-Зурхайг гаргахдаа газрын салт гэдэг зүйлийг тооцдог. Газрын салт нь дэлхийн бөмбөрцгийн өргөрөгийн шугамыг даваад явж байгаа цаг улирлын тооцоолол юм. Экваторийн шугам руу ойртох тусам дулаахан, хойшлох тусам хүйтэн болдог. Монгол орны хувьд байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай, хүйтэн сэрүүн бүсэд ордог. Ламын гэгээн монгол зурхайн үндэслэгч Лувсанданзанжанцаны газрын салтыг зурхайн номондоо тусгасан байдаг. Үүний дагуу хаврын урь орох улирлыг тооцоолон гаргадаг. Хаврын урь орох улирал нь тухайн жилийн эхэн болдог гэж үздэг. Улирлуудыг шинжихэд зарим нь илүү сартай байдаг. Өнгөрсөн зуны хувьд илүү сартай байсан учраас энэ жилийн цагаан сар хоёрдугаар сарын сүүлээр таарч байна.
Шороон үхрийн шинж тэмдгээр тухайн жил, улирал, салхи, шуурга хур бороо тэргүүтнийг шинжиж үздэг. Энэ жилийн хувьд үхрийн толгой, эвэр, сүүл, чих, сүүл, туурайг хөх өнгөөр тэмдэглэсэн байна. Ингэснээр жилийн эх, дунд сард үүл ихтэй, мөндөр, цас, хур бороо элбэг байна. Үхрийн бие нь ногоон ходоод нь цагаан үхрийг хөтөлж байгаа цулбуур нь шар өнгөтэй байна. Энэ нь хаврын улиралдаа хур ихтэй, зун улиралд бороо элбэг гэсэн үг. Зун, намартаа салхи шуурга ихтэй жил болох нь ээ. Мөн үхрийн дөрвөн шийр, ногтыг улаан өнгөөр дүрслэн гаргасан нь тал хийгээд нам дор газар өвлийн сар, дөрвөн сүүл сард гантай, хуурай байна. Үхэр нь амаа хамхиад сүүлээ баруун тийшээгээ шарвачихсан байгаа нь өвс, ногоо, цэцэг навч, үр тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн ургац ихээр дэлгэрнэ. Хүнд сайн нөлөөтэй боловч малд тааруу нөлөөтэй гэж үхрийн шинжээр гарсан.
-Энэ жилийн үхэр хариулаач хүн нь улаан царайтай, хөх өнгийн дээл, гутал, шар бүс бүсэлсэн, малгайгаа баруун гартаа бариад, гэзэг үсээ зүүн чихнийхээ урдуур болон баруун чихний ар талаар унжуулсан байна. Олсоор томсон, бургасан иштэй хөх өнгийн шилбүүр барьсан, хүч чадал багатай өвгөн хүн байна гэж дүрсэлсэн. Өвгөн хүнийг үхрийн өмнө яаравчлан гүйж яваа байдлаар дүрсэлсэн нь өвгөдөд сайн байна. Энэ нь өндөр суудалтан буюу төрийн албан тушаалтай хүмүүст сайн нөлөөтэй боловч нөгөөтэйгөөр сэтгэл санаа нь түгшүүртэй. Мөн залуусд дунд хэмээн буужээ. Энэ нь дунд суудалтан буюу төрийн албан хаагч , түшмэдүүд орно. Нялхаст муу байна. Үүнд ард түмэн багтана. Мөн улс орны хөгжил дэвшил энэ үед саарах юм байна. Дээд албан тушаалын хүмүүст гэм их, хямрал тэмцэл ихтэй, иргэд яруу сандруу байдалтай байна гэж буужээ. Хулгай дээрэм элбэгшиж, хааны хатуу цааз ирнэ гэжээ. Энэ нь хуулиуд чангарч доод хүмүүст хатуугаар буух төлөвтэй. Хулгай дээрэм элбэгшинэ гэдэг нь энгийн ард иргэдийн дунд аж амьдрал нь төдийлөн сайжрахгүй учраас түүнийг дагасан сөрөг нөлөөллүүд их болох байдал ажигладаж байна.
-Мөн тухайн жилийг гарагуудаар шинжиж үзсэн байдаг. Нар, сар, дэлхий гурвын хөдөлгөөн байршил, нарны замын 28 од, 12 орд гэж хуваадаг. Тухайн улирал ямар ордонд дэлхийн ертөнц орсон, тэр үеэр ямар одтой учрах вэ гэсэн байдлаар шинждэг. Хаан гараг гэдэг зүйлийг авч үздэг. Энэ нь дэлхий нийтийн нөлөөлөлтэй хамаатай гэсэн үг. Энэ жилийн хаан гараг ангараг гараг эрхшээнэ гэсэн байна. Ангараг гараг гал махбодтой хүчтэй гараг учраас галын хүч арвжиж хүмүүс хоосрох нигууртай байна. Мөн хулгайчид идэвхжинэ хэмээн буужээ. Зарим газар нутагт ган, гачиг их болно. Энэ гарагийн үрээр шар өвчин элбэгших, хэрүүл тэмцэл их болно. Орон орны хаадууд улс орноо төдийлөн анхаарч чадахгүй болно гэсэн үр буужээ. Мөн түшмэл гарагийн үр гэж гаргадаг. Түшмэл гараг нь энэ жил сугар гараг эрхшээнэ. Ингэснээр өвчин эмгэг үгүй, хааны язгуур дэлгэрнэ, хорлол дарагдах ба жуулчилбал өлзий болно хэмээжээ. Худалдаа арилжаа хийвэл эд дэлгэрнэ, биед өвчин үгүй, амгалан жаргалан болно гэсэн үр гарсан байна. Гараг оддын нөлөөлөл нь аль бүсэд илүү болох вэ гэдгээс шалтгаалдаг. Байгаль дэлхийд ган гачин болж байгаа хэдий ч нөгөө талдаа орон гүрнүүдийн хоорондох худалдааны харилцаа сайжрах үр гарч ирнэ гэсэн байна. Харин энэ жилийн эзэн гараг нь бархасбадь гараг байна. Энэ гараг эрхэс эрхшээснээрээ өргөл, өглөг арвижна. Ном төгөлдөртнүүд алдарыг олно гэжээ. Эрдэм номын ажил хийдэг хүмүүс амжилт олох жил болох юм байна. Ургаж буй туулай жил дөрвөн ногоон мэнгэтэй. Тиймээс энэ жил дөрвөн ногоон мэнгэтэй хүмүүсийн мэнгэ голлоно. Ингэснээр хий шар, бадганы өвчнүүд арвижиж бие хямрах цусны эргэлт саарах муу нөлөөлүүд байна. Мэнгэний хувьд эмэгтэй хүмүүст муу нөлөөтэй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 37, 38 (7022, 7023)