сонгуулийн хуулиа өөрчилж ирэв.  Түүнээс  болоод өнөөдөр ямар үр дүн гараад байна.  1990-ээд оны эхэн үетэй харьцуулахад Монгол Улс мэдээж өөрчлөлтийн том алхмуудыг хийж ирсэн.  Гэхдээ энэ өөрчлөлтөөс бид юуг суралцаж, юунд анхаарах вэ гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгөх цаг болжээ.  Тийм учраас энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг  парламентын ардчиллаа бэхжүүлнэ.   Хоёрдугаарт, 76 жижиг тойрогтой явж ирсэн маань улсын эдийн засгийн чадавхийг доройтуулж ирсэн.   Улс орны хөгжилтэй холбоотой томоохон бүтээн байгуулалтийг ярихаасаа илүү 76 тойрогтоо хөрөнгө мөнгөө хуваарилдаг.  Ингэж байж дараа дараагийн улс төрийн карьер нь шалтгаалдаг учраас гишүүдийн тойргийн эрх ашгийг ч буруутгах аргагүй.  Энэ асуудлуудаа шийдэх тал дээр учир дутагдалтай явж ирсэн гэдэгтэй санал нийлнэ. Тэгэхээр үүнийг зүгээр нэг ярьж, хэлээд хэдүүлээ тойргоо ч бодъё,  улсаа ч бодъё гээд яваад байж болдоггүй юм байна. Заавал нэг хэсэг нь хөгжлийн том асуудлууд дээр илүү анхаарал тавьдаг, судалгаа хийдэг байх хэрэгтэй юм байна.  Мөн энэхүү өөрчлөлт нь  сонгууль болгоны өмнө тогтолцоогоо өөрчлөөд байдаг энэ зүйлээс бол зайлсхийх нэг том алхам болж байгаа юм.  Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт нь томоохон шинэчлэлийн эхлэл болно гэж найдаж байна.  

-Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгчөөс өргөн барьсан.  Хаврын чуулганы хугацаанд баталж амжих уу?

-Сонгуулийн хуулийн дараа Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт орно. Бид энэ хаврын чуулганаар хэлэлцээд баталчих санаатай байна.  Хуулийн төсөлд  намуудын санхүүжилтийг ил тод болгох асуудлыг тусгасан.  Энэ тухай яриа үргэлж шүүмжлэл дагуулж ирсэн.   Намууд бол улс төрийн тогтолцооны хамгийн анхан шатны буюу суурь, хөрс нь юм шүү дээ.   Тэгэхээр намууд ямар байхаас Монгол Улсын хөгжил  ихээхэн шалтгаална. Намуудыг төлөвшүүлэхэд энэ хуулийн өөрчлөлтүүд чиглэж заавал үр дүнгээ үзүүлэх ёстой. 

Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль,  Улс төрийн намын тухай хуулиуд маань цогцоороо өөрчлөн шинэчлэгдэж байж, тогтолцооны энэхүү өөрчлөлтийн үр дүн гарах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023.6.13 МЯГМАР № 116 (7101)

 

Сүмтэй Бударын чулуут Өвөрмонголын тал нутгаар

Замын тухай нэг иймэрхүү яриа хөөрөө өрнүүлсээр бидний хэдэн сэтгүүлч, зохиолч өнгөрсөн аравдугаар

19 цаг 36 мин
"Ган үзэг-2024" оны тэргүүн наадмын шилдгүүд тодорлоо

МСНЭ-ээс мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор жил бүр

19 цаг 36 мин
Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхийд зарласан түүхэн өдөр тохиолоо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой өчигдөр тохиолоо.

19 цаг 36 мин
ШЕЗ-ийн даргаар Н.Мөнгөнцэцэгийг томилжээ

ШЕЗ-ийн даргаар Н.Мөнгөнцэцэгийг томилжээ

Уржигдар 12 цаг 32 мин
Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ сарын 30-наас эхлэн цахимаар олгоно

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ сарын 30-наас эхлэн цахимаар олгоно

Уржигдар 12 цаг 28 мин
"Монголын төр, засгийн бодлогоос бэлчээрийн асуудал орхигдсон"

Жамсрангийн Ундармаа гэж Хөвсгөл аймгийн Тариалан суманд дунд сургуулиа төгсгөөд

2024-12-28
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

2024-12-27
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

2024-12-27
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

2024-12-27
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

2024-12-27