Т.САЙХАН
ХVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан Туулай жилийн сар шинийн угтан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар дэвшүүлсэн мэндчилгээндээ юу онцолсныг хүргэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Монголчууд бид цар тахлын хүнд үеийг даван туулж, хил боомт нээгдэж, худалдаа, хөрөнгө оруулалт сэргэж, гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, унаж байсан эдийн засаг 4.5 хувиар өсөж, цар тахлын өмнөх түвшиндээ хүрсэн сайхан мэдээг сар шинийн баярын энэ өдөр ард түмэндээ дуулгахад таатай байна.
Түүнчлэн хөгжил дэвшлийн төмөр судас болсон стратегийн өндөр ач холбогдол бүхий “Тавантолгой-Гашуунсухайт”, “Тавантолгой-Зүүнбаян”, “Зүүнбаян-Ханги” болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн нийт 900 гаруй км урт төмөр замыг манай Зэвсэгт хүчин, үндэсний 500 гаруй аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид, 10,000 гаруй инженер, техникийн ажилчин, төмөр замчид, монгол залуусын маань ур ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн түүхэн бүтээн байгуулалтыг хийж чадлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Үндсэн хуульдаа 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийг үр дүнд хүргэж, эрх зүйн шинэтгэлийг тууштай, эрчимтэй гүйцэтгэж эрчимжүүлэх нь Туулай жилийн зорилт байх болно. УИХ улс төр, эдийн засаг, нийгмийн чиглэлээр 9 багц хууль, нэг бодлогын цогц арга хэмжээг багтаасан 10 реформ, шинэчлэлийг хийх зорилгыг дэвшүүлээд байна. Эдгээрийн Монголын ард түмэн хамтаараа үзэл бодлыг хүндэтгэж, ард түмний засаглах эрхийг хангах зарчмаар амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Шударга нийгэм, хариуцлагатай төр, чинээлэг иргэн бүхий улсыг цогцлоох Монголоо сэргээн мандуулах та бидний хамтын хичээл зүтгэл сайн сайханд хүргэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Бидний хамтын хүч дээдсээс өвлүүлсэн хийморь, золбоо, ирээдүйн сайн сайханд итгэх бат итгэл маань хөгжил дэвшилийн хүрдийг нар зөв эргүүлж, Монгол түмний өнийн баяр жаргалыг цогцлоох болтугай.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Улирах өвлийг өнөтэй давж, урин хаврыг угтан бэлгэдэж, азай буурлуудынхаа амар мэндийг айлтган золгохоор алд цэнхэр хадгаа барьж, ахан дүүсээрээ хуран цугласан эрхэм Монголчууд Та бүхэндээ Арван долдугаар жарны Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор үеийн үед шүтэж, үрийн үрд тахих Их Монгол гүрний сүлд их уул Бурхан Халдун хайрханы ивээлд Монгол түмний минь Цагаан сар дэлгэр амгалан, тэгш дүүрэн болж, Монгол зон олон минь сайхан шинэлээрэй!
Эх сурвалж:www.polit.mn