Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор барилгын салбарын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУТИС-ийн зөвлөх профессор, Ардын багш, академич Д.Дашжамцыг урилаа.
ХӨРС НЬ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НАСЖИЛТ, ЧАНАРЫГ ТОДОРХОЙЛДОГ
Блиц:
Боловсрол:
-1974 онд ОХУ-ын Свердловск хотод Уралын Политехникийн дээд сургууль төгссөн Барилгын инженер
-1980 онд техникийн ухааны дэд доктор Москвагийн БИДС-д
-1998 онд ШУА-д техникийн шинжлэх ухааны доктор
-2001 онд Барилгын бүтээц ба буурь, суурийн чиглэлээр Монгол улсын зөвлөх инженерАжлын туршлага:
-2014 оноос ШУТИС-ийн Барилгын Архитектурын сургуулийн Барилгын салбарын профессор
-2009-2014 он ШУТИС-ийн Барилгын инженер-архитектурын сургуулийн Геотехникийн профессорын багийн тэргүүлэх профессор
Хөрс шинжлээгүйгээс барилгын суурь цуурах, хагарах, бутрах сөрөг нөлөөтэй. Дэлхийн хэмжээнд эвдэрсэн барилгуудын 70 орчим хувь нь хөрс сууриас үүдэлтэйг тогтоосон судалгаа байдаг. Тиймээс барилгын хөрс их чухал. Барилга барих газрын хөрсийг инженерийн зорилгоор судалж, ямар ч тохиолдолд эвдрэхгүй барилга барих хэрэгтэй.
Энэ чиглэлийн судалгаа хийдэг шинжлэх ухааныг олон улсад геотехник гэж нэрлэдэг. Энэ нь геологи болон техникийн шинжлэх ухааны уулзвар дээр бий болсон шинжлэх ухаан юм. Орчин үед геотехник нь барилга байгууламжийг газарт суурилуулан барих, газар доор (хөрсөн дотор) байгуулах мөн хөрс, шороог ашиглан инженерийн байгууламж барих үндэслэлийг боловсруулдаг техникийн шинжлэх ухааны нэгэн салбар болж хөгжсөн юм.
"Пизагийн цамхаг" гээд хажуу тийш далийсан алдартай барилга байдаг. Энэ барилга нь XIV зууны үед суурийн зураг төслийн алдаанаас болж баригдаж байхдаа хазайж эхэлсэн гэдэг. Тиймээс үүнийг нэмж хазайлгахгүй тогтоож, хадгалж үлдэхийн тулд дэлхий нийтийн конкурс зарлагдаж, үр дүнд нь Хятадын инженер хөрсийг тогтворжуулахын тулд газар доогуур тойруулсан хаалт хийж, хөрсний усны горимыг тогтвортой байлгах шийдлийг гаргаж ирсэн юм. Ингэснээр 1980 оноос хойш тэр чигээрээ тогтсон гэдэг. Миний хувьд энэ шинжлэх ухааныг Монголдоо хөгжүүлж, эвдэрч хагарахгүй олон жилийн насжилттай барилга барихын төлөө зүтгэж явна.
МОНГОЛ УЛС БАРИЛГА БАРИХАД ТИЙМ Ч ТААТАЙ ХӨРСТЭЙ БИШ
Манай орны 30 гаруй хувь нь олон жилийн цэвдэг хөрстэй. Үүнд Баян-Өлгий, Завхан, Архангай, Хөвсгөл, Хэнтий, Улаанбаатар хот хамаардаг. Харин гуравны нэг нь алтан имэрлэг буюу суумтгай хөрстэй. Энэ нь барилга барьсны дараа чийг нэмэгдэж хөрс нь доош сууж, эвдэрдэг. Үүнд, Дархан, Орхон Сэлэнгийн сав, хуучин сумын төвүүд, сангийн аж ахуй байсан газруудыг нэрлэж болно. Гэвч үүнийг анзааралгүй сум, суурин газар барилга барьсан байдаг. Нөгөөтэйгүүр Монгол орны баруун хагаст өндөр уулын бүсэд газар хөдлөлтийн идэвх их байдаг. Тиймээс газар хөдлөлтийн идэвхтэй нөхцөлд барилга байгууламжийн тогтвор, хариу үйлчлэл сайтай барилга барихад геотехникийн шинжлэх ухаан тусалдаг. Хот суурин газар ихэвчлэн голын хөндийд байрладаг. Голын хөндий бол нам дор газар. Ус хангамжийн систем хийхэд хялбар боловч хөрсний хувьд намаг шавар ихтэй. Энэ нь өвөл хөлдөхөөрөө хүйтний овойлт үүсдэг. Үүнээс болж жижиг барилгууд эвдэрдэг. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7-14 хороо, Чингэлтэй дүүрэг, Толгойт, Дамбадаржаагийн 1500 гаруй барилгад судалгаа хийхэд 70 гаруй хувь нь хүйтний овойлтоос болж эвдэрсэн байдаг. Энэ нь хувийн жижиг барилгууд учраас зураг төсөлгүй, тооцоололгүй барьсантай холбоотой. Хүйтний овойлтоос хамгаалахын тулд хөлдөлтийн гүнээс доош сууриа суулгах ёстой. Суурийг буцааж чигжихдээ овойдоггүй хөрс чигжих хэрэгтэй. Мөн овойлтын хөлдөлтийн гүнийг багасгахын тулд дулаан тусгаарлах арга хэмжээ авч болно.
ИНЖЕНЕР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА 1950 ОНООС ЭРЧИМТЭЙ ХӨГЖСӨН
Монголчууд дээр үед ажиглалт, туршлага дээр үндэслэн уулын энгэр, гол уснаас хол, чулуун суурьтай газар барилга барьсаар ирсэн. Ингэхдээ ус зайлуулах системийг шийдсэн байдаг. Жишээлбэл, Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод Заяын хүрээ гэж бий. Булган уулын энгэрт чулуун суурьтай тавцан газар барьжээ. Тэнд хөрсний хөдөлгөөн багатай учир тогтвортой. Харин Амарбаясгалант хийд бол эртний барилга. Түүнийг уулын энгэр газар барьсан. Налуу газар учраас үерийн ус их орно гэж үзэж далд ус зайлуулах системтэйгээр барьсан байдаг. Томоохон хорооллуудыг барихад судалгаа явуулж барилга барихын өмнө инженер геологийн судалгааг хийдэг. Энэ нь тухайн барих талбайн геологийн нөхцөл, хөрс нь ямар гэдгийг судалж түүнд тохирсон хувилбараар барилгыг төлөвлөдөг. Энэ судалгааг 1930-аад оноос эхэлж манай улсад явуулж эхэлсэн байдаг.
Тодруулбал, хамгийн анхны үйлдвэрийн барилга болох аж үйлдвэрийн комбаинатыг Туул голын хөндийд барихад ОХУ-ын судлаачдыг урьж зөвлөгөө авч байсан. 1940 оны сүүлээр Налайхын уурхайг барихад ОХУ-ын судлаачдын судалгааны дүгнэлтэд үндэслэн барьсан. Налайх олон жилийн цэвдэгтэй газар. Цэвдгийн нөхцөлд уурхайн босоо амыг хэрхэн шийдэх вэ гэдгийг судалж хийсэн. Нэлээн хожуу инженер геологийн судалгаа үүссэн ч 1950-аад оноос эрчимтэй хөгжсөн. ЗХУ-ын геологийн экспедиц Монголд ажиллаж үүний тусламжтайгаар барилга байгууламжуудын анхны судалгааг хийж байсан. Анхны өндөр барилга болох Баянгол зочид буудлыг барихад 20 гаруй метр гүн өрөмдлөг хийсэн.
ХӨРСНИЙ УС УЛААНБААТАР ХОТЫН ТОЛГОЙНЫ ӨВЧИН БОЛСОН
Улаанбаатар хотод хөрсний ус гэдэг асуудал барилгын салбарын толгойны өвчин болоод байна. Ихэнх барилгын зоорийн давхар устай. Үүнээс болж ус зайлуулах системгүй барилгууд эвдэрдэг. Цаашлаад дээд давхрын айлууд мөөгөнцөртдөг. Үүний жишээ бол Хан-Уул дүүрэг Энхтайвны гүүрнээс урагш байрлах барилгууд. Учир нь социализмын үед нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар доогуурх ус зайлуулах системийг төлөвлөж, уг системээр борооны усыг зайлуулан, шүүрүүлж Туул гол руу, усан сан руу нийлүүлж, хөрсний усыг тодорхой түвшинд барьж байсан. Гэтэл газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн газрын уялдаа байхгүйгээс болж ус зайлуулах суваг хийхээр төлөвлөсөн болон хийсэн хэсэг талбайнуудад орон сууцны барилга барихаар газар өгсөн.
Үүнээс болж газар доор хийсэн суваг таслагдаж, төлөвлөж байсан суваг хийгдээгүй орхигдсон тул хөрсний усыг зайлуулах систем барих газаргүй болж хөрсний ус их дээшлэх болсон. Хэдийгээр байсан сувгуудыг тасалсан ч тухайн барилга барьж байгаа хүмүүс гурван метрийн гүн дэх хөрсний усыг хэвийн хэмжээнд нь барих, шүүрүүлэх систем төлөвлөж, уг сувгаа газар доогуурх ус зайлуулах системд холбох ёстой байсан. Гэтэл үүнийг зураг төсөлд тусгадаггүй, хөрсний уснаас хамгаална гэж бичдэг ч яаж гэдгийг нь тодорхойгүй орхидог. Нэгдүгээрт, зураг төслийн алдаанаас. Хоёрдугаарт, төлөвлөлтийн алдаа, гуравдугаарт, барьж байгаа нөхөд мэдсээр байж энэ арга хэмжээг авахгүй санхүүгээ хэмнэснээс болж асуудал үүсэж байна.
Нэгэнт алдаатай барьсан барилыг зоорийн давхрын бүтцийн гадаргуу дээр нь ус тусгаарлах материалаар бүрдэг. Мөн хар тос түрхдэг. Эдгээр арга нэмэргүй бол цуглуулаад зайлуулдаг. Тухайлбал, баруун дөрвөн замын Голомт хотхон баруун Сэлбэ голын голдрил дээр байсан учир тэр чигтээ усанд автдаг байлаа. Үүнд судалгаа хийж шаврыг цоолж доошоо шүүрдэг систем хийснээр одоо үер болсон ч хэвийн болж, хөрсний усны зовлонгүй болсон. Мөн Зүүн хүрээ хотхоны барилгуудыг тойруулаад хөрсний ус зайлуулах далд систем барьж хөрсний усны түвшинг доошлуулсан. Энэ мэтчилэн хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг авч болдог.
Ер нь хөрсний усыг шавхаж болохгүй, ус хэт доошлуулбал хөрсөнд суулт үүсэх учир тодорхой түвшинд барих шаардлагатай. Мөн голоос хол байгаа ч Яармагийн хэсэгт өнжмөл ус ихээр гардаг. Өнжмөл ус гэдэг нь олон жилийн туршид хуримтлагдсан ус хөрсний доор нуур үүсгэж, инженер геологийн судалгаагаар тэр бүр илрээгүй хэрнээ газар ухах үед хөрсний ачаалал буурахаар ухмалд ус орж хуримтлагддаг онцлогтой. Сүүлийн үед барилгууд хоорондоо их ойрхон тулгаад барьж байгаа учраас шүүрүүлэх систем хийхэд хэцүү болоод байна. Тиймээс барилга барихдаа анхнаасаа энэ зардлыг тооцож гаргах хэрэгтэй.
ХУВИЙН БОЛОН ЗУСЛАНГИЙН БАЙШИНГУУД ГЕОТЕХНИКИЙН СУДАЛГАА ХИЙГЭЭГҮЙГЭЭС ЭВДЭРЧ БАЙНА
Жижиг барилгууд буюу хувийн орон сууцууд, зуслангийн байшингуудын ихэнх нь геотехникийн судалгаа хийгээгүй барьсан. Нийтийн буюу таван давхраас дээш барилгууд судалгаан дээр үндэслэн баригдсан. Жишээлбэл, хөрсний овойлтод ус эзэлхүүнээ есөн хувь тэлдэг. Хөрс уснаас илүү эзэлхүүнээ тэлдэг. Хөлдүү давхаргынх нь ус гадаргуу дээр хүйтэн, гүнд нь дулаан байдаг учраас температурын нөлөөнөөс массын шилжилт явагдаж хөлдөж байгаа гадаргуу руу их хэмжээний ус шилжиж ирдэг. Өвөл хөлдсөн хөрс их хэмжээний чийгтэй болж хавар гэсэхээрээ доошоо суудаг.
Хөрс хөлдөхөд дээшээ явж, гэсэхэд доошоо болдгоос хучилт цуурах, дам нуруу хугарах эрсдэл үүсдэг. Үүнийг шийдэхийн тулд нэгдүгээрт, суурийг хөлдөлтийн гүнээс доош суулгана. Хоёрдугаарт, наалдаж хөлдөж байгаа хөрсийг сайн чанарын хөрсөөр солих. Жишээлбэл, хайрга, элсээр эсвэл гүн сууриар солино. Бид хөлдүү хөрсөнд яаж барилга барих вэ гэдэг судалгаа, тооцоог гаргаж барилгын дүрэмд оруулсан. Энэхүү дүрэм газар хөдлөлтийн нөхцөл болон хөрсний устай газар, гүн хөлдөлттэй газар хэрхэн барихыг тусгасан. Судалгаагаа сайн хийвэл тооцоог хийх арга бэлэн байгаа. Барилга барихдаа бүх эрсдэлийг тооцоолох хэрэгтэй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа барилгуудыг Барилгын хөгжлийн төв хянадаг. Зураг төсөл дүрэм журмын дагуу явбал дээрх асуудлууд үүсэхгүй.
ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ЗОРИУЛСАН ХЭЛБЭЛЗЛИЙГ СААРУУ
Газар хөдлөлтөд тэсвэртэй барилгуудыг паспортжуулж байгаа. Нэг хэсэг барилгыг ашиглаж болно гэдэг бол нөгөө хэсгийг нь хүч нэмж ашиглаж болно. Харин үлдсэн хэсгийг нь ашиглаж болохгүй гэдэг. Ашиглаж болохгүй барилгад Нэхмэлийн шар байрууд орсон учраас буулгаж шинээр барилга барьсан. Газар хөдлөлтөд хэлбэлзийг сааруулдаг барилга барих хэрэгтэй. Солонгос, Хятадад барилгын дээвэр дээр усны нөөцийн сав байрладаг. Устай сав цалгихад эсрэг үйлчлэл үзүүлдэг. Манайд газар хөдлөлтийн эсрэг төлөвлөх өндөр барилга байхгүй. Өндөр барилгад 16 давхар буюу 51 метр өндөр барилгыг оруулдаг. Москва, Бээжин бол нам дор газар хөдлөлийн идэвх багатай газар учраас 75 метр барилгыг өндөр барилга гэдэг. Тэнд газар хөдлөлтийн эсрэг хөшүүн хана ашиглах аргыг хэрэглэдэг. Хүндийн төвийг барилгынхаа дор байрлуулдаг. Доод давхар хөшүүн ханатай байх ёстой. Сая Туркэд болсон газар хөдлөлтөөр үйлчилгээний барилгууд нурсан нь доод давхарынхаа ханануудыг авснаас болсон гэсэн дүгнэлт гарсан. Газар хөдлөлтийн хүч хөрсөөр дамжиж доод давхарт ирдэг.
ЧАНАРГҮЙ ОРОН СУУЦАНД АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ НЬ ТӨРИЙН ҮҮРЭГ
Хагарсан, цуурсан, газар хөдлөлтөд тэсвэргүй барилгад хүмүүсийг амьдруулж болохгүй. Нүүлгэн шилжүүлж аюулгүй газар байлгах нь төрийн үүрэг. Гэхдээ улсын комисс хүлээж авсан барилгад асуудал үүсээд байдаггүй. Улсын комисс хүлээж аваагүй хувь хүмүүсийн барилгыг худалдаж авч болохгүй. Тодруулбал, Дамбадаржаагаас хойшоо голын хөндийд барьсан барилгууд өвөл хүйтний овойлт болж их эвдэрдэг. Тиймээс тодорхой зураг төсөл хийсэн барилга авах хэрэгтэй.
Байр, байшин худалдаж авахдаа барилга барьсан компаниасаа ямар хөрсөнд, ямар дүгнэлт дээр үндэслэн суурийг нь барьсан судалгааг хувилуулан авах мөн мэргэжлийн байгууллагын дүгнэлт зөвшөөрлийг гэрээндээ хавсаргах хэрэгтэй. Харин жижиг буюу зуслангийн байшинг хавар авах нь зүйтэй. Хавар юм уу, зуны эхэн сард авбал өвлийн хөлдөлт зуны гэсэлт дууссан байна. Нэг жилийг давчихсан барилга цаашид эвдрэхгүй.
Барилга барихдаа норм дүрмээ баримталбал тийм ч муу болохгүй. Харин салбарын хувьд судалгааны нэгдсэн хүрээлэн дутагдаж байна. Барилгын салбарт судалгааны төвлөрсөн байгууллага байдаггүй. Гадаадаас янз бүрийн барилгын материалууд орж ирэхэд түүнийг судлах лабораторигүйгээс хүний биед хортой эсэхийг мэдэхгүй байна. Газар хөдлөлтийн тэсвэртэй барилгын дүгнэлт хийдэг байгууллага байхгүй. Уг нь барилгын рам зангидаад түүнийгээ чичрүүлж үзээд төлөвлөвөл тогтвортой байх вэ гээд судлах ёстой. Санаа нь зовсон мэргэжлийн хүмүүс норм дүрэмд тусгахаас хэтрэхгүй байна. Төрийн байгууллага судалгааны үр дүнг нь бодлого шийдвэртээ тусгадаг байх нь чухал.
Замын түгжрэлээс болж бид сайдтай болсон. Хотын ерөнхий архитектур, хот төлөвлөтийн газар гэж бий. Энэ газрууд өндөр барилга барих зөвшөөрөл олгож байна. Хотын төв хэсэгт өндөр барилга бариулахгүй гээд хотын захирагчийн шийдвэр гарсан. Би тэр өндөр барилгын мэргэжлийн зөвлөлийн гишүүн. Гэтэл дандаа өндөр барилгын зураг төсөл орж ирдэг. Жишээлбэл, Ард кино театрыг буулгаад 25 давхар барилга барина гэнэ. Энэ өндөр барилгыг барьснаар 900 хүн энд ажиллана. Тэр 900 хүн машинаа хаана тавих вэ. За багаар буюу 40 хувь нь машинтай гэвэл 400 машиныг хаана тавих вэ. Одоо их түгжирдэг Цэцэг төвийн уулзварыг яаж өргөтгөх вэ гэдэг асуудал хамт шийдэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, барилга барих шийдвэртэй хамт зам гүүрийн асуудал ч хамт яригдана. Энэ нь судалгааны нэгдсэн хүрээлэн байхгүйтэй холбоотой. Хүрээлэн байгуулах асуудлыг ярьдаг ч төр, засгаас дэмжихгүй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 66 (7051)