П.АМГАЛАНБАЯР
Монгол түмэн “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилтэйгээ учран золгох гэж буй. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өв соёл” буландаа "Самъяа" хийдийн гэвш лам С.Билэгсайханыг урьж, сар шинийн өнгө төрх, засал номын талаар ярилцлаа. Тэрбээр “Нүүдэлчин уламжлалаас улбаалсан монголчуудын тэмдэглэлт баярын нэг бол цагаан сар юм. Цагаан сарыг уламжлалт баяр болгон тэмдэглэдэг нь шинэ оныг өнтэй давж, урин дулаан цаг ирж малчны гэрт төлийн дуу цангинасан баяр хөөртэй шинэ хаврын улирал эхэлснийг ерөөж буй. Мөн цагаан сарын баяр бол ах дүүтэйгээ уулздаг, энх мэндийн баяр” хэмээн онцоллоо.
-Монголчууд шинийн 15-нд багтааж заслаа хийлгэх ёстой гэдэг. Бурхны номонд ийм ёс бий юу?
-Шинийн 15-нд багтааж заслаа хийлгэх ёстой гэдэг нь нэг талаараа өрөөсгөл үзэл юм. Үүнийг ярихын тулд нэгэн түүх сөхье. 2500 жилийн өмнө гэгээрсэн түүхэн Шагжа омгийн хааны хүү Сэрдхарта зургаан жил номлол сахиж гэгээрлийг олоод 45 хоногийн дараа үг хэлэхдээ хорвоогийн дөрвөн үнэнг айлтгасан байдаг. Тэрбээр Зовлон үнэн
Зовлонгийн шалтгаан үнэн
Зовлонгийн шалтгаанаас ангижрах нь үнэн
Зовлонгийн шалтгаанаас ангижрах зам мөр нь үнэн...хэмээсэн. Ийнхүү Сэрдхартаг гэгээрэл олсны дараа шашны өөр урсгалын дээдэс багш, гэгээрсэн хувилгаад түүнтэй 15 хоног ном хаялцсан байдаг. Тэд Сэрдхартаг төгс гэгээрсэн, өндөр боловсролтой, мэдлэгтэй хүн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс түүнтэй ном хаялцсан 15 хоногийг буддын ёсны лам хуврагууд уламжлалт шашны тэмдэглэлт баярын өдөр болгосон. Энэ өдрүүдэд буян үйлдэх, зөв үйл хийх , цагаан хоол идэх нь буян үйлдэж ирсэн. Энэхүү уламжлал Монголд нэвтэрсэн. Харин сүүлийн үед монгол хүний сэтгэхүй, амьдралыг үзэх үзлээс шалтгаалж аливаа зүйлийг өмчлөх, өөрийн болгох гэсэн буруу үзэл нь энэ уламжлалыг өөр чиг хандлагатай болгосон. Жишээлбэл, буян үйлдэх тэмдэглэлт 15 хоногийг засал номын өдрүүд гэж боддог. Шинийн 15-нд заслаа хийлгээд амжчихвал миний хийлгэсэн засал нэг дахин үржинэ, сайн сайхан явах юм байна гэж боддог. Тиймээс заслаа шинийн 15-наас хойш хийлгэсэн ч болно. Оройтохгүйгээр тухайн жилдээ багтааж хийлгэх ёстой.
-Тухайн жилд заавал засал хийлгэх онцгойлох жил гэж байдаг. Ургаж буй усан туулай жилийн хувьд ямар жилтэй хүмүүс онцгойлон засал хийлгэх ёстой вэ?
-Их, бага харш жил нь гарч байгаа хүмүүс онцгойлох засал хийлгэдэг. Энэ жил туулай жилтэн их харш. Мөн морь, хулгана жилтэй хүмүүс бага харшийн засал хийлгэнэ. Харин 19, 28, 37, 46, 55, 63, 73, 81 насныхны мэнгэ голлосон учраас онцгойлох засалтай. Мөн 1991 оныхон 33-ны мөчлөг орж байгаа учраас тусгайлсан засал гэхээс илүү ээждээ бэлэг барьж баярлуулдаг дом бий.
-33-ны мөчлөг гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Хүмүүн эхийн сүүг амалснаас хойш 33-ны жил дээрээ явдал саарах, бие өвчин ороох, сүлд хийморь доройтдог. Тиймээс эхийн ариун сэтгэл, сүүгээр засах дом байдаг. Энэ нь буддын шашны ёс гэхээс илүү монгол уламжлал юм. Мөн ээжээрээ хөнжлийн даавуунд өлгийдүүлээд, дал, хүзүү хувааж иддэг. Энэ нь эх үрийн үндэс угсаа тасардаггүй гэдгийг хүзүү, дал мөлжиж буйгаар нь эхэс дээдэс ижий ааваа хүндэлж буй ёс юм.
-Монголчууд сар шинийн өдрүүдэд олон зан үйл хийдэг уламжлалтай. Битүүний орой хийморийн дарцаг хийсгэдэг нь ямар шалтгаантай юм бол?
-Хийморийн дарцаг хийсгэх нь хий зүйл дээр агаарт морь давхиж байна гэсэн утгатай. Орчин цагийн хэллэгээр хийморь сүлд гэдэг нь хүний дотоод гал юм. Тиймээс өөрийн дотоод гал, гэрлэн бүрхүүлээ сэргээж, зөв энергийг хурааж байна гэсэн үг. Хийморь сэргээх, хийморийн дарцаг хийсгэх нь үүнтэй холбоотой. Хүнд дөрвөн сайн, муу зүг гэж бий. Дөрвөн сайн зүгт эм тан залах, ажил үйлс хөөцөлдөх, алс замд гарах, буян хишиг арвижуулах багтана. Харин дөрвөн муу зүгээс ирэх хэл ам, зүүд нойр, зохихгүй идээ ундаа, эд зүйлээс хүний гэрлэн бүрхүүл гэмтэж, хийморь сүлд доройтдог. Тиймээс хийморийн дарцгийг битүүний орой хийсгэж амжихгүй бол шинийн 1-нд хийсгэж болно.
Мөн шинийн 2, 15-ны сарыг харж шинжих ёс байна. Сар хүрээлсэн байвал хавар сэрүүн цас шороон шуургатай байна хэмээн шинждэг. Харин сар их гэрэлтвэл сэрүүвтэр байх, тунгалаг байвал зун хур бороо, өвс ногоо элбэг байна хэмээдэг.
-Шинийн 1-ний өглөө мөрөө гаргаж, тухайн жилийнхээ зам мөрийг засдаг. Хүн бүр мөр гаргах ёстой юу?
-Мөр гаргах гэдэг нь шинэ оныхоо зөв, сайн алхмыг эхлүүлж байгаа домыг хэлж байгаа юм. Хүн бүр мөр гаргах шаардлагагүй. Өрхийн тэргүүн төлөөлөөд мөр гаргаж болно.
-Хүмүүний сүсэг бишрэл гэдэг бурхны номын сайн үрийг хүртэх нэг хөшүүрэг болов уу?
-Сүсэг бишрэлийн тухай ярихад Бурхан багшийг ярих учиртай. Буддад нэг хүн “Би таны шашинд дагаар оръё. Шавь орж сүсэглэж биширье” хэмээсэн байдаг. Тэгэхэд Будда “Та миний шашинд дагаар орж сүсэглэж биширч болно. Гэхдээ тунгаамал алтыг гурав шалгаж шинжээрэй. Үүний дараа миний шашинд дагаар ороорой” гэжээ. Будда тунгаамал аргыг шинжих гурван аргыг айлдахдаа “Нэгдүгээрт, шижир алтыг эхлээд хайлуулж үзэхэд нэг ч төмрийн хэлтэрхий гарахгүй шаргалаараа байвал үнэхээр тунгаамал алт мөн болно. Хоёрдугаарт, дундуур нь зүсэж үзэхэд ямар ч өө сэвгүй байна. Гуравдугарт, өөрт эдлэл болгоод зүүгээд үз. Хэрэв үнэхээр шижир алт мөн бол минийшашинд сүсэн биширч дагаар ороорой” хэмээжээ. Сүсэг бишрэл бол танин мэдэх ухаанаас үүсэлтэй. Мөн сүсэг бишрэл хүний сэтгэлээс үүснэ. Тухайн зүйлээ таньж мэдэж ухаарсан учраас хүндэлж дээдэлж оюун сэтгэлийг даатгаж, биширнэ гэсэн үг.
Буддын философи номлолууд нь монгол ахуйтай ойролцоо байдаг. Түүнчлэн сэтгэлийг танин барих ухаан, сэтгэл судлахуй буюу буддын философи логик гэсэн бие даасан салбар бий. Хүн уурлаж бухимдахад хий, шар, бадгана бий болж элэг дэлүү, бөөр, ходоод, зүрх өвддөг гэж үздэг. Тиймээс хүмүүний сэтгэлээс бүх зүйл үүдэлтэй хэмээн бурхны номонд айлдаж буй. Сэтгэл ариун байвал бүх зүйл сайхан болно гэж бодох хэрэгтэй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 40 (7025)