Б.Дамдин-Очир
Манай улс дахь хавдрын өвчлөлт, тархалтын талаар айдас хүрэм тоо, баримт сонсогддог. Яг одоо ХСҮТ-д байгаа судалгаанаас харахад “...Монгол Улс хорт хавдрын нас баралт, элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж байна”, “...Хорт хавдрын өвчлөл жилд дунджаар 6000 бүртгэгдэж байна”, “...Элэгний хорт хавдар 100 мянган эрэгтэй тутамд 68, эмэгтэй тутамд 52 тохиолдол байна”, “...Хорт хавдрын шалтгаант 4600 нас баралтын 55.6 хувь нь эрэгтэйчүүд байна” гээд л үргэлжилж байна.
Тэгвэл манай хавдартай тэмцэх үндэсний ганц төв буюу ХСҮТ-тэй холбоотой эмх замбараагүй гэмээр явдлууд тасардаггүй. Хамгийн их яригддаг нь “...ХСҮТ ачаалал ихтэй”, “..Байр савны багтаамж муу”, “...Зарим оношлогоо шинжилгээг өөрсдөө хийдэггүй, тоног төхөөрөмж байхгүй, хувийн эмнэлэг хийлгээд ир гэж явуулдаг” гэсэн шүүмж байнга гардаг.
Хэд хоногийн өмнө, 2023 оны хоёрдугаар сарын 9-нд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “...Тус төвийн Магадлан итгэмжлэлийн алба сар бүр төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдлийн мэдээг хүлээн авч нэгтгэн, ЭМЯ-нд хүргүүлэн, бодлого боловсруулагчдыг мэдээллээр хангадаг. Тусламж, үйлчилгээний хүлээгдлийн мэдээг амбулаторийн эмчийн үзлэгийн, оношлогооны кабинетын, лабораторийн шинжилгээний, хэвтүүлэн эмчлэх тасгийн гэсэн дөрвөн төрлөөр авдаг.
2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар ХСҮТ хамгийн их ачаалалтай ажиллаж байна. ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс засал, Хими эмчилгээ, Ерөнхий мэс засал, Толгой, хүзүүний мэс заслын амбулаторийн тусламж, үйлчилгээ, Компьютер томографийн оношлогоо болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ сүүлийн таван сарын турш маш их хүлээгдэлтэй байлаа” гэсэн дүгнэлтийг танилцуулжээ.
Уг нь ачаалал, оношлогооноос үүсдэг чирэгдлийг 100 хувь биш ч багагүй хэмжээгээр бууруулаад шийдчих боломж ХСҮТ-д өөрт нь байгаа юм.
Тодруулбал, энэ төвийн удирдлагууд яагаад ч юм, эмнэлгийнхээ багагүй хэсгийг хувийн эмнэлэгт түрээслүүлдэг. Түрээслэдэг нь “Мед портал” гэдэг хувийн эмнэлэг байдаг. Ингээд дөрвөн жилийн нүүр үзэж байна. Гэрээн дээр нь 190 мкв гэдэг ч хэмжээд үзвэл үүнээс том талбай болно гэдэг. “Мед портал” эмнэлэг MRI, CT-аар оношлогоо шинжилгээ хийдэг. MRI буюу соронзон үелзүүрт томографын шинжилгээг ХСҮТ хийх боломжгүй тул эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг юм байна. Харин ХСҮТ-д CT буюу компьютерт томографаар оношлогоо шинжилгээ хийх боломжтой учраас “Медпортал”-д энэ төрлийн оношлогоог хийлгэх үйлчлүүлэгч бүх төлбөрөө хувиасаа гаргадаг.
Гэхдээ тус төвд одоо хийхгүй байгаа гэх шинжилгээний тоног төхөөрөмжийг ЭМЯ-наас төсөл хөтөлбөр, төсөв зардалдаа тусгаж байгаад шийдчих боломжтой аж. Үүнийг өмнөх долоо хоногт ХСҮТ-д ажилласан Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тодорхой хэлсэн. Тэрбээр “...Эхний ээлжинд Австрийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй 10 сая ам.долларын төслийн хүрээнд ХСҮТ-д нэн шаардлагатай MRI, компьютерт томограф, ангиограф зэрэг дөрвөн төрлийн тоног төхөөрөмжийг шийдэж өгье. Бусад тоног төхөөрөмжийг шат дараатайгаар шийдэх боломжтой” гэсэн.
Түүнчлэн “...Төр тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэж өгнө. Хавдрын урдаа барьдаг ганц төв маань оношлогоо шинжилгээгээ өөрөө хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлээд явах нь зүйд нийцнэ. Тэгэхээр ХСҮТ-ийн амбулатори дотор үйл ажиллагаа явуулдаг “Мед портал” хувийн эмнэлэгтэй гэрээгээ цуцалж, зай талбайгаа чөлөөлж ав” гэдэг үүргийг ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүд өгсөн.
Ер нь бол “Мед портал” эмнэлгийн хувьд түрээслэж эхэлсэн цагаасаа л хэл ам таталсан. Аж ахуйн тооцоо, янз бүрийн яригддаг зүйлүүдийг хойш тавьж болоход эрүүл мэндийн байгууллага, тэр дундаа эмнэлэгт тавигддаг шаардлагууд дээр ойччих гээд байдаг. Тухайлбал, 2020 оны хоёрдугаар сарын 17-нд НМХГ-аас “...”Мед портал” ХХК-ийн эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын цацрагийн аюулгүй ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Үүгээр рентген аппаратын цацрагийн аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг хэрхэн арилгах талаар улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа” гэсэн мэдээллийг гаргаж байв.
Энэ хэл ам дагуулдаг “Мед портал” эмнэлгийг улстөрчид, эмч нартай холбодог. Гэхдээ улсын бүртгэлд байгаа мэдээллээр “Мед портал” ХХК нь 2018 оны тавдугаар сарын 25-нд байгуулагдсан. Гадаад худалдаа, дүрс оношлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй. Тус компанийг Б.Түвшинжаргал болон “Люкс центр” ХХК эзэмшдэг.
“Мед портал” эмнэлгийг эзэмшдэг Б.Түвшинжаргал нь рентген оношлогоо, соронзон үелзүүрт томографийн оношлогоо, компьютер томограф, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Интер-Эйд” ХХК, Аялал жуулчлал, гадаад худалдаа, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ эрхлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлох, худалдах, ханган нийлүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй “Саммит медикал сервис” ХХК, Рентген, компьютер томографын оношлогооны “Хийлс-Эйд” ХХК-ийг эзэмшдэг. Мөн М.Дэлгэржаргалын хамт гадаад худалдаа, эм барих чиглэлээр ажилладаг “Тэнүүн фарм”, Японы иргэн Hyundae Mso-той хамт гадаадын хөрөнгө оруулалт бүхий “МК медикал сервис” компанийг эзэмшдэг юм байна.
Харин “Мед портал” эмнэлгийн нөгөө эзэмшигчид нь “Люкс центр” ХХК-ийг С.Батзориг, А.Мөнх-Эрдэнэ, Д.Тамир нар. Тус компани гадаад худалдаа, дүрс оношлогооны чиглэлээр ажилладаг. С.Батзориг нь “Монголын яс үе мөчний дүрс оношлогооны нийгэмлэг” НҮТББ-ын тэргүүн, “Аффинити” ХХК, “Инно сайт” ХХК, “Мон орто мед” ХХК-ийг эзэмшдэг аж. Мөн “Экспресс-Ассист” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
Түүнчлэн С.Батзориг нь гадаад худалдааны “Азурион” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус компани Б.Түвшинжаргал, Х.Ариунзаяа нарын эзэмшилд байдаг. Харин эцсийн өмчлөгч нь “Хишиг арвин индустриал” компанийн эзэн Б.Хишигдорж юм байна.
Ямартай ч улсын бүртгэлд ийм мэдээлэлтэй. Гэхдээ ХСҮТ-ийн удирдлагууд “Мед портал” эмнэлэгтэй гэрээгээ цуцлах тал дээр баахан хойрго хандах шинжтэй. Учир нь тэд “...Хашаандаа дахин хоёр давхар барилга барьж ачааллаа багасгая” гэсэн саналыг ЭМЯ-нд тавьсан байгаа юм.
Үүнийх нь хариуд С.Чинзориг сайд “..Хувийн эмнэлгээ гаргаад тэр зайд нь оношлогоо, амбулаторио ажиллуул” гэчихээд байгаа хэрэг. Тэгээд ч ХСҮТ-ийн удирдлагуудын яриад байгаа шиг хашаандаа дахиад барилга барина гэдэг бүтэхгүй. Түүнийг нь ТӨБЗГ тас цохино. Тус газраас ХСҮТ-д 2022 оны тавдугаар сарын 13-нд ирүүлсэн “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” албан тоотдоо “...ХСҮТ-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эзэмшил газар дээр, хавсралтад дурдсан хуулийн этгээдийн зөвшөөрөлгүй барьсан барилгын өргөтгөл хэсэг болон хашааг эрх бүхий байгууллагаар албадан буулгуулж, төрийн өмчийн газрыг чөлөөлүүлэх арга хэмжээ авах”-ыг даалгасан байдаг. Тиймээс одоо “Мед портал” ХСҮТ-өөс явж, хавдрыг эмчлэх “орон зай” гаргаж өгөх нь л чухал болоод байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 39 (7024)