Төмөрбаатарын БАТСАЙХАН
Иргэн Д.Ламжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
“Нурах шахсан байшинд засвар хийхээс илүү шинийг барих нь дээр байдаг”
-Эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөхөөр ярьж, хуулийн төслийг боловсруулж байна. Та Үндсэн хуулийн асуудлаар нэлээд дуугардаг хүн. Өмнө Үндсэн хуульд өөрчлөлт хийхэд оролцож байсан. Энэ удаагийн өөрчлөлтийн төслийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-УИХ-ын дарга Г.Занданшатарын зүтгэл мэрийлтээр Зөвлөлдөх санал асуулгыг хэрэглэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг өвөрмөц аргатай болжээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга асан Н.Содномын онож хэлснээр, энэ бол хорлонтой арга. 2019 онд энэхүү “хорлонтой” аргаар бага сага өөрчлөлт оруулсан.
Энэхүү санал асуулгыг эрхлэн явуулсан Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, тус зөвлөлийн даргаар ардын жүжигчин Н.Жанцанноров бид хоёр ажилласан. Том цаасан малгай өмсгөсөн энэ Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжид дулдуйдан уг өөрчлөлтийг оруулсан. Энэ онд бас нэг Зөвлөлдөх санал асуулгыг явууллаа. Өмнөхтэй адил багахан өөрчлөлт оруулах төсөл боловсрогдсон байх өндөр магадлалтай. Би түүнтэй танилцаагүй боловч дөрвөн жилийн өмнө оруулсан өөрчлөлтөө үгүйсгэсэн хандлагатай байж таарна.
-Яригдаж байгаа төслөөс хамгийн их анхаарал татаж байгаа асуудал нь гишүүдийн тоог нэмэх. Үнэхээр гишүүдийн тоог нэмэх шаардлага байна уу. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Парламент нэг танхимтай хэвээр байвал олигтой үр дүн авч ирэхгүй.
-2019 онд оруулсан Үндсэн хуулийн өөрчлөлт бүрэн хэрэгжиж эхлээгүй гэж яриад байна. Ер нь 2019 оны өөрчлөлт ямар болсон юм бэ?
-2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтүүдийн нэлээдийг 2023 оны Зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжид дулдуйдан буцаан өөрчилнө гээд байхаар чинь яаж хэрэгжих билээ. Ялангуяа нутгийн удирдлагад хамаарах өөрчлөлтийн хэсгийн хэрэгжилт зогсонги байдалтай байгаа байх. Энэ нь нэгдмэл улс байх, олон шатны ИТХ-тай байх хоорондоо зөрчилдсөн Үндсэн хуулийн зохицуулалттай холбоотой байж магадгүй. УИХ-ын дарга Г.Занданшатар 18-ны өдөр хэдэн ахмадтай хийсэн уулзалтаа, тэднийг хамгийн сүүлд нөлөөллийн ямар ажил хийсэн тухай толгой дараалан товч танилцуулсан юм. Тэрбээр Н.Жанцан Цэцийн гишүүдтэй уулзсан гэсний цаад учрыг би ойлгоогүй. Хожим телевизээр “ХЭҮК хүний үндсэн эрх зөрчигдсөн эсэх тухай маргааныг шийдвэрлүүлэхээр Цэцэд мэдээлэл гаргах бүрэн эрхтэй” гэсэн агуулгатай заалт хийх тухай яригдав. Энэ заалтыг ердийн хуулиар уу эсвэл Зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжид дулдуйдан Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөр үү гэдгийг би анзаарч амжсангүй. Үндсэн хууль илт зөрчигдөх тул ердийн хуулиар хийх боломжгүй. Зөвлөлдөх санал асуулгын замаар хийнэ гэвэл Цэцийн тухай бүлгийг шинээр найруулах, шүүх энэхүү эрхийг хамгаалах бүрэн эрхтэй тул Цэц шүүхийн шийдвэрийг хянахад хүрэх, улмаар шүүхийн шийдвэр эцсийн байх зарчим алдагдахад хүрнэ. Товчдоо бөөн будлиан үүснэ. Бодвол Н.Жанцан Үндсэн хууль тогтоогч бөгөөд Цэцийн туршлагатай гишүүн, туршлагатай даргын хувиар энэ талаар Цэцийн гишүүдтэй санал солилцсон байж таарлаа. Хуучран нурах шахсан байшинг засвар хийх гэснээс нураагаад шинийг барих нь заримдаа дээр байдагтай төстэй юм болоод байна л даа.
-Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсгээс танилцуулсан. Энэ талаар олон хүн янз бүрийн байр суурь илэрхийлж, нэг ёсондоо нийгэмд хэлэлцүүлэг өрнөж байна?
-Н.Энхбаярын ахалсан ажлын хэсэг Үндсэн хуулийг шинэчлэн найруулсан төсөл бичсэн. Энэ төсөл ёсоор Дээд шүүх Үндсэн хуулийн шүүхийн үүргийг гүйцэтгэнэ. Цэц байхгүй болно гэсэн үг. Хүний Эрхийн Дээд Зөвлөлд энэ талаар шүүхэд нэхэмжлэх өргөн барих эрхийг олгосон. Парламент байнгын ажиллагаатай хоёр танхимаас бүрдэнэ. Ерөнхий сайд өөрийн сэдсэн санаанаас бүү ухраасай. Төслийг сайжруулах, давхар дээл гай болоод байгаа бол Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улсын үндсэн хуулийн төсөл бичих чадавхи ч ажлын хэсэгт байгааг би өөрийн чихээр сонсож, нүдээр харлаа.
“Сонгогчдын өгсөн саналыг бусад этгээдэд тэнцүү хувааж өгнө гэж яаж зүрхэлж бичив”
-Дараагийн нэг анхаарал татсан хуулийн төсөл нь Сонгуулийн хууль. 2024 оны сонгуулийг холимог системээр явуулах хувилбарыг эрх баригч нам танилцууллаа. Энэ тогтолцооны эерэг болон сул тал нь юу вэ. Манайд хэр тохиромжтой тогтолцоо вэ?
-УИХ энэ сарын 13-наас УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Телевизээр л харлаа. УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын санаачилсан төсөл ёсоор, 38 гишүүнийг нэг мандаттай тойргоос, үлдсэн 38-ыг намын нэрийн ил жагсаалтыг үндэслэн хувь тэнцүүлэн сонгох юм байна. Санал өгөх хуудас тойргоос сонгогдох нэр дэвшигчдийн хуудаснаас гадна намуудын жагсаалтыг дэлгэрэнгүй бичсэн бараг ном шиг товхимол байх юм байна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн нэг хүний төлөө, нэг намын төлөө санал өгнө. Намын төлөө саналаа их маапаантай илэрхийлэх аж. Намын төлөө эсвэл тухайн намын жагсаалтад бичигдсэн хүний төлөө санал өгнө. Аль ч тохиолдолд намын төлөө өгсөн санал гэж тооцно. Намын төлөө гурван хувиас бага санал авсан намд хувь тэнцүүлэн суудал хуваарилахгүй. Энэхүү гурван хувийн босгод хүрээгүй намуудад өгсөн саналыг босго давсан намуудад тэнцүү хувааж өгөх гэнэ. Энд хууль санаачлагч нар тэвчих аргагүй алдаа гаргасан байна. Намын ил жагсаалтыг саналын хуудаст бичиж сонгуулийн ажлыг чирэгдүүлэх ямар ч шаардлага байхгүй. Эдгээр жагсаалтыг сонгуулийн үеэр нийтэд албан ёсоор зарласан байхад хангалттай. Ийм хачин юм хийчихээд СЕХ-ны даргыг сонгуулиа хийж чадах уу гэх маягийн юм шалгаан шаналгаж харагдсан. Сонгогчдын өгсөн саналыг бусад этгээдэд тэнцүү хувааж өгнө гэж яаж зүрхэлж бичив. Би аргаа бараад ажлын хэсэгт дайсан шургалсан бололтой хэмээн цахим хуудастаа бичсэн. АН-ын хоёр гишүүний санаачилсан төсөлд саналын хуудас нь өмнөхтэй адил боловч санал өгөхийг бүр дордуулсан гэж ойлгогдсон.
-Жагсаалтаар орж ирэхэд ямар шаардлага тавих хэрэгтэй вэ. Нөгөө асуудалтай, анхаарлын тэмдэгтэй улстөрчид орж ирэх вий гэсэн олон нийтийн болгоомжлол байна?
-Сонгогдох эрхийг жишээлбэл, 25 нас хүрсэн байна гэж хязгаарласан байгаа. Энэ мэтийн хуулийн хязгаарлалтыг зөрчөөгүй бол нийтийн сүлжээгээр шуугих падгүй. Сонгогдсон л бол бандан тас.
“Ардчилсан улсад намд итгэх итгэл буурах хандлагатайг гайхах хэрэггүй”
-Улс төрийн намын тухай хуулийн төслийг парламент хэлэлцэж эхлээд байна. Намдаа өгөх хандивын хэмжээг багасгах, шилэн нам байх гэсэн заалтууд байна. Гэхдээ олон нийтийн дунд улс төрийн намд итгэх итгэл буурсныг олон судалгаа харуулдаг. Та үүнтэй санал нийлэх үү. Үүний шалгаан нь юу юм бол?
-Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийн төслийн тайлбарыг Тамгын газрын дарга Я.Содбаатар 18-нд УИХ-ын даргын өрөөнд бидэнд танилцуулсан. Танилцуулга олон өнгөөр, цаасаар болон файлаар хийгдсэн байсан. Би тайлбараас хаширсан, хуулийг нь харахыг илүүд үздэг хүн. Энэ уулзалтад “Нам бол ашгийн төлөө бус байгууллага” гэсэн санаа хуульд байгаа гэж Ерөнхийлөгчийн зөвлөх А.Бямбажаргал надад хариулсан. Хожим хуулийн төслийг татан үзтэл байх ёстой газраа байхгүй байна лээ. “Нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл-ашгийн төлөө бус байгууллага мөн” гэж төслийн 4.1 заалтад нэмэлт хиймээр санагдсан. Төсөлд хатуу гишүүнчлэлтэй намаас татгалзах, Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлагаар Үндсэн хуульд орсон “Монгол Улсын сонгогчдын наанадаж нэг хувьтай тэнцэх тооны иргэд нам байгуулах эрхтэй” гэсэн утгатай заалтаас татгалзах зэрэг дэвшилттэй зохицуулалт байна. Үндсэн хуулийн энэ заалтыг 2028 оноос эхлэн дагаж мөрдөнө гэж аргалсан паянтай. Учир нь 2019 онд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталж дуусах шатанд орсон үед олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагаас юм болов уу эсэргүүцэл ирсэн. 1990-ээд оны сүүлчээр Харвардын судалгааны институт зах зээлийн 80-аад улсын улс төрийн намыг судлаад “Улс төрийн нам бол засгийн эрхийг авах эрхэм зорилго бүхий бүлэг хүмүүс” гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Ардчилсан улсад намд итгэх итгэл буурах хандлагатайг гайхах хэрэг байхгүй мэт. Гэхдээ бас ноцтой шалтгаан байж болно. Монголын одоогийн нөхцөлд тэр шалтгаан нь Үндсэн хууль.
-Монголд маш олон асуудал байна. Авлига, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудал гээд. Ер нь бид өөрчлөлтийг яаж хийвэл зүгээр вэ. Зарим хэсэг нь хүчтэй удирдагчид гэж байгаа бол нөгөө хэсэг тогтолцооны өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Монголчууд бидний асар их улс төрийн хүсэл зориг гарган баталсан 1992 оны ардчилсан Үндсэн хууль маань парламентын бүгд найрамдах улсын ардчилсан Үндсэн хуулийн онолын шаардлагыг хангаагүй, энэ согогийг багахан өөрчлөлтөөр залруулах боломж үгүй байгаад асуудлын гол шалтгаан байна. Хэдэн зуун жилийн турш алдагдсан тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө монголчуудын хийсэн тэмцэл нэг талаар амжилтад хүрсэн боловч нөгөө талаар соёлт хүн төрөлхтний хөгжлөөс тусгаарлагдан хоцрогдсон монголчуудад зуу шахам жилийн хугацаанд коммунист дарангуйллыг туулах түүхэн хувь заяаг тохжээ. Болж өнгөрснийг тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан эрүүл саруул ухаанаар хүлээн зөвшөөрөх нь шударга ёсонд нийцнэ. Иймээс бараг ардчилсан Үндсэн хууль хийж чадсан депутатууд, Улсын бага хурлын гишүүдийг буруутгахаас илүү бага сага өөрчлөлтөөр хөөцөлдөж цаг нөхцөөх биш, жинхэнэ Ардчилсан үндсэн хууль хийх шаардлага тулгарсан байна. МАН бол харьцангуй туршлагатай, үнэмлэхүй олон суудалтай нам. Чухам энэ үед Үндсэн хуульд дорвитой өөрчлөлт хийх илүү боломжтойг 1990-ээд оноос хойшхи туршлага харуулж байна. МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар та гурав Шинэ үндсэн хууль батлах энэхүү түүхэн сорилтыг санаа зоригоо нэгтгэн улс төрийн манлайлал үзүүлж чадвал цаанадаж нэг сарын дотор ардчилсан үндсэн хуулийн төсөл боловсруулж чадах цөөн боловч мэргэжилтэн байна. Парламентын буюу Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улсын нэгийг нь тууштай сонгох хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 85 (7070)