Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор МУЭ-ийн уран сайхны эрхлэгч, СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн багш, Соёлын тэргүүний ажилтан, зураач Д.Баатарсүрэнг урилаа.
ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ОЙЛГОЛТТОЙ ҮЗЭГЧ НЭМЭГДЭЖ БАЙНА
-“Нандин зүрх” ТББ-аас хамтран зохион байгуулсан “Адилгүй ертөнц” үзэсгэлэнд дөрвөн уран бүтээлч нэгдэж, бүтээлүүдээ дэлгэлээ. Энэ үзэсгэлэнгийн гол зорилго нь хөдөө орон нутгийн алслагдсан аймгуудад түргэн тусламжийн машин авч өгөхөд чиглэж байсан юм. Далайд дусал нэмэр гэгчээр бид зорилгынхоо тодорхой хэсгийг бүрдүүлж чадлаа. Тухайн үзэсгэлэнд надаас гадна зураач Л.Бумандорж, Ж.Ану-наран, Н.Батбаатар гэсэн өөрийн онцлог, арга барилтай уран бүтээлчид оролцсон. Энэ үеэр ажиглагдсан нэг зүйл нь жил өнгөрөх тусам үзэсгэлэн үзэх үзэгчийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Мөн дүрслэх урлаг, гоо зүйн ойлголттой хүмүүс олон болж. Үүнээс гадна нээлтээ хийж буй үзэсгэлэнгүүд илүү шинэлэг, чөлөөтэй болж байна. Хуучин бол уламжлалт арга барил, үзэл суртлын хүрээнд л уран бүтээл, үзэсгэлэн зохион байгуулах ажил явагддаг байсан. Харин энэ цаг үед өөр болжээ. Манай уран бүтээлчид ч уламжлалт аргаа орчин үетэй хослуулсан бүтээл гаргаж байгаа нь үзэгчдэд илүү таалагдаж байна. Үүнийгээ дагаад үзэгчдийн хүлээлт, ойлголт өөр түвшинд очсон. Миний хувьд ихэвчлэн Хятад, Япон, Солонгос зэрэг Ази, дорно дахины үзэсгэлэнгүүдэд оролцдог. Энэ утгаараа ч үзэгчдийнх нь сонирхлыг их татдаг байх. Дорнын сэтгэлгээ, дорнын өнгө аяс ч гэх юм уу. Тиймээс уран бүтээлдээ дорнын аж байдлын сэдвүүдийг илүү тусгахыг хүсдэг. Миний уран бүтээлийн онцлог, арга барилыг Хятадын уламжлалт дүрслэх урлагийн гүнби хуа төрөл гэж судлаачид онцолсон нь бий. Үүнийг монгол руу хөрвүүлбэл нарийн ажиллагаатай гэж хэлж болно. Талбай дүүрэн өвсний тухай зурлаа гэхэд өвс бүрээр нь нэг бүрчлэн зурах юм. Үүний тулд судалгаа их чухал. Ер нь судалгаан дээр суурилсан төрөл гэж ойлгож болно. Гэхдээ би өөрийнхөө уран бүтээлийг ямар нэгэн урсгал, “изм”-рүү оруулахыг хүсдэггүй. Сүүлийн үед хүмүүсийн буруутай үйлдлээс болоод устаж, үгүй болж байгаа зүйлсийг зурахыг чухалчилдаг болсон. Жишээлбэл, өнөөдөр миний зурчихсан байгаа Мэнэнгийн талд очоод үзэхэд яг ийм онгон дагшин байгалиараа тал биднийг угтахгүй. Энд тэндгүй байшин барилга, замаар дүүрчихсэн. Харин би өмнө нь ямар байсныг нь судлаад зурах жишээтэй. Энэ нь өмнө байсан бүхэн тэр хэвээр хүмүүсийн сэтгэл зүрхэнд үлдээсэй гэсэн бодлын минь нэг хэлбэр юм.
ДОРНЫН УРЛАГ ИХЭВЧЛЭН ШАШИН, СОЁЛ, АХУЙТАЙ ХОЛБОГДДОГ
-Хэдийгээр дорно, өрнө ялгаагүй уламжлалт арга барил ахуйгаа бүтээлдээ дүрсэлж байгаа боловч өрнөдийн үзэгч, уран бүтээлчдэд дорнын, дорнынхонд өрнийн урлаг шинэлэг, соргог байх нь мэдээж. Ялангуяа дорно дахины урлаг голдуу шашин,соёл ахуй, сэтгэлгээ рүү холбогдсон байдаг. Харин өрнөдийн урлаг нь илүү бодит, реалист тал руугаа хөгждөгөөрөө ялгаатай. Хятадын дүрслэх урлаг их эртний түүхтэй. 5000 жилийн өв соёл гэдэг утгаараа дэлхийд алдартай. Мөн энэ олон жилийн хугацаанд урлаг соёл нь бүтэн үлдсэн гэж онцолж болохоор.
Тэгэхээр дүрслэх урлагийн ийм түүхэн замналтай улсад суралцана гэдэг миний хувьд ховорхон тохиол, боломж байсан. Би тухайн улсад “Дорно дахины дүрслэх урлаг” сэдвээр магистрын зэргээ хамгаалсан. Монголд 1910-1921 оны хооронд уран зургийн төлөв хэрхэн явагдаж байв, Манжаас Хятад улсыг байгуулахад дүрслэх урлаг хэрхэн хөгжиж байсан бэ гээд нэгэн цаг үеийг авч, харьцуулж судалгааны ажлаа хийсэн. 1921-1945 онд Хятадад асар их хувьсгалт хөдөлгөөн өрнөсөн. Манай оронд ч тийм дүр зурагтай байсан. Ер нь аливаа шинэчлэл хөдөлгөөн, нийгмийн байдалд урлагийн нөлөө их. Гэхдээ Монголын дүрслэх урлаг ийм агуу түүхтэй гэхээс илүү ижил төстэй болон ялгаатай тал нь юу байна гэдгийг судлахыг зорьсон. Монгол уран бүтээлчдийн зураг хэдхэн зураасаар дүрслэл, хөдөлгөөний хувьд илүү эрх чөлөөтэй, өргөн цар хүрээг илэрхийлсэн байдгаараа онцлог байж. Харин суурьшмал аж амьдралтай хүмүүс байгаа зүйлийг яг л тэр хэвээр нь дүрсэлдэг. Үүн дээрээ дорно дахины өнгө аяс, аж байдлын сэдвүүдээ оруулж ирдэг байсан. Харин энэ цаг үед Монголын дүрслэх урлаг орчин үеийн чиглэл рүү илүү хөгжиж байна. Үүнийг дагаад өөрөөр сэтгэдэг, авьяаслаг уран бүтээлч олон болсон. Тэд ч дэлхийн нэр хүндтэй олон үзэсгэлэнд оролцож, гранпри, тэргүүн байрын шагналыг хүртэж байгаа нь сайшаалтай. Манай дуурийн дуучид дэлхийн түвшинд үнэлэгдэж байгаа шиг зураач, уран бүтээлчид ч дэлхийд өндрөөр үнэлэгдэж эхэллээ. Харин эдгээр уран бүтээлчдийн тухай бичих, олонд таниулах, урамшуулах бодлого, тогтолцоо манай улсад төдийлэн хөгжөөгүй.
ШҮТЭЭН УРЛАГИЙГ СЭРГЭЭХ, ШИНЭЧИЛЖ, ОЛОН УЛСАД ТАНИУЛАХ НЬ ЧУХАЛ
-Манай үндэсний урлаг бусад орны уран бүтээлчидтэй харьцуулахад дүрс, хөдөлгөөн, зураас нь бусдаас арай өөр, ялгарах онцлогтой. Миний бодлоор Монголын шүтээн урлаг Төвдөөс илүү өнгө, өгүүлэмж, утга агуулгын хувьд Нипаль, Балбатай төстэй санагддаг. Гэвч эртнээс уламжилж ирсэн энэ урлагийн бүтээлийг бид өнөөдөр гандан хийд, музейд л үзэж байна. Тэгэхээр үүнийг сэргээх, хүмүүст таниулах, олон улсад сурталчилах ажлыг хийх ёстой гэж боддог.
МУЭ нь Соёлын яамтай хамтарсан үзэсгэлэн, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна. Гэхдээ дөнгөж байгуулагдсан яам хурдан хугацаанд эвээ олно гэдэг хэцүү. Туршлагажихын хэрээр дүрслэх урлагт чиглэсэн цогц бодлого нь цэгцэрнэ гэж найдаж байна. Мөн дүрслэх урлагийг өөр ямар урлагтай холбовол үзэгчдийн сонирхлыг татах вэ гэдгээс эхлээд нарийн зохицуулалт аажимдаа гарах байх. Саяхан МУЭ 80 жилйин ойгоо тэмдэглэлээ. Энэ байгууллага 700 гаруй гишүүнтэй. Монголын нөхцөлд зөвхөн дүрслэх урлаг төдийгүй урлагийн бусад салбарт ч бие даасан уран бүтээлч байх хэцүү. МУЭ бол төрийн бус байгууллага. Тиймээс тэр олон хүнийг цалинжуулах боломжгүй. Харин үзэсгэлэнг нь үнэ төлбөргүй гаргах, гадны оронд ямар үзэсгэлэн болж байна, түүнд ямар уран бүтээлчээ хэрхэн оролцуулах вэ гэдгийг шийдэж, тодорхой дэмжлэгийг үзүүлдэг. Өнөөдөр манай дүрслэх урлагийн салбарт нэгдсэн, цогц бодлого дутуу байгаад уран бүтээлчийнхээ хувьд эмзэглэж явдаг. Ямар ч орны дүрслэх урлагийн хөгжил бодлого дээр төвлөрдөг онцлогтой. Үүнд МУЭ болон Соёлын яамны бодлого хэрхэн уялдаж байна гэдэг их чухал. Эндээс л ямар уран бүтээлчээ хэрхэн дэмжих вэ, цаашлаад Монголын дүрслэх урлагийг дэлхийд хэрхэн таниулж сурталчилах вэ гэдэг нь хамаарна.
МЭРГЭЖЛИЙН ЗУРААЧ БОЛОХОД ДӨРВӨН ЖИЛ ХАНГАЛТГҮЙ
-Хятад улсад урлагийн сургууль олон бий. Сургалтын арга барил нь ч уламжлалт чиглэлээ түлхүү хадгалсан байдаг. Багш нар нь ч мэргэжлийн түвшинд харж шалгалт авдаг. Тиймээс хүүхдүүд мэргэжлийн коллежоос их сургууль руу орох нь түгээмэл. Учир нь дунд сургуулиасаа дүрслэх урлагийн боловсрол олсон, тухайн мэргэжлийн коллеж, дугуйлан секцэнд хамрагдсан хүүхэд их сургуульд элсэхдээ суурь мэдлэгтэй байна. Зөвхөн Хятад ч гэлтгүй Оросын академи, Италийн сургуулиуд ч энэ тогтолцоогоор ирээдүйн уран бүтээлч, зураачдыг бэлтгэж байна. Зураач хүн хамгийн түрүүнд тодорхой хэмжээний өгөгдөл, суурьтай байх ёстой. Харин манай улсын хувьд дунд сургууль төгссөн, бийр ч барьж үзээгүй хүүхэд элсүүлээд дөрвөн жил сургаад төгсгөж байгаа нь чамлалттай санагддаг. Зураачийн суурь мэдлэг, онол, парактикийг дөрвөн жил заагаад сайн зураач төгсгөнө гэдэг өрөөсгөл ойлголт. Зураач бол насан туршдаа суралцдаг мэргэжил. Уран бүтээлч тэр дундаа зураач болно гэдэг их хэцүү. Олон жилийн уйгагүй хөдөлмөр, тэвчээр зүтгэл, золиос, аливааг ажиглаж чаддаг мэдрэмж шаардсан ажил. Тиймээс гадны орнуудад доод тал нь зургаан жил сургаж байна. Оросын алдартай академиудад зургаан жил сураад төгсчихсөн хүн дахин очиж суралцаад академик боловсролыг олж авах жишээтэй. Тэгэхээр олон улсын сургуулиуд шиг дунд сургууль, коллежидоо дүрслэх урлагийн суурь мэдлэгээ олж авсан хүүхдийг мэргэжлийн зураач болгох их сургуульд нь элсүүлдэг тогтолцоо зөв санагддаг юм. Уран бүтээлчдийн хувьд оюуны өмчийн асуудал их чухал. Тиймээс манай урчуудын эвлэл Оюуны өмчийн газартай хамтарч ажилладаг. Мөн уран бүтээлч зургаа яаж зурвал оюуны өмчийн эрхийг зөрчсөн байх юм, юу нь төстэй байж болохгүй вэ зэрэг анхан шатны мэдлэгийг зураачиддаа байнга өгч байна. Хэдийгээр МУЭ 700 гаруй гишүүнтэй ч яг идэвхитэй уран бүтээл хийж яваа зураачдаа нэрлэвэл дээрх тоо багасна. Тиймээс тэд нэг нэгнийхээ уран бүтээл, зурах арга барил, техникийг мэддэг учир нэгнээ дуурайх, хуулбарлах асуудал гардаггүй. Харин гадны орнууд оюуны өмчийн асуудал дээр их нухацтай ханддаг юм билээ. Ялагуяа түүхэн зураг дээр бол бүр хатуу хууль, байр суурьтай байдаг.
ДЭЛХИЙН ИХЭНХ ОРОНД ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БУЛАН, ГУДАМЖ БИЙ
-Хятад, Солонгос, Итали, Орос гээд дэлхийн ихэнх оронд дүрслэх урлагийн булан, гудамж гэж заавал байдаг. Тэгэхээр Улаанбаатар хот маань тийм гудамжтай болчихвол дүрслэх урлагийн хөгжилд том тус болно гэж боддог. Энэ тухайгаа хэдэн жилийн өмнө сэтгүүл дээр бичиж байсан удаатай. Манай оронд газар байхгүйн зовлон үгүй шүү дээ. Тиймээс Туул голоо дагаад ч юм уу. Тэр гудамжаар нь уран зураг сонирхдог хүмүүс аялдаг, гаднах орчныг нь баримлуудаар нь чимэглээд, тэнд нь үзэсгэлэн зохион байгуулдаг болчихвол Монголын дүрслэх урлагийн хөгжил болоод гадны жуулчдыг татахад ч хувь нэмэртэй. Хэрэв Соёлын яам МУЭ болон музей, галерейнуудтай энэ ажил дээр хамтарч ажилбал амархан бүтчих ажил юм. Энэ гудамж нь Улаанбаатар хотод өнгө үзэмж нэмэхээс гадна хүүхдүүдийн дүрслэх урлагийн боловсролд ч өгөөжөө өгнө. Энэ нь бодитой мэдлэг олгох нэг арга ч байж болох юм. Хүн хэзээ ч урлагийн бүтээл хараад өмнө нь шүлсээ хаяж, зохисгүй үг хэлдэггүй. Тэгэхээр магадгүй цэцэрлэгт хүрээлэн байгуулснаас илүү хүүхэд залуусын боловсролд үнэтэй хувь нэмэр болох талтай. Учир нь хүүхэд гурав, таван настайдаа галерей, музей үзсэн бол түүнийгээ мартдаггүй. Тэгэхээр дүрслэх урлаг, музей, галерей гэдэг хүүхдэд насан туршийн боловсрол олгож байгаа юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 51 (7036)