Баярмэндийн ДОЛЖИНЖАВ
Дорнод аймгийн Чулуунхороот сум Улаанбаатар хотоос 900 орчим километрийн зайтай. Харин аймгийн төв буюу Чойбалсан хотоос 240 километрийн алсад оршино. 2000 хүрэхгүй хүн амтай алслагдмал энэ сумын иргэдийн эрүүл мэндийн манаанд стандартаараа гурван их эмч, найман сувилагч зогсох ёстой. Гэтэл цалин хангалтгүй, санхүүжилт дутмаг, амьдрах таатай орчин байхгүй гэсэн хэд хэдэн шалтгааны улмаас шинэ, залуу эмч нар тус сумаас “зугтдаг”. Тиймээс өнөөдрийн байдлаар Чулуунхороот сумын эмнэлэгт нэг их эмч, нэг сувилагч, гурван багийн эмч ажиллаж байна. Хүний нөөц нь ийм цомхон учир цөөн хэдэн эмч нь хэд хэдэн хүний үүргийг давхар гүйцэтгэж, өндөр ачаалалтай ажиллана. Гэсэн атлаа ур чадварын нэмэгдэл авдаггүй. 900 мянга ч хүрэхгүй цалин нь цагтаа буухгүй. Энэ бол дан ганц Чулуунхороот суманд тулгарсан асуудал биш. Монгол Улсын 21 аймгийн 330 сумын эмнэлгүүд ийм л байдалтай өдөр хоногийг өнгөрүүлж явааг салбарынхан нь сайн мэднэ. Үүнд анхаарч, өөрчлөлт хийхээр зүтгэсэн Засгийн газар ч байсангүй. Салбартаа хайртайдаа, төрөлх нутгийнхаа эрүүл мэндийн төлөө гэсэн чин сэтгэлтэйдээ сумын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнууд тасралтгүйгээр ажиллаж ирсэн. Гэхдээ цаашид хэр удаан ийм байдалд тэсэх вэ. Одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүд халаагаа өгөхөд дараагийн эмч, сувилагчид нь хаана байгаа вэ. Цагтаа буудаггүй цалин, тохижилт муутай эмнэлэг, амьжиргаандаа хүрдэггүй цалинг зорьж ирэх залуу мэргэжилтэн хэр олон бэ. Ингээд бодоод үзэхээр эерэг төсөөлөл буухгүй нь хэн хүнд ойлгомжтой. Тэгвэл энэ асуудлыг саяхан шинээр ажлаа хүлээж авсан Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ямартай ч анзаарч “Эмчээ сонсоё” цуврал уулзалтуудыг зохиож, эрүүл мэндийн салбарын “тогоо”-нд яг ямар асуудал тулгарч байгааг сонсож яваа юм байна. Ийн бид даваа гарагт болсон тус уулзалтад очиж сумдын эмч нарт тулгарч байгаа асуудал хийгээд түүнийг шийдвэрлэх гарцын талаар тодрууллаа.
“Программын алдаанаас сард 15-16 сая төгрөг хасагддаг”
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ шинэчлэлээс хамгийн их асуудал дагуулж, ялангуяа сумдын эмнэлгүүдийг “дампуурахад” хүргээд байгаа зүйл нь гүйцэтгэлийн санхүүжилт.
Өмнө нь өвчтөний оношоос хамааран зарим эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг төрөөс даадаг, зарим тусламж үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас хариуцдаг байв. Харин нэмэлт өөрчлөлтөөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар бүх тусламж, үйлчилгээнд нэгдсэн хяналт тавьж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон. Тодруулбал, тухайн эмнэлэг хэр олон иргэнийг эмчилнэ, түүндээ тохирсон санхүүжилт авна. Ингэхдээ үзүүлсэн үйлчилгээнийх нь төлбөр өндөр байх тусам их санхүүжилт авахаар болж, санхүүжилт иргэнийг “дагадаг” тогтолцоонд хоёр жилийн өмнө шилжсэн билээ. Гэтэл энэ нь хүн ам цөөтэй, өндөр төлбөртэй нарийн оношилгоо, шинжилгээ хийдэггүй сумдын эмнэлэгт томоохон асуудал үүсгээд буй.
Энэ талаар Дорнод аймгийн Чулуунхороот сумын Эрүүл мэндийн төвийн багийн бага эмч Г.Болорсайхан “Манай сумын эмнэлэгт залуу их эмч нар ирдэг ч баталгаат орон байр байхгүйгээс 2-3 сар ажиллаад буцчихдаг. Ихдээ нэг жил ажиллана.Тиймээс ажиллах хүч муутай. Нэг их эмч, нэг сувилагчтай учир бага эмч, лаборантоо ээлжийн сувилагчаар ажиллуулдаг. Гүйцэтгэлийн санхүүжилтийг нэвтрүүлснээс үүдэн манай эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа доголдсон. Олон хүн эмчилж байж төдий чинээгээр санхүүжилт татна гэдэг цөөн хүн амтай суманд тохирохгүй арга. Программ, байцаагч, эмчийн гэсэн гурван байдлаар санхүүжилт хасагддаг. Программын алдаанаас сард 15-16 сая төгрөг хасагддаг. Хасалтын шалтгааныг мэдэх боломжгүй. ЭМДЕГ-аас асуухаар e-hospital.mn-аас асуу гэдэг. E-hospital хариуцсан хүн нь утсаа авдаггүй. Эдгээр асуудлаас үүдэн цалингаа нэмэх байтугай сар сард нь олгож чаддаггүй. Бид сар дамнаж цалингаа авдаг. Мөн 2022 онд илүү цагийн нэмэгдлээ аваагүй. Энэ он гарснаас хойш ч нэмэгдлээ аваагүй” гэв.
“Манай эмнэлэгт ирж хэвтээрэй” гэж иргэдээ дуудаж, санхүүжилт татдаг
Санхүүжилтээ татаж, эмнэлгийн үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд сумдын эмч нар иргэдээ “урилгаар” эмчилдэг нөхцөл байдал үүсчээ. Энэ талаар Хэнтий аймгийн сумдын эмч мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Ж.Бавуудорж “Ажилчиддаа нэмэгдэл урамшуулал олгож, эмнэлгийн тоног төхөөрөмжөө шинэчлэн, эмнэлэгтээ засвар хийх тооцоолол гарган Сангийн яамнаас санхүүжилт авах хүсэлт өгөхөөр хариу ирдэггүй. Тиймээс ЭМДЕГ-аас санхүүжилт татахын тулд хөдөө байгаа хүнийг өөрсдөө дуудаж “манай эмнэлэгт ирж хэвтээрэй” гэж, араас нь хөөцөлдөж байж бид эмнэлгийн төсвөө бүрдүүлж, цалингаа олгож байна” гэсэн юм.
Гүйцэтгэлийн санхүүжилтээс үүдэлтэй өвчтөнийхөө араас хөөцөлддөг энэ байдал дан ганц сумдын эмнэлгүүдэд тохиолдоогүйг Ж.Бавуудорж онцолсон юм. Тэрбээр “Оюуны хомсдолтой хүн жилд 1-2 удаа аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлдэг байсан. Гүйцэтгэлийн санхүүжилтээс хойш эдгээр хүмүүсийг сар бүр үзлэгт оруулж хэвтүүлдэг болсон. Ингэж санхүүжилт олохоос өөр арга аймгийн эмнэлэгт байхгүй болсон гэж харж байгаа. Мөн аймгийн эмнэлгүүд өртөг өндөр эмчилгээтэй хүнийг эмчилж их санхүүжилт авч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны гаргалгаа нь зөв ч хөрсөн дээрээ буухад алдаа үүсээд байна. Эхлээд ЭМДЕГ нь e-hospital.mn программынхаа хөгжүүлэлт, хурдад анхаарах шаардлагатай. Дараа нь Сангийн яам эмнэлгүүдийн нэхэмжилсэн мөнгийг хурдан хугацаанд шилжүүлэх хэрэгтэй” гэв.
Хэнтий аймгийн сумдын эмнэлгийн асрагчийн сарын цалин 496 мянган төгрөг. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 550 мянган төгрөг болсон. Бодит байдал дээр хууль, журмын хэрэгжилт ийм зөрүүтэй байна.
Тиймээс бид Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос дээр дурдсан тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхийг асууж тодруулсан юм. Хамгийн эхэнд гүйцэтгэх санхүүжилтийн алдааг хэрхэн засах талаар тэрбээр “Гүйцэтгэлийн санхүүжилтийн арга руу шилжээд хоёр жил боллоо. Энэ хугацаанд өндөр өртөгтэй оношилгоо, эмчилгээ, мэс заслын тоо нэмэгдсэн. Мөн хүн ам цөөн сумдын эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хэцүү болсон. Учир нь сумын эмнэлгүүд төсвийнхөө 15 хувийг даатгалын сангаас үлдсэнг нь төсвөөс авдаг. Гэтэл даатгалын сангаас тусламж үйлчилгээ авах тохиолдол сумдад бага. Тиймээс гүйцэтгэлийн санхүүжилтэд тохируулга хийж өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүслээ. Ингэхийн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах ёстой” гэж ярилаа.
Эрүүл мэндийн яамнаас энэ оныг хууль эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарлахаар болжээ. Энэ талаар сайд С.Чинзориг “Хөдөө орон нутагт эмч нарыг татахын тулд нийгмийн хангамж, тав тух, ажлын орчинг нь сайжруулахад анхаарч ажиллахаар зорьж байна. Хуулийн дагуу эмч нарт ур чадварын нэмэгдэл олгох ёстой. Гэвч бодит байдал дээр хэрэгждэггүй. Үүнээс үүдэн цалин хангалттай хэмжээнд байж чаддаггүй.Тиймээс цалинг нь нэмэгдүүлж, хөдөлмөрийн орчинг нь сайжруулахаар ХНХЯ-тай хамтарсан Ажлын хэсэг ажиллаж байна.Үүний дараа эмч нарын цалингийн хэмжээг шинэчлэх саналыг Засгийн газарт оруулна.Нэмэгдэл өгөх журмыг нь сайжруулахад анхаарна.Өвдсөний дараа биш өмнө нь урьдчилан сэргийлэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн боловсролд онцгойлон анхаарах нь чухал. Тиймээс эрт үед нь оношилж, эмчилдэг болох нийгмийн эрүүл мэндийн анхдагч хуультай болохоор зорьж байна.Иргэдээс үйлчилгээтэй холбоотой гомдол их ирдэг учир эрүүл мэндийн салбарын үйлчилгээний стандартыг шинээр боловсруулахаар ажиллаж байна” гэсэн юм.
Манай улс нийгмийн эрүүл мэнд болоод анхан шатны тусламж үйлчилгээнд нийт санхүүжилтийн 19 хувийг зарцуулж байна. Харин олон улсад энэ тоо 50-60 хувь байдаг аж. Ер нь сумдын эмнэлгүүд рүү чиглэсэн шинэчлэл, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байгааг бид энэ сурвалжлагаар харуулахыг зорилоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 62 (7047)