Сэлэнгийн Тамгын газрыг 15 жил удирдсан Ө.Сувдаа дарга

2023-03-07
Нийтэлсэн: Админ
 17 мин унших

 

Сүрнээгийн УЯНГА 

 

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Бид энэ удаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдааг урилаа. Тэрбээр орон нутгийн өөрөө удирдах байгууллагад 24 жил ажиллахдаа 15-д нь Тамгын газрын даргын албыг хашиж байгаа юм. 

 

ҮҮДЭНДЭЭ ХҮН ХҮЛЭЭЛГЭХГҮЙ, "ЗАВГҮЙ” ГЭЖ ХЭЛЭХГҮЙГ ХИЧЭЭДЭГ

 

-Эмэгтэй хүний хувьд 24 жил орон нутгийн өөрөө удирдах байгууллагад тасралтгүй ажиллана гэдэг онцлогтой. Үүний 15 жил нь Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаа нь Монгол Улсын түүхэнд ховор тохиолдол биз дээ? 
-1999 онд Төрийн албаны Мэргэшлийн шалгалтыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтны орон тоон дээр өгч тэнцэн ажлын гараагаа эхэлж байлаа. 2006 оноос Тамгын газартаа Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар, 2008 оноос хойш Тамгын газрын даргаар ажиллаж байна. Хурлын байгууллагаасаа их зүйлийг сурч мэдсэн. Тухайн үеийн хурлын дарга, Нарийн бичгийн дарга, ажлын албаныхандаа цаг ямагт талархан, санаж явдаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл төрийн хариуцлагатай албыг хашиж байна даа.

-100 гаруй мянган хүн амтай аймгийн төсөв санхүү, тамгыг атгана гэдэг ялангуяа эмэгтэй хүнд амаргүй. Төсөв зарцуулахаас эхлээд олон хүний арга эвийг олно. Ёстой л зөөлөн, хатууг хослуулах хэрэг гардаг байх. Та ямар зарчим арга барилаар ажилладаг,  хувь хүний хувьд алба ажил тань ямар мэдрэмж, чадвар шаарддаг вэ. Ер нь Тамгын дарга орон нутгийг хөгжилд ямар үүрэг оролцоотой байдаг юм бэ? 
-Хүн удирдана гэдэг амаргүй. Хатуу зарчим баримтлаад ажиллана гэдэг бас хэцүү. Нөхцөл байдлыг зөв үнэлэх шаардлага гардаг. Зарим үед бодож байснаасаа жаахан зөрөх тохиолдол гарна. Аливаа хүний ард зовлон, жаргал хосолсон амьдрал байдаг учраас түүнийг зайлшгүй харгалзаж үзэх шаардлага ч тулгарна. Зарчмаа алдахгүй нөгөө хүндээ итгэл өгсөн байдлаар шийдвэр гаргахыг хичээдэг.
Төрийн сайн албан хаагч байхын тулд хамгийн түрүүнд хандлагаа зөв болгож, хүмүүстэй мэндтэй, салбараа мэддэг байх, цаг нарийн баримтлах ёстой. “За” гэсэн бол яг л түүнийгээ хийдэг байх ёстой гэж боддог. Төрийн албан хаагч хариуцлагатай л байх хэрэгтэй. Хамгийн гол зүйл бол энэ. Тухайн салбарыг яах гэж хариуцаж байгаа билээ гэдгээ ойлгож, ажилдаа эзэн байх нь чухал. Мөн салбарынхаа хууль, тогтоомжийг сайн уншин танилцаж, ахмадаа хүндэтгэж, үеийнхнээ манлайлж, залуучууддаа үлгэрлэж сургах нь чухал.  Энэ байдлаар үе үеийн төрийн албаны залгамж чанар үргэлжлээд явна. Төрийн албан хаагч бол төр иргэнийг холбож буй гүүр. Энэ гүүр бат бэх байх ёстой. Төрийн албанд эв, эетэй байх нь хамгаас эрхэм. Дор бүрнээ өөр өөрсдийнхөө ажлыг сэтгэлээсээ хийчихвэл л бүх зүйл болно доо.


-Тамгын газрын даргаар 15 жил ажиллана гэдэг лав дөрвөн Засаг даргатай хамтарч ажилласан байх нь. Ажлын ачаалал ч чамгүй биз. Сонгуулийн хооронд нам төр ээлжлэхэд төрийн алба солигддог бичигдээгүй хуультай манайх шиг оронд улстөржилтөд өртөхгүйгээр удирдах албанд олон жил тогтвортой ажиллана гэдэг хэцүү шүү дээ. Энэ өнцгөөс харвал танд нэг “нууц” байна уу? 
-Тамгын газрын дарга хуульд заасны дагуу аймгийн Засаг даргын ажлын албыг хариуцаж байгаа учраас бичиг цаас ихтэй, хурал зөвлөгөөн, уулзалтад оролцох, сургалт, семинар зохион байгуулах гэх мэт ажлуудаас гадна  ирж уулзах хүмүүсийн тоо чамгүй их байдаг. Дээр нь байгууллагын төсөв, санхүү,  дотоод ажлууд их бий. 
Хүмүүс “Амаргүй ажил байна шүү” гэж хэлдэг л юм. Би аль болох үүдэндээ хүн хүлээлгэхгүй, “Ажил ихтэй, завгүй байна” гэж хэлэхгүйг хичээдэг. Бодлогын чанартай баримт бичгүүдийн хэрэгжилтэд хяналт тавих, нягтлах, зөвлөх гээд ар араасаа уялдаатай  олон ажил, арга хэмжээнүүд хүлээж байдаг.
Үе  үеийн  удирдлагууд маань  өөр  өөрийн арга барилтай байсан. Энэ хүмүүс итгэл өгч чадсан болохоор хүн өөрөө өөртөө бас итгээд зоригтой ажиллах урам ордог юм байна лээ. Иймээс хариуцлагатай байх нь хамгаас чухал гэдгийг ойлгож итгэл алдахгүйг  хичээцгээдэг. Энэ олон сайхан хүмүүсээс их зүйлийг суралцаж, одоо ч заавар, зөвлөгөөг нь авсаар л байна. Сэлэнгэ аймгийн төрийг барьж байсан тууштай тулхтай олон хүмүүс, баг хамт олонтой хамт ажиллаж байгаагаараа бахархдаг. Удирдагч болгоны арга барилаар “атгасан гар шиг” нэг баг болон ажиллаж байгаа хамт олондоо сэтгэл дүүрэн байдаг даа. Эргээд бодоход ийм л зарчим арга барилаар ажиллаж ирсэн байна. 


-Ажил амьдралын тань ихэнх хугацаа Сэлэнгэ аймагтай, тэр дундаа төрийн албатай холбогдож ирж. 1999 оноос хойш шат дамжлага алгасахгүй дэвшиж иржээ. Ингэж харвал орон нутгийн удирдах албанд үнэхээр мерит зарчим байдаг бол та аль хэдийнэ Засаг дарга болох байсан гэж бодож суулаа. Танд тийм амбици байгаагүй гэж үү? 
-Ажлаа хийсэн шиг хийх ёстой гэсэн алтан зарчмыг баримталж өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. Сайн баг сайхан хамт олонтой ажиллаж ирсэн болохоор тэр байх. Төрийн албыг мерит зарчмаар ажиллуулахыг эрхэмд үзэж байгаа. Энэ бол төрийн албан хаагчдад бас нэг давуу тал. Миний хувьд баг хамт олноо зөв удирдлагаар хангаж, манлайлагч байхыг хичээж ажилладаг. Залуучуудаасаа цаг үргэлж суралцаж тасралтгүйгээр хөгжиж явах нь чухал шүү дээ. Өнөөгийн залуусын сэтгэн бодох, хандлага, өөрийгөө хөгжүүлэх байдал их өөр болсон. Залуус маань боловсролдоо онцгой их анхаардаг болж. Тийм болохоор тэднээсээ суралцах, бас зааж сургах зүйл байна. Энэ байдал маань л миний амбиц болох байх даа.

СЭЛЭНГЭ АЙМАГ ОРОН НУТГААС ЦАЛИНЖДАГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫНХАА ЦАЛИНГ 50 ХУВИАР НЭМЭГДҮҮЛСЭН

-Сэлэнгэ бол Ардын хувьсгалын Өлгий нутаг. Зам харилцаанаас эхлээд гол зангилаа, хилийн гарцтай өвөрмөц онцлогтой аймаг. Өнгөрсөн хугацаанд аймгийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогоо та бүхэн хэрхэн тодорхойлж ирэв? 
-Манай аймаг давуу тал ихтэй. Газар тариалангийн үржил шимтэй хөрс, байгалийн үзэсгэлэнт газрууд, дагалдах баялаг, газрын доорх ашигт малтмалын ховор нөөц гээд бүхий л зүйл нь тэгш өгөгдсөн онцлогтой. Мөн Сэлэнгэ нутаг тэр чигээрээ түүхийн гэрч. Энэ давуу талаа ашиглаж, байж л хөгжинө. Аймгийнхаа 109 мянган иргэнийг ажилтай, орлоготой байлгах нь асуудал аймгийн удирдлагын багийн өдөр тутмын боддог зүйл. Ард иргэдээ дэмжсэн, бодлого чиглэл зөв байх юм бол ажил зөв л явна. Иймээс гарч буй бодлого бүхэн иргэндээ ээлтэй, ажил, амьдралыг нь дэмжсэн шийдвэр гаргахыг гол зорилгоо болгон ажиллаж байна.  Аймгийн иргэд маань  хэзээнээсээ их хөдөлмөрч хүмүүс. Түүхийн хугацаанд үе, үеийн тариаланч, ногоочид,  малчид, барилгачид, эмч, багш  гээд  бүхий л салбарын хүмүүс өнөөдрийг хүртэл Сэлэнгэ нутгаа  сайхан хөгжүүлж ирсэн. Сайнаар үргэлжлүүлж, сайн авч явах нь өнөөгийн бидний үүрэг.
Мэдээж анхаарах асуудлууд байгаа. Байгалийн нөөц баялгийг дагасан хүний буруутай үйл ажиллагаа, хууль бус үйлдлүүд их гарч байна. Тухайлбал, байгалийг их хэмжээгээр сүйтгэх модны хулгай, хууль бус алт олборлох асуудал байна. Энэ мэт анхаарч ажиллах асуудлууд бидний өмнө тулгардаг.


-Сэлэнгэ аймаг сүүлийн арав гаруй жил Монгол Улсын шилдэг аймаг боллоо. Удирдлагын багт ажиллана гэдэг орон нутгийн иргэдийн аж амьдралыг бүрэн мэдэж байх учиртай. Сэлэнгэчүүдийн амьдралын чанар энэ цаг үед ямар байна?  
-Манай Сэлэнгэчүүд маш хөдөлмөрч хүмүүс. Хашаанаасаа эхлээд хэдэн га талбайд ногоо тарьж, зөгий үржүүлж, мод бут суулгаж амрах завгүй хөдөлмөрлөдөг. Зүгээр суух хүн ховор гэж би хувьдаа боддог. Үржил шимтэй хөрс шороотой газар нутаг. Улсынхаа хэрэгцээт үр тарианы талаас илүү хувийг, төмс, хүнсний ногооны 30 хүртэлх хувийг дангаараа үйлдвэрлэж байна шүү дээ. Эх орон элгэн түмнээ экологийн цэвэр хүнсээр хангах эрхэм бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээж, түүнийгээ ч жил бүр нэр төртэй биелүүлж яваа аймгийнхан. Энэ ч утгаараа голлох салбар хөдөө аж ахуй, уул уурхай байдаг. Төр засаг маань ч манай хөдөлмөрч бүтээлч иргэд, аж ахуйн нэгжийн энэхүү их хөдөлмөр зүтгэлийг үнэлж Сэлэнгэ түмэн 11 дэх жилдээ төрдөө үнэлүүллээ. 
Өнгөрсөн 2022 онд төсвөө өөрсдөө бүрдүүлсэн шилдэг зургаан аймгийн нэгээр шалгарч Монгол Улсын Засгийн газраас 200 сая төгрөгийн урамшууллыг авсан. Энэ урамшууллаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийнхээ хийж бүтээх үйл хэрэгт, аймгийнхаа эдийн засгийг сэргээхэд чиглэсэн төсөл арга хэмжээнүүдэд зориулахаар төлөвлөсөн. Манай аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний “Хүнсний хувьсгал” аянд манлайлж, “Тэрбум” мод хөдөлгөөнд түүчээлж, нийлүүлэгч аймаг болох зорилт дэвшүүлсэн. Эхнээсээ үр дүнгээ өгч байна. 


-Орон нутгийн удирдлагын багт 20 гаруй жил ажиллана гэдэг  олон “юм” олж харж хэрэгжүүлэхэд хангалттай хугацаа. Энэ туршлага, мэдлэгээс харвал орон нутгийнхаа хөгжлийн гарц шийдлийг хэрхэн харж байна вэ. Ялангуяа, орон нутагт ажиллах боловсон хүчин олдохгүй байна гэдэг. Танай аймаг энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ? 
-Сүүлийн жилүүдэд төрийн алба боловсон хүчний дутагдалд ороод байгаа нь үнэн. Энэ байдал сумдад түлхүү харагдаж байна. Эрүүл мэндийн салбарт бас харагдаж байгаа. Төрийн албаны Зөвлөлийн салбар зөвлөлөөс 2021-2022 онд 16 удаагийн захиалгаар аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, албадын төрийн захиргааны удирдах ба гүйцэтгэх, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын тусгай шалгалтыг зохион байгуулсан.Төрийн захиргааны удирдах албан тушаалын 21, гүйцэтгэх албан тушаал буюу дэс түшмэл, туслах түшмэлийн 149, Төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагчийн 21 сул орон тоог нөхөх арга хэмжээг аваад байна. 


Мөн манай аймаг 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн орон нутгаас цалинждаг төрийн албан хаагчдийнхаа цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүллээ. Энэ шийдвэр орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдад бодитой шийдвэр болж, алба хаагчид маань гар дээрээ нэг саяас доошгүй төгрөг авч байна. Аймгийн удирдлагын баг ирэх жил цалинг 100 хүртэл хувиар нэмэгдүүлэх гарц гаргалгаа боломжийг хайж байна. Тийм боломж ч харагдаж байгаа. Тиймээс манай аймгийн төрийн албанд зорин ирж ажиллах мэргэжлийн боловсон хүчин олон болох байх гэдэгт итгэл дүүрэн байна. Төрийн албан хаагчдын хувьд цалин бол гол нийгмийн баталгаа нь шүү дээ. Бид өмнөх жилүүдэд ч төрийн албан хаагчдаа дэмжиж 120 айлын орон сууцыг ашиглалтад оруулан урьдчилгаа төлбөр, хүүгүйгээр байртай болгож чадсан сайн жишээ бий. Энэ ажлаа ч үргэлжлүүлэхээр зорьж байгаа. “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын баримт бичгүүдийг өөрийн аймагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ бол чухал ажил. Бүс нутгийн болон хилийн аймгийн хувьд давуу талаа харж хөгжлийн төлөвлөлтөө хийх нь зөв юм. 

-Дөрвөн жилийн циклиэр хөгжлийн бодлого, боловсон хүчин өөрчлөгдөж байдаг. Сэлэнгэ аймгийн хувьд энэ “нүүдэл” ямархуу байна. Төрийн албан хаагчдын гол баримтлах зарчим юу гэж та боддог вэ? 
-Манай аймгийн хувьд төрийн албан хаагчид харьцангуй тогтвортой ажилладаг аймгийн нэг. Аймгийн ихэнх байгууллагад төрийн албаны залгамж чанарыг эрхэмлэж одоогийн яриад байгаа мерит буюу чадахуйн зарчим дээр суурилсан томилгоо явагддаг гэж үнэлэгддэг. Төрийн алба тогтвортой байгаа сайн талтай ч үүний цаана төрийн албанд удсан, дадсан албан хаагчид иргэдэд болон бусдад  “ихэрхсэн” хандлагаар харьцахгүй гэдгийг төрийн албан хаагчид маань өөрсдөө ухамсарлаж харилцаа хандлагаа засаж сайжруулах, мэдлэг чадвараа дээшлүүлэх,  цаг үеийн эрэлт, хэрэгцээг мэдэрч,  нийцэж ажиллах ёстой. 


-Таныхаар төрд ямар хүмүүс ажиллах ёстой вэ?
-Ямар хүмүүсийг төрийн албанд авах вэ гэдэг их чухал асуудал гэж би хувьдаа боддог. Нэг ийм үг байдаг даа, “Хамгийн чадварлаг, шилдэг хүнийг биш харин зөв хүнийг л олох нь чухал” гэж. Цааш нь сургаад, чиглүүлээд, дадлагажуулаад, мэргэшүүлээд авъя гэхэд идэвх зүтгэлтэй, зөв хандлагатай хүмүүсийг сонгох нь чухал. Мэдлэг, чадвартай мөртлөө хандлага буруу байх юм бол багаар ажиллах, байгууллагын дотоод дүрэм журмыг мөрдөх,  удирдах, удирдуулах ёсыг баримталж ажиллахад аль алинд нь хүндрэлтэй. Тиймээс “Зан чанарыг ажилд авч, ур чадварыг эзэмшүүл” гэж яригддаг үгийг баримтлахыг хичээдэг. Зөв  хандлагатай ямар ч хүнд ур чадварыг эзэмшүүлж болдог. 


Төрийн албаны үйл ажиллагааг зарим залуучууд амар хялбараар боддог буруу хандлага түгээмэл байна. Ерөнхий мэдлэг, бичиг үсгийн чадвар шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна. Иймэрхүү шүүмжилмээр зүйлс байдаг. Уг нь төр чаддаг хүнийг авахаас биш чадахгүй хүнийг авч сургадаг газар биш. Тэгэхдээ анх ирэхдээ бүгдийг мэддэг хүн байна гэж юу байхав, наанатай цаанатай хандах хэрэгтэй учир хамгийн гол нь ажил дээрээ илүү их хичээх, маш хурдан дадах, сурах, хуулиа судлах,  багаар ажиллах, хамт олонтойгоо нийтэч байх, аливаа ажлыг эхэлсэн л бол дуусгадаг гүйцэтгэл сайтай байх шалгуурыг хангах нь зүйтэй. Энэ байдал дутмаг байдгаас сургаж, дадлагажуулахад ихээхэн цаг хугацаа орж байна. Тийм ч учраас мэргэшүүлж сургах чиглэлээр аймгаас бодлого баримталж  ажиллаж байгаа. Ялангуяа дутагдалтай байгаа мэргэжлүүд болох хүний эмч, малын эмч, агрономич чиглэлд онцгой анхаарч бодлого шийдвэрээ чиглүүлж байна. 
Хүүхдүүд төгсөж байгаа ч орон нутагтаа ирж ажиллах нь ховор байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс гадаад дотоодын байгууллага, сургуулиудтай  аймгийнхаа хүүхэд, залуучуудыг сургах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар зарим асуудал дээр шийдэлд хүрээд байна. Тухайлбал, ОХУ-ын Буриад Улсын их, дээд сургуулиудад хүүхэд багачууд, оюутан залуусаа сургах, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг магистрт сургах тэтгэлгийг аймгаас олгоод байна. 


-Танай аймаг газар тариалан, аялал жуулчлалд түшиглэн хөгжих боломжтой. Ойрын ирээдүйн хөгжлийн загвараа хэрхэн та бүхэн хэрхэн төлөвлөв. Бодлогын урт хугацааны зураглалыг харвал алс хэтдээ Ардын хувьсгалын өлгий нутаг ямар болж хөгжих бол? 
-Сэлэнгэ аймгийн гол салбар бол хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалан. Их эзэн Чингис хаан, жанжин Д.Сүхбаатар, атрын анхны шан гээд алдар суут хүмүүсийн үйл хэрэг, онцлог үйл явдалтай холбоотой олон арван түүхэн газар нутгууд байна. Дээрээс нь байгалийн үзэсгэлэнт газрууд олонтой. Энэ онцлогоо түшиглэн бүх төрлийн аялал жуучлал хөгжих бүрэн боломжтой. Бидний зүгээс нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор үе шаттай төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

 

САЙН АЖИЛЛАХ, ЭНГИЙН САЙХАН АМЬДРАХ СУУРЬ БОЛ ЗӨВ  ТӨЛӨВЛӨЛТ, ХУВИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ЮМ

-Тантай ярилцсаных асуух зайлшгүй зүйл бол эмэгтэйчүүдийн манлайлал. Дэлхий нийтээрээ шийдвэр гаргах түвшин дэхь эмэгтэйчүүдийн манлайлалд хүчин чармайлт гаргаж байна. Таны туршлагаас харахад эмэгтэйчүүд удирдах албан тушаалд ажиллахад ямар саад бэрхшээл тулгардаг вэ. Ер нь хүмүүсээс ямар хандлага түлхүү ажиглагддаг вэ? 
-Эмэгтэйчүүд бүх салбарт манлайлж ажилладаг ч шийдвэр гаргах түвшинд харьцангуй бага байгаа нь үнэн. Харин сүүлийн жилүүдэд жендэрийн мэдрэмжтэй байдал төр, хувийн хэвшилд аль алинд нь сайжирч байна. Манайхны нэг тогтсон ойлголт бол эмэгтэйчүүд албан ажлаа  ч, гэр орныхоо ажлыг ч зэрэг хийх ёстой гэдэг. Энэ ойлголтын зөрүүгээс болж шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байдаг болов уу гэж хувьдаа боддог. Түүнээс биш манай эмэгтэйчүүдийн мэдлэг, ур чадвар хаана ч гологдохгүй. Эмэгтэй удирдагч байна гэдэг амаргүй. Нөгөөтэйгүүр бас бахархалтай. Ажилд саад бэрхшээл тулгарахгүй байна гэж үгүй. Харин түүнийг хэрхэн яаж даван туулах, өөрийгөө яаж сэргээж бусдаас урам зориг хэрхэн авах вэ гэдэг тухайн хувь хүний хувийн зохион байгуулалтаас шууд хамаарна. Ер нь сайн ажиллах, энгийн сайхан амьдрах гол суурь бол сайн төлөвлөлт, хувийн зохион байгуулалт байдаг. 


-Ер нь дарга гэдгийг нийтээрээ эрэгтэй дүрээр харж хүлээн зөвшөөрч ирсэн соёл, хандлагыг өөрчлөхөд юу хийх хэрэгтэй бол. Магадгүй эмэгтэйчүүд өөрсдөө ямар хичээл зүтгэл гаргах шаардлагатай вэ? 
-Нэг ийм үг байдаг даа “Дарга гэдэг түр зуурынх, хүн байна гэдэг нэг насных” гэж. Энэ үгийг их бодож би ямар хүн байсан тэр л хэвэндээ байх ёстой гэсэн хатуу үзэл баримтлалтай. 


-Сэлэнгэ аймаг шинэ үеийн мэргэжилтнийг удирдах, үр дүнтэй баг бүрдүүлэх, карьер төлөвлөлт, менторын ур чадварыг хөгжүүлэхийн тулд "Төрийн албан хаагчдын менторшип” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм билээ. Энэ талаар тодруулахгүй юу? 
-Тиймээ, манай баг 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөндөө  энэ асуудлыг онцгойлон тусгаж өгсөн. Гол зорилго маань төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын манлайллын ур чадварыг нэмэгдүүлэх, үр дүнтэй баг бүрдүүлэх, карьер төлөвлөлтийг зөв хийх, менторын ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн.  Бид “Төрийн албан хаагчдын менторшип” хөтөлбөрийг  2023 оны зургадугаар сар хүртэл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Менторшип хөтөлбөр маань амжилттай ажиллаж яваа хэн нэгэн хүн өөрийн мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцах, туслах, мэдлэг, мэргэшил, ур чадвараа өвлүүлэх, харилцан суралцах  юм шүү дээ. Үндэсний хэмжээнд бэлтгэгдэн гарсан 197 төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн 60 орчим нь орон нутгаас хамрагдсан ментор, менти нар байгаа. Энэ дотор манай ментор, менти нар ч бий.  Бид “Менторшип” хөтөлбөрийг “Эмэгтэйчүүд-залуучуудын оюуны сан” ТББ-тай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Саяхан сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар болон хэлтэс агентлагийн албан хаагчдаа хөтөлбөрийн багц сургалтад хамруулсан.  Цаашид ч үргэлжлүүлэн сургаж хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлнэ. 


-Хувь хүнтэй салшгүй холбоотой зүйл бол өсөж төрсөн газар нутаг. Та одоо ч бараг Сэлэнгийн унаган иргэн болчихсон байх даа...?
-Миний төрж өссөн газар Хөвсгөл сайхан нутаг. Сэлэнгэдээ ирээд удаж байгаа болохоор одоо ч унаган иргэн болчихлоо доо. Сэлэнгэ, Хөвсгөл бол хоёулаа газар тариалантай аймгууд. Аав, ээж маань Тариалангийн Сангийн аж ахуйд  ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тариа тарьж ургуулж явсан хүмүүс. 
Мэдээж төрж  өссөн нутаг сайхан байлгүй яахав. Сэлэнгэ нутагтаа анх ирчихээд би ч тариа дагаж явах  хувьтай хүн юм байна гэж бодож байлаа. Манай Тариалан сум бол тариа будааны нутаг. Би аав, ээжээсээ өнөр олуулаа. Найман хүүхэдтэй айлын гурав дахь охин.Эмээ дээрээ, жаахан эрхдүү өссөн.  Манайх хүү, охин хоёртой. Нөхөр маань хувийн аж ахуйгаа эрхэлдэг. Жирийн л нэг гэр бүл.
Танай сониноор дамжуулаад Сэлэнгэ сайхан нутагтаа ажиллаж хөдөлмөрлөж яваа түмэн олондоо санаж бодсон үйлс бүхэн нь дэлгэрч, арвай буудай шигээ үржиж явахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Туулай жилдээ эв эеийг эрхэмлэж, аз жаргалтай  сайхан амьдрахыг хүсье. Бас аймгийнхаа нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Март-8”-ны баярын мэнд хүргэж, сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 48 (7033)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин