Багануурын Баатар Д.Дондов

2023-03-06
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

 

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Өглөө сэрээд бодож хэвтлээ. Тэр жил Бүрэнцогтын гүний уурхайд нурангид дарагдаад нас барсан бол өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Доржийн Дондов, түүний гэр бүл, хүүхдүүд гэж байхгүй нээ. Ямар их хувь заяагаар би амьд үлдсэн юм бэ” гэсээр биднийг угтах энэ эрхмийг “Нүүрсний Дондов, Багануурын Дондов” гэж салбарынхан нь нэрлэдэг. 


Тэрбээр “Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн гол дүр. Түүний амьдралын түүхийн багахан хэсгийг энд сийрүүлье. Учир нь туулсан зам бүтээсэн амжилт ихтэй эрхэм билээ.

 

Д.Дондов нь 1947 онд Өвөрхангай аймгийн сант суманд Доржийн тав дахь хүү болон мэндэлжээ. Түүний аав ээж малчин хүмүүс учраас найман нас хүртлээ хонь, хурга хариулан ижий аавдаа туслан малын захад өсчээ. Энэ тухайгаа тэрбээр “Миний санахад би долоон нас хүртлээ гутал өмсөж үзээгүй санагдаж байна. Зун нь хөл нүцгэн гүйгээд өвөл нь гэрээс гарахгүй. Гарвал хотон дотроо ах эгч нартайгаа  “Чоно тарвага” тоглож өнждөг байсан. Тиймээс гутал өмсөх шаардлага гарахгүй. Бид чинь эхээс наймуулаа. Томчууд нь мал маллах ажилд тусална. Харин багачууд бид хотонд тоглож өнжинө” хэмээн бага насаа дурсав. 

Ерөнхийлөгч асан П.Очирбат болон гэр бүлийн найзууд.


1949 онд Өвөрхангай аймгийн Сант сумын ЕБС-д элсэн суралцаж, 1959 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөв. 1960 онд Зөвлөлт холбоот улсын Ленинградын Уул уурхайн их сургуульд “Маркшейдэр” мэргэжлээр элссэн бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай тохой нийлүүлэн таван жил суралцжээ. Оюутан ахуй цагаа Д.Дондов “Бидний үед дүнгээр нь гадаад болон дотоодын их сургуульд хуваарилдаг байсан. Ленинградын их сургууль бол дэлхийн уул уурхайн мэргэжилтнүүдийг асар өндөр түвшинд бэлтгэдэг сургууль. Тэнд маркшейдэр мэргэжлээр анхны Ерөнхийлөгчтэй тохой нийлүүлэн сурч явлаа” гэсэн юм. Мөн Д.Дондов гуай оюутан ахуйгаасаа дэлхийн том уурхайнуудад ажилласан ховор намтартай. 1961 он гэдэг нь Д.Дондовын нэгдүгээр курсээ төгссөн жил. 19-хөн настай монгол хүү Эстоны Сланцын уурхайд газрын гүнд чулуу малтагч, хүрзчин гэсэн орон тоон дээр хагас жил ажиллаж. Харин хоёрдугаар курсээсээ уурхайн захиалгаар мэргэжлийн ажлаа хийгээд эхэлсэн түүхтэй. 


Дэлхийд гэж яригддаг өнгөт ховор металын газрын гүний уурхайд ажиллаж явсан цаг хугацаа Д.Дондовын оюутан жилүүдэд бий. Донбассын нүүрсний далд уурхай, Хойд Осетид Садоны хар тугалганы далд уурхай, Сибирийн алтны уурхай гээд оюутны ширээний араас босоогүй байхдаа дэлхийн том уурхайнуудад ажиллаж байжээ. Ажиллахад хүнд нөхцөлтэй далд уурхайн ажилд оюутан цагаасаа мэргэшинэ гэдэг хэрийн уурхайчны давах даваа биш. Садоны хар тугалга, цайрын уурхай гэхэд л орох гол ам нь далайн түвшнээс дээш 1600 метрт өргөгдсөн боловч уурхайн доод цэг нь далайн түвшнээс 1200 метрийн доор, хүдэр олборлох ажлын байр нь 30 хэмийн халуунтай байж. Ийм орчинд ажиллана гэдэг амар биш. Далд уурхайд хөлсөө дуслуулж явсан монгол оюутны зураг Ленинградын их сургуулийн хүндэт самбарт гарч байсан гэдэг. Гадаад оюутныг анх удаа, тэгж ихээр онцгойлсон түүхийг сонирхоход “Онцоос өөр дүн авдаггүй болохоор л тэгсэн биз. Гэхдээ энэ Ленинградын их сургуулийн хүндэт самбарт тавигдсан анхны бөгөөд сүүлчийн оюутан би байх. Мөн дээрх уурхайнуудад дадлагад гарснаар сургуулиа төгсөөд эх орондоо ирэхдээ ямар ч гүний уурхайд ажиллах бүрэн мэдлэгтэй болсон” гэв. Ангийнхаа 50 оюутнаас ганцаараа улаан дипломтой төгсөж, сурлагаараа цойлохоос гадна дадлага хийлгэхээр томилсон далд уурхайнуудад гайгүй сайн ажиллаад ирснийг нь ч харгалзаа биз ээ. 


Харин түүний эхнэртэйгээ танилцсан түүх бас их сонин. Ленинградын их сургуулийн гуравдугаар курсийн оюутан Д.Дондов налайхын уурхайд дадлага хийхээр ирж. Харин тэр зун түүний эхнэр Б.Батсүх Налайхын ЕБС-ийн наймдугаар ангийг дүүргэн зуны амралтаараа Налайхын уурхайд гэрлийн тасагт гэрэл өгдөг ажил хийж байжээ. Ингээд тэд танилцан хайр сэтгэлтэй болж гурван жил захиагаар харьцаж 1965 онд Д.Дондов төгсөж ирэв. Энэ үед түүний эхнэр Б.Батсүх уул уурхайн баяжуулалтын мэргэжил эзэмшжээ. Ингээд Д.Дондов, Б.Батсүх нар Бүрэнцогтын уурхайгаас амьдралаа эхэлсэн түүхтэй. Тэр үеэс хойш нэгэн жарныг хамтдаа элээн дөрвөн охины аав ээж болжээ. Сонирхуулахад Д.Дондов 1965 онд сургуулиа төгсөөд эх орондоо буцах үед Ленинградын уул уурхайн их сургуулийн Ректор профессор Л.Н.Келль, Маркшейдерийн тэнхимийн эрхлэгч И.Н.Ушаков нарын гарын үсэгтэй албан бичгийг Монгол Улсын аж үйлдвэрийн яамны сайд П.Дамдинд илгээсэн байх юм. Энэхүү албан тоотод “Д.Дондов нь нөр их шаргуу хөдөлмөрлөж сайн сурсныг тэмдэглээд түүнийг үйлдвэрлэл дээр ажиллуулж дадлага туршлага суулгасны дараа эрдэм судлалын ажилд дайчлахыг зөвлөв” гэсэн байх юм. Д.Дондовын ажил амьдралын зам энэ зөвлөмжийн зураглалаар явсан бололтой. 

 

ДАЛД УУРХАЙГААС ИЛ УУРХАЙН ХҮН БОЛСОН НЬ 

Гадны томоохон гүний уурхайнуудад таван жил дараалан дадлага хийж туршлага судалсан  шинэхэн төгсөгч 1965 оны дүн өвлөөр, арванхоёрдугаар сарын 25-нд шуудангийн машины тэвшин дээр суугаад Бүрэнцогтын уурхайг зорьж байж. Хуучин нийгмийн үед төрийн онцгой анхааралд байсан ховор металлын уурхайд анхны монгол маркшейдер инженерээр томилогдож ажилласан нь энэ. Энэ тухай Д.Дондов “Бүрэнцогтын уурхай Намын Төв хороо, Засгийн газрын өдөр тутмын хатуу хяналтад байлаа. Бүтээгдэхүүнийг нь ЗХУ авна. Тэр үед экспортод гардаг уул уурхайн бүтээгдэхүүн дотор вольфрамаас өөр бүтээгдэхүүн бараг байгаагүй. Тийм нөхцөлтэй уурхайд гурван жил ерөнхий маркшейдерээр ажилласан” хэмээн онцолсон удаатай. Гэхдээ түүний ажил мэргэжлийн замнал тийм ч дардан байсангүй. Бүрэнцогтын уурхайд ажиллаад дөнгөж хоёрхон жил болж байхдаа уулын ажлын гологдлыг арилгах үүрэг аваад ажиллаж явахдаа осолджээ. 


240 метрийн гүнд 12 цагийн турш нурангид дарагдсан байна. Энэ тухай “Нурангид дарагдаад сууж байхдаа дахиад нуранги ирэхгүй байгаасай гээд залбираад л сууж байсан. Мөн зөөврийн гэрлийн зай 12 цагийн хугацаатай. 12 цаг болоод унтарна. Амьсгалын аппарат мөн л 12 цаг болоод дуусдаг. Яг л 12 цаг болох үед намайг хойд хөршид хамт сурч байсан ангийн  хоёр аварч аварч байсан. Өнөөдөр өглөө сэрээд бодож байлаа. 1967 онд нурангид дарагдаад нас барсан бол  өнөөдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар Доржийн Дондов, түүний гэр бүл, хүүхдүүд гэж байхгүй байх байсан. Ямар их хувь заяагаар би амьд үлдсэн юм бэ гэж бодож” гээд нүдэндээ нулимстай инээмсэглэсэн юм. Ингээд л өөрийнх нь хэлснээр “Гүний уурхайгаас браклагдаж ил уурхайн хүн болсон” түүхтэй. Нурангиас гарч ирэхэд түүний хөл бүрэн бяцарч 27 насандаа  цэл залуугаараа Сүхбаатар аймагт тахир дутуугийн группэд орсон тухайгаа ч энэ үеэр ярьсан юм. Харин эхнэрийнхээ тухай “Манай эхнэр энэ үед 22 настай байсан. Их хүнд үеийг туулсан. Ер нь далд уурхайд ажилладаг хүний гэргий байна гэдэг их хэцүү. Уурхайчин хүн үхэл амьдралын зааг дээр л ажиллаж байдаг” гэсэн юм. 

Багануурыг байгуулж бие даасан хот болгосон тухай рапортаа тухайн үеийн нам, төрийн удирдагчдад өргөх үе. Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх болон Төв хорооны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл, П.Дамдин нар.


 

ХҮНД ҮЕД МОНГОЛ УЛСЫГ НҮҮРСЭЭР ТАСЛААГҮЙ ОН ЖИЛ
 
Осолд орсноосоо хойш хоёр жил гэртээ суужээ. Энэ үед буюу 1968 онд түүний анхны охин мэндэлжээ. Харин удаах гурван охин нь Багануурын уурхайд ажиллаж байх үед нь төрсөн байна. Тэрбээр осолдсоноосоо хойш хоёр жилийн дараа биеэ тэнхрүүлэн суга таягтай Уул уурхайн яаманд ирэв. Түүнтэй хамт Ленинградын сургуульд тохой нийлүүлэн суралцаж явсан нөхөд нь дотноор угтаж Шарын голын уурхайд ажиллах үүрэг оноожээ. Ингээд 1968 онд суга, гар хоёр таягтай залуу ашиглалтад ороод удаагүй Шарын голын уурхайн ерөнхий маркшейдерээр ажиллаж эхэлжээ. Харин түүний эхнэр Б.Батсүх нөхрийгөө даган тус уурхайн маркшейдрын хэлтэс, захиргааны хэсэгт ажиллав. Тухайн үед Монгол Улсыг нүүрсээр хангадаг уурхайнуудын нэгд тооцогддог Шарын голын уурхайд ерөнхий маркшейдерээр дөрвөн жил, ерөнхий инженерээр дөрвөн жил ажиллав. Тэрбээр Шарын голын уурхайд ажиллаж байх үеэ “Энэ үед Монгол Улсын нүүрсний хэрэгцээ Налайх, Шарын голын уурхай дээр тогтож байлаа. Тухайлбал, Улаанбаатарын цахилгаан станцууд болон Дархан, Сэлэнгийг шарын голын уурхай нүүрсээр хангаж байсан үе. Тиймээс өдөр шөнөгүй ажилладаг. Хүмүүс шинэ жил тэмдэглээд баярлаж байхад бид ажиллаж л байна. Ер нь уурхайчин хүн чинь цасан шуурга, усан бороо, баяр ёслолыг үл ажран ажилладаг” гэв. Чухам эндээс л Д.Дондов гэж уурхайчны амьдрал нүүрстэй холбогдсон юм. Тодруулбал, ойрын овоолгыг байгуулснаар илчит тэрэгний эргэлтийн хугацааг хоёр дахин багасгасан, нүүрс хүлээн авч, ачих задгай агуулах байгуулснаар жилд 200 мянган тонн нүүрс илүү борлуулах боломж бүрдүүлсэн, уурхайн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх техник технологийн үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх эх суурийг тавьсан гэх мэт анхны гэсэн тодотголтой цөөнгүй ажлыг Шарын голын уурхайд хийсэн. Ингээд найман жил ажиллаад байтал уурхайчдад тулгардаг тоосжилтын өвчин буюу слюзоз гэдэг өвчин тусчээ. Гэтэл нэг өдөр эвлэлийн төв хороо, Намын төв хорооноос дуудаж “Чи ЗХУ-д очиж биеэ эмчлүүлж элчин сайдын яаманд ажилла” гэжээ. Энэ талаар “Би ЗХУ-д томилогдон элчин сайдын хоёрдугаар нарийн бичгийн дарга хийж байлаа. Энэ үед ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров зэрэг оюутан залуус ЗХУ-д суралцаж байсан. Тэдний асуудлыг  би шийддэг байсан” гэлээ. 

 

 

БАГАНУУР ХОТЫГ БАЙГУУЛСАН НЬ

 

1979 онд намын төв хорооны дарга Г.Дамдин Д.Дондовыг эргүүлэн татах шийдвэрийг гаргаж мэргэжлийн ажлыг нь хийлгэхээр болжээ. Ингээд түүнийг Багануурын уурхайн дарга албан тушаалд томилов. Улаанбаатарчуудыг эрчим хүч, дулаанаар хангадаг станцуудын нүүрсийг нийлүүлдэг Багануурын уурхай, Багануур хотын бүтээн байгуулалт тухайн үед дөнгөж эхлэж байв. 1979 оны аравдугаар сард түүнийг Багануурын уурхайн даргаар ирэхэд жилдээ 170 мянган тонн нүүрс олборлодог байв. Харин Д.Дондов 12 жил ажиллахдаа  зургаан сая тонн нүүрс бэлтгэн гаргадаг болтол өргөжүүлсэн юм. Багануурын хөндийд бүтээн байгуулалт эхэлсэн жил томилогдож очигсдоос уурхайнхаа түүхэнд тод бичигдэж үлдсэн хүмүүсийн нэг нь Д.Дондов. Түүний намтарт Багануурын уурхайн анхны дарга гэсэн тодотгол дурайдаг. Тухайн үед Багануурын уурхай Багануур хотын бүтээн байгуулалтын бүх л ажлыг уурхай хүлээн авч байсан түүхтэй.  Тэрээр дүүргийн бүх объектыг хүлээж авах Монголын хэсгийн даргаар ажиллаж байв. Багануурын уурхайн иж бүрэн цогцолбор, Багануур хотын бүтээн байгуулалтыг анхны гадас хатгахаас дуустал нь удирдсан энэ эрхэм цахилгаан хөдөлгүүрийн засварын үйлдвэрийг Монголд анх удаа санаачилж ажиллуулж байж. Мөн экскаваторын жижиг, том бүх л хөдөлгүүрийг хойд хөршид засуулдаг байсныг Монголдоо хийж эхэлсэн нь Багануурын уурхайн хувьд том дэвшил болсон гэж энэ салбарынхан өнөө ч ойр зуураа олзуурхан ярьцгаадаг. Түүний санаачлан хөөцөлдөж ажил болгосон Орос-Монголын хамтарсан “Цахим” үйлдвэрт Монголын уул уурхайн бүх үйлдвэрүүдээс гадна Улаанбаатар төмөр замын төрөл бүрийн хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүрийг засварлаж эхэлсэн. Энэ үйлдвэр өдгөө жилдээ 2000 гаруй хөдөлгүүр засварлаж, тэрбумуудаар үнэлэгдэх засварын ажил хийдэг. Улаанбаатарыг цахилгаан, дулаанаар таслахгүйн тулд нүүрсээр зай чөлөөгүй нийлүүлэх ёстой гэсэн даалгавар авсан Багануурын уурхайн эхний жилүүд хэрхэн өнгөрснийг сийрүүлье. 

Намын төв хорооны нарийн бичгийн дарга Б.Дэжид, төлөөлөгч нарт уурхайн ажлаа танилцуулав.


1979-1992 он хүртэл Багануурт баригдсан бүх барилга байгууламжийн хүлээж авах акт дээр Д.Дондовын гарын үсэг байдаг аж. Гэхдээ нэг сонин зүйл нь тухайн үеийн Багануурын бүтээн байгуулалтын ямар ч ажлыг зөвхөн Д.Дондов гарын үсэг зурсан тохиолдолд хүлээн авдаг байж. Энэ тухай Д.Дондов “Намайг Багануурын даргаар очсон байх үед Улсын комиссын дарга нь Д.Майдар байлаа. Тэрбээр ямар нэгэн зүйл хүлээж авах бол “Уурхайн дарга Д.Дондов нь гарын үсгээ зурсан байна уу. Зурсан бол улсын комисс хүлээж ав” гэдэг байсан. Гэхдээ тухайн үед надад нэг том завшаан тохиосон. 1979 онд Багануурын дарга болж очиход төмөр зам, цахилгаан эрчин хүч байгуулах, орон сууц, дулааны станц, уурхай барих гээд олон асуудал байсан. Гэхдээ энэ бүгд Багануурын уурхай гэсэн том гэрээгээр хийгдэж байлаа. Гэхдээ энэ бүгдийг удирдаж зохицуулах, зохион байгуулах бүрэн эрхийг ганцхан надад олгосон. Тодруулбал, П.Очирбат сайд байсан бөгөөд нэг том хурал дээр Д.Дондов Багануурын уурхайд томилогдсон. Түүнд бүх зүйлийг хариуцууллаа. Над руу, яам руу хэл ам, хов жив битгий явуулж байгаарай гэсэн шийдвэрийг гаргасан. Ингээд зөвлөлтийн удирдлагууд зөвхөн над руу ханддаг болсон. Энэ нь ажил хийхэд амар байсан. Төр засаг ч дээрээс сайн дэмжиж өгсөн” гэсэн юм. 
ЗХУ-ын 17 барилгын компани Багануурын барилгыг барьжээ. Тэд бүгд Д.Дондовтой л харьцдаг байж. Энэ нь ажил шуурхай бүтэх нөхцөл болохоос гадна асуудал үүсэхгүй болжээ. Д.Дондовынх гэдэг айл Москвагаас Багануурт нүүж очиход барилгын ажил эхэлсэн байх бөгөөд тэд анхны монгол айл болж байжээ. Дондов энэ тухайгаа “Тухайн үед Зөвлөлтийн барилгын 2000 хүн Монголын барилгын 1000 төмөр замын барилгын хүмүүс намайг угтсан. Ингээд би гэдэг хүн уурхайн ажилчдыг бэлтгэх гэж том ажилтай нүүр тулсан. 1981 онд Улаанбаатар хотын 52 дугаар сургууль, Дундговийн 10 жилийн сургууль, Ардын цэрэг, шоронгоос суллагдсан иргэд зэргээс илгээлтээр ажиллах хүчээ бэлтгэсэн. Гэтэл тэднийг хэрхэн мэргэшүүлэх вэ гэдэг асуудал тулгарсан. Бэлтгэсэн ажиллах хүчнийхээ заримыг нь ЗХУ-д сургана. Мөн нэг хэсгийг нь уурхай дээрээ кабинет байгуулан сургаж, үлдсэн хэсгийг нь Зөвлөлтийн байгууллагын багш нарт шавиар оруулан бэлтгэж байлаа. Ингэж л гагнуурчин, экскаваторчин, будагчин, токарьчин зэрэг уурхайн мэргэжилтнүүдийг бэлтгэсэн ” гэв. Зөвлөлтийн барилгыг Д.Дондов хүлээж аван илгээлтээр ирсэн иргэдээ байранд оруулж явсан цаг саяхан. Тэгвэл тэднийг ажиллуулахаас гадна соён гэгээрүүлж, хөгжөөх ажил түүнд тулгарчээ. Тэрбээр энэ тухай “Илгээлтээр ирсэн залуус маань нэг л уйтгартай байгаад болдоггүй. Тэгэхээр нь цахилгаан хөгжим аваад орой болгон үдэшлэг явуулдаг боллоо. Түүнд залуучууд маань ч их дуртай байв. Гэтэл хэсэг хугацааны дараа охид маань ихэнх нь жирэмсэн болсон байлаа. Ингэхээр нь жирэмсэн эмэгтэйчүүдээ мод усалж арчлах ажилд томилов. Мод ч сайхан ургаж хүүхэд ч өсөөд хоёр жилийн дараагаас өөр өөрсдийн ажилдаа орцгоосон. Ингэж л хотын анхны хүүхдүүд төрж, гэр бүл болцгоож байсан” гэсэн юм. Мөн хамгийн сонирхолтой нь тухайн үед Дундговийн 10 жилийн сургуулиас дөрвөн ангийн 81 хүүхдийг илгээлтээр авчирч байсан бөгөөд түүний дотор н.Мөнхбаяр, н.Отгонбаяр гэж хоёр хүү байжээ. Тэд одоо Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болжээ. Д.Дондов 12 жил ажиллаад 15 мянган хүн амтай хот хүлээлгэж өгч байсан бол одоо Багануур 30 мянган хүнтэй болжээ. 

 

МАРКШЕЙДЭР МЭРГЭЖЛИЙГ МОНГОЛД НУТАГШУУЛЖЭЭ

Багануурын уурхайд 12 жил ажиллахдаа зургаан сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай үйлдвэрийг хүлээлгэн өгч “Түлш эрчим хүчний” дэд сайдын албанд томилогдож байв. Хоёр жил сайдаар ажиллаад ШУТИС-д уригдан өнөөдрийг хүртэл маркшейдэр мэргэжлээр 540 гаруй хүнийг бэлтгэн гаргажээ. Уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлдэх нүсэр ажлын хажуугаар Улаанбаатар дахь Багануурын уурхайн төлөөлөгчийн газрын дарга, Багануурын нүүрсний уурхайн харъяа Орос, Монголын экскаваторын цахилгаан хөдөлгүүр засварын “Цахим” ХК-ийн ерөнхий захирал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нүүрсний газрын үйлдвэр техникийн хэлтсийн дарга зэрэг ажлын хавсран хийж байж. Харин түүний мэргэжлийг гурав дахь охин Д.Эрдэнэтунгалаг нь өвлөсөн бол түүний зээ хүү Ажнай, Оюутолгой компанид ажиллаж ажээ.  


Тэрээр 10 гаруй сурах бичиг, 200 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны ажил туурвин хэвлэн нийтлүүлжээ. 
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн ухааны доктор, ШУТИС-ийн хүндэт профессор, зөвлөх инженер Д.Дондов нь төр түшилцэх, ШУТИС-д уул уурхайн инженер маркшейдерийн мэргэжилтэн бэлдэх суурийг тавихаас гадна  гурван удаа салбарын яамны сайдын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан арвин баялаг түүхтэй эрхэм юм. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 47 (7032)

Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

1 цаг 40 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

8 цаг 38 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

8 цаг 38 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

8 цаг 38 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

19 цаг 43 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин