Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонины “Дугаарын зочин” буланд үндэсний бөхөөр амжилттай барилдаж буй залуусын төлөөлөл Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат аймгийн арслан, Чөлөөт бөхийн ОУХМ, Хилчин спорт хороо, Нэгдэл клубын бөх Ч.Алтангэрэлийг урилаа.
-Та “Алтан цом”-ын төлөөх барилдаанд Баянхонгор аймгийнхаа багт барилдсан. Энэ барилдаанаас их туршлага хуримтлуулсан байх даа?
-“Алтан цом”-ын төлөөх барилдаанд төрөлх нутаг Баянхонгор аймгийнхаа багт багтсандаа баяртай байна. Барилдаан бүрээс суралцаж, туршлага хуримтлууллаа. Бидний хувьд улсын цолтой бөхчүүдтэй эн тэнцүү барилдах нь өөрийгөө нээх, барилдаанаа мэдрэх том боломж болдог.
-Энэ удаад танай багийн дасгалжуулагчаар хашир начин Ж.Чулуунбат ажиллах шиг болсон. Туршлагатай начин мэдээж олон хэрэгтэй зөвлөгөө өгсөн нь лавтай?
-Манай Хонгор нутгийн багийн дасгалжуулагчаар Улсын начин Ж.Чулуунбатаас гадна аймгийн заан О.Батгэрэл хамт ажилласан. Хоёр багш маань тухайн цагт бидэнд үнэтэй зөвлөгөө олныг өгсөн. Мөн зөвхөн барилдаанаас гадна сэтгэл зүйгээ хэрхэн удирдах тухай зөвөлгөө өгч байлаа. Энэхүү барилдаанд аймгуудын шилдэг бөхчүүд өрсөлдсөн учир таарсан баг бүр сайн байсан. Мөн бөхчүүд ч их ач холбогдол өгч, бэлтгэлээ сайн базаасан нь ажиглагдсан.
-Завхан болон Архангайн багт ялагдсан. Энэ хоёр аймгийг ялах боломж үнэхээр байсангүй юу?
-Аливаад боломжгүй зүйл гэж байдаггүй. Тиймээс ялах боломж бүрэн байсан. Дараа дараагийн барилдаанд бид илүү нягт, сайн барилдахыг хичээх болно.
-Хөдөө өссөн хүүхэд мэдээж үеийнхэнтэйгээ ноцолдож, унаа давааны амтыг мэдэрч өссөн байх?
-Би багаасаа л бөх болохыг хүсдэг байлаа. Хүүхэд нас минь хөдөө өнгөрсөн. Нутагтаа үеийн хүүхдүүдтэйгээ барилдаж өссөн. Мөн аав маань байнга “Бөх болоорой” гэж захидаг байлаа. Ингээд Баянлиг сумын биеийн тамирын н.Мөнхбаатар багшаар анх үндэсний бөхийн арга техникийг заалгасан. Мөн 2013 оны намраас “Аварга” сургуульд орж, аймгийн заан н.Нямдорж багшийн удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн. Харин чөлөөт бөхөөр 2014 оноос гавьяат тамирчин Ц.Нацагдорж багшид шавь орсон.
-Үндэсний бөхөөр анхны цолоо 17 насандаа авсан бил үү?
-Би 2015 онд Баянхонгор аймгийнхаа Жинст суманд тойргийн барилдаанд түрүүлж сумын начин цол хүртсэн. Насны хувьд ч бага байлаа. Тиймээс тухайн үед их догдолж, баярласан.
-Та аймгийн арслан цолоо Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаар хүртсэн. Энэ үед аймгийн харцага цолтой барилдаж байсан санагдана?
-Би 2018 онд Булган аймгийн наадамд тав давж, сумын заанаас аймгийн начин цол хүртсэн. Харин 2019 онд Баянхонгор аймгийн наадамд зодоглож, харцага цолны эзэн болж байлаа. Дараа жил нь аймгийн наадамдаа түрүүлж арслан цолтой болсон. Тухайн үед одоогийн улсын начин Э.Батмагнай үзүүрлэж, аймгийн заан цолоо авч байсан юм. Бид хоёр багаасаа хамт бэлтгэл хийж, олон сайхан дурсамж бүтээсэн. Харин аймгийнхаа наадамд үзүүр түрүүнд үлдэж барилдах сайхан санагдаж билээ. Тухайн жилийн наадам миний хувьд зорилго руугаа нэг алхам ойртсон, сайхан наадам болж сэтгэлд үлдсэн.
-Барилдахаар дэвээ, шаваа хийгээд зүлэг ногоон дэвжээндээ гарах мөчид танд хамгийн эхэнд юу бодогддог вэ?
-Яг барилдааны үеэр сэтгэл зүйгээ тайван байлгадаг. Мөн өөрийн бодсон барилдаанаа гаргаж, барилдахыг хичээж байна. Амжилт гаргахад хичээл зүтгэл, тууштай байдал чухал. Бөх хүн жудагтайгаас гадна бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй гэж боддог.
-Тэгвэл та ямар бөхөөс үлгэр дуурайлал авч, суралцдаг вэ?
-Анх барилдаж эхлэхдээ арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдавга нарын барилдааныг шимтэн үздэг байлаа. Харин нутгийн харцага Н.Золбоо, харцага Д.Батболд, начин Ж.Чулуунбат, арслан Д.Энхбат ах нараасаа үлгэр дуурайлал авч, заавар зөвөлгөөг нь дагадаг.
-Бөх сонирхогчид таныг улсын цолонд ойрхон гэж их итгэл өгдөг юм билээ. Наадам ч ойртож байна даа?
-Тамирчин хүнд өөрийн зорилго гэж бий. Би бэлтгэлээ сайн хийж, хүссэн цолондоо хүрэх зорилготой. Мөн миний ард тусалж, дэмждэг олон хүн бий. Манай эхнэрийг Э.Энхтунгалаг гэдэг. Намайг их ойлгож, дэмжинэ. Хоёр ах нь барилддаг. Тиймээс бөх хүнийг сайн мэддэг, дээдэлдэг. Мөн бэлтгэл сургуулилтыг маань дэмжиж ажилладаг “Хилчин” спорт хороо, нэгдэл клубын удирдлагууд, 0208 дугаар тусгай салбар, “Бай хөндий цамхаг “ХХК, Зоригт Болд ХХК-ийн хамт олондоо баярлаж явдгаа илэрхийлье.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 36 (7021)