Л.Өлзийсайхан: Төр засаг, түмэн олон хамтдаа хичээн зүтгэсэн төрийн томоохон үйл хэргийн түүх бичигдлээ

2023-03-07
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Саяхан болж өнгөрсөн Зөвлөлдөх санал асуулга, түүний үр дүн, ач холбогдлын талаар Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхантай уулзаж ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн энд дэвшүүлье. Зөвлөлдөх санал асуулга Цагаан сарын өмнөхөн болж өндөрлөсөн. Улсын Их Хурал энэ арга хэмжээний ач холбогдлыг чухалчилж, өргөн хэмжээнд зохион байгуулах шиг боллоо.

-Зөвхөн Улсын Их Хурал анхаарал хандуулж, ач холбогдол өгсөн гэвэл өрөөсгөл дүгнэлт болно. Төр засаг, түмэн олон хамтдаа хичээн зүтгэсэн төрийн томоохон үйл хэргийн түүх бичигдлээ. Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хурлын болон засаг захиргааны байгууллага, Үндэсний статистикийн хороо, цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн гээд олон байгууллага, илтгэгч, эксперт, ажиглагч, модератор гээд нийтдээ 2300 гаруй хүн энэ арга хэмжээнд оролцсон.

Мэдээж хэрэг, Улсын Их Хурал, манай Тамгын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллалаа.

"Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний Зөвлөлдөх санал асуулгыг улс орны хэмжээнд зохион байгуулах Улсын Их Хурлын 80 дугаар тогтоол 2022 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр гарсан. Тогтоолын дагуу Улсын Их Хурлын болон Тамгын газрын Ажлын хэсгүүд байгуулагдаж, хуулийн дагуу Улсын Их Хурлаас Зөвлөлдөх зөвлөлөө томилж, богино хугацаанд их ажил өрнөсөөн. Зохион байгуулалтын хувьд өндөр хэмжээнд, маш сайн боллоо гэж удирдах байгууллага, хамгийн гол нь оролцогч иргэд маань үнэлсэнд баяртай байгаа.

Зөвлөлдөх санал асуулга бол Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн хэргийг шийдвэрлэхэд ард түмний оролцоог хангахад маш чухал түлхэц үзүүлдэг, ач холбогдолтой арга хэмжээ юм.

Улсын Их Хурал Зөвлөлдөх санал асуулгыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнө нь 2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хийж байсан. Энэ удаад улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор явуулсан.

-Зөвлөлдөх санал асуулгад яг хэчнээн хүн оролцсон бэ?

-2017 онд батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу хоёр үе шаттай болсон. Эхний шатанд 1570 иргэн, хоёр дахь шат буюу Төрийн ордонд болсон Зөвлөлдөх уулзалтад 801 иргэн оролцсон. Иргэдийг статистикийн шинжлэх ухааны санамсаргүй түүврийн аргаар сонгосон.

-Санамсаргүй түүврийн арга гэж яг юу вэ? Намынхнаа, таньдаг хүмүүсээ, бүр ах дүүсээ оролцуулсан гэсэн хардлага мэр сэр байгаад байх шиг байсан л даа.

-Огт тийм юм байхгүй. Монгол Улс 3.5 сая иргэнтэй. Тэднээс сонгуулийн насны иргэд 2.1 сая. Тэдний 300.0 мянга нь гадаадад амьдарч байгаа. Тэгэхээр 1.8 сая иргэнийг төлөөлсөн 1570 иргэнийг тохиолдлын зарчмаар сонгон авсан. Энэ бол туршигдаж, нотлогдсон, шинжлэх ухааны арга. Зөвхөн Монголд биш, дэлхий даяар хэрэглэдэг. Ингэхдээ нийгмийн бүлэг, ажил мэргэжил, хүн амын насны бүтцийг бүрэн төлөөлсөн байхуйцаар түүвэрлэдэг. Тиймээс хэн ч сонгогдох боломжтой. Хоёр дахь шатны 801 хүний дотор хамгийн ахмад нь 89 настай, хамгийн залуу нь 20 настай байсан.

89 настай эмээ “Хөгширсөн ч төрийнхөө ийм чухал үйл хэрэгт заавал оролцоно оо” гээд ачийгаа дагуулаад ирсэн байсан. 83 настай, 11 хүүхэд төрүүлсэн Д.Соёнжавзан гэдэг эмэгтэй Улаанбаатар хотоос оролцсон бол Хөвсгөлийн 20 настай Б.Дөлгөөн гэж адуучин залуу “Адуугаа хариулаад явж байтал сонгогдсон байсан. Худлаа байлгүй гэж эхлээд эргэлзсэн. Миний хэрэг байгаа юм уу ч гэж бодсон. Гэхдээ ирсэн минь онолоо. Олон чухал мэдлэг, мэдээлэл авлаа. Монгол Улсын иргэн гэдгээрээ бахархлаа” гэж байх жишээтэй. Өмнөговийн Н.Баттунгалаг гэж бүсгүй 6-хан сартай хүүхдээ тэврээд ирсэн байсан. Ээж, охин хоёр сонгогдсон сонин тохиолдол таарсан. Энэ бүхэн санамсаргүй сонгогдсоны баталгаа мөн биз дээ.  

-Эхний өдөр “Баахан боловсролгүй хүмүүс авчраад, өнөөдүүл нь Төрийн ордонд унтаж байна” гэсэн зурагтай мэдээлэл сошлд гарсан байсан. Энэ талаар юу хэлэх вэ?

-Иргэдээ басамжилж, ялгаварлаж, дорд үзэж болохгүй л дээ. Би албан ёсны статистик хэлье. Оролцогчдын маань дундаж нас 37 байна лээ. 46 хувь нь эрэгтэй, 54 хувь нь эмэгтэй. Хоёрдугаар шатанд оролцсон 801 иргэний 376 нь дээд болон мэргэжлийн боловсролтой байна. Доктор цолтой 4, магистрын зэрэгтэй 48 хүн сонгогдсон. Бага боловсролтой 47, огт боловсролгүй 15 хүн байсаан. Энэ бол өнөөх санамсаргүй түүвэр буюу тохиолдлын зарчмаар сонгосны бас нэг тод жишээ.

Нөгөө талаар хүний боловсролыг дипломоор, төгссөн сургуулиар хэмждэг цаг үе өнгөрөөд байна шүү дээ. Малчдын мал маллах, байгаль орчинтойгоо харилцах ухааныг хотын бид мэдэх бил үү?

Ард түмний ухаан гэдэг далай юм аа, мэргэн ухаан чухам эндээс төрдөг юм байна гэдгийг хоёр удаагийн Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж оролцсон хүний хувьд бүрэн мэдэрлээ. Бичиг үсэггүй хүн хүртэл хэчнээн чухал асуудал хөндөж, ямар хариуцлагатай байгааг харах сайхан шүү.

801 хүнээ 14-15 хүнтэй 54 хэсэг болгож, хэсгийн хэлэлцүүлгүүдийг багц 4 сэдвээр хийсэн. Тэнд хүмүүсийн ярьсан, дэвшүүлсэн санаа бодлыг харвал маш сонирхолтой. Улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөөх асуудлыг ард түмнээ төлөөлөөд бид хэлэлцэж байна гэсэн чин сэтгэлээр ямар торгон мэдрэмж, мяндсан ухаан гаргаж ярьдгийг Та ч гэсэн үзчихэд гэмгүй. Бүх хүмүүсийн үг соронзон хальсанд бичээтэй бий.

Олон намын төлөөлөл, янз бүрийн үзэл бодолтой хүмүүс ирсэн. Гэхдээ тэд намын эрх ашиг, улс төрийн үүднээс асуудалд хандаагүй. Хэрвээ та анзаарсан бол Баянхонгор аймгаас сонгогдсон, Монгол Улсын гавьяат багш, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Ш.Чимгээ гэдэг хүн санал асуулгын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би АН-ын гишүүн хүн. Гэхдээ би намын байр сууринаас асуудалд хандаагүй. Тэнд байсан бүх хүмүүс зөвхөн эх орны эрх ашиг, төрийн үйл хэрэг гэж асуудалд хандаж байсан нь бахархмаар байлаа. Аймгийнхаа, сумынхаа асуудлыг хөндсөн нэг ч хүн байсангүй. Бүх хүмүүс бурууг засаж, зөвийг олох ирээдүйгээр амьсгалж байлаа” гэсэн байна лээ.

Өөр нэг оролцогч “Эхний өдөр туршлагагүйтээд манай хөдөөнөөс ирсэн хүмүүс нэлээд зузаан хувцастай, зарим нь бүр үстэй дээлтэй ирсэн. Урьд өдөр нь хөдөөнөөс, машинаар хол зам туулж оройтож ирсэн ганц нэг хүн үдийн хоолны дараа үүрэглэсээн, үнэн. Маргааш өглөө нь бид зочид буудлаасаа гарахдаа хувцсаа нимгэлж, хөнгөлж “За унтаж, нэрээ хөөдөж, төрийн үйл хэргийг гутаахгүй шүү. Хэрэв үүрэглэж зүүрмэглэх өчүүхэн илрэл гарах юм бол хажууд байгаа нь сэрээнэ” гэж тохирцгоосон. Хоёр дахь өдөр хэн ч үүрэглээгүй” гэж ярьж байгаа юм.

-За тэгээд, ямар асуудлууд хэлэлцэж, үр дүн нь яаж гарав аа?

-Иргэний болон улс төрийн эрх; парламентын ардчилал; эдийн засаг, баялгийн сантөвлөрлийг бууруулах; нийгмийн бодлогын тулгамдсан асуудал гэсэн дөрвөн багц сэдвээр ярилцаж, хэлэлцэж 22 асуултад хариулсан. Эхний шатанд яг энэ сэдэв, асуултаараа санал асуулга авдаг. Тэгэхдээ ямар нэг мэдээлэл өгөхгүйгээр тухайн хүний өөрийн байр суурийг л асууж байна гэсэн үг. Тиймээс “мэдэхгүй” гэсэн хариулт нэлээд байдаг юм.

Харин хоёр дахь шатанд тухайн сэдэв, асуултуудаар эрдэмтэн судлаачид мэдлэг, мэдээлэл өгч, өөрсдөө ч сонирхсон асуултаа асууж, байр сууриа илэрхийлнэ. Жижиг хэсгүүд дээр өөр хоорондоо ярилцана, маргана, хэлэлцэнэ. Үүнд нь хэн ч хөндлөнгөөс оролцохгүй. Манай Тамгын газрын ажилтнуудаас бүрдсэн модераторууд зөвхөн чиглүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Энэ бүхний дараа дахин өнөөх асуултуудаараа санал асуулга авдаг зарчимтай. Хоёр дахь шатны санал асуулгад мэдлэг, мэдээлэлтэй болсон иргэд өөрийн оюун дүгнэлтээ хийж,  маш нухацтай хариулт өгсөн байдаг.

Үр дүнгийн хувьд 22 асуултаас нэгээс бусдыг нь дэмжсэн санал өгсөн.

-Үндсэн хуулийг тэгээд өөрчлөхөөр болсон уу, эсвэл шаардлагагүй гэж үзэв үү?

-Мэдлэг боловсролгүй, өөрсдийн төлөөний баахан хүмүүсийг Төрийн ордонд авчирч, хэлэлцүүлсэн нэр зүүж, өөрсдийн хүссэнээр шийдвэр гаргуулж, Үндсэн хуулийг оролдох гэж байна гэсэн мэдээлэл санаатай болон санамсаргүй байдлаар нийгмийн сүлжээнд явсан. Тэрний халдвар Танд ч бас хүрсэн бололтой.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн Дөрөвдүгээр зүйлд Зөвлөлдөх санал асуулгыг ямар зорилгоор зохион байгуулах вэ гэдгийг заагаад өгчихсөн байдаг. Нэгдүгээрт, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх; хоёрдугаарт тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх; гуравдугаарт, иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх; дөрөвдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах гэж тодорхойлсон байдаг. Яг энэ хуулийнхаа дагуу л явсан.

Дурдсан 22 асуулт дотор “Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэж та үзэж байна уу” гэсэн ганц асуулт байсныг санал асуулгад оролцогчид дэмжээгүй. Дэмжигдээгүй үлдсэн ганц асуулт нь энэ шүү дээ.

-Зөвлөлдөх санал асуулгын өмнө Үндсэн хуулийн шинэ төсөл гарч ирсэн. Тэр ямар учиртай юм бэ?

-Ямар учиртайг би хэлж мэдэхгүй. Судлаач хүний хувьд тэр төслийг харсаан. Н.Энхбаяр гуайн 5-6 жилийн өмнө яриад байсан төсөл л байна лээ. Үндсэн хуульт ёс, парламентын ардчилал, засаглалын онолд харшлахаар юмнууд харагдаж л байна лээ. Гэхдээ надад хүний юмыг өөлөх, шүүмжлэх бодол алга байна. Баталгаатай нэг зүйл бол шинэ Үндсэн хууль зохиох, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал Монгол Улсын Их Хурлын түвшинд огт байхгүй, тийм асуудал ердөө ч хөндөгдөөгүй гэдгийг бол харин шууд хэлж чадна.

-За ойлголоо. Дэмжигдсэн 21 асуулт тэгээд ямар асуултууд байсан бол?

-Та манай parliament.mn сайт руу ороод харчихаарай. “Зөвлөлдөх санал асуулга” гэсэн цэс байгаа. Тэрэн дотор бүх асуултууд, түүнийг хэдэн хувь нь дэмжсэн дүнтэйгээ бий.

Иргэдийн жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, гадаадад суугаа иргэддээ сонгуулийн эрхийг нь эдлүүлэх, гадаадад төрж өссөн Монгол Улсын иргэний харьяаллын асуудал гээд хүний эрхтэй холбоотой хэсэг асуултууд байгаа. Мөн ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийн хянан шалгах бие даасан тогтолцоо бий болгох, төрийн албан хаагч хөрөнгө орлогоос гадна зарлагаа мэдүүлдэг болох, Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэх эсэх, сонгуулийн холимог тогтолцоог ашиглах, эсэх, улс төрийн намуудын хөрөнгө, орлого, зарцуулалтыг ил тод болгож, олон нийтийн хяналтыг тогтоох, намын хатуу гишүүнчлэлээс татгалзах зэрэг нэг хэсэг асуултууд бий.

Бас үндэсний баялгийн сангийн тухай, түүний хуваарилалт, удирдлага, төвлөрлийг сааруулах, монгол хүний хөдөлмөрийн бодит үнэлэмжийг тогтоох зэрэг эдийн засаг, нийгмийн бүлэг асуултууд орсон.

-Эдгээр асуултууд дэмжигдсэн гэж ойлголоо. Одоо ямар арга хэмжээ авах вэ?

-Үндэсний статистикийн хороо санал асуулгын дүнг нэгтгээд Зөвлөлдөх зөвлөлд өргөн мэдүүлсэн. Зөвлөлдөх зөвлөл тэдгээрийг үндэслэн Зөвлөмж гаргаж, Улсын Их Хуралд өргөн барьсан. Одоо Улсын Их Хурал Зөвлөмжийг харгалзан, холбогдох шийдвэрийг гаргаж, иргэддээ ил тод мэдээлэх ёстой. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд энэ талаар тодорхой заасан байгаа. Хуулийнхаа дагуу л явна.

-Энэ нүсэр ажлын үр дүнг нэгтгэн дүгнээд, өөрийн байр суурийг илэрхийлэхгүй юү. Тулгамдсан асуудлаа бүрэн тодорхойлж, шинэ ирээдүйн зам тодорсон гэдэгт Та итгэлтэй байна уу?

-Би хувь хүнийхээ байр суурийг илэрхийлээд явах нь зохимжгүй. Хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага, хэм хэмжээ, төрийн эрх барих дээд байгууллагын Тамгын газрыг толгойлж яваа төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйд би захирагдах учиртай.

Ямар ч байсан Монгол Улсын хэмжээнд хоёр дахь удаагаа болсон төрийн томоохон үйл хэргийг хамт олон, мэргэжлийн байгууллагуудтай хамтран, амжилттай зохион байгуулж чадсандаа баяртай байна. Хоёр удаагийн санал асуулгад хоёуланд нь удирдан зохион байгуулагчийн түвшинд оролцсон нь миний хувьд нэр төрийн хэрэг. Оролцогчид, зохион байгуулагчид, итгэл хүлээлгэсэн Улсын Их Хурал гээд гурван түвшинд “зөв, сайн боллоо” гэж үзэж байгаад сэтгэл хангалуун байна.

Улс орон маань шинэ сэргэлтийн замд гарч байна даа гэсэн итгэл үнэмшил энэ улсын иргэний хувьд надад байдаг. Шинэ замд гарахын өмнө өнгөрсөн цаг хугацаанд хуримтлагдсан алдаа буруугаа засаж, зөв чигээр тууштай урагшлах нь эх орны минь хөгжил дэвшил, ард олны минь сайн сайхан амьдралын баталгаа болно. Тийм баталгааг бүрдүүлэх нэг хөшүүрэг нь энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулга болж чадсан болов уу гэж бодож байна.

Мэдээж хэрэг, нэг далайлтаар, нэг санал асуулгаар бүхнийг шийдчихнэ гэж байхгүй. Гэхдээ зөвийг олохын тулд ард түмэнтэйгээ зөвлөлдөж, тэдний санаа бодол, байр суурийг сонсож, баталгаажуулж байгаа нь эрхэм чухал. Ард түмний засаглах эрхийг хангах Үндсэн хуулийн үзэл санаа хэрэгжиж байгаа нь, ирээдүйн сайн сайхны төлөө иргэд нь төрдөө хандаж үг, үзэл бодлоо илэрхийлж байгаа нь Зөвлөлдөх санал асуулгын гол ач холбогдол мөн.

Сайн цаг, сайхан ирээдүйд дөтлөх алхам бүр монгол хүнд үнэ цэнэтэй. Тэр үнэ цэнийг бүтээхийн төлөө бид бүгдээрээ хичээсэн. Хичээн чармайсны эхний үр дүн амжилттай гарлаа. Дараагийн өгөөж хишиг Монголд минь, монголчуудад маань богино хугацаанд хүрээсэй гэж л хүсэж байна даа. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 48 (7033)

       

 

       

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин