Хөгжлийн банкны шүүх хурал өмгөөлөгчийн хүсэлтээр хаалттай үргэлжлэв

2023-02-16
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

Нийслэлийн Прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны гэх 260 орчим оролцогчтой, 490 гаруй хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэгдүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн. Ийн “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд 09:00 цагт эхлэхээр товлосон ч зарим оролцогч ирээгүй гэсэн шалтгаанаар 10:00 цагт эхлэв. 


Яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд хамаарах тус шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалан явуулав. Дөрвөн өмгөөлөгч хуралдааныг хойшлуулах санал гаргасан ч даргалагч шүүгч тус саналыг хүлээн авахаас татгалзсан. Энэ талаар даргалагч шүүгч Ж.Болдбаатар “Нэр бүхий өмгөөлөгчид гадаадад томилолтоор, эрүүл мэндийн шалтгаантай гэсэн шалтгаанаар хуралдааныг хойшлуулах хүсэлтээ бичгээр өгсөн. Гэхдээ шалтгаанаа тодорхой, үндэслэлтэй дурдаагүй учир 3-4 оролцогчоос болж шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй” гэж ярив. Түүний энэ саналыг өмгөөлөгчид зөвшөөрөхгүй маргалдлаа. Прокурорын зүгээс шүүх даргалагч дэгийг тогтоох эрх нь хуулинд бий учир шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан ч өмгөөлөгчид зөвшөөрөөгүй учир санал хураав. Шүүх хуралдаан эхлээд урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах эсэх, санал дүгнэлт гаргах хугацаан дээр цаг орчим маргалдсаны эцэст шүүгчид зөвлөлдлөө. Ийн санал дүгнэлт хэлэх  хугацааг сунгасан ч өмгөөлөгчид эсэргүүцсэн учир тэдний саналыг цаасаар авахаар боллоо. Санал хураалтаар урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон 15 өмгөөлөгчөөс 14 нь даргалагч шүүгчээс татгалзах санал гаргаснаар хуралдаан 13:30 цаг хүртэл завсарласан юм. Ийн 14:00 цагт урьдчилсан хэлэлцүүлэг дахин эхэлсэн ч хувь хүний нууцтай холбоотой учир хаалттай явуулах саналыг өмгөөлөгчид гаргалаа.
Тухайлбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг  “Нууц хаагаад байх зүйл байхгүй ч хувь хүний нууцтай холбоотой учир шүүн таслах ажиллагааг хаалттай явуулья. Хуулинд ч ийм заалт бий. Телевизүүд бичлэг хийгээд цацаж байна. Өдөр нь шүүх хуралд суугаад орой нь шүүлгэмээргүй байна. Тиймээс хаалттай явуулах санал гаргаж байна” гэв.


Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой төрийн нууц, хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой зүйлийг энэ удаа хэлэлцэх учир өмгөөлөгчийн саналыг дэмжиж байгаагаа прокурор илэрхийлсэн юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4.2-д төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааныг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хаалттай явуулахаар заасан байдаг. Ийн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулах саналыг дэмжсэнээр шүүх хурлын танхимаас сэтгүүлчдийг гаргасан юм.
Энэ урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарын гэм буруугийн асуудал, эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй. Харин яллагдагч болон өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангуулах ажлыг хэлэлцэнэ гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлж байв. Гэсэн ч хэвлэлд нээлттэй үргэлжлэх хугацаанд урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулахаас өөр шийдвэрийг гаргаагүй юм.

 

22 ЯЛЛАГДАГЧ, 34 ӨМГӨӨЛӨГЧ УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ИРСЭНГҮЙ

 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч 80, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15 нийт 257 хэргийн оролцогч оролцохоор байв. Гэвч 58 яллагдагч, 72 өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14 нийт 98 оролцогч болон ажиглагчаар 15 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч оролцсон юм. Үүнээс харвал 22 яллагдагч, 34 өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэгт ирсэнгүй. Тиймээс “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт холбогдсон УИХ-ын зарим гишүүн яагаад ирээгүй, яллагдагч ирээгүй байхад яаж хэргийг шилжүүлэх талаар нэгэн өмгөөлөгч асуухад даргалагч шүүгч Ж.Болдбаатар “Урьдчилсан хэлэлцүүлэгт орох эсэх нь яллагдагчийн эрх, үүрэг. Тиймээс өөрөө хүсвэл оролцохгүй байх боломжтой” гэж хариулав.
Шүүх хуралдаан болох байрыг цагдаагийн хамгаалалтад авсантай холбоотойгоор автомашин орохыг хоригложээ.Улаанбаатар чуулгын байрны гадаанаас эхлээд дотор талд, хуралдааны танхимд тус бүр нэг газар 4-5 цагдаа хамгаалалтад гарсан байв.


Дотогш ороход сэтгүүлчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг үлээлгэн шалгаж, нэгжиж, баталгааны хуудас дээр гарын үсэг зуруулж орууллаа. Үзэг, дэвтэр хоёроос өөр зүйл буюу гар утас, дуу хураагуур хуралдааны үеэр  ашиглахыг хориглохоос гадна зураглаачдыг шүүхийн танхим руу оруулаагүй.  Зураглаач, зурагчид танхимын гаднах дэлгэцээс эхлэл болон төгсгөл хэсгийн дүрсийг авах нөхцлийг бүрдүүлжээ. Баталгааны хуудас дээр гарын үсэг зурсан учир сэтгүүлчид хуралдааны үеэр гар утас ашиглан бичлэг хийвэл Зөрчлийн хуулиар торгуулна гэдгийг ШЕЗ-ийн ажилтан бидэнд сануулав. Шүүх хуралдааны танхимд дэг сахиулах, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан хувь хүний хязгаарлалттай мэдээллийн тухай зохицуулалттай холбоотойгоор дээрх зохицуулалтыг хийжээ.
Шүүх хуралдааны оролцогчид санал дүгнэлтээ хэлэх хугацаан дээр өмгөөлөгчид болон хуралдаан даргалагч нар маргалдлаа. Даргалагч шүүгч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар оролцогчид эхний санал дүгнэлтээ долоон минут, хоёр дахь санал дүгнэлтээ дөрвөн минутад багтаан хэлэх санал гаргав.Үүнийг өмгөөлөгчид эсэргүүцэж, хангалттай хугацаа биш хэмээн үзлээ.

Өмгөөлөгчдийн төлөөлөл 80 гаруй хуудас материалыг долоон минутад багтаан танилцуулах боломжгүй, өмгөөлөгчдийн үг хэлэх цагийг хязгаарлах нь өмгөөлөх эрхээ үзүүлж чадахгүйд хүргэж байна гэсэн саналыг хэлсэн юм.Тиймээс шүүгчид зөвлөлдсөний дараа эхний санал дүгнэлтийг 10 минут, сүүлийн санал дүгнэлтийг таван минут байхаар шийдвэрлэлээ.


100-аас олон оролцогчтой шүүх хурал хийх танхим манай улсад байдаггүй нь нэг тулгамдсан асуудал юм байна. Тиймээс анх удаа Улаанбаатар чуулгын танхимд урьдчилсан хэлэлцүүлэг хийлээ. Гэсэн ч сандал, ширээ нь хүрэлцэхгүй байна гэсэн шүүмжлэлийг өмгөөлөгчид хэлэв. Мөн өмгөөлөгч н.Нямдорж “Шүүх хурал эхнээсээ шударга байх ёстой. Гэтэл нөлөөлөлд автсан мэт эргэлзээ төрүүлж байна. Ер нь 500 хуудас хавтаст хэргийг 14 хоногт уншаад урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох боломжгүй” гэсэн юм. Ийн хамгийн олон оролцогчтой буюу 80 яллагчтай шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг “эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдсон Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалагийн саналаар хаалттай, “хаалганы цаана” үргэлжилсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 39 (7024)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22